| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2016/00273/И |
| Дугаар | 103/ШШ2016/00299 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2016/00299
| 2016 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ2016/00299 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1972 онд Идэрмэг суманд төрсөн, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын оператор мэргэжилтэй, Хэрлэн худалдааны төвд худалдагч ажилтай, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 98 тоотод оршин суух, Элч овогт Төмөрийн Баярмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх худалдан авах ажиллагааны албанд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 711.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Баярмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Даваабилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Баярмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Хэрлэн худалдааны төвд барилгын материалын худалдаа эрхэлдэг. Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдан авах ажиллагааны алба нь 2014 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажлын байрандаа засвар хийж байгаа санхүүжилт орж ирэхээр өгнө гээд нийтдээ 711.300 төгрөгийн бараа материал зээлээр худалдаж авсан. Тухайн үед албаны дарга байсан Хашлянхуа, нягтлан бодогч Батболд, нярав Энхмаа нар ирж зээлж аваад түүнээс хойш төлбөрөө нэхэхээр дансанд санхүүжилт ороогүй байна орж ирэхээр өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Худалдан авах ажиллагааны албанд энэ жил албан хүсэлт өгч төлбөрийг нэхэмжлэхэд 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай албан бичгээр төлөх боломжгүй, хууль хяналтын байгууллагад ханд гэсний дагуу шүүхэд хандаж байна. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх худалдан авах ажиллагааны албанаас зээлээр худалдаж авсан барааны үнэ 711.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын худалдан авах ажиллагааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярмаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус алба нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын харъяа бус, Засаг даргын дэргэдэх алба бөгөөд дүүргийн төсвөөс санхүүждэг тул ИТХ-ын хуралдаанаар батлагдсан төсвийн хязгаарт багтаан, төсөвт заасан зориулалтын дагуу Төсвийн тухай болон Нягтлан бодох тухай хуулийн заалтуудыг баримтлан ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хяналт, зөвшөөрлөөр зарлагын гүйлгээ хийдэг. Мөн тус алба нь өөрийн эзэмшлийн байргүй, засвар хийгдсэн өрөөнүүд ЗДТГ-ын эзэмшилд байдаг тул Албаны төсөвт байрны ашиглалттай холбоотой засвар үйлчилгээний зардал багтаагүй тул төлөх боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгч Т.Баярмаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба нь надаас авсан бараа материалаараа ЗДТГ-ын 229, 230, 231 дугаартай өрөөнүүдийг засварласан байсан. Мөнгөө нэхэмжилсэн чинь санхүүжилт байхгүй гээд байна. Хашлянхуяад хэлсэн чинь дарга нь солигдсон байсан. Шинээр томилогдсон Цэвэгжав даргад албан ёсоор хандсан, оны сүүлчээр төрийн сангийн хүмүүстэй уулзалдаад учир байдлаа танилцуулахад Цэвэгжав дарга зөвшөөрвөл мөнгө байна гэж хэлсэн. Би олон удаа шаардсан, бүх холбогдох дарга нартай нь уулзсан, аргаа бараад шүүхэд хандсан, бусад байгууллагууд бараа зээлж авдаг, цаг хугацаандаа л өгдөг. Надаас авсан бараа материалаар өрөөнүүдээ засварласнаа хүлээн зөвшөөрөөд байгаа байж яагаад мөнгийг маань өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Иймд Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанаас бараа материалын үнэ 711.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярмаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хашлянхуагийн гаргасан шийдвэрээс болоод иргэн хохироод явж байгаад харамсалтай байна. Байгууллагын засварын зардал төсөвт тусгагдаагүй. Иргэн Баярмаа нь тус албаны даргаар ажиллаж байсан Хашлянхуа нар нь 2014 онд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасны дагуу хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд үл харшлах хэлцэл хийж иргэний эрх зүйн харьцаа үүсгэсэн бөгөөд энэ нь уг хуулийн 42.1 дэх хэсэгт заасан аман хэлбэртэй хэлцэл гэж хариуцагчийн зүгээс ойлгож байна. Тус алба нь Дүүргийн ЗДТГ-ын харъяа бус Засаг даргын дэргэдэх алба бөгөөд дүүргийн төсвөөс санхүүждэг тул ИТХ-ын хуралдаанаар батлагдсан төсвийн хязгаарт багтаан төсөвт заасан зориулалтын дагуу Төсвийн тухай хууль болон нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалтуудыг баримтлан ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хяналт зөвшөөрлөөр зарлагын гүйлгээ хийдэг. Мөн тус алба нь өөрийн эзэмшлийн байргүй, засвар хийгдсэн өрөөнүүд ЗДТГ-ын эзэмшилд байдаг тул албаны төсөвт байр ашиглалттай холбоотой засвар үйлчилгээний зардал батлагддаггүй. Иймд дээр дурьдсан аман хэлцэл нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, бүхий гуравдагч этгээд... буюу ЗДТГ болон Санхүү төрийн сангийн хэлтсээс зөвшөөрөл аваагүй, түүнчлэн хэлцэл хийсэн нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтуудад хамаарч байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл.Иймд дээрх үндэслэлүүдээр Т.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг тус алба хүлээн авах боломжгүй тул ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Баярмаа нь хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 711.300 төгрөг гаргуулахыг шүүхээс шаардаж байна.
Хариуцагч байгууллага нь 711.300 төгрөгийг байгууллагын төсөвт засварын зардал тусгагдаагүй гэсэн үндэслэлээр төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдах худалдан авах ажиллагааны алба нь Хэрлэн худалдааны төвд хувиараа үйл ажиллагаа эрхэлдэг иргэн Т.Баярмаагаас 2014 оны 08 сарын 26 ны өдрөөс 10 сарын 17 ны өдөр хүртэл 3 удаагийн үйлдлээр 711.300 төгрөгийн барилгын бараа материал худалдан авч өөрийн албаны 3 өрөөнд засвар хийсэн болох нь зарлагын баримтууд,нэхэмжлэх, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, худалдан худалдан авах ажиллагааны албаны даргын 2016 оны 03 сарын 24 ний 23 дугаартай албан тоот зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч байгууллага нь худалдан авсан бараа материалаар 3 өрөө засварласан гэдэгт маргаагүй байна.
Хариуцагч байгууллагын Төсөвт засварын мөнгө тусгагдаагүй, тус албаны даргаар ажиллаж байсан хүний хууль зөрчсөн үйлдлээс учирсан хохирол учраас тухайн хүн төлөх үүрэгтэй гэсэн татгалзлал нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хуульд заасан үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдагч нь өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, худалдан авагч бараагаа хүлээн авч зориулалтын дагуу ашигласан боловч үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж бусдад эд хөрөнгийн болон бусад хохирол учруулсан тохиолдолд хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа байгууллага хүлээдэг учраас албан тушаалтны хууль зөрчсөний улмаас учруулсан эд хөрөнгийн хохирлыг байгууллага хүлээх учиртай. Түүнчлэн бараа материалыг худалдан авахдаа хувь хүний нэрээр бус Худалдан авах ажиллагааны албаны нэр дээр авсан болох нь зарлагын баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. Байгууллага нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гарган буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 21.989 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2,1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албанаас худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 711.300 / долоон зуун арван нэгэн мянга гурван зуу/төгрөгийг гаргуулж Эмч овогтой Төмөрийн Баярмаад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээстэмдэгтийн хураамжид төлсөн 21.989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 21.989 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь өөрт учирсан хохирлоо хэн буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гарган жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.