Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2016/00298

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2016/00298

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

 Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 06 тоотод байрлах Аз Өсөх Билэг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 13 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, Боржигин овогт Сэдэдийн Дэлгэрхишигт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.706.655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Дэлгэрхишиг нь 2014.11.20-ны өдөр барьцааны гэрээ хийж 1.500.000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 7 хувийн хүүтэйгээр авсан. Барьцаанд БРА 6486 улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийн Sonata 6 машиныг авсан. 2015.02.20-нд хаах байсан боловч 3 сарын сунгалт хийсэн. 2015.04.15-ны өдөр үндсэн зээлэн дээр төлөөгүй хүү, алданги 2015.2 дугаар сараас 2015.4.28-ны өдөр хүртэл 500.000 төгрөг нэмүүлж нийт зээлийн хэмжээ 2.000.000 төгрөг болж сарын төлөх хүү 140.000 төгрөг болсон. Зээлийн гэрээг 2015.05.15-ны өдөр хүртэл хийж сунгалт хийсэн. 2015 оны 05, 06, 07 дугаар сарын төлөлт хийгдэхгүй байхад гэрт нь очиж төлүүлэх арга хэмжээ авч байсан. 2015 оны 05, 06, 07 дугаар сарын төлөлтийг 2015.07 дугаар сарын 21-нд хугацаа хэтрүүлэн төлж үндсэн зээлийн хэмжээ 1.646.000 төгрөгийн үлдэгдэлтэй болж 2016 оны 08, 09 дүгээр сарын төлбөрүүд төлөгдөөгүй ба төлбөрөө үндсэн зээл дээр нэмүүлж 1.900.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2016.02.29-ний өдөр хүртэл гэрээний сунгалт хийж 6 сарын хугацанд хуваарийн дагуу төлөхөөр болсон боловч төлөөгүй. Иймд С.Дэлгэрхишигээс 3.706.655 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Дэлгэрхишиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аз Өсөх билэг ХХК-иас авто машин барьцаалж зээл 1.500.000 төгрөгийг авсан. Хүү алданги бодож 3.706.655 төгрөг болсон нь манай гэр бүлд хүнд дарамт болж байгаа ч төлнө гэж анх хэлснээрээ төлнө. Нөхөр цалингийн зээлтэй, миний орлого тодорхойгүй хугацаа зааж чадахгүй, ямар ч байсан төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК нь хариуцагч С.Дэлгэрхишигт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.706.655 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хариуцагч зөвшөөрлийн үндэслэл болсон нөхөр цалингийн зээлтэй, миний орлого тодорхойгүй хугацаа зааж чадахгүй ямар ч байсан төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Аз Өсөх Билэг ХХК нэхэмжлэлтэй, Боржигин овогт Сэдэдийн Дэлгэрхишигт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.706.655 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74246 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 37123 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч С.Дэлгэрхишигээс улсын тэмдэгтийн хураамжинд 37123 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй бол энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА