| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 101/2024/09202/И |
| Дугаар | 210/МА2025/01577 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01577
2025 09 17 210/МА2025/01577
нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нэхэмжлэгч нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* УТҮГ-т холбогдох,
2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. *******гийн нэрэмжит *******д Эм зүйн албаны дарга ажилтай миний бие 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан бөгөөд энэ хугацаанд Ерөнхий захирлын ******* тоот тушаалаар надад 1 сарын хугацаагаар үндсэн цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан болохыг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн. Энэхүү сахилгын шийтгэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн сахилгын шийтгэлд дурдсан сахилгын зөрчлийн талаар надаас ямар нэг тайлбар, мэдүүлэг аваагүй болно. Хариуцагчийн надаас тайлбар, мэдүүлэг авалгүйгээр, ээлжийн амралттай байх хугацаанд минь ийнхүү хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 болон 123.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл болж байна. Түүнчлэн тус сахилгын шийтгэлд дурдаж буй зөрчил арга хэмжээний талаар холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллахыг миний зүгээс байгууллагын захиргаанд удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан боловч холбогдох арга хэмжээг авч өгөхгүй байсаар зөрчил дутагдал гаргах нөхцөлүүдийг бий болгосон. Миний хувьд хөдөлмөрийн гэрээний дагуу үүрэгт ажлаа хариуцлагатай гүйцэтгэж, холбогдох этгээдүүдэд шаардлага, хяналтын тавьж ажилласаар ирсэн. Бусдын алдаа дутагдалтай нөхцөл байдлын асуудлаар надаас тодорхой тайлбар, мэдүүлэг авахгүйгээр ээлжийн амралттай байх хугацаанд сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл юм. Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж гаргасан Ерөнхий захирлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү хэмээн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд бичгээр хүсэлт гаргаж өгч байсан билээ. Гэтэл *******гийн нэрэмжит *******өөс байгууллагын маргаан таслах комиссоор асуудлыг шийдвэрлүүлнэ хэмээн тус гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос шилжүүлэн авсан байдаг. 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор уг гомдлыг хэлэлцсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй учир дахин Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тухайн гомдлын дагуу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан ба хариуцагчаас миний гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ерөнхий захирлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Сахилгын зөрчлийн тухайд Эм зүйн албаны нэр бүхий ажилтнууд нь санхүүгийн хагас жилийн тооллогын дүнгээр 10 гаруй сая төгрөгийн эм эмнэлгийн хэрэгслийг дутаасан зөрчил тогтоогдсон. Түүнчлэн нэлээдгүй хугацааны туршид Эм зүйн алба эм, эмнэлгийн хэрэгслийг бусад гадны этгээдүүдэд өгдөг, зөвшөөрөлгүйгээр эмийн сангуудад буцаадаг зэрэг зөрчил илэрсэн. Эдгээр эм, эмнэлгийн хэрэгсэл нь хавдраар өвчилж, зовж шаналж буй олон арван хүнд хийгдэж, эмлэх хөнгөвчлөх ёстой байсан. Гэтэл Эм зүйн албаны ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас болж эдгээр эм, эмнэлгийн хэрэгслүүд нь зохих өвчтөндөө очоогүй байдаг. Тус Эм зүйн албыг удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, эцсийн хариуцлагыг нь хүлээх эрх бүхий албан тушаалтан бол Эм зүйн албаны дарга болно.
2.2. Албаны даргын гүйцэтгэх, үүрэг хариуцлагын талаар: Эм зүйн албан дарга нь албан тушаалын тодорхойлолтын дагуу дараах ажил үүргийг гүйцэтгэж Эм зүйн албыг удирдах зохион байгуулах үүрэгтэй. Үүнд: 1. Байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандарт болон холбогдох заавар журмыг чанд мөрдөн ажиллах. /б.З/ 2.Эм, эмнэлгийн хэрэгсэл түгээх үйл ажиллагааг эм зүйн түгээмэл үйлдлийн стандарт, технологи, удирдамжийн дагуу нэгж тунгийн системээр олгох үйл ажиллагааг хянах. /2.1/ 3. Тасгийн эм зүйч, эм найруулагч нарын анхан шатны маягт бүртгэл, хуудсуудын хөтлөлт, нэхэмжлэлийн хяналтын шалгуурыг хангахад хяналт тавьж ажиллах.
