Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/01996

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/07048 дугаар шийдвэртэй

 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний аав ******* нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* ХХК-аас тэтгэврийн зээл авахдаа иргэдийн гэнэтийн ослын даатгалд нэг жилийн хугацаатай даатгуулан гэрээ байгуулж, даатгалын хураамж төлсөн. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бусдын гарт амь насаа алдаж эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж буруутай этгээдэд ял оногдуулсан.

Практикалдаатгал ХХК-д даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар хандахад татгалзсан тул ******* хороонд гомдол гаргасан. Тус хорооноос даатгуулагч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн бус гадны нөлөөтэй буюу бусдад цохиулсны улмаас амь насаа алдсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх хариу өгсөн.

1.2. ******* ХХК-аас *******тай байгуулсан иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 3.1-д дараах төрлийн эрсдлийн улмаас даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдах, амь насаа алдах, тахир дутуугийн зэрэглэл тогтоолгоход нөхөн төлбөр олгох, мөн 3.1.1-д Байгалийн эрсдэл, 3.1.2-т Зам тээврийн осол, 3.1.3-т Мал амьтдын нөлөөллийн эрсдэл, 3.1.4-т Гадны халдлагад өртөх эрсдэл, 3.1.5-д Ахуйн болон бусад эрсдэл (түлэгдэх, хайрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хавчуулагдах, цохиулах, хорт хийд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох), 3.1.6-д Урлагт, спорт, сургалт, үйлдвэрлэлийн холбогдолтой осол гэж гэрээнд заасан.

Иргэний хуулийн 41 дүгээр сарын 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Гэрээний заалтаас харахад даатгуулагч гадны халдлагад өртөх эрсдлийн улмаас амь насаа алдахад нөхөн төлбөр олгоно гэж ойлгогдож байна. Гэтэл ******* ХХК нь согтуурсан үедээ гэмтсэн бэртсэн гэсэн гэрээний заалтад *******ын даатгалын тохиолдлыг хамааруулж нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Даатгуулагч гадны халдлагад өртсөний улмаас амь насаа алдсан тул гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр нэхэмжилсэн.

Иймд, иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээний нөхөн төлбөрт 3,000,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэнэтийн осол, эмчилгээний даатгалын гэрээг даатгуулагч *******тай байгуулж, гэрээгээр даатгалын үнэлгээг 3,000,000 төгрөгөөр тохиролцон 21,000 төгрөгийн хураамж авсан. Тус даатгал нь гэрээний нэршил, даатгалын үнэлгээний хэмжээ зэргээс үзэхэд амь насны болон зээлийн эрсдэлийн даатгал биш болох нь тодорхой юм. Тодруулбал, даатгуулагч гэнэтийн ослын улмаас гэмтэж бэртсэн тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардлыг нөхөн төлөх, гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд даатгуулагчийн ар гэрээс гарсан шууд зардлыг нөхөн төлөх зорилготой юм.

2.2. Нэхэмжлэгч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буруутай этгээдээс талийгаачийн оршуулгын болон буяны ажилд гарсан зардалд нийт 14,122,830 төгрөг, бизнесийн зээл 40,865,384 төгрөг, тэтгэврийн зээл 9,614,318 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэхэд шүүгдэгч нь талийгаачийн оршуулгын болон буяны ажилд гарсан зардалд 14,122,830 төгрөгийг төлсөн. Харин бизнесийн болон тэтгэврийн зээл нь дээр дурдсан үндэслэл тайлбараар бидний хооронд байгуулсан гэнэтийн осол, эмчилгээний даатгалын гэрээнд хамааралгүй. Энэ нь бидний хооронд байгуулсан гэнэтийн осол, эмчилгээний даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 5 дугаар зүйлийн 5.1.17-д буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн, 5.1.18-д өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол гэх заалтуудад хамаарч байна.

