Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01495

 

   

 

 

 

 

 

 

 

 

     2025            09             05                                           210/МА2025/01495

                                                 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04813 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* миний бие 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, *******, *******, *******од байрлах, 52.37 м.кв талбай бүхий орон сууцыг нэг м.кв нь 3,300,000 төгрөг, нийт 172,821,000 төгрөгөөр 100 хувийн төлөлт хийж худалдан авсан ба 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж ******* дугаартай гэрчилгээ авсан.

1.2. Ажилтан болон түүний эхнэр ******* нарт туслах зорилгоор, өөрийн компани болох “” ХХК-ийн нэр дээр ******* банкнаас 155,000,000 төгрөг, мөн компанийн нягтлан бодогчоос 8,000,000 төгрөгийг тус тус зээлж, тэднийг дээрх орон сууцанд оруулсан.

1.3. Гэтэл хариуцагч ******* болон түүний нөхөр нь анх хэлсэндээ хүрэхгүй, манай компанийг өрөнд оруулаад, мөн 2024 оны 5 дугаар сараас нөхөр нь ажлаа хаяж алга болсон,  мөн эхнэр, нөхөр хоёр хоорондоо маргаантай болж салснаар намайг хохироож байна.

Одоо миний өмчлөлийн байранд ******* нь амьдарч байгаа бөгөөд нөхөр гаас салсан учраас хариуцагчаар *******ийг тодорхойлсон. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу  эрхийн улсын бүртгэлийн    дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг *******, *******ны  *******од байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нөхөр нь 2022 оны 08 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал *******ын “*******” ХХК-д жолоочоор ажиллаж байсан. г ажиллаж байх хугацаанд ******* нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэд хоорондын хэлцэл байгуулж, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 18 сарын хугацаанд тасралтгүй цалин хөлстэйгөөр ажилласан тохиолдолд урамшуулал болгон автомашин өгөхөөр болсон. Ингээд тохиролцооны дагуу нөхөр 19 сар тасралтгүй *******ын компанид ажилласан ч тохиролцсон автомашинаа өмчлөлд шилжүүлж өгөөгүй, харин та нар орон сууцтай болооч би тусалж дэмжье гэсэн санал тавьсан.

2.2. Баянгол дүүрэг, *******, 52.37 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар болж, байрны нийт төлбөр 172,821,000 төгрөг болсон, урьдчилгаа төлбөрт 10 хувь буюу 17,321,000 төгрөгийг өгөх шаардлагатай байсан. Үлдэгдэл төлбөрийг орон сууцны зээлд хамрагдаж төлөх гэсэн боловч нөхөр бид хоёрын нэр дээр зээл гарах боломжгүй байсан тул нөхөр гийн үеэл эгч болох *******д урьдчилгаа төлбөрийг бид бүрдүүлж өгье, та өөрийн нэр дээр 155,500,000 төгрөгийг банкнаас зээлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.

Урьдчилгаа төлбөр болох 17,321,000 төгрөгийг “” ХХК-ийн данс руу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Орон сууцны үлдэгдэл төлбөрийг ******* банкны зээлээр төлж, гэрчилгээ 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *******ын нэр дээр гарсан. Уг зээлийн төлөлтийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал нийт 13 сарын хугацаанд 28,951,000 төгрөгийг бид хоёр ээлжилж *******ын данс руу хийсэн. Заримдаа нөхөр гийн цалингаас ******* суутгаж авдаг байсан.

