| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэг Одгэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/15847/И |
| Дугаар | 210/МА2025/01956 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Хадгалалт, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/01956
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Ууганбаяр, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/12369 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
9,115,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрээний үүрэгт 11,115,000 төгрөг гаргуулахаар шаардсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,000,000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 9,115,000 төгрөг болгож багасгасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч үндэслэлээ 2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын хооронд нийт 22,115,000 төгрөгийг хариуцагчид өгөхдөө 6,000,000 төгрөгийг зээлүүлж, үлдсэн хэсгийг орон сууц худалдан авахад урьдчилгаа мөнгөө бүрдүүлэх үүднээс хадгалуулсан, үүнээс 15,000,000 төгрөгийг буцаан авсан тул үлдэх хэсгийг гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчээс нийт 15,000,000 төгрөг хүлээн авсныг буцаан төлсөн, өр төлбөргүй, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, харин хадгалуулсан гэж тус тус тайлбарлаж маргасан байна.
3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч ******* Хаан банк дахь өөрийн эзэмшлийн ******* тоот данснаас 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 15 удаагийн гүйлгээгээр нийт 8,500,000 төгрөгийг Хаан банк дахь хариуцагч *******ын ******* тоот дансаар шилжүүлсэн.
3.2.Хариуцагч 2023 оны 8 дугаар сарын сүүлээр 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс бэлнээр хүлээн авсан.
4.Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 422 дугаар зүйлийн 422.1-д заасан зээлийн болон хадгалалтын гэрээний харилцаа зэрэг үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь зохигчид тодорхой хугацаанд мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн үйл баримтад маргаагүй ч ийнхүү мөнгөн хөрөнгийг хүлээн авах болсон шалтгаан, үндэслэлийг өөр өөрөөр тайлбарлаж маргасан байна.
4.1 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох-оор зохицуулсан ч ийнхүү зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхэд талууд хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэг тал нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг түүний өмчлөлд бүрмөсөн шилжүүлэх хүсэл зоригийг, нөгөө тал нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх хүсэл зоригийг хэн алин нь илэрхийлсэн, дээрх хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байхыг шаардана.
Энэ маргааны тухайд нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн зарим хэсгийг зээлдүүлсэн гэж, хариуцагч хадгалуулсан гэж өөр өөрөөр тайлбарласнаас үзэхэд талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэж үзэх боломжгүй. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй тул зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхэд учир дутагдалтай. Харин зохигчид хэн аль нь хадгалуулах хүсэл зоригийг илэрхийлж мөнгөн хөрөнгийг шилжүүлсэнд маргаагүй тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д заасан журмын дагуу хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг үндэслэн зохигчийн хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан хадгалалтын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэстэй. Энэ үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлоос зээлийн харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн гэсэн хэсгийг хангана.
5.Нэхэмжлэгч ******* хариуцагчаас нийт 15,000,000 /үүнд: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 2,000,000 төгрөг багтсан/ төгрөгийг буцаан авсан, мөн хариуцагч ******* Голомт банкны дансаараа хоёр удаагийн гүйлгээгээр 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авснаа шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрч, хэн аль нь уг үйл баримтуудад маргаагүй байна.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журам болон мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан мэтгэлцэх зарчимд нийцээгүй байна.
Хэргийн баримтаар хариуцагч нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн дансаараа нийт 8,500,000 төгрөг, бэлнээр 6,000,000 төгрөг, Голомт банк дахь өөрийн эзэмшлийн дансаараа 2,500,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авч, үүнээс 15,000,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдож байх тул үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 425 дугаар зүйлийн 425.1-д заасантай нийцнэ.
6.Нэхэмжлэгч 22,150,000 төгрөг өгсөн болохоо, мөн хариуцагч мөнгөн хөрөнгийг бүрэн буцааж төлсөн болохоо тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
7.Анхан шатны шүүх хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хангах, нотлох баримттай танилцах үндэслэлээр 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж байсан байх тул нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй хэргийг шийдвэрлэсэн талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
8.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/12369 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,115,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын 101,190 гэснийг 46,950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
О.ОДГЭРЭЛ