2.3. Даатгуулагч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж, улмаар цохиулсны улмаас биедээ гэмтэл авч нас барсан бөгөөд тухайн үйл явдал болох үед өөрийн үг, үйлдлийг бүрэн хянах чадваргүй байсан болох нь шүүхийн шийдвэр, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, СӨХ-ны камерын бичлэг зэрэг баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээний эрсдэл болон нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл нь тухайн үйл явдал бий болоход нөлөөлсөн орчин нөхцөл, анхдагч шалтгааныг үндэслэл болгож байгаа бөгөөд даатгуулагч согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглээгүй байсан бол бусадтай маргалдах, үүний улмаас цохиулахгүй байх, биеэ хянах бүрэн боломжтой зэрэг согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь энэ тохиолдол бий болох анхдагч шалтгаан болсон. Дээрх нөхцөл байдал нь даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу гэрээний 5.1.8-д согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн гэх заалтад хамаарч байна.

Иймд, дээр дурдсан үндэслэл тайлбараар тус тохиолдол даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу гэрээний 5.1.8, 5.1.17, 5.1.18 гэх заалтуудад хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 3,000,00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарьт 08-ны өдрийн 2022/******* дугаар шийтгэх тогтоолд ...шүүгдэгч нь талийгаачийн оршуулгын болон буяны ажилд гарсан зардал болох 14,122,830 төгрөгийг нөхөн төлсөн... талаар дурдсан байх ба уг төлбөрийг буруутай этгээдээр учирсан хохирлыг бүрэн төлүүлсэн гэж үзэхгүй. Учир нь, оршуулгын зардалд шүүгдэгч 14,122.830 төгрөг төлсөн байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан иргэдийн гэнэтийн ослын даатгалын тухайд дээрх оршуулгын зардлыг төлсөн нь буруутай этгээдээр учирсан хохирлыг бүрэн төлүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэх талаараа бүрэн үндэслэл бүхий тайлбар хийлгүйгээр шийдвэр гаргасан. ******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээг даатгуулагч *******тай байгуулсан. Тус даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгохтой холбоотойгоор дараах зохицуулалтууд тусгагдсан. Үүнд: гэрээний 4.2-т даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100 хувь тооцож даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгох, 4.3-т даатгалын хугацаанд даатгагчийн хүлээх хариуцлага нь даатгалын зүйл тус бүр дээр тухайн зүйл тус бүрийн даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй, 4.8.1-д гэнэтийн ослоос хойш 12 сарын хугацаанд даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлоос хамааран даатгалын үнэлгээнээс дараах хэлбэрээр нөхөн төлнө. Үүнд: 4.8.1.1-д даатгуулагч амь насаа алдсан бол 100 хувь зэрэг зохицуулалт байна.

Дээрх гэрээний зохицуулалтуудаас үзэхэд даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын эрсдэл учирснаас үүдэн даатгуулагчид ямар хохирол учирсан болохыг нэн тэргүүнд тогтоох шаардлагатай. Тус хохирлыг гэрээний 4.1.3 болон 4.1.4-т заасан хохирлын талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлт, хохирлын хэмжээг тогтоосон баримтаар тодорхойлно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1. хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно, 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, мөн 36.1 дүгээр зүйлийн 5-д шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг ишйдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд дараах асуудал тус бүрийг хэлэлцэнэ, 5.4-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулаx гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргаx эрхтэй бөгөөд тус эрхийнхээ дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буруутай этгээдээс талийгаачийн оршуулгын зардал болон буяны ажилд гарсан зардал гэж нийт 14,122,830 төгрөг, бизнесийн зээл гэж 40,865,384 төгрөг, тэтгэврийн зээл гэж 9,614,318 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болохыг хүлээн зөвшөөрч талийгаачийн оршуулгын зардал болон буяны ажилд гарсан зардал болох 14,122,830 төгрөгийг төлсөн болох нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Шүүхээс ч мөн тус зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болохыг хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийг учирсан хохирлыг нөхөн төлсөн болохыг баталж, дахин бусдад буюу хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсан. Харин бусад нэхэмжилсэн төлбөрүүдийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нь баримтаар тогтоогдоогүй тул тус шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон байдлыг бид холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэж үзэх үндэслэлтэй. Мөн холбогдох баримтын хүрээнд хохирол гэж тогтоогдсон, шийтгэх тогтоолоор эцэслэн тогтоогдсон буюу хохирлын хэмжээг тогтоосон мэргэжлийн байгууллагын тус шийдвэрт заасан төлбөр болох 14,122,830 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу даатгалын эрсдэл учирснаас үүдэн даатгуулагчид учирсан хохирол гэж үзэх юм. Бид нөхөн төлбөрийг олгох тохиолдолд тус даатгуулагчид учирсан хохирлоос гэрээний 4.3-т заасны дагуу даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй хэмжээгээр буюу 3,000,000 төгрөгийн нөхөн төлбөрийг олгох байсан ч гэм буруутай этгээд хохирлыг бүрэн төлсөн тул энэ нь даатгалын гэрээний 5.1.4-т гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, 5.1.17-д буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн гэх нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлүүдэд хамаарч байна.

4.2. Шүүхийн шийдвэрт даатгуулагч ******* талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан гаднын халдлагад өртөж даатгалын зүйл болох амь насаа алдсан байх бөгөөд гэрээний даатгалд хамрагдахгүй нөхцөл болох согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн нөхцөл байдалд хамаарахгүй юм. Мөн даатгуулагчийн хувьд гэмтэж бэртээгүй, харин гаднын халдлагад өртөж амь насаа алдсан байдаг гэж уялдаа холбоогүй, логикгүй дүгнэсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хохирогч *******тай нэмж архи авна, авахгүй гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохисны улмаас хүзүүний 6 дугаар нугалмын их бие хугарч хохирогч нас барж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. ийн Ганбат нь чи нэмээд нэг шил архи авчих, хоёулаа хувааж уугаад салъя гэж хэлэхээр нь би дүү нь одоо ажилтай гэхэд Ганбат нь нэг шил архи аваад танайд ороод ууя л даа гээд явахгүй болохоор нь би түүнийг одоо гэртээ харъя гэж хэлээд байгаа юм бишүү гэж хэлээд баруун гарынхаа алганы хэсгээр түүний нүүрэн тус газар нь нэг удаа зөөлөн алгадсан. Тэгэхэд талийгаач үгэнд орохгүй мөэ л зөрүүдэлсэн хэвээр тэгвэл чамтай хамт явна, архи ууна, танайд орно гээд байхаар нъ би түүнд хандан эндээ үлд гэж хэлээд байгаа юм бишүү, би өөр газар очих ажттай гэж хэлээд байна шүү дээ гэж хэлээд баруун гарын сарвууны арын хэсгээр түүний толгойн урд хэсэгт нэг удаа зөөлөн дэлсээд явсан гэх мэдүүлэг, мөн даатгуулагч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн дугаар шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 3 дахь заалт Шүүх химийн шинжилгээгээр усанд 2,9 промилл, шээсэнд 2,4 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна гэх дүгнэлтээр болон хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон.

Дээрх үйл баримтуудаас үзвэл даатгуулагч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа мөн согтууруулах ундааны зүйлийг хэрэглэх сэдлээр бусадтай маргалдаж, улмаар цохиулсны улмаас биедээ гэмтэл авч, нас барсан бөгөөд тухайн үйл явдал болох үед өөрийн үг, үйлдлийг бүрэн хянах чадваргүй байсан болох нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, СӨХ-ны камерын бичлэг зэрэг баримтаар тогтоогдсон байна. Тодруулбал, даатгалын гэрээний эрсдэл болон нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл нь тухайн үйл явдал бий болоход нөлөөлсөн орчин нөхцөл, анхдагч шалтгааныг үндэслэл болгож байгаа бөгөөд даатгуулагч согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглээгүй байсан бол бусадтай маргалдахгүй, цохиулахгүй, гэмтэл авахгүй байх зэргээр биеэ хянах бүрэн боломжтой бөгөөд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь энэ тохиолдол бий болох анхдагч шалтгаан болсон гэдгийг шүүгч анхаарч үзээгүй байна.