2.3. Урьд нь ийм төрлийн зөрчил гаргаж байсан талаар Эм зүйн албаны дарга нь хариуцсан албаны эм зүйч нар 800 ширхэг 0.9 хувийн натри хлоридын уусмал дутаан энэ тухайгаа захиргаа болон санхүүд мэдээлээгүй нуун дарагдуулж байгааг мэдсээр байж ажилтнуудтайгаа үгсэн хуйвалдсан зөрчил гаргаж 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тушаалаар ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл авсан байдаг. Гэтэл урьд гаргасан зөрчил дутагдлаа засахын оронд дахин зөрчил гаргасан байгаа. Эм зүйн албаны дарга нь албан тушаалын тодорхойлолтын дагуу Төвийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандарт болон холбогдох зааврыг мөрдүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй, эм зүйч, эм найруулагч нарын анхан шатны маягт бүртгэл, хуудсуудын хөтлөлт, нэхэмжлэлийн хяналтын шалгуурыг хангахад хяналт тавьж ажиллаагүй зөрчлийг гаргасан гэж үзэхээр байна. Эм зүйн албанд алдаа дутагдал гарч, нэлээд их хэмжээний төлбөрийн асуудал гарсан нь Төвийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байна. /2024.04.04 №*******/ Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх; 42.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй байхаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасан хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцон шийтгэл ногдуулсан.
Бичгээр тайлбар авсан тухайд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасны дагуу т мэдэгдэж, тайлбар бичгээр авч, Удирдлагын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцсэн болно. *******ийн ерөнхий захирлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар Эм зүйн албаны дарга т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хуулийн дагуу, хуулийн үндэслэл бүхий тушаал гэж үзэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* УТҮГ-т холбогдох *******ийн Ерөнхий захирлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын т холбогдох 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч гомдлыг хангаж,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар авахгүйгээр шийтгэл оногдуулсан нь, мөн эм, эмнэлгийн хэрэгслийг өөр байгууллагад зээлээр өгсөн, өөр хугацаатай эм, эмнэлгийн хэрэгслээр сольсон зэрэг зөрчлийг гаргасан болохыг нягтлан бодогч, аудитор гэх мэт санхүүгийн мэргэжилтнүүд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгалт явуулж, акт гаргалгүйгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна” гэжээ. Мөн түүний гаргасан зөрчлийг хариуцагч 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш гаргасан болохыг баримтаар нотлоогүй хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байхын зэрэгцээ анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн холбогдох хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, тухайлбал, *******ийн Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд, эдгээр хуралд оролцсон Эм зүйн албаны дарга, эм зүйч нарын тайлбар болоод нэхэмжлэгчийн өөрийнх нь гараар бичсэн тайлбар зэргийг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй нь нотлох баримтыг үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Эдгээр баримтуудыг хэрхэн няцаасан талаар огт дүгнэлт хийгээгүй болно. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэсэн. Нэхэмжлэгч 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зөрчилтэй холбоотой тайлбарыг тухайн үед *******д өгсөн, мөн холбогдох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн тушаалд доод албан тушаалтнууддаа хяналт тавиагүй гэх үндэслэлээр хариуцлага оногдуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн 05, 06 дугаар саруудад зөрчил гаргасан доод албан тушаалтнууддаа арга хэмжээ авах талаар удирдах албан тушаалтнууддаа мэдэгдэж, хүсэлт гаргаж байсан нь хавтаст хэрэгт авагдаж нотлогдсон. Хариуцагч талаас тухайн хүсэлт, баримтуудад үндэслэн зохих албан тушаалтнуудад арга хэмжээ авсан талаарх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан. Дээд шатны албан тушаалтнуудад мэдэгдээгүй, нуун дарагдуулсан гэдэг үндэслэл нь нотлогдоогүй. Мөн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн эм зүйн албаны зөрчилтэй холбогдуулан тайлбар өгсөн. Үүнээс хойш гарсан зөрчилтэй холбогдуулан тайлбар өгөөгүй. Хариуцагчийн зүгээс хууль болон хөдөлмөрийн дотоод журамд нийцсэн сахилгын шийтгэл оногдуулаагүй. Тухайн цаг хугацаанд нь ээлжийн амралттай байсан ба гаргасан зөрчилтэй нь холбогдуулан ямар нэгэн байдлаар тайлбар, мэдүүлэг авалгүйгээр шууд сахилгын шийтгэл оногдуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Анхан шатны шүүхээс сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* УТҮГ /цаашид ******* гэх/-т холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
3.1. Нэхэмжлэгч нь *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу тус төвийн Эм зүйн албаны даргаар ажилладаг /хх-7-10/ ба тус төвийн ерөнхий захирлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар /хх-5-6/ тушаалаар хариуцсан албаны эм зүйч нарын үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм, журмаар тогтоосон хяналт тавихгүй хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас санхүүгийн хагас жилийн тооллогоор зөрчил гаргасан гэж үзэн түүнд үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
