Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2016/00300

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2016/00300

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: 1964 оны 04 сарын 13-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, тусгай дунд боловсролтой,  мебелийн мужаан мэргэжилтэй, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 17 дугаар гудамжны  9 тоотод оршин суух Их монгол овогт Эрдэнэ-Очирын Энхтуяагийн улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            Нэхэмжлэгч Э.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 6 дугаар сарын 12-нд ЗХУ-ын мебелийн нарийн мужааны мэргэжлээр сурч төгсөөд 1985 оны 07 сарын 17-ны өдөр Төв аймгийн ой агнуурын аж ахуйн даргын 103 дугаар тушаалаар мужаанчинаар томилогдон 1986 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байгаад Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлт авсан учир үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн 1986 оны 07 сарын 18-ны өдрөөс өөрийн төрсөн нутаг Төв аймгийн Баян сумын МПН Цацралт нэгдлийн 2 дугаар бригад “Цавчирт” сувиа үхрийн суурь хүлээн авч 3 жил мал маллаж  байсан юм. Одоо  өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл  баримт бичгийн бүрдэл дутуу тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож ир гэсэн юм. Гэтэл дээрх хугацаанд ажилд орсон тушаал нь байгаа боловч ажлаас гарсан тушаалууд архиваас гарч ирээгүй учраас шүүхэд хандсан. Иймд дээрх баримтуудыг үндэслэн улсад 3 жил ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүхээс хэрэгт авагдсан 1982.06.02-ны өдрийн 092010 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 103,11, 53 дугаартай тушаалууд, Төв аймгийн Баян сумын МПН “Цацралт” нэгдлийн даргын 56 дугаартай тушаал, фото зургууд, ажиллаж байхдаа авч байсан талархал зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Э.Энхтуяа нь1985 оны 07 сарын 18-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн ой агнуурын аж ахуйн мужаанчнаар, 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Баян сумын МПН “Цацралт” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байснаа тогтоолгохыг шүүхээс шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Э.Энхтуяагийн мужаанчны ажлаас чөлөөлөгдсөн тушаал, малчнаар ажилд томилсон тушаалууд архиваас гарч ирээгүй байх тул түүний ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

Э.Энхтуяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа “Одоо 50 настай, олон хүүхэд төрүүлсэн үндэслэлээр өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм “ гэжээ.

Э.Энхтуяа нь нь1985 оны 07 сарын 18-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн ой агнуурын аж ахуйн мужаанчнаар, 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Баян сумын МПН “Цацралт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

1982.06.02-ны өдрийн 092010 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт  ОМАҮХ-ийн 1982 оны 08 сарын 27-ны өдрийн 218 тоот тушаалаар ЗХУ-д ТМС-д суралцуулахаар томилов, 1985 оны 06 сарын 12-ны өдөр ЗХУ-ын ТМС-ийн мебелийн нарийн мужааны мэргэжлээр төгссөн тул Төв аймгийн САА-н мэдэлд шилжүүлэв, 1985 оны 07 сарын 18-ны 103 дугаартай тушаалаар Төв аймгийн ойн агнуурын аж ахуйд мужаанчинаар авч ажиллуулав, 1986 оны 07 сарын 15-ны өдрийн 95 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, Төв аймгийн Баян сумын Цацралт нэгдэлд шилжүүлэв” гэсэн бичвэрүүд,

Ажиллаж байхдаа авч байсан илгээлтийн үнэмлэх, талархал

Хамт олонтойгоо авахуулсан фото зургууд,

Төв аймгийн ойн агнуурын аж  даргын “ажилд томилох тухай ” 1985.07.19-ний өдрийн 103 дугаартай тушаал, “Нэмэгдэл олгох тухай” 1986.01.27-ны өдрийн 11 дугаартай тушаал, “ Баярын дежур томилох тухай” 1986.04.29-ний өдрийн 53 дугаартай тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэж Их монгол овогт Эрдэнэ-Очирын Энхтуяаг 1985 оны 07 сарын 18-ны өдрөөс 1986 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Ой агнуурын аж ахуйд мужаанчинаар, 1986 оны 07 сарын 01-нээс 1989 оны 09 сарын 01-ний өдрийг дуустал  Төв аймгийн Баян сумын МПН “Цацралт” нэгдэлд малчнаар тус тус  ажиллаж байсан  болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ЦЭЦЭГДУЛАМ.