| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0167/э |
| Дугаар | 2019/ШЦТ/177 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/177
2019 06 18 2019/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч А.Х, Г.Т нарын өмгөөлөгч Н.Намжилцогт,
иргэний нэхэмжлэгч Л.Алтансүх,
шүүгдэгч А.Х, Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Х, Г.Т нарт холбогдох эрүүгийн 1934002550191 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овгийн А. Х, Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, “Таван толгой” ХХК-д хөтөч ажилтай ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамжны 26 дугаар байр 16 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.
М овогт Г. Т, Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ам бүл 3 ээж, аавын хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хас Могу” ХХК-д борлуулалтын инженер ажилтай, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 дугаар хороолол, 202 дугаар байр 41 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч А.Х, Г.Т нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Дамжин” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-05 тал/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-13 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал /хх-14 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоол /хх-15-16 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-17 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18 тал/, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-20 тал/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-21 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-22 тал/, иргэний нэхэмжлэгч Л.Алтансүхээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-24 тал/, гэрч Д.Туулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-27 тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №620 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-32-33 тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №639 дугаар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-35-36 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №2194 дугаар шинжээчийн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-38-39 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №2196 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-41-42 тал/, Хөрөнгийн үнэлгээний төвийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №238 дугаар дүгнэлт /хх-44-59 тал/, А.Хийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-76 тал/, Г.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-85 тал/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-99, 113 тал/, гэрч Ч.Энхдалайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-119 тал/, шүүгдэгч А.Х, Г.Т нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч А.Х, Г.Т нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Дамжин” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Иргэний нэхэмжлэгч Л.Алтансүхийн: “ ... Миний хүү өөрийн буруутай үйлдлээс болж саваагүйтэж байгаад ийм хүнд асуудалд орсонд эцэг хүний зүгээс маш их харамсаж санаа зовж байна” гэх мэдүүлэг /хх-24 тал/,
Гэрч Ч.Энхдалайгийн: “ ... Би 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын цагдаагийн хэсэг дээр ажил дээр байж байтал тус сумын Загдал 4 дүгээр багийн нутаг Дамжин гэх газарт сэжигтэй цагаан өнгийн приүс маркийн тээврийн хэрэгсэл унасан 2 залуу өвс түүгээд байна гэх нутгийн иргэний дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хамтаар очиход цагаан өнгийн приүс маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 залуу машиныхаа хажууд зогсож байсан тэгээд бид 2 машиныг нь хааж зогсоод буугаад шалгахад шар өнгийн гялгар ууттай зүйл барьчихсан байсан ба ууттай зүйлийг үзэхэд амыг нь 2 давхарлан зангидсан ургамал мэт зүйл байсан тэгээд түүнийг хэсгийн төлөөлөгч хураан авч би тухайн машиныг жолоодож Жаргалант сумын цагдаагийн хэсэгт авчирсан тэгээд хэсгийн төлөөлөгч Б.Эрдэнэсүх материалжуулан шалгасан” гэх мэдүүлэг /хх-119 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №2194 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-38-39 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №2196 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-41-42 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-11 тал/,
Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-13 тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-22 тал/ зэргээр нотлогдож тогтоогдож байна.
Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч А.Х, Г.Т нарын 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Дамжин” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг түүж бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг
Шүүгдэгч Г.Т, А.Х нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г.Т, А.Х нарын бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Дамжин” гэх газраас НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
“Бэлтгэсэн” гэж байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамалыг түүж цуглуулсан зэргийг ойлгохоор хуульчлагджээ.
Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “ мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэт бусад хүчтэй нөлөө үзүүлдэг, “мансууруулах эмийн тухай” 1961 оны Конвенц, “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” ойлгоно.
НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис” гэжээ.
Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролгүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн /эрүүл залуус, эрүүл нийгэм нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад гишүүнээр элсэж нийгэмд хар тамхины хор уршигийн талаар мэдээлэл өгч бусдыг гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх арга хэмжээнд идэвхитэй оролцож байгаа/, ар гэрийн хувьд өвчтэй аавыгаа асардаг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарт хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байгаа, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад шүүгдэгч нарт ял оногдуулах зүйл анги нь ялын интервалын хувьд нийцэж байгаа зэргийг харгалзан А.Х, Г.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэж хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 668 грамм ургамалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Х, Г.Т нар нь уг гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч А.Х, Г.Т нарыг гэмт хэрэг үйлдэхдээ 56-38 дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болохыг хууль ёсны эзэмшигч Л.Алтансүх нь мэдээгүй болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай “56-38 УБЗ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 56-38 УБЗ дугаартай тээврийн хэрэгсэл, №02369127 дугаартай тээврийн хэрэгслийг гэрчилгээний хамт хууль ёсны эзэмшигч Л.Алтансүхэд буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 56-38 УБЗ дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5160000 төгрөгийг буюу шүүгдэгч А.Х-ээс 2580000 төгрөгийг, шүүгдэгч Г.Т-ээс 2580000 төгрөгийг тус тус гаргуулж, Улсын орлогод оруулах нь хэргийн бодит байдалтай нийцнэ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овгийн А.Х, М овогт Г.Т нарыг бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч А. Х-т хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар,
шүүгдэгч Г. Т-т хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, Г.Т нарт ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х, Г.Т нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Х, Г.Т нар нь шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Хэрэгт шүүгдэгч А.Х, Г.Т нар нь уг хэргийн улмаас урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан эрээн өнгийн гялгар ууттай 668 граммын 1 тор ургамалыг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 56-38 дугаарын тээврийн хэрэгслийн үнэ болох 5160000 төгрөгийг буюу шүүгдэгч А.Х-ээс 2580000 төгрөгийг, шүүгдэгч Г.Т-ээс 2580000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, 56-38 дугаарын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 56-38 дугаарын тээврийн хэрэгсэл болон №02369127 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Л.Алтансүхэд буцаан олгосугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Х, Г.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