3.2. Тодруулбал, *******ийн захирлын зөвлөлийн хурлын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар тэмдэглэлд “...эм зүйч ******* 277,525,385 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг гадны байгууллага болох “” ХХК-д өгөөд, түүнийгээ буцаан аваагүй, хугацаа нь дуусаагүй эмийг хугацаа дууссан гэж солиулахаар эмнэлгийн байгууллагаас гаргаж, хувийн эмнэлгүүдэд тараасан, энэ талаарх бүртгэл мэдээлэл хөтлөгдөөгүй, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахаар мөнгийг нь шилжүүлсэн боловч эм, эмнэлгийн хэрэгсэл нь ирээгүй, бүртгэгдээгүй” зэрэг Эм зүйн албаны доголдолтой үйл ажиллагааны талаар яригдсан байх ба уг хуралдаанд нэхэмжлэгч оролцож хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн нь дээрх тэмдэглэлд тусгагдсан. /хх-91-96/
3.3. Мөн Захирлын зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тэмдэглэлд Эм зүйн албаны бүх ажилтан, албан хаагчид өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч бичгийн тайлбар өгсөн, үүнд мөн албаны дарга өөрийн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбар авагдсаныг тэмдэглэж, улмаар зөрчил гаргасан ажилтан бүрийг дуудаж, тэдний тайлбарыг сонсохоос гадна ямар арга хэмжээ авах болохоо танилцуулсан. /хх-103-130/ Ингээд дээрх маргаан бүхий тушаалаар Эм зүйн албаны нийт 6 ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан байх ба нэхэмжлэгч өөрийн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий 2 гар бичмэл хэргийн 136-137 дугаар талд авагдсаныг байгууллагын бичиг хэргийн бүртгэлийн хуудасны дугаарлалтаар бүртгэн, хүлээн авчээ.
4. Харин, *******ийн ерөнхий захирлын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тушаал болон тус төвийн Захирлын зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дугаар, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тэмдэглэлүүдээс үзэхэд “нэхэмжлэгч т Эм зүйн албаны даргын хувьд өөрийн хариуцсан албаны эм зүйч нар 800 ширхэг 0.9 хувийн натри хлорид уусмал дутаасныг Захиргаа болон санхүүд мэдээлээгүй, нуун дарагдуулсан, мэдсээр байж уг зөрчлийг таслан зогсоогоогүй, ... хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан” байх ба үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байх тул уг тушаалд заасан зөрчлийг гаргасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, тус төвийн ерөнхий захирлын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар тушаал болон 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалуудад өөр өөр үндэслэл дурдаж сахилгын шийтгэл ногдуулсан байхад анхан шатны шүүх “сахилгын зөрчил гаргасан нь баримтаар нотлогдоогүй, нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчимд нийцээгүй байна.
Эдгээр нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч нь “Эм зүйн албаны даргын ажлын байрны тодорхойлолт” /хх-138-139/-ын 1.2, 1.3, 1.5, 1.12, 2.1, 2.5, 2.11-д заасан төвийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандарт болон холбогдох зааврыг мөрдүүлэх, хяналт тавих, ... эрүүл мэндийн цахим систем (E-Health)-ийн болон тасгийн эм зүйч, эм найруулагч нарын анхан шатны маягт бүртгэл, хуудсуудын хөтлөлтийг бүрэн хийлгэх, алдаа зөрчлөөс сэргийлэх үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг ажлын байрны үндсэн үүргээ биелүүлээгүйгээс хөдөлмөрийн гэрээний 3.3.4-т заасан стандарт зөрчих, мэргэжлийн алдаа гаргах сахилгын зөрчлийг гаргасан нь тогтоогдсон.
5. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгон хэрэглэнэ.
Энэхүү хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч т урьдчилан мэдэгдэж, түүнээс бичгийн тайлбар авсан нь хэргийн 91-96, 103-130 дугаар талд авагдсан хурлын тэмдэглэлүүд, хэргийн 136-137 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн гар бичмэл бүхий тайлбар зэргээр тогтоогдсон тул нэхэмжлэгчийн “урьдчилан мэдэгдэхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан” гэх гомдлыг хүлээн авахгүй.
Мөн нэхэмжлэгчийн ээлжийн амралттай байхад сахилгын шийтгэл ногдуулсан гэх гомдол нь хангагдахгүй. Учир нь ажил олгогч нь нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлийн талаар түүний ээлжийн амралт эхлэхээс өмнө буюу 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэж, өөрөөс нь амаар тайлбар авсан байх тул ээлжийн амралттай байх хугацаанд нь ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй.
6. Иймд *******ийн ерөнхий захирлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал үндэслэл бүхий байх тул нэхэмжлэл бүхэлдээ хангагдахгүй.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШШ2025/04692 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* УТҮГ-т холбогдох тус төвийн ерөнхий захирлын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Н.ГЭРЭЛТУЯА