Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/178

 

 

     2019              06                18                                                2019/ШЦТ/178                                                             

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

-улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

-шүүгдэгч Б.У, Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У, Т.Х нарт холбогдох 1934003590227 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овгийн Б.У ,  Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Төв аймгийн Баянцагаан сумын 5  дугаар багийн 5-1 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

Б овгийн Т.Х, Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, багш мэргэжилтэй, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, Их ундрага цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Төв аймгийн Баянцагаан сумын 5  дугаар багийн 3-2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.У, Т.Х нар нь бүлэглэн Төв аймгийн Баянцагаан сумын нутагт 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Д.Цэрэндуламын эзэмшлийн Төрийн банкны 3106000000728 дугаартай хадгаламжийн данснаас хууль бусаар нууцаар 2000 000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Т.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг маань үнэн зөв”гэв.

Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг маань үнэн зөв”гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-09 тал/, хохирогч Д.Цэрэндуламаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-11-12 тал/, шүүгдэгч Т.Х гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-18-19 тал/, шүүгдэгч Б.У гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-15-17 тал/, Т.Хын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30 тал/, Б.Уянгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-32 тал/, Д.Цэрэндуламын 310600000728 дугаар депозит дансны хуулга /хх-33 тал/,  эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай прокурорын тогтоол /хх-54 тал/, шүүгдэгч Т.Х, Б.У нарын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

 Шүүгдэгч Б.У, Т.Х нар нь бүлэглэн Төв аймгийн Баянцагаан сумын нутагт 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Д.Цэрэндуламын эзэмшлийн Төрийн банкны 3106000000728 дугаартай хадгаламжийн данснаас хууль бусаар нууцаар 2000 000 төгрөг хулгайлсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны үед

Хохирогч Д.Цэрэндуламын мэдүүлсэн: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны орой 20 цаг 17 минутанд миний төрийн банкны хадгаламжинаас 2000 000 төгрөгийн зээл авсан байсан уг мэдээллийг би маргааш нь 29-ний өдрийн 15 цагийн орчимд миний 310600000728 тоот данснаас 1820000 төгрөгийн зарлага гарч Д.Пүрэвсүрэн гэх хүний данс луу гүйлгээ хийгдлээ гэсэн мэдээлэл ирсэний дараа нь би мэдсэн тэгээд би өөрийнхөө дансыг шалгаж үзсэн чинь миний төрийн банкны хүүхдийн хадгаламжийн дансыг барьцаалж 2000 000 төгрөг авсныг мэдсэн тэгээд дахин дансныхаа мэдээллийг шалгаж байтал дахин гүйлгээ хийгдсэн мэдээлэл ирсэн тэр гүйгээ нь Оюунмаа гэх хүний данс луу 150000 төгрөг орсон тэгээд би Баянцагаан сумын төрийн банкны ажилтан Ж.Ариунтуяагийн гэрт нь орсон тэгээд миний данснаас зарлага гараад байна үүнийг шалгах хэрэгтэй байна гэж хэлсэн тухайн өдөр манай суманд цахилгаан тасарчихсан байсан бөгөөд төрийн банк ажиллахгүй байсан юм. Тэгээд би банкны ажилтанд гар утсаа өгөөд шалгуулсан чинь өчигдөр зээл авсан байна гэж хэлсэн. Тэгээд би шууд сумын цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-12 тал/,

“2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хадгаламж барьцаалсан онлайн зээл олгов гэх” Д.Цэрэндуламын эзэмшлийн төрийн банкны 310600000728 дугаар дансны хуулга/хх-33 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Х, Б.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.У нь хохирогч Д.Цэрэндуламын эзэмшлийн гар утаснаас түүний банкны мэдээлэл рүү нь орж төрийн банкны 310600000728 данснаас нь хадгаламж барьцаалан онлайнаар 2000000 төгрөгийн зээл авч, шүүгдэгч Т.Хын явуулсан данс руу шилжүүлэн шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар шунахайн сэдэлтэйгээр авсан шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Т.Х, Б.У нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдийн хуулиар эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан үндэслэл тогтоогдоогүй тул Т.Х, Б.У нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан  шууд санаатай хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлэгт тусгагдсан тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байгаа, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад түүнд оногдуулах зүйл анги нь ялын интервалын хувьд нийцэж байгаа зэргийг харгалзан Т.Х, Б.У нарт хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэж хянан шийдвэрлэсэн болно.

        

 Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол 2000000 төгрөгийг төлж барагдуулсан хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Б овгийн Т.Х, Ш овогт Б.У нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х, Б.У нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар Т.Х, Б.У нар нь тэнсэнгийн хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Т.Х, Б.У нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг тус тус сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Х, Б.У нар нь шүүхээс тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6.Хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Х, Б.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Х, Б.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан таслан сэргийлэх  арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