| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 101/2022/07338/И |
| Дугаар | 210/МА2025/01544 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/01544
2025 09 10 210/МА2025/01544
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05036 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
99,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Хариуцагч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр миний өмчлөлийн орон сууцыг суллаж надад хүлээлгэж өгсөн. Суллаж өгөх үедээ эзэмшиж байсан байрны цахилгаан, ус, дулааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.
Харин 2017 оны 08 дугаар сараас 2024 оны 7 дугаар сар хүртэлх 6 жил сарын хугацаанд орон сууцанд амьдарч байсан төлбөрөө төлөөгүй байна. Баянзүрх дүүргийн *******, *******, ******* байранд яг ижил орон сууцны ******* тоотуудыг 2024 оны байдлаар нэг сарын 1,200,000 төгрөгөөр хөлслөх гэрээ хийж орлого олж байгаа. Иймд 2017 оны 8 дугаар сараас 2024 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд 54.51 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц ашиглуулсны хохирол болох нэг сарын 1,200,000 төгрөгөөр тооцож, нийт 6 жил сарын төлбөрт 99,600,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие уг байрыг анх ******* буюу үеэл ахаасаа худалдан авсан. 2021 оны 12 дугаар сард манай гэрийн хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас ирсэн бөгөөд агуулга нь нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, байрны хөлс 41,600,000 төгрөг гаргуулах гэсэн утгатай бичиг ирсэн.
Бид амьдрах хугацаандаа байрныхаа сар бүрийн хэрэглээний төлбөрийг тогтмол төлдөг байсан. 2024 оны 7 дугаар сарын 04-ний шөнө хоёр залуугийн хамт тог салгаад байрнаас хөөсөн. Тоггүй байранд би нялх хүүхэдтэй удаан байж чадахгүй учраас хоёр хоногийн дараа байрнаасаа нүүж, хадам ээжийн гэр лүү түр амьдрахаар очсон.
Шүүхийн шийдвэр гараагүй байхад намайг нялх хүүхдүүдтэй минь гудамжинд хөөн гаргаж, удаа дараа доромжлон *******гаас уг байрыг худалдан авсан байхад намайг тус байрнаас хүчээр хөөн гаргаж, түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна. Түүнчлэн “Түүний 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Г. Пүрэвдагва бусдын өмчлөлийн байрыг хууль бусаар эзэмшиж байснаа хүлээн зөвшөөрч байрыг өөрөө суллан өгсөн" гэж бичсэн нь худал зүйл болно. Мөн би той ямар ч түрээсийн гэрээ хийгээгүй, энэ байранд хууль бусаар нэвтэрч ороогүй. Иймд ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, хариуцагч ******* нь Баянзүрх дүүргийн *******, 1*******лол, ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмжлэгч уг шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д заасныг баримтлан, хариуцагч *******ас 99,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,035,202 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 35,100 төгрөгйиг тус тус гаргуулж нэхэмжлэгч д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гардаж авсан цагаас амаар болон бичгийн хэлбэрээр орон сууцны төлбөр төлөхийг шаардаж, эцэст нь шүүхэд гомдол гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авахуулсан байхад энэ хэрэгт холбоотой хэрэг эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байгаа гэсэн хариуцагчийн өмгөөлөгч ын худал баримтад үндэслэн шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Хариуцагч тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч байсан юм бол яагаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давхар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаад байгаа юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах, уг байрыг захиран зарцуулах буюу шийдэх эрх бүхий этгээд нь *******.
Үндэслэх нь хэсгийн “... 8. Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* өмчлөлийн орон сууцанд амьдрахдаа өмчлөгч той аливаа үүрэг хүлээсэн хэлцэл хийгээгүй ба үндэслэлгүйгээр шударга бусаар орон сууцанд орж амьдарсан гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй...” гэсэн хариуцагчийн өөрийнх нь худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж мэдүүлсэн баримттай зөрчилдөж байна.
Хариуцагч тал орон сууц худалдан авсан төлбөрөө хугацаанд нь төлж Иргэний хуулийн 0 дугаар зүйлд зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой атал үеэл ахаараа гэрчийн мэдүүлэг өгүүлж, өмгөөлөгчийн илт худал мэдүүлгээр шүүхийг төөрөгдүүлэн үндэслэлгүй шүүхийн шийдвэр гаргуулав.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ******* өмчлөлийн орон сууцанд 6 жил, сар үнэ төлбөргүй сууж хохироосон хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. 2016 онд ******* *******гаас маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан. 2017 онд нэхэмжлэгч нь гэмт хэрэг үйлдэх замаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. Энэ талаарх маргаан нь 8 жилийн хугацаанд шалгагдаж одоог хүртэл дуусаагүй байгаа.
Нэхэмжлэгч болон ******* нарын хооронд үүрэг үүсээгүй, ******* нь орон сууцны эзэнтэй хэлцэл хийсэн. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 249 дүгээр зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах зохицуулалтын талаар дурддаг. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх боловч уг үндэслэл нь тухайн хэрэгт хамааралгүй. Үүрэг үүсээгүй байхад үүрэг хүлээхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 2016 оноос 2024 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд орон сууцыг хөлсөлж олох байсан орлого 99,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.1. Анхан шатны шүүх хариуцагч ******* нь орон сууцыг 2024 оны 7 дугаар сард чөлөөлж өгснийг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн, шийдлийг хэвээр үлдээнэ.
3. Харин шүүх Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар нэхэмжлэгчийн “Олох байсан орлого 99,600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч ******* 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн орон сууцыг эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр засвар хийн орж, амьдарсан. той аливаа үүрэг хүлээсэн хэлцэл хийгээгүй, хариуцагчийг үндэслэлгүйгээр, шударга бусаар орон сууцанд орж амьдарсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд “2017 оны 8 дугаар сараас 2024 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд нэхэмжлэгчид хохирол учраагүй” хэмээн дүгнэснийг дараах агуулгаар зөвтгөн, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
3.1. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн *******, 1*******лол /13343/, Г.*******, ******* байр, тоот хаягт байрлах, 54.51 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/02674 дугаар шийдвэрээр , ******* нарын гэрлэлтийг цуцалж, маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч ******* өмчлөлд үлдээжээ. /хх-125-131/
Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар нь уг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажсан байна.
4. Нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тэрээр хууль ёсны өмчлөгчийн хувьд эд хөрөнгийн эрхийн үр шимийг олж авах эрхтэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнөх хугацааны үр шимийг шаардах эрхгүй. Учир нь:
4.1. Хэргийн 218-223 дугаар талд авагдсан гэрч , , , нарын мэдүүлэгт нэхэмжлэгчийн нөхөр *******гийн зөвшөөрлийн дагуу маргаан бүхий орон сууцыг хариуцагч нь 2016 оноос эзэмшиж байгааг нэхэмжлэгч тухайн үед мэдэж байсан талаар мэдүүлсэн байх ба эдгээр гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, эсрэг нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул маргаж буй орон сууцыг 2016 оноос хариуцагч эзэмшиж байгааг нэхэмжлэгч мэдэж байсан гэж дүгнэх үндэслэл болно. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан 2017 оны 7 дугаар сараас 2022 оны дүгээр сар хүртэл хугацааны хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т зааснаар уг хугацааны эд хөрөнгийн үр шим хариуцагчид үлдэнэ.
4.2. Харин нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хариуцагчийн эзэмшил Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т зааснаар дуусгавар болох тул тухайн хугацаанаас хойших үр шимийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
4.3. Дээр дүгнэснээр нэхэмжлэгч 2022 оны дүгээр сараас 2024 оны 7 дугаар сар хүртэл хугацааны олох ёстой байсан орлого, үр шимийг шаардах эрхтэй боловч тухайн орон сууцыг хөлслөх жишиг үнэ нэг сарын 1,200,000 төгрөг болох нь нотлогдоогүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч ээс мэдүүлэг авсан /хх-82/, тэрээр “...2022 оны 02 дугаар сараас эхлэн зарын дагуу ****** гэх хүнтэй тохиролцож, 2 өрөө орон сууцыг түрээсэлж, сарын 800,000 төгрөгийг ******* данс руу шилжүүлдэг байсан. Эхлээд сарын 800,000 төгрөгөөр түрээсэлж байгаад өнгөрсөн намраас сарын 1,200,000 төгрөг болсон” гэж мэдүүлсэн боловч түүний мэдүүлэг нь өөр баримтаар давхар нотлогдоогүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй.
Маргаан бүхий орон сууцыг хөлслүүлж сар бүр 1,200,000 төгрөгийн орлого олох байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь дээрх гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэхгүй.
4.4. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 99,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Харин уг шийдвэрт Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсгийг нэмж баримталсан өөрчлөлт оруулна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05036 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтын “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6” гэсний дараа “94 дүгээр зүйлийн 94.2” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,035,202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Н.ГЭРЭЛТУЯА