Аливаа амьтан амь насаа алдана гэдэг нь амь насаа алдахад хүргэсэн урьдач шалтгаан байдаг. Жишээлбэл, ямар нэгэн өвчин туссаны улмаас тухайн өвчин нь хүндэрч амь насаа алдах, эсвэл гэмтэж бэртсэний улмаас тухайн гэмтэл бэртэл нь амь насаа алдахад хүргэх гэх мэт. Гэтэл энэ тохиолдолд ******* амь насаа алдах болсон шалтгаан нь гэмтэж бэртсэн явдал байна. Тухайлбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 сарын 18-ны өдрийн дугаар шинжээчийн дүгнэлтийн дүгнэлтэд талийгаач *******ын цогцост хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн хугарал, хүзүүний урд хана болон хүзүүний арын баруун булчингийн цус хуралт, төвөнх, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн гадна хальсанд цус хуралт, тархины зүүн зулайн хэсгийн аалзан хальсны цус харвалт, цээжний баруун 3, 4, 5, 6, 7-р хавирга, зүүн тапын 2, 3, 4, 5-р хавирганы шууд хугарлууд, цус хуралт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун хацар, хамрын баруун хажуу хэсэгт зулгаралт, дээд уруулд шарх, зулгаралт, баруун хавирганы нуманд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн хугарал гэмтлийн улмаас нас барсан гэсэн. Тус дүгнэлтээс үзэхэд ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас гэмтэж бэртсэн байх бөгөөд энэ нь бидний нөхөн төлбөр олгохоос татгалзсан нөхцөл болох даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.8-т Согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс уудэн гэмтэж бэртсэн гэх заалтад бүрэн хамаарч байна. Хэрэв архи ууж, бусдыг өдөөн хатгаж, бусадтай маргалдаагүй байсан бол бусдад цохиулж, гэмтэж бэртэхгүй байсан. Хэрэв гэмтэж бэртээгүй байсан бол амь насаа алдахгүй байсан гэдгээр энэ тохиолдлын шалтгаант холбоо тайлбарлагдана. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлалд дурдсан хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд ******* нь ийг өдөөн хатгасан, архи уухыг ятгасан, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн зэрэг өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирол учрах нөхцөлийг бүрдүүлсэн байгаа нь даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарна.

Даатгалын эрсдэл, даатгалын тохиолдол бий болсон байлаа ч бид нэн түрүүнд даатгалын эрсдэл бий болох болсон урьдчилсан нөхцөлүүдийг тогтоох шаардлагатай байдаг. Тухайлбал, даатгуулагч нь даатгалын эрсдэл бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамчаар эрсдэл бий болгосон уу, цаашлаад архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн байсан уу гэх зэрэг бусад даатгалын гэрээнд заасан урьдач нөхцөлүүдийг тогтоох нь зүйн хэрэг. Эдгээр нөхцөлүүд нь даатгалын гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлүүдээр тодорхойлогддог. Хэрэв даатгуулагч нөхөн төлбөр авах зорилгоор даатгалын тохиолдлыг зориуд бий болгосон байвал энэ тохиолдолд нөхөн төлбөрийг олгох нь бизнесийн үйл ажиллагаа, ёс зүй, шударга ёсонд нийцэхгүй. Иймд бид зохих ёсоор нөхөн төлбөрийг олгохгүй байх нөхцөлүүдийг гэрээнд заадаг ба тус байдлыг холбогдох баримт нотолгоонд үндэслэн нөхцөл байдлыг бүрэн тодруулж шийдвэрлэдэг. Дээрх тохиолдолд эрх бүхий байгууллагаас нөхцөл байдлыг тодруулж, холбогдох баримт нотолгоог бүрдүүлсний дагуу бид даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах хэд хэдэн үндэслэлүүд бүрдсэнийг тодорхойлж татгалзсан. Дээр дурдсан үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс үндэслэлгүй, логик уялдаа холбоогүйгээр дүгнэлтүүдийг хийсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болохыг илтгэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Учир нь, ******* нь ******* ХК-аас тэтгэврийн зээл авах үедээ иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж, холбогдох даатгалын хураамжийг төлсөн боловч бусад төрлийн даатгал, тухайлбал зээлийн эрсдэлийн даатгал эсвэл амь насны даатгалын гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч нь иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр шаардан нэхэмжлэл гаргасан тул хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй. Даатгалын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд гэмт хэргийн улмаас хохирол учирч даатгуулагчийн амь нас хохирсон бөгөөд оршуулгын зардалд 14,122,830 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсан. Гэвч оршуулгын зардлыг буруутай этгээдээр гаргуулсан нь гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байх үндэслэл болохгүй. Хариуцагч байгууллагын зүгээс нөхөн төлбөрийг эхлээд даатгагч олгоод дараа нь буруутай этгээдээс гаргуулна гэх тайлбарыг гаргасан.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр даатгуулагчийн амь нас хохирсон шалтгаан нь хүзүүний 6 дугаар нугалмын гэмтлийн улмаас үүссэн болох нь тогтоогдсон. Согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь амь нас хохирох шууд шалтгаан биш гэж үзсэн. Талуудын хооронд байгуулсан иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 3.1-д даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдах, амь насаа алдах, тахир дутуу болох эрсдэлийн үед нөхөн төлбөр олгоно гэж заасан. Түүнчлэн 3.1.4-т гадны халдлагад өртөх эрсдэл нь даатгалын хамгаалалтад хамрагдах эрсдэл гэж тодорхой заасны дагуу нөхөн төлбөр шаардсан учраас хариуцагч байгууллага нөхөн төлбөр олгох үндэслэлтэй. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд гаднын халдлагад өртөх эрсдэлээс болж амь насаа алдсан бол нөхөн төлбөр олгоно гэж тодорхой заасан. Хариуцагчийн тайлбарлаж буй даатгалд хамаарахгүй нөхцөл байдал гэх нь өөрсдийн тайлбар бөгөөд гэрээний 5.1.8-д согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн бэртэж гэмтсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж заасан байдаг.

