Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 181/2016/01564/и |
Дугаар | 001/ХТ2017/01476 |
Огноо | 2017-11-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2017/01476
Д.Тгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01336 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1567 дугаар магадлалтай,
Д.Тгийн нэхэмжлэлтэй
Л.Бд холбогдох
Хамтран ажиллах гэрээнээс гарч, хамтын үйл ажиллагаанд зориулж оруулсан хөрөнгө болох 32 650 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Л.Бийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т2015 онь 02 дугаар сарын 12-ны өдөр Л.Бтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Баянгол дүүрэгт байрлах Төв гандан доторх цагаан хоолны зориулалт бүхий рөстораныг гэрээний 2.1.1-д зааснаар тус бүр 25 000 000 төгрөг гарган хамтран ажиллуулахаар болсон. Гэрээний 2.1.2-т зааснаар Л.Б рөстораны үйл ажиллагааг биөчлэн явуулж, бүрэн хариуцахаар тохирсон. Мөн хамтран ажиллах гэрээгээр талууд шаардагдах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжилтийн асуудлыг гэрээнд заасан хувь хэмжээгээр хамтран шийдвэрлэх, талууд хамтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бие биедээ бүрэн бодитой, ямар нэг хязгаарлалтгүйгээр өгөхөөр тохирсон. Мөн гэрээний 3.5-д хамтын ажиллагаатай холбоотой гарсан зардпыг харилцан тохиролцож, тайлагнан тооцоо нийлэх бөгөөд харилцан тохиролцсоноос бусад тохиолдолд гэрээний аль нэг тал дур мэдэж зардал гаргахыг хориглохоор тохиролцсон. Гэрээ байгуулагдсан өдөр Д.Т15 000 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөгийг тус тус Л.Бд өгсөн. Гэрээ хэрэгжээд эхэлсний дараа Л.Б нь Д.Ттай огт холбоо барихгүй, алга болсон. Тэгээд Д.Трестораны байранд очиход Л.Б өөрөө байхгүй Бээжин хотруу рестораныхаа мебелийг авахаар явсан байсан. Ингээд рестораны засвар цэвэрлэгээ хийж рестораны нээлтээ хийхээр бэлдэж байтал Л.Б 6 000 000 төгрөг хэрэг боллоо, камер тавиулна, кассын машин авна гэхээр нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 6 000 000 төгрөгийг нэмж өгсөн. Гэтэл ресторанд камер тавиулаагүй, кассын машин ч аваагүй байсан. Ингээд ресторанаа нээхийн өмнө хулдаас авахад Д.Төөрийнхөө хувийн мөнгөнөөс 450 000 төгрөг гаргасан. 2016 оны 3 дугаар сард ресторанд Энэтхэгээс тогооч ирж ажилласан бөгөөд буцах билетний мөнгө болох 1 200 000 төгрөгийг Д.Төөрөөсөө гаргаж Л.Бийн охин Ж.Ануд өгсөн. Хамтын үйл ажиллагаа хэрэгжээд явж байхад Л.Бийн охин Ж.Ану 115 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж рестораны үйл ажиллагаанд оролцох болсноор талуудын хооронд маргаан гарсан. Л.Б нь Д.Ттай харилцан ярилцахгүйгээр Бээжин хот руу хэд хэдэн удаа явж зарлага гаргасан. Хамтын ажиллагааны талаарх бүх мэдээллийг бие биедээ өгөх, мөн зардал гаргахдаа хамтарч ярилцах зүйл байхгүй болсон. Түүнчлэн ресторанд хүлээн авалт хийснийг Д.Тгаас нууцалсан бөгөөд энэ талаарх мэдээллийг хүлээн авалтад оролцсон хүмүүсээс авсан. Тэр мэдээлэл нь мөнгөний зөрүүтэй байдлыг илчилж харуулж байсан. Ингээд Д.Т2016 оны 5 дугаар сард хамтран ажиллагааны гэрээнээс гаръя гэж мэдэгдсэн. Мөн 2016 оны 6 дугаар сард хамтын үйл ажиллагаанаас гаръя, миний оруулсан мөнгийг өгөөч ээ гэж Л.Бд дахин мэссэжээр мэдэгдсэн. Түүнээс хойш Л.Б нь ямар ч холбоо барихгүй алга болсон учраас шүүхэд хандсан. Иймд Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 479.2, хамтран ажиллах гэрээний 8.1-д заасны дагуу хамтран ажиллах гэрээнээс гарч, мөн хуулийн 279 дүгээр зүйлийн 279.2.4, гэрээний 8.2-т заасны дагуу хамтын үйл ажиллагаанд зориулж оруулсан хөрөнгө болох 32 650 000 төгрөгийг Л.Бээс гаргуулж өгнө үү. Анх шүүхэд гэрээг цуцлах шаардлага гаргасан бөгөөд одоо хамтран ажиллах гэрээнээс гарах болгон өөрчилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ттай 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээ- байгуулж, тус бүр 25 000 000 төгрөгийг гаргаж засвар хийж, рестораны үйл ажиллагаа явуулахаар тохирсон. Тэгээд үйл ажиллагаа явуулах заалаа үзэхэд 214 м.кв талбай байсан бөгөөд одоогийн ханшаар цайны газрын мөнгө байсан. Би Бээжин хот руу явахдаа Д.Тд хэлэхгүйгээр яваагүй. Ингээд дотор засвар хийхэд 30 000 000 төгрөг засварын хөлсөнд 7 000 000 төгрөг, нийт 37 000 000 төгрөгөөр засвар хийсэн. Тэгээд би Д.Тд хэлээд бүх баримтыг өгсөн. Сүүлд нээгдэхээс өмнө “оо”-ийн өрөөг янзалчихаад байж байхад Д.