Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/160

 

 

 

 

     

  2019              05                27                                                         2019/ШЦТ/160                                                             

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох 1934002580164 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт С.Г, Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, 36 дугаар гудамж 567 тоотод оршин суух хаягтай,  урьд 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймгийн сум дундын шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлд зааснаар 8 сарын хугацаатай эцэг эхийн хяналтанд өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсан, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт 2 дугаар багийн нутаг “Ар завсар” гэх газар Ө.Нямхорлоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-09 тал/, хохирогч Ө.Нямхорлоогоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-11 тал/, гэрч Ч.Пүрэвчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-14, 18-20 тал/, Б.Төмөрбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15 тал/, гэрч Ч.Тайвандаваагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-16-17 тал/, яаралтай түргэн тусламжийн хуудасны хуулбар /хх-23 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №4171 дугаар дүгнэлт /хх-27 тал/, шинжээч Ө.Сарангэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-28 тал/, шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт /хх-33 тал/, С.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55 тал/, хохирлын баримт /хх-61 тал/, “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүйболгох тухай” прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар тогтоол /хх-81-82 тал/, шүүгдэгч С.Г-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримт болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Шүүгдэгч С.Г нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут хуримт 2 дугаар багийн нутаг “Ар завсар” гэх газар Ө.Нямхорлоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ө.Нямхорлоогийн “Би 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчим Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуутхуримт 2 дугаар баг Ар цавчир гэх газарт байх гэрээсээ өөрийнхөө мотоцикльтой саахалт айлын Төмрөөгийн хамтаар сумын төв орсон юм. Сумын төвд орж мотоцикльдоо тос масло аваад бензин авчихаад тэндээ хүргэнийхээрээ ороод байж байгаад 16 цагийн орчим байсан байх эргээд Ар цавчир гэх газарт байдаг отрын гэр лүүгээ Төмөрөөтэй хамтаар отрын гэрээсээ борц хэвэг аваад явж байх замд Г, Тайвандаа хоёртой таараад уулзсан чинь Г өврөөсөө 2,5-тай Нийслэл пиво гаргаж ирээд тэрийгээ уух гэж байтал Г над руу хандан чи аавд өвөлжингөө архи өглөө гэх шалтгаанаар намайг Г хөлөөрөө миний нуруу, гуя гар луу нэлээн хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна. Тэгээд би Тайвандаваа ахад дүүгээ аваачээ гэхэд тэгээд яваад өгсөн. Тэгээд би босоод мотоцикль асахгүй болохоор нь Г, Төмөрөө хоёроор мотоциклио түрүүлж асаалгуулаад шууд цаашаа яваад өгсөн бөгөөд отрын гэр лүү явж байхад Тайвандаваа ирээд хоёр дүүгээ яагаад орхиод ирж байгаа юм гэж хэлээд бариад авсан. Тэгээд араас нь Г ирээд чулуугаар толгой руу цохисон. Тэгээл би ухаан алдсан ” гэх мэдүүлэг /хх-11 тал/,

Гэрч Ч.Пүрэвчулууны “...нэг харсан чинь Нямхорол, Г хоёр барилцаад авчихсан дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэгэхэд манай эхнэр Отгонтунгалаг хүрээд ирэхээр нь чи явж цагдаад хэл, эд нар зодолдоод дийлдэхгүй юм байна гэж явуулчихаад Тайвандавааг жаахан холдуулчихаад нөгөө хоёр яваад очсон чинь Нямхоролын толгойноос цус гарчихсан газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би Гаас чи яаж байгаа юм бэ гэсэн чинь би чулуугаар толгой руу нь цохичихлоо гээд зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

Гэрч Б.Төмөрбаатарын “ ... Г Нямхорол руу дайраад барилцаад авсан тэр хоёр доороо ороод ноцолдоод байсан нэг харсан чинь Нямхорол доор орчихсон толгойноос нь цус гарчихсан Г дээрээс нь дарчихсан байж байтал Пүрэвчулуун ах ирээд Гыг салгаад холдуулсан” гэх мэдүүлэг /хх-15 тал/,

Шинжээч Ө.Сарангэрэлийн “ ...Ө.Нямхорлоогийн тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх,  дагз хэсгийн эдийн няцрал бүхий эдгээр гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн гэмтэл байгаа мөн нийлээд хөнгөн гэмтэл байгаа” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №4171 дугаартай шинжээчийн“ 1.Нямхорлоогийн биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, дагз хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-27 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Г-ын Ө.Нямхорлоог зодож биед нь тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүх шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

          Шүүгдэгч  С.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Г-д сануулав.

 

           Шүүгдэгч С.Г-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц овогт С.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ыг 800/найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Г-д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд төлөхийг сануулсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Г-д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Г-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