Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01957

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/07654 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БНХАУ-ын иргэн *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 103,250,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй

иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Анх ******* би 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Тухайн үед бичгээр гэрээ хэлцэл хийгээгүй. Ингээд 2015 оны 7 дугаар сард дахин 70,000,000 төгрөгийг 4 тасалж хариуцагч нарт нэмж өгсөн. Гэрээ байгуулаад, нотариатаар батлуулъя гэснээр бид өмнө зээлсэн 110,000,000 төгрөг дээр өнгөрсөн хугацааны хүү 8,000,000 төгрөгийг нэмээд нийт 118,000,000 төгрөг зээлдүүлсэн талаарх гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Энэ зээлийн гэрээгээр хоёр сарын хугацаатай, хүүгүй, гэхдээ хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон.

1.2.Үүнээс хойш хариуцагч надад 2016 оны 10 дугаар сард 13,000,000 төгрөгийг хугацаа хэтэрсэн алдангид төлснөөс өөр ямар нэгэн төлбөр төлөхгүй явсаар 2017 он гараад бид уулзаж өмнөх гэрээгээ дүгнээд төлөгдөөгүй үлдсэн зээлийн төлбөр дээр дахин зээлийн гэрээг шинэчилж байгуулсан.

1.3.Бид 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг алдангийн хамт тооцож 161,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай хүүгүй зээлдүүлсэн гэж гэрээ байгуулсан. Энэ гэрээний 4 дүгээр зүйлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон.

1.4.Энэ гэрээний хугацаанд хариуцагч нараас надад 69,500,000 төгрөгийг төлсөн. Үүнийг 152,000,000 төгрөгөөс хасахад 82,500,000 төгрөг үлдсэн. Энэ мөнгийг удаан хугацаанд өгөхгүй явсан нь хугацаа хэтэрсний алданги 50 хувиар тооцох нөхцөл байдал үүссэн тул 41,250,000 төгрөгийн алданги тооцож 123,750,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.

1.5. 2021 оны 03 дугаар сард 1,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сард 500,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сард 5,000,000 төгрөг, 2024 онд 14,000,000 төгрөг, нийт 20,500,000 төгрөг өгсөн тул төлбөл зохих төлбөрийн үүрэг 123,750,000 төгрөгөөс 20,500,000 төгрөгийг хасаад 103,250,000 төгрөгийг хариуцагч ******* болон түүний эхнэр ******* нараас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар тодруулан анх гаргасан 178,250,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 75,000,000 төгрөгөөр багасгаж байх тул 103,250,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан "Зээлийн гэрээ"-ний үүрэг шаардсан байна. ******* болон түүний эхнэр ******* нар нь *******аас 2014 онд 70,000,000 төгрөгийг аман гэрээгээр зээлж, *******ын шаардсаны дагуу тухай бүр хэлсэн мөнгийг өгч байсан.

Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ******* нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст *******-ыг ".... мөнгө зээлж залилсан" гэж гомдол гаргаснаар тус цагдаагийн хэлтсээс шалгаж ******* үлдэгдэл бүх төлбөрийг төлж тухайн *******дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг, гомдол саналгүй гэснээр хаагдсан, ******* нь хариуцагч нарын дарамталж ******* мөнгө нэхсэн тухай бүр боломжийн хирээр түүнд нэхсэн мөнгийг өгч байсан.

2.2. Хариуцагч нар нэхэмжлэгчээс хэдэн төгрөгийн зээл авсан, хэнээс нь хэдэн төгрөгийн эргэн төлөлт хийгдэх вэ гэдэг талаар тооцооллыг цагдаагийн газарт хийсэн. Нийт зээлсэн 110,000,000 төгрөгөөс 47,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцоолол хийсэн. Үүнээс хойш 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Тэгэхээр 47,500,000 төгрөгөөс төлбөл зохих дутуу 7,000,000 төгрөг байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3.Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1.БНХАУ-ын иргэн ******* болон ******* нар нь *******тай мөнгө өгч авах харилцаа байсан. ******* нь мөнгө зээлдүүлж байсан хэдий боловч монгол хэл мэдэхгүй, гадаад иргэд гэдгээр нь далимдуулж, их хэмжээний мөнгө зээлдүүлсэн мэтээр 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 118,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 161,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж "Зээлийн гэрээ" байгуулж нотариатаар батлуулсан. Гэтэл *******, ******* нар нь монгол хэл, бичиг мэдэхгүй, *******ын хэлснээр зур гэсэн газар нь гарын үсэг зурж байсан бөгөөд одоо хариуцагчийн нэхэмжлээд байгаа үнийн дүн, гэрээнд заасан хүү, алдангийн талаар ямар ч ойлголтгүй, өөрөөр хэлбэл хариуцагчаас зээлсэн мөнгийг буцааж төлсөн, ихэнхдээ бэлэн өгдөг байсан ба зээлсэн мөнгөө өгч дууссан гэсэн ойлголттой байсан.