Иймд тухайн байранд хөрөнгө оруулсан 46,272,000 төгрөг болон 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийн дагуу улсын дугаартай маркийн машины төлбөрт 30,000,000 төгрөг, нийт 76,272,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* нь хариуцагчид төлөхөөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, *******, Үйлдвэрийн төвийн бүс, үйлдвэрийн гудамж, *******, ******* хаягт байршилтай, 52.37 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь тус шүүхэд хууль ёсны өмчлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлаа илэрхийлж, үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлүүлэхээр гаргасан 76.272.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүх "хамтатган шийдвэрлэх үндэслэлгүй" гэж үзэж хүлээн авахаас татгалзсан атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хэлцэл, хоорондын гүйлгээ зэрэг нотлох баримтыг шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д үнэлэн, улмаар Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болсон нь тогтоогдсон байхыг шаардана хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хэлцэл байгуулагдсан, хариуцагч хэлцлийн үндсэн дээр эзэмшиж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч талаас 4 удаагийн гүйлгээ хийгдсэн, 2023 оны 5 дугаар сард "Түрээсийн төлбөр"-өө шилжүүлсэн, жилийн дараа 2024 оны 02, 03 дугаар сард "", 06 дугаар сард “Зээл", 07 дугаар сард "" гэж шилжүүлсэнтэй маргахгүй боловч "Орон сууцыг худалдах, худалдан авах" үүргээ шударгаар, бүрэн биелүүлээгүй болно. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа орон сууцны зээлийн төлөлтийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй байдал үүссэн, шилжүүлсэн мөнгөө эгүүлэн авахаа илэрхийлснийг шүүх хүлээн аваагүй атлаа дүгнэлт хийсэн. Хариуцагч нь төлбөрөө бүрэн төлөхгүй, огт төлөхгүй 3 жилийн хугацаа өнгөрснийг харгалзаж үзээгүй шударга өмчлөгч нь хариуцагч гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Тус иргэний хэргийн маргааны зүйл болж байгаа орон сууц нэхэмжлэгчийн хууль ёсны өмч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байхад хариуцагчийг нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа нь тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нотлох баримт болох дансны хуулгыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн. Шүүх нотлох баримтыг үнэлж талуудын хооронд хэлцэл байгуулагдаж, гэрээний үүргийн үндсэн дээр орон сууцны төлөлтийг 13 сарын хугацаанд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш төлж байсан. нь нэхэмжлэгчийн компанид ажиллаж байх 19 сарын хугацаанд өөрийн цалингаас суутгуулж байсан буюу дансаар шилжүүлж байсан баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч талд 40,000,000 төгрөгийн дарамт учруулсан үйл баримт байхгүй. 30,000,000 төгрөгийн автомашин шилжүүлэх хэлцлийн хувьд хариуцагчийн нөхөр болох болон нэхэмжлэгч ******* нарын хооронд байгуулагдсан хэлцэл юм. Энэ талаар анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж авахаас татгалзсан. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Баянгол дүүрэг *******, *******ны *******од байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.  

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа “...маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч болон түүний нөхөр ******* нар нь ******* банкны орон сууцны зээлээр авахуулж, зээлийг шилжүүлэн авч өр зээлгүй болгоно гэсэн боловч манай компанийг өрөнд оруулаад зогсохгүй сар бүрийн төлөлтөө өгч чадахгүй хаясан, ...одоо миний өмчлөлийн байранд хариуцагч амьдарч байгаа, түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ” гэж, харин хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “Орон сууцны үнийг тодорхой хэмжээнд төлж байсан, бидний хооронд хэлцэл хийгдсэн. Тухайн хэлцлийг нэхэмжлэгч өөрөө биелүүлээгүй” гэж тус тус тайлбарлажээ.  

 

Хариуцагч нь маргаан бүхий орон сууцны урьдчилгаа болон зээлийн төлбөрийг төлж байсан гэх агуулгаар “...орон сууцанд оруулсан хөрөнгө оруулалт 76,272,000 төгрөг, ...”-ийг шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхгүй гэж хүлээн авахаас татгалзсан атлаа талуудын хооронд “хэлцэл” байгуулагдсан, хэлцлийн үндсэн дээр хариуцагч орон сууцыг эзэмшиж байгаа гэж дүгнэж, өмчийн эрх зүйн харилцааны зохицуулалтыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, логик уялдаагүй болжээ. Энэ нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх үүргийн хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах үүргээ биелүүлээгүйгээс маргааны үйл баримт тодорхой бус байгаатай холбоотой.

 

Хэрэв шүүх талуудын хооронд хэлцэл байгуулагдах замаар үүрэг үүссэн гэж үзэж байгаа бол энэ нь ямар төрлийн харилцаа болох, талууд ямар үүрэг хүлээсэн болох, үүргийн зөрчлийн улмаас орон сууцыг шаардаж байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон хэргийн үйл баримтыг тогтооход хамааралтай байхад сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, талууд хариуцагчийн орон сууц эзэмших болсон үндэслэлийн талаар маргаж байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах, ингэснээр маргааны зүйл тодорхой болох, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах замаар талууд мэтгэлцэх, улмаар шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоох, шаардах эрхийн үндэслэл, түүнд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

4.  Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах, нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04813 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.           

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ГАНДИЙМАА

 

 

                             ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                      Н.ГЭРЭЛТУЯА