| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 221/2025/0009/з |
| Дугаар | 001/ХТ2026/0007 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2026/0007
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх
Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 221/ШШ2025/0025 дугаар шийдвэртэй хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “... Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журмын 1.2.3-т “судалгаанд үндэслэсэн, хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актад нийцсэн байх", 1.2.4-т “санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, мөнгөн зээлийн үйл ажиллагаанд оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах” гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага ба мөн журмын 3 дугаар зүйлийн 3.2-т “Зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаарх хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, бодлогын баримт бичгийн төсөлтэй холбогдуулан, эсхүл мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотойгоор санхүүгийн тогтвортой байдал болон хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчид эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдал бий болсон гэж үзсэн тохиолдолд холбогдох санал, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлж болно” гэж тодорхойлжээ. Журамд зааснаар тус зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулж буй барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийг дэмжих, эрсдэлд хүчин зүйлийг нарийн тооцож ажиллах чиг үүрэг бүхий байхаар заасан байна.
2.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагааны зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож шийдвэр гаргахдаа хараат бус байх зөвлөл нь Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны зээлийн хүүгийн хэмжээг тогтоох нь” гэх ... эрх зүйн акт эсэх нь тодорхойгүй баримтыг үндэслэсэн, тухайн баримтад хүүгийн дээд таазыг 6.8 хувь байх боломжтой байхаар дүгнэлт гарсан атал ямар баримтыг үндэслэн хүүгийн дээд таазыг 4.5 хувиар тогтоосон нь ойлгомжгүй.
2.2. ... Улсын дээд шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/0082 дугаар тогтоолоор маргаан бүхий актыг дахин шинэ акт гарах хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн атал судалгаа, шинжилгээ, сонсох ажиллагаа хийлгүй, урьд гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Санхүүгийн зохицуулах хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ”-г тогтоох тухай 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгаар маргана.
3.Хариуцагчаас хариу тайлбар: “... ... Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг дахин тогтоох шаардлага үүссэн тул 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Б” ГҮТББ, “М” ГҮТББ-ын төлөөлөл болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч 30 иргэнийг оролцуулсан олон нийтийн хэлэлцүүлэг Санхүүгийн зохицуулах хорооны “Хүртээмжтэй санхүү” тахимд зохион байгуулсан.
3.1. ... 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаанд дээрх хэлэлцүүлгийн оролцогчдоос ирүүлсэн саналыг танилцуулж хэлэлцсэний үндсэн дээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоох шийдвэрийг гаргасан. Уг шийдвэр нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 7165 дугаарт бүртгэгдсэн болно.
3.2. ... Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай” 01 дүгээр тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудасны “мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч” хэсгийн “журам”, “мэдээ, мэдээлэл” цэст тус тус байршуулсан болно.” гэжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтыг баримтлан “Т” ХХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.
4.1.“... Зөвлөл нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг “сарын 4.5 хувь” байхаар тогтоосныг ... хуулиар эрх олгосон асуудлаар гаргасан шийдвэр гэж үзэхээр байх тул мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлж зохицуулах чиг үүргийнхээ хүрээнд, хамтын зарчмаар шийдвэрлэсэн үйл ажиллагааг, мөн ийнхүү тогтоосон хүүгийн хэмжээг буруутгах үндэслэлгүй.
4.2. ... Зөвлөл нь нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээний акт батлан гаргахаас өмнө төсөл, холбогдох судалгаа зэргийг Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудсанд тодорхой хугацаанд байршуулах, нийслэл болон орон нутагт мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч болон тэдгээрийн гишүүнчлэл бүхий холбогдох төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан, ... хэлэлцүүлэгт бүртгүүлсэн 50 гаруй мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээс 30 гаруй нь биечлэн оролцсон нөхцөлд захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах ажиллагааг гүйцэтгэсэн байна гэж үзэхээр байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлж, хэм хэмжээний актын төсөлд санал авах ажиллагааг бодитоор хэрэгжүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
4.3.Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан сонирхлын бүлгийн төлөөллийг оролцуулан заавал хэлэлцүүлэх хийх зохицуулалтын урьдчилсан нөхцөлийг ... хэлбэрийн хувьд заавал тэдгээрийн олонход мэдэгдэх буюу оролцуулсан байхыг шаардахгүй.
4.4.Иймд хуулиар олгосон эрхийн дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох хүүгийн дээд хэмжээг тогтоосон уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн “үйл ажиллагаагаа санхүүжүүлэх” зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М-аас 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
5.1.“... Хариуцагч талаас Улсын дээд шүүхийн 2024 оны 001/ХТ2024/0082 дугаар тогтоолд заасны дагуу холбогдох ажиллагааг хийсэн гэх боловч ... хүүгийн дээд хязгаарын талаарх хэм хэмжээний актын төслийг аливаа байдлаар олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байдлаар өөрийн сайт, мэдээллийн хэрэгсэлд байршуулж сонирхогч этгээдийн саналыг авах ажиллагааг огт явуулаагүй талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй бөгөөд энэ талаар хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч хэрэгжүүлсэнгүй.
5.2. ... Санхүүгийн зохицуулах хороонд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээр 349 хуулийн этгээд, 187 иргэн бүртгэлтэй байгаа ба тэдгээрт хүүгийн дээд хязгаарыг тогтоох эсэх асуудлаар бодит мэдээлэл болон хэлэлцүүлгийн товыг хүргэхэд ямар ч хүндрэлгүй талаар шүүх хуралдааны үед тайлбарлаж байсныг дурдахын сацуу 30 хүний ирцтэйгээр ялагдсан гэх хэлэлцүүлэг нь эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдүүдийн оролцоог хангасан гэж үзэх боломжгүй.
5.3.Гомдолд дурдсан нэр бүхий судалгааг хариуцагч өөрийн сайтад байршуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлдэхэд хамааралтай ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үйл байдалд хамаарах ба мөн хуулийн 62 дугаар зүйлд санал авах ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй эрх бүхий захиргааны байгууллагаас гарах шийдвэрийн талаар болон шийдвэр гаргахад оролцох оролцоог бүрдүүлсэнгүй.
5.4.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан сайтад байршуулсан гэх судалгаа болон 30 хүний оролцоотой явагдсан хэлэлцүүлгийг үнэлж хариуцагч байгууллагыг шийдвэр гаргахдаа хууль тогтоомжид заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэсэн нь эргэлзээтэй, хэм хэмжээний актын төсөлд санал авах ажиллагааг бодитоор хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.
5.5. ... Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан Мөнгөн зээлийн үйл ажиллагааны зээлийн хэмжээг тогтоох талаарх дүгнэлтэд хүүгийн дээд таазыг сарын 6.8 хувь байх боломжтой гэж дүгнэсэн, хэлэлцүүлэгт оролцсон оролцогчдын олонхын санал нь хүүгийн дээд хязгаарыг сарын 6-8 хувь байсан талаар гэрч М.Б мэдүүлсэн ба Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох шийдвэрийг гаргахдаа дээр дурдсан хүүгийн хувь хэмжээний талаар гаргасан санал дүгнэлтийг хэрхэн ямар байдлаар няцааж байгаа үндэслэлээ тодорхойлоогүй, хүүгийн дээд хязгаарыг 4.5 хувиар тогтоосон талаарх үндэслэлээ хариуцагч тал шүүхийн мэтгэлцээний шатанд нотлоогүй бөгөөд зөвхөн өндөр хөгжилтэй буюу хөгжингүй орнуудын хүүгийн дээд хязгаарын талаарх судалгааг суурь болгож санхүүгийн бичил зээлийн үйл ажиллагааны мөчлөг нь жилээр илэрхийлэгддэггүй ба богино хугацаатай өдөр, хоногоор, 3 хүртэлх сараар тодорхойлогддог салбарын онцлогийг харгалзаагүй байна.
5.6.Шүүх хэм хэмжээний актын төсөлд санал авах ажиллагааг бодитоор хэрэгжүүлсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба захиргааны байгууллагаас хүүгийн дээд хязгаарыг сарын 4.5 хувиар тогтоох шийдвэрийг урьдчилсан байдлаар гаргасан гэж үзэж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас илэрхий байсан төдийгүй нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй талаарх гомдлыг хяналтын шатны шүүхээр дахин хянуулахыг хүсэж байна.
5.7.Иймд хэргийн оролцогчоос гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 221/ШШ2025/0025 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
7.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийг байгуулна.”, 17 дугаар зүйлийн 17.4-д “Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 17.4.2-т “мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох” гэж тус тус зааснаас үзэхэд Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар” тогтоосон нь хуулиар эрх олгосон асуудлаар гаргасан захиргааны хэм хэмжээний акт гэж үзнэ, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
8.Түүнчлэн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/0082 дугаар тогтоолоор “… хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу актын төсөлд иргэдийн саналыг авах, ялангуяа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэг буюу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, гаргасан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэх зэргээр тэдгээрийн оролцоог хангах нь хуулиар хүлээсэн үүрэг /тул/ … энэхүү ажиллагааг хариуцагч бүрэн явуулсан эсэхийг тодруулж, шаардлагатай бол дахин явуулсны үндсэн дээр … зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох нь … урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцнэ” гэж дүгнэн, Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай” 01 дүгээр тогтоолыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд тус хяналтын тогтоолд заасны дагуу хариуцагчаас дахин шинэ акт гаргах замаар 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувь” байхаар тогтоож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахтай холбоотой холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.
9.Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.”, 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ.” гэж тус тус заасан.
10.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоохтой холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Мөнгөн зээлийн үйл ажиллагааны зээлийн хүүгийн судалгаа”, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Улс орнуудын мөнгөн зээлийн үйл ажиллагаанд тогтоосон зээлийн хүүгийн дээд хязгаарыг харьцуулсан судалгаа”-г тус тус Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудас дахь хууль, журмын төсөлд санал авах хэсэгт байршуулсан, Санхүүгийн зохицуулах хорооноос 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагт “Мөнгөн зээлийн үйл ажиллагаан дахь зээлийн хүүгийн дээд хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон тэдгээрийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулсан, энэхүү хэлэлцүүлгийн товыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд харьяа аймаг, дүүрэг хариуцсан бүртгэгч болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагад цахим шуудангаар хүргүүлсэн, энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хэм хэмжээний актын төсөлд иргэдийн саналыг авах, ялангуяа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэг буюу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулаагүй, захиргааны байгууллага иргэдийг оролцох боломжоор хангаагүй гэж дүгнэх боломжгүй байна.
11.Түүнчлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, гэрч М.Б-ны мэдүүлснээр Санхүүгийн зохицуулах хороонд 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагт явагдсан “Мөнгөн зээлийн үйл ажиллагаан дахь зээлийн хүүгийн дээд хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийн товыг төрийн бус байгууллагаар дамжуулан мэдсэн, тус хэлэлцүүлэгт 40-50 төлөөлөл оролцсон талаарх үйл баримт тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүхийн “Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан, хэлбэрийн хувьд заавал тэдгээрийн олонход мэдэгдэх буюу оролцуулсан байхыг шаардахгүй” гэх агуулга бүхий дүгнэлтийг үгүйсгэхээргүй байна.
12.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М-ын “Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийсэн гэх боловч ... хэм хэмжээний актын төслийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байдлаар өөрийн сайт, мэдээллийн хэрэгсэлд байршуулж сонирхогч этгээдийн саналыг авах ажиллагааг огт явуулаагүй. ... 30 хүний ирцтэйгээр явагдсан гэх хэлэлцүүлэг нь эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдүүдийн оролцоог хангасан гэж үзэх боломжгүй ... ” гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 221/ШШ2025/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