3.2.******* 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 178,250,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Энэ зээлдүүлсэн гэх мөнгөө "******* болон ******* нар нь гэрээгээр халхавчлан залилсан" гэж 2017 оны 7 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гомдол гарган шалгуулж, энэ хэрэг бүртгэлтийн хэрэг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1267 дугаар прокурорын тогтоолоор хаасан байдаг. Уг хэрэг бүртгэлтийн хэрэгт 110,000,000 төгрөгөөс 62,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, 47,500,000 төгрөгийн өр, авлага байгаа талаар мөрдөгчийн хохирлын тооцоо бодсон баримт байдаг. Түүгээр ч барахгүй нэхэмжлэгчээс 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгахдаа ".... 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулахдаа 161,000,000 төгрөг гэж бичсэн тооцоолол буруу байсан..." гэсэн нь энэ гэрээ хүчин төгөлдөр бус болохыг нотолж байна гэж үзэж байна. Тухайн цаг хугацаанд "Зээлийн гэрээ"-г баталсан нотариат нь БНХАУ-ын иргэн гэдгийг мэдсээр байж орчуулагчгүйгээр гэрээ байгуулж, баталсан нь Иргэний хууль болон Нотариатын тухай хууль холбогдох дүрэм журмыг зөрчсөн байна.

3.3.Иймд ******* болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1.Зээлсэн 110,000,000 төгрөг дээр өнгөрсөн хугацааны хүү 8,000,000 төгрөгийг нэмээд 118,000,000 төгрөг зээлдүүлсэн талаар гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Өөрөөр хэлбэл, бичгээр гэрээ байгуулах, нотариатаар гэрчлүүлэх зэрэг санаачилга нь надаас биш хариуцагч *******-аас өөрөөс нь гарсан бөгөөд гэрчлүүлэх нотариатын газрыг хариуцагч өөрөө олоод намайг дагуулж очсон.

4.2.Хариуцагчид гэрээний энд зур гэж хэлж байгаагүй, гэрээний төслийг би боловсруулаагүй. Алдангийн нөхцөл нь *******-ны өөрийнх нь гаргаж өгсөн гэрээнд байсан зүйл. Ингээд ******* авсан мөнгөө гүйцэд өгч чадахгүй явсаар 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг алдангийн хамт тооцож 161,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай хүүгүй зээлдүүлэх тухай зээлийн гэрээг шинэчилж байгуулсан юм.

4.3.Сонгинохайрхан дүүргийн цагдаад гомдол гаргахад ******* мөрдөх байгууллагад надаас мөнгө зээлдэж авсан, гэрээ байгуулсан тухайгаа мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт нотлох баримтаар ирсэн. Хүнээс мөнгө авах болохоороо монгол хэл мэддэг, төлөх болохоор монгол хэл мэддэггүй болдог байж болохгүй. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, ******* нарын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрүүдийн хэлцлүүдийн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,049,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 812,950+1,027,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 467,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

6.Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1.Шийдвэрийн үндэслэх хэсэгт хоёр удаагийн зээлийн гэрээний нэг тал нь БНХАУ-ын иргэн орчуулагчгүйгээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, эсхүл монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон /орчуулагч, хэлмэрч/-ийг оролцуулна" гэж заасан байхад БНХАУ-ын иргэдтэй хийсэн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж хариуцагч нараас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй юм.

