Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/152

 

    2019              05                17                                                         2019/ШЦТ/152                                                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох 1934001530181 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Д.Б, Монгол улсын иргэн, 1961 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо Баянцагааны 7 дугаар гудамж 11 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр Үдлэг 4 дүгээр багийн нутаг 324 дүгээр зөрлөг гэх газар Ч.Мөнхсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн нүдэнд гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас Д.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-05 тал/, хохирогч Ч.Мөнхсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-7-11 тал/, гэрч Р.Буян-Өлзийгөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15 тал/, гэрч Х.Наранчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17-18 тал/, гэрч Б.Баасанхүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-20 тал/, гэрч Х.Оюунсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-22 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №2271 дугаартай дүгнэлт /хх-24 тал/, Төв аймгийн цагдаагийн газарт хохирогч Ч.Мөнхсайханы гаргасан өргөдөл /хх-46 тал/, Төв аймгийн прокурорын газарт хохирогч Ч.Мөнхсайханы гаргасан хүсэлт /хх-52 тал/, Д.Б-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч Д.Б-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-ын холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр Үдлэг 4 дүгээр багийн нутаг 324 дүгээр зөрлөг гэх газар Ч.Мөнхсайхантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн нүдэнд гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч  Ч.Мөнхсайханы  “Би 2019 оны 02 дугаар сарын 06-нд хадам Бямбажавынд шинэлэх гэж ирсэн. Тэгээд айл ах дүү нарынхаар орж архи ууж халамцуу байхдаа баз хүргэн Бтай тусдаа 3 шил архи хувааж уугаад сууж байтал баз хүргэн маань гэнэт согтоод бид 2 маргалдсан тэгээд намайг зодсон унагааж байгаад нүүр лүү 2-3 удаа цохисон. Газар өнхөрөлдөж байгаад би босоод тэгээд зугатаасан. Хэд хоног чимээгүй байхаар нь цагдаад өргөдөл бичиж өгсөн ” гэх мэдүүлэг /хх-7 тал/,

Гэрч Х.Наранчимэг “... 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр манай гэрт манай дүү Х.Оюунцэцэг, нөхөр Ч.Мөнхсайхан, охин М.Цэлмэг нарын хамт шинэлэхээр ирсэн. Тухайн үед манай гэрт хүмүүс шинэлэхээр ирцгээсэн байсан. Тэгээд тэд нарт хоол, цай хийж өгөөд манай нөхөр архи задалсан. Нийт 3 шил архи ууж дуусаад ирсэн байсан зочдоо гаргаж өгье гээд манай нөхөр гараад явсан. Манай нөхөр гарснаас хойш хэр удсаныг мэдэхгүй нэг мэдэхэд Мөнхсайхан гэрийн хойд талын орон дээр сууж байгаад гараад явсан байсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа Б гаднаас орж ирээд Мөнхсайхантай маргалдаад зодолдлоо гээд ороод ирсэн. Бын ардаас Мөнхсайхан орж ирээд эхнэр хүүхдээ дагуулаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-17 тал/,

Гэрч Х.Оюунсүрэнгийн “ 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би нөхөр охин хамт Төв аймгийн Батсүмбэр суманд байх ээж Бямбажавын гэр рүү золголт хийхээр явсан. Тэгээд өдөр дунд очиход Б ахын хамаатнууд ирчихсэн байсан. Бид нарыг цай уугаад бууз идээд хүмүүст архи задалсан. Б ах манай нөхөр Ч.Мөнхсайхан нар ирсэн хүмүүстэй хамт задалсан архийг ууж дуусгаад ирсэн зочдыг гаргаж өгөхөөр Б ах түрүүлж гараад манай нөхөр араас нь гарсан. 5-10 минутын дараа Б ах түрүүлж ганцаараа орж ирэхээр нь би нөхөртэйгээ уулзахаар гарсан. Тэгсэн манай нөхрийн зүүн нүд нь хавдсан, хамарнаас нь цус гарсан байхаар нь гэр рүү орж ус авч гарч ирээд цусыг нь угаагаад шууд Улаанбаатар хот руу явсан” гэх мэдүүлэг /хх-22 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №2271 дугаартай “1.Ч.Мөнхсайханы биед зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-24 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Б-ын Ч.Мөнхсайханыг зүүн нүдэн тус газар гараараа цохиж улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Д.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

            Шүүгдэгч  Д.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-т сануулав.

 

           Шүүгдэгч Д.Б-т холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1900000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