Гэтэл уг заалтад согтууруулах ундааг хэрэглэсэн тул амь насаа алдсан бол олгохгүй гэж тодорхой заалт байхгүй. Анхан шатны шүүх хохирогч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь санаатай үйлдэл, амь насаа хохироох зорилготой үйлдэл биш гэдгийг тогтоосон. Даатгалын гэрээний 8.3-д даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол нөхөн төлбөрийг түүний хууль ёсны өв залгамжлагчид олгоно гэж заасан. Мөн 9.1.4-д даатгалын тохиолдол болсон тохиолдолд даатгагч нь төлбөрийг гэрээ болон хуульд заасан хугацаанд олгох үүрэгтэй, 9.1.6-д даатгагч нь даатгалын хууль, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүрэгтэй гэж заасан. Иймд, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

3.1.Талийгаач ******* нь ******* ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Тэтгэврийн зээлийн гэрээ-г байгуулж, гэрээгээр 11,401,577 төгрөгийг жилийн 14.40 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 63-65/

 

3.2. Дээрх зээлийн эрсдлийг даатгуулахаар ******* болон ******* ХК-ийн хооронд мөн өдөр Иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээ-г 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, даатгалын хураамжид 21,000 төгрөгийг даатгуулагч төлөх үүрэг хүлээсэн. /хх-ийн 7/

 

Өөрөөр хэлбэл, тус даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдлын улмаас зээлийг төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд даатгалын үнэлгээний хэмжээгээр нөхөн төлбөр төлөхөөр тохирсон байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

3.3. Даатгуулагч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бусдын гэм буруутай үйлдлийн улмаас амь насаа алдсан болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/******* дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар магадлал, нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тус тус тогтоогдсон. /хх-ийн 11, 17-31/

 

3.4. Нэхэмжлэгч ******* нь талийгаач *******ын төрсөн хүүхэд бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр талийгаач эхнэр , 2025 05 дугаар сарын 07-ны өдөр охин , 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр охин , нар даатгалын нөхөн олговор 3,000,000 төгрөг нэхэмжлэх шаардах эрхийг *******д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Иймд, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* нь талийгаач *******ын хууль ёсны өвлөгч байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй. /хх-ийн 147-152, 179-193/

 

3.5. Нэхэмжлэгч ******* нь даатгалын нөхөн олговор гаргуулах хүсэлтийг хариуцагч ******* ХХК-д гаргасан боловч татгалзаж шийдвэрлэсэн тул энэ талаарх гомдлыг ******* хороонд гаргасан. Тус хорооны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9/4023 тоот албан бичигт ...гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.8-д Согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээний бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн гэж заасныг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэхээр байна. Учир нь, дээрх тохиолдолд даатгуулагч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн бус гадны нөлөөтэй буюу бусдад цохиулсны улмаас амь насаа алдсан болох нь шүүхээр эцэслэн тогтоогдсон. Иймд, ...даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэн хариу мэдэгдэнэ үү гэжээ. /хх-ийн 9/