6.2.Мөн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 161,000,000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасан байхад 161,000,000 төгрөг авсан гэж үзсэн. Мөн зээлдүүлэгч нь: иргэн *******, ******* нар байхад шүүх түүний шаардах эрхийг хязгаарлаж *******гаас *******-д олгогдсон итгэмжлэл болон бусад нотлох баримтгүйгээр /гэр бүлийн баталгаатай эсэх/ гэр бүлийн гишүүдийн хэн аль нь шаардах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн болно.

6.3.Нэхэмжлэгч ******* нь гомдол гаргаж, цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэрэг нээж шалгасан байдаг. Дээрх баримтыг "үндэслэх" хэсгийн 6.5-д "уг асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгаж, ...хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болох нь... нотлогдож байна гэж дүгнэсэн атлаа үнэлж, дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим хангагдаагүй гэж үзэж байна.

6.4.Уг хэрэг бүртгэлтийн хэрэгт хохирлын тооцоо 47,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй буюу нөхөн төлөгдөөгүй байна гэсэн тооцоолол гаргасан. Түүнээс хойш хариуцагч нараас 40,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 7,000,000 төгрөг үлдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7.Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

7.1.Хариуцагч нар нь Монгол Улсад төрсөн, Монгол Улсад тасралтгүй 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд монгол хэлийг маш сайн мэддэг. Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй олон жил нөхөрлөж ямар ч орчуулагчгүйгээр харилцдаг. Мөнгө зээлэх, хамтран бизнес хийх асуудлаар зохигчид өмнө нь олон удаа ярилцан хамтран ажиллаж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг Монгол болон Хятад хэлээр байгуулж талууд гарын үсэг зурсан.

7.2.Нэхэмжлэгчийн эхнэр ******* нөхөртэйгөө ашиг сонирхлын зөрчилгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал оролцох шаардлагагүй гэж үзсэн.

7.3.Хариуцагч нар нь нэхэмжлэгч *******аас 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 40,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сард 70,000,000 төгрөгийг тус тус авч өөрийн бизнестээ оруулан сүүлийн 10 гаруй жил үр ашгийг нь хүртсэн. Энэ талаар хариуцагч нар маргаагүй. Мөн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлан хариуцагч нар нэхэмжлэгчид 103,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Нэхэмжлэгч тал уг үнийн дүнтэй маргаагүй. Гагцхүү гэрээгээр хүлээсэн хугацаа хэтрүүлсэн алдангийг үндсэн зээлийн хамт шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. 10 гаруй жилийн өмнөх 110,000,000 төгрөг нь ханшны уналтын утгаар бодоход өндөр өртөгтэй мөнгө байсан. Тухайн мөнгийг урт хугацаанд ашиглахад гэрээний дагуу хугацаа хэтэрсэн алдангийг тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч БНХАУ-ын иргэн *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 103,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь нэхэмжлэлээс 7,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, талуудын хоорондох 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцжээ.

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч ******* 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчид 40,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар дамжуулж, мөн 2015 оны 12 дугаар сард нэмж 70,000,000 төгрөг, нийт 110,000,000 төгрөгийг шилжүүлсэн, дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагч нар хүлээн авсан, энэ хугацаанд 103,000,000 төгрөгийг буцаан төлсөн;

3.2.Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 118,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 161,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг тус тус байгуулсан. /хх 4, 96/

4.Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг анхан шатны шүүх зөв тодорхойлсон байна.

5.Зохигчид анхан шатны шүүх дахин алданги шаардах эрхгүй гэж дүгнэж, алдангид 41,250,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

6.Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих үүргийн хэмжээний талаар эрх зүйн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, өөрчлөнө.