Тнадад таалагдахгүй байна гээд хуулж хаяад хулдаас 450.000 төгрөгөөр авсан. Ингээд рестораны нээлтээ хийхэд 4 000 000 гаруй төгрөгийг зарцуулсан учраас камераа авч чадаагүй. Үйл ажиллагааг эхлүүлэхэд Энэтхэг Улсаас 2 тогооч авчирсан бөгөөд уг зардлыг би өөрөө гаргасан. Харин буцах зардлыг Д.Тбид 2 хувааж гаргасан. Би өөрийн хувийн зардлаар Энэтхэг Улс явж хивс авчран засаж түрээсээ төлж байсан. Тэр хугацаанд Д.Төөрөө үйл ажиллагааг гардаж ажиллуулж байсан учраас дараа нь ашиггүй гэдгийг ойлгож гэрээнээс гаръя гэж мэссэж бичсэн Би Д.Тд өөрийн хүнээ ажиллуул гэж хэлсэн байсан. Д.Төөрөө олон найзуудаа дагуулж ирээд хоол иддэг байсан. Бид үйл ажиллагаа эрхэлдэг учраас тооцооны үндсэн дээр хоол идсэн баримтыг бүртгэдэг байсан. Бид хоёр 5 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч эдийн засгийн хямралтай холбоотойгоор хүмүүс үйлчлүүлэх нь хомс болсон. Би сайн ажиллахын тулд өөрт байгаа бүхий л чадлаараа ажилласан. Би Д.Тд 300 000 төгрөгийг ашиг гарсан ирж ав гэхэд авахгүй, өөрөө алга болсон. Д.Тгаас зугтсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01336 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тгийн, Л.Бд холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээнээс гарч, оруулсан хөрөнгө болох 32 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн- дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1567 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01336 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Бээс 32 650 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгосугай." гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагчаас 321 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 321 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Л.Б хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч Д.Тгийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Бд холбогдох иргэний хэргийг Нийслэлийн БГД-ийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01336 тоот Шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шуүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1567 тоот Магадлал гаргасан билээ. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1567тоот Магадлалын хянах хэсэгт: анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүулэн дүгнэж чадаагүй гэжээ. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хуульд зааснаар нийцүүлэн дүгнэсэн байна. Тухайлбал: 1. Талууд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хамтран цагаан хоолны ресторан ажиллуулах зорилгоор Хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтын ажиллагаанд зориулан 2 талаасаа тус бур 25 000 000 төгрөг гаргахаар тохиролцсон, улмаар рестораны үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Рестораны үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар болон нэмэлт санхүүжилтийн талаар гэрээний талууд “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.1.2 “Б тал рестораны үйл ажиллагааг биечлэн явуулж, үйл ажиллагааг бүрэн хариуцна”, гэрээний 3.1 дэх хэсэгт “талууд шаардагдах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжилтийн асуудлыг гэрээнд заасан хувь хэмжээгээр шийдвэрлэх ба гуравдагч этгээдээс санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж болно” гэж заасан. Зохигчид дээрх үйл баримтын талаар болон оруулсан хөрөнгийн хувь хэмжээний талаар маргаагүй бөгөөд, харин хамтран ажиллах гэрээний 8.1 д заасан гэрээнээс гарах нөхцөл байдал бий болсон эсэх талаар маргаж байна гэж зөв дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1567 тоот Магадлалын хянах хэсэгт “Хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр Бээжин явсан, хүлээн авалт зохион байгуулсан, өөрийн охин Анугаас 115 000 000 төгрөгийг авч хамтран ажиллах гэрээний үйл ажиллагаанд зарцуулснаа гэрээний 4.3 т зааснаар баталгаажуулаагүй, энэ нь гэрээний 3.1 дэх хамаарах эсэх, Ану нь зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтэд оролцох болсон үндэслэл тодорхойгүй, ийнхүү оролцсон байдлаа үгүйсгээгүй зэрэг нь гэрээний 8.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс гарах үндэслэл болсон” гэж буруу дүгнэсэн. 2. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.1.2 “Б тал рестораны үйл ажиллагааг биечлэн явуулж, үйл ажиллагааг бүрэн хариуцна”, гэрээний 3.1 дэх хэсэгт “талууд шаардагдах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх, санхүүжилтийн асуудлыг гэрээнд заасан хувь хэмжээгээр шийдвэрлэх ба гуравдагч этгээдээс санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж болно” гэж заасныг Давж заалдах шатны шүүх огт үнэлээгүй. Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 479-ийн 479.2 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл: нэхэмжлэгч өөрөө гэрээнд заасан үүргээ биелүүлж, хамтын ажиллагаанд идэвхитэй оролцоогүй, МУ-ын Иргэний хуулийн тайлбарт хамтран ажиллах гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болох бөгөөд хамтран ажиллах гэрээний хугацааг талууд гэрээндээ тусгасан бол гэрээний оролцогч энэ хугацаанд гэрээнээс гарах шалтгаан нөхцөл үүсгэхгүй гэж урьдчилан тооцоолох боломжтой тул хамтын ажиллагааны үргэлжлэх хугацааг гэрээнд заасан тохиолдолд, гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарч болохоор хуульчилсан. Хүндэтгэн үзэх шалтгаан бүрийг нэрлэн заах боломжгүй ч гэрээний оролцогч тал гэрээнд цаашид оролцох боломжгүй болсныг тодорхойлох зайлшгүй ноцтой хүлээж авахаас өөр боломжгүй аливаа шалтгаан байх учиртай. Гэтэл ийм ноцтой, зайлшгүй, хулээж авахаас өөр боломжгүй шалтгаан тогтоогдоогүй хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байхад
Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1567 тоот магадлалыг ИХШХШТХ-ийн 176.2.3 магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэлийн БГД-ийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102\ШШ2017\01336 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.Тнь хариуцагч Л.Бд холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс гарч, хамтын үйл ажиллагаанд зориулж оруулсан хөрөнгө болох 32 650 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. Хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Зохигчид нь хуулийн этгээд байгуулахгүйгээр, цагаан хоолны зориулалттай ресторан ажиллуулах зорилгоор, оруулах хураамжийг тус бүр 25 000 000 төгрөгөөр тогтоож, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулсан, гэрээний нөхцөлийг талууд маргаагүй ажээ.
Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцлах шаардлагыг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хурал дээр гэрээг цуцлах, гэрээнээс гарах гэж шаардлага тодорхойлсон байхад шүүх шаардлагыг тодруулаагүй, ба зохигчид уг асуудлаар мэтгэлцэж чадаагүй байна. /хх47, 198-200/
Нэхэмжлэгч нь оруулсан хураамжаа буцаан авах үндэслэлээ “... Л.Б нь хамтын үйл ажиллагааг зохих ёсоор явуулаагүй, хамтран шийдвэрлээгүй байж охиныгоо 115 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэснээс маргаан үүссэн...” гэж тодорхойлсон нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн, эсвэл хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэж үзсэн аль нь болох нь тодорхой бус байна.
Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.2 дахь хэсэгт зааснаар хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг гэрээнд заасан тохиолдолд гагцхүү хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гарч болохыг заажээ. Хуульд хүндэтгэн үзэх шалтгааныг өөрөөс нь хамаарахгүй, гэм буруугүйгээр учирсан тохиолдол, үйл явдал байхыг заасан байхад давж заалдах шатны шүүх анхаараагүй, хамтын үйл ажиллагааг зөрчсөн гэрээний нэг талын үүргийн зөрчлийн улмаас талуудын хооронд итгэлцлийн харилцаа үгүй болж, хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон гэж үзсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.
Шүүх хамтран ажиллах гэрээг цуцлах, гэрээнээс гарах аль шаардлага гаргасныг тодруулж, зохигчдыг мэтгэлцэх боломжоор хангаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нь зүйтэй байжээ. Хамтран ажиллах гэрээнээс гарах, гэрээг цуцлах гэсэн хоёр өөр гэрээ дуусгавар болох эрх зүйн асуудлын талаар Иргэний хуулийн 479 дүгээр зүйл, 480 дугаар зүйлийн 480.1, 480.2, 480.2.1-д тус тус зохицуулсан байна.
Түүнчлэн гэрээний талууд зохих хураамжаа оруулсан, нэхэмжлэгч гэрээнд зааснаас илүү хураамжийг оруулсан, ресторанаа тохижуулж, нээлт хийсэн, Энэтхэгээс тогооч урьж ажиллуулсан гэсэн тайлбарыг гаргаснаас үзэхэд зохигчдын хооронд хэдий хугацаанд, ямар хамтын үйл ажиллагаа байсан эсэхийг тодруулах нь ач холбогдолтой болно.
Иймд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/01336 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1567 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА