Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 33

 

Г.Тэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Ө.М,

Шүүгдэгч: Г.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.У,

Хохирогч: Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Тэд холбогдох, эрүүгийн 201710000014 дугаартай, 1 хавтас, 181 хуудас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Угийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Т-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Г.Т нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт иргэн Б.Дд 2 тооны бярууг 500,000 төгрөгөөр зарна гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 450.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, Мөн давтан үйлдлээр 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт иргэн Д.Сд 60 тооны ямааг

 

2,400,000 төгрөгөөр зарна гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар 2.120.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх:  Шүүгдэгч Тийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тэд эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тэд оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий баривчлах байранд ганцаарчлан эдлүүлэхээр,

Шүүгдэгч Г.Тийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон

хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тээс 450 000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Дд олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тэд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,....шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдсан гомдол  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Г.Т нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж харамсаж байгаа.  Г.Т нь бага насны 2 хүүхэдтэй ба /3 ба 9 настай/ хэдийгээр хэрэг шийдвэрлэгдэх үед хамт амьдрахгүй байсан ч гэсэн 2 хүүхдээсээ холбоо харилцаа тасраагүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 450000 төгрөгийг хохирогч Дд төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал болон түүний ар гэрийн ахуй амьдрал, хувийн байдлыг нь харгалзан үзэж 6 сарын баривчлах ялыг 3 сарын баривчлах ял болгон хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Прокурор Ө.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тийн үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогддог. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, уг гэмт хэргийг давтан үйлдсэн байдал, анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх үед хохирол төлбөр төлөгдөөгүй байсан зэргээс шүүгдэгчид 6 сарын баривчлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сая шүүх хуралдааны өмнө хохирол төлсөн, гомдол саналгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Тэд холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн, шүүх хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч Г.Т нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг  давтан үйлдсэн буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт, бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Дгийн 450000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Д.Сгийн 2120000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтууд болох хохирогч Д.С /хх-28-30/, Б.Д /хх-35-37/, гэрч З.Ариунтуяа /хх-43-44/, Д.Уянга /хх-45-46/, У.Батцэцэг /хх-48-49/, Д.Нарангэрэл /хх-50-51/, Г.Эрдэнэцэцэг /хх-52-53/, Б.Должинсүрэн /хх-60-61/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч Г.Тийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

            Түүнчлэн шүүгдэгч Г.Т нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу давтан үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байх ба анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас сонгож хорихоос өөр төрлийн буюу баривчлах ял оногдуулсан нь түүний хувийн байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн, энэ нь Эрүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Угийн “ял хөнгөрүүлэх” тухай агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2017/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Угийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

 

                                     ШҮҮГЧИД                                  О.ОДНЯМАА

 

                                                                                        Н.БАТЧИМЭГ