| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0154/э |
| Дугаар | 2019/ШЦТ/159 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/159
2019 05 27 2019/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох 1934002700205 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт Б.О, Монгол улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, Төв аймгийн Эрдэнэ сум 4 дүгээр баг Архустайн ам гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг “Дөтлүүр” гэх газар 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Пүрэв-Очирыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймгийн Прокурорын газраас Б.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх02 тал/, хохирогч Б.Пүрэв-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-05-08 тал/, гэрч А.Төмөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-11 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №3184 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17 тал/, Б.Оийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38 тал/, шүүгдэгч Б.Оийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг “Дөтлүүр” гэх газар 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Пүрэв-Очирыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Пүрэв-Очирын “ 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хонинд явж байтал Төмөрөө О нар ирээд надтай уулзсан. Төмөрөө та нар нэг ангийн хүүхдүүд байж хоорондоо маргалдаж болохгүй эвлэр гээд ирсэн. Тэгсэн О Жавхаа та хоёр юу юм бэ та хоёрыг алнаа гээд агсан тавиад намайг толгой руу цохиод автал морь маань үргээд цулбуур нь тасраад явсан. Тэгээд мориныхоо араас яваад морио барьтал араас О мотоцикльтой ирээд дахиад заамдаж авч байгаад миний хамар луу мөргөөд доошоо тонгойнгуут нүүр лүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-6 тал/,
Гэрч А.Төмөрийн “... Би 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би О гэх найзтайгаа хамт адуунд явж байсан ба Төв аймгийн Эрдэнэ сумын Аргастай ам гэх газарт Пүрэв-Очиртой таарсан тэгээд О, Пүрэв-Очир хоёр өмнө нь бага зэрэг муудсан байсан юм шиг байна лээ тэгээд тэр хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйж юм ярьж сууж байгаад гэнэт дахин муудаад эхэлсэн. Би яг ямар учраас дахин муудсан талаар огт ойлгоогүй. Тэгээд тэр хоёр барилцаад авсан ба Пүрэв-Очирын морь үргээд зугатаасан ба араас бид гурав хөөж байгаад морийг нь барьж өгсөн юм. Тэгсэн тэр хоёр дахин барилцаж аваад О Пүрэв-Очирыг хальт мөргөсөн тэгээд дундуур нь ороод нэг ангийн хүүхдүүд байж яагаад муудалцаад байдаг юм бэ? гээд Пүрэв-Очирыг зүгээр үү гэхэд зүгээр зүгээр гэсэн тэр үед хамрынхан үзүүр улайсан байсан” гэх мэдүүлэг /хх-11 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №3184 дугаар “1.Б.Пүрэв-Очирын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор булан, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-17 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О-ийн Б.Пүрэв-Очирыг зодож биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор булан, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 451000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан хугацаанд биелүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О-д сануулав.
Шүүгдэгч Б.О-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451000/дөрвөн зуун тавин нэгэн мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.О-д оногдуулсан 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.О-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