 

4. Нэхэмжлэгч даатгуулагч даатгалын гэрээнд заасан гадны халдлагад өртөх эрсдэл буюу бусдад цохиулсны улмаас амь насаа алдсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул даатгалын нөхөн төлбөр гаргуулна гэж, хариуцагч даатгуулагч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдсаны улмаас нүүрэн тус газраа цохиулж, хүзүүний 6 дугаар нугалам хугарч нас барсан. Энэ нь даатгалын тохиолдол бий болсон гэж үзэхгүй, даатгуулагч нас барсантай холбоотой буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн тул даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй гэж тайлбарлан маргажээ.

 

Гэрээгээр тохирсон даатгалын тохиолдол бий болсон эсэх, даатгалын гэрээгээр зохицуулагдах даатгалын эрсдэлд хамаарах эсэх нь талуудын хооронд маргааны зүйл болжээ.

 

4.1. Хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ******* нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бусдын буруутай үйлдлийн улмаас амь насаа алдсан үйл баримт тогтоогдсон.

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Өөрөөр хэлбэл, даатгуулагч ******* нь бусдын буруутай үйлдлийн улмаас амь насаа алдсан байх тул иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 5.1.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдолд бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн, 5.1.8-д согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн бол нөхөр төлбөр олгохоос татгалзан гэх үндэслэлд хамаарахгүй. Иймээс энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.2. Талуудын хооронд байгуулсан иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 2.1-д даатгалын зүйл нь 18 хүртэлх насны хүүхэд, насанд хүрсэн иргэдийн амь нас, эрүүл мэнд байна, 3.1-т дараах төрлийн эрсдэлийн улмаас даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдах, амь насаа алдах, тахир дутуугийн зэрэглэл тогтоолгоход нөхөн төлбөр олгоно, 3.1.1-д байгалийн эрсдэл, 3.1.2-т зам тээврийн осол, 3.1.3-т мал амьтдын нөлөөллийн эрсдэл, 3.1.4-т гадны халдлагад өртөх эрсдэл, 3.1.5-д ахуйн болон бусад эрдэл /түлэгдэх, хайрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хавчуулагдах, хөлдөх, халтирах, цохиулах, хорт хийд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох, 3.1.6-д урлаг, спорт, сургалт, үйлдвэрлэлийн холбогдолтой осол байхаар харилцан тохиролцсон байна.

 

4.3. Дээрх эрсдэлүүдээс гэрээний 3.1.4-т заасан гадны халдлагад өртөх эрсдэлд хамаарч байгаа талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүрэгтэй. Гэтэл талуудын байгуулсан гэрээнд гадны халдлагад өртөх эрсдэл гэдгийг хэрхэн ойлгох талаар тодорхойлоогүй, даатгагч нь гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүргээ биелүүлээгүй байна.

 

Тодруулбал, хэдийгээр талийгаач ******* нь амь насаа алдахаас өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч тэрээр өөрийн амь насыг санаатайгаар хохироосон, илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй хийсэн болох нь баримтаар тогтоогдоогүй, гагцхүү бусдын гарт амь насаа алдсан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Иймд, даатгуулагч нь даатгалын хураамжид 3,000,000 төгрөгийг 0.7 хувиар тооцон 21,000 төгрөгийг даатгагчид төлсөн, улмаар даатгуулагч нас барсан буюу даатгалын тохиолдол бий болсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

 

4.4. Нөгөөтэйгүүр, эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь оршуулгын зардалд 14,122,830 төгрөгийг амь хохирогчийн ар гэрт төлсөн нь хариуцагч байгууллагын гэрээгээр хүлээсэн даатгалын нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйгээс гадна даатгалын гэрээгээр даатгуулагч гадны халдлагад өртөх эрсдлээс амь насаа даатгасан тул даатгалын нөхөн төлбөр шаардсаныг оршуулгын зардал өгсөнтэй хамааруулахгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/07048 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