6.1.Зээлдүүлэгч анх хүүтэй байх агуулгаар мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдүүлэгч ...хүүтэй байх... нөхцлийг хүлээн зөвшөөрч байсан болох нь ******* тоот хэрэг бүртгэлтийн хэргийн явцад БНХАУ-ын иргэн *******-аас гаргасан зээлсэн мөнгө хүүтэйгээ 161,000,000 төгрөг болсон... хугацаандаа өгч чадахгүй бол хүүгээ төлөөрэй гэхээр нь гарын үсэг зурсан тухай мэдүүлэг, БНХАУ-ын иргэн *******-аас гаргасан ...хүүтэйгээ нийлээд 118,000,000 төгрөг болсон ... ингээд бид 118,000,000 төгрөгний гэрээ хийсэн ... сүүлийн гэрээ үндсэн мөнгөний хүү болон хүү бодогдоод 161,000,000 төгрөг болсон гэж мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

Дээрх мэдүүлгээс үзэхэд зохигчид анх хүү тогтоосон гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг хангаагүй боловч хожим сайн дураар тохиролцож 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээгээр хоёр зээлийн гэрээний үүргийг нэгтгэж, үндсэн зээл 110,000,000 төгрөг дээр ашигласан хугацааны хүү 8,000,000 төгрөгийг нэмж тооцон 118,000,000 төгрөг байхаар тохиролцсон гэж үзэхээр байна.

Талууд гэрээний 2.6-д хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувиар алданги төлөх-өөр тохирсон, уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцжээ.

6.2.Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн гэрээг байгуулагдах хүртэлх хугацаанд төлбөл зохих зээлийн үүргийг дахин тооцож үндсэн зээл 110,000,000 төгрөг, хүү 8,000,000 төгрөг, 2016.03.01-ний өдрөөс 2017.02.03-ны өдөр хүртэлх хугацааны алданги 59,000,000 төгрөг, нийт 177,000,000 төгрөг, үүнээс зээлдэгч нарын энэ хугацаанд хамаарах 2016 оны 10 дугаар сард төлсөн 13,000,000 төгрөгийг хасч тооцоход 164,000,000 төгрөг төлөх үүрэгтэй.

Үүнийг талууд хэлэлцэн тохирч 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн бичгэн гэрээгээр 161,000,000 төгрөг төлөхөөр тусгасан нь ...талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчим болон Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 199 дүгээр зүйлийн 199.1, 199.3-т нийцжээ.

Тодруулбал, талууд гэрээний хүсэл зоригоо илэрхийлэн 2015 онд шилжүүлсэн мөнгөн хөрөнгөд тооцох хүү, алдангийг нэгтгэн тохиролцож төлөх дүнг баталгаажуулсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг олгоогүй үйл баримтад маргаагүй тул тухайн өдрүүдэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, харин өмнө үүссэн зээлийн гэрээний үүргийг нэгтгэн дүгнэж тооцсон хэлцэл байгуулсан гэж үзнэ.

6.3.Анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрч маргаагүй 7,000,000 төгрөг, болон зээлийн гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг, нийт 62,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

7.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

7.1.Талуудын хоорондох 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн бичгэн гэрээг хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт нийцжээ. Шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

7.2.Хэрэгт авагдсан 2017 оны гэрээний нэг тал нь *******, ******* нар байх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчдийн нэг болох *******аас хариуцагч нарт холбогдуулж зээлийн гэрээний үүргийг шаардсан явдал Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 241.3-т заасныг зөрчөөгүй тул хариуцагчийн гомдлын энэ хэсгийг хангахгүй.

7.3.Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1267 тоот прокурорын тогтоолд иргэд хоорондын маргаантай, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх талаар дурдан хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байх тул шүүх хэрэг бүртгэлтийн хэргийн явцад цагдаагийн байгууллагаас хийсэн хохирлын тооцооллыг баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журамд нийцжээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, 2 дахь заалтыг хасна.

Анхан шатны шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн байхад 7,000,000 төгрөгт холбогдох хэсэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцэхгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нэг нэхэмжлэлээр салгаж болох хэд хэдэн гэрээний үүргийг нэгтгэж шаардаагүй байхад анхан шатны шүүх тогтоох хэсэгт хоёр салгаж, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр зөвшөөрлийг баталж, үлдэх маргасан хэсгийг тусдаа шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, уг заалтыг 1 дэх заалтад нэгтгэн найруулж, дугаарлалтыг өөрчлөх нь талуудын зарчмыг хөндөхгүй.

9.Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/07654 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан БНХАУ-ын иргэн *******, ******* нараас 62,000,000 төгрөг гаргуулж *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг хасч,

3 гэснийг 2 гэж, 4 гэснийг 3 гэж, 5 гэснийг 4 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 2,273,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

О.ОДГЭРЭЛ