Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/151

 

 

                           

 

          2019              05                14                                                         2019/ШЦТ/151                                                             

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

хохирогч М.Шүрэнчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1834009130148 дугаартай хэргийг 2019 оны 05 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Э.Б, Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Эко Алтан Заамар” ХХК-ийн баяжуулах үйлдвэрт гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Төв аймаг Заамар сумын Төвийн 4 дүгээр баг 5-3 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Халзангийн давааны ар” гэх газар өөрийн эзэмшлийн Тоёото Креста маркийн 33-54 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 3.1а дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, улмаар зорчигч Э.Гантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Уусан үед машин барьсан нь миний буруу” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-03 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-04 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-05 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06 тал/, хохирогч Э.Гантуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-14-15, 72 тал/, хохирогч М.Шүрэнчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18-19, 77-78 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Буянхишигээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-21-22, 74-75 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №13613 дугаартай дүгнэлт /хх-26 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №13616 дугаартай дүгнэлт /хх-31 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №13614 дугаартай дүгнэлт /хх-34 тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №13615 дугаартай дүгнэлт /хх-39 тал/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-41, 43 тал/, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №00000105 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-56 тал/, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №31 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-60 тал/, Э.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71 тал/,  гэрч Н.Хадбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-80 тал/, 33-54 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-87 тал/, шүүгдэгч Э.Бгийн хувийн байдал тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/1,58% согтолттой /хх-41 тал/  үедээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Халзангийн давааны ар” гэх газар өөрийн эзэмшлийн Тоёото Креста маркийн 33-54 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр//№31 дугаар шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсанаар хх-60 тал/ жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 3.1а дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, улмаар зорчигч Э.Гантуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Гантуяагийн: “ ... 2018 оны 11 сарын 11-нд манай нөхрийн найз Б архи уусан үедээ Заамар сум руу явъя гэсэн тэгэхээр нь манай нөхөр зөвшөөрч бид 5 Заамар сум руу хөдөлсөн. Ингээд Заамар сумын Халзангийн давааны хойд талд уруудаж яваад тээврийн хэрэгслийн баруун талын хойд талын дугуй хагарсан тэгээд хурдтай явж байсан болохоор осол гарсан” гэх мэдүүлэг /хх-15 тал/,

Хохирогч М.Шүрэнчимэгийн: “... Тэгээд Б, Буянхишиг хоёр ярилцаж байгаад гэнэт явахаар болсон. Ингээд Э.Б өөрийн нэр дээрээ авсан цагаан өнгийн Тоёото Крэста маркийн 33-54 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаагаад Буянхишиг түүний эхнэр Гантуяа, 11 сартай эрэгтэй хүүхдийг аваад бид Заамар сумын Сов баг руу 16 цагийн орчимд явсан. Бид нар Заамар сумын Хайлааст багийн нутагт байрлах Халзангийн Давааг даваад хойд зүгт уруудаж явж байхад замын ховил гаргаад эргээд замдаа орох гэтэл тээврийн хэрэгсэл тэнцвэр алдах шиг болсон ингээд манай нөхөр Б тормосоо гишгээд байх шиг байсан нэг ухаан ороход би машин дотроос гараад эргээд хартал манай машины дөрвөн дугуй нь дээшээ харсан байсан. Буянхишиг эхнэр хүүхэдтэйгээ машинаас гараад ирсэн” гэх мэдүүлэг /хх-19 тал/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Буянхишигийн: “ ...Тэгээд би эхнэр хүүхдээ аваад өөрийн найз Бгийн эхнэр Шүрэнчимэгийн хамтаар 5-лаа Төв аймгийн Заамар сумын төвөөс 2018 оны 11 сарын 11-ны 16 цагийн орчимд хөдөлсөн. Ингээд Заамар сумын Халзангийн давааны хойд талд уруудаж яваад тээврийн хэрэгслийн баруун талын хойд талын дугуй хагарсан тэгээд хурдтай явж байсан болохоор осол гарсан. Дугуй хагарсан. Жолооч архи уусан байсан” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-03 тал/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-04 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хх-05 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №13613 дугаартай “1.М.Шүрэнчимэгийн биед зүүн гарын долоовор хуруунд шархтай, сарвууны ар талд шалбаралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.ШЭГЗТЖ-ийн 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх-26 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №13616 дугаартай “1.Б.Өнөболдын биед дух, шанаа, баруун чихний ар талд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.ШЭГЗТЖ-ийн 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх-31 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №13615 дугаартай “ 1. Э.Гантуяагийн биед хүзүүний 3 дугаар нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-39 тал/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-41 тал/, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №00000105 дугаартай шинжээчийн “ Хариулт 1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёото креста маркийн 33-54 ТӨА услын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдсон Э.Б нь Замын хөдөлгөөний дүрэм заалт зөрчсөн байна гэж үзэв. Хариулт 2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёото креста маркийн 33-54 ТӨА услын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдсон Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт зөрчсөн байна гэж үзэв. Хариулт 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёото креста маркийн 33-54 ТӨА услын дугаартай тээврийн хэрэгслийн онхолдох үеийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэв. Хариулт 4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол хэрэг гарахад замын нөхцөл байдал бусад байдал нөлөөлөөгүй гэж үзэв. Хариулт 5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёото Креста маркийн 33-54 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдсон Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт заалт зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв. Хариулт 6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв” дүгнэлт /хх-56 тал/, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №31 дугаартай шинжээчийн “Хариулт А. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёото креста маркийн 33-54 ТӨА услын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнэбат овогтой Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна:, а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. Хариулт Б. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шинжээчийн дүгнэлт гаргах явцад асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв” гэх дүгнэлт /хх-60 тал/,

гэрч Н.Хадбаатарын: “ ...Тухайн үед Э.Б гэдэг залуу миний машин байгаа юм аа. Би өөрөө машин барьж явсан гэж хэлж байсан. Тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой үнэртэж байсан тул цагдаагийн хэлтэс дээр авч ирж согтуурал хэмжих багажаар үлээлгэж үзэхэд согтуу байсан. Холбогдох тэмдэглэл, зураг нь хэрэгт хавсаргагдсан” мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-80 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

           Шүүгдэгч Э.Б хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/1,58% согтолттой /хх-41 тал/  үедээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Халзангийн давааны ар” гэх газар өөрийн эзэмшлийн Тоёото Креста маркийн 33-54 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр/№31 дугаар шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсанаар хх-60тал/ жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 3.1а дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, улмаар зорчигч Э.Гантуяагийн эрүүл мэндэд “хүзүүний 3 дугаар нугалмын хугарал гэмтэл” гэх хүндэвтэр хохирол учруулсан нь хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч Э.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Э.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Э.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

 

Хохирогч Э.Гантуяа, М.Шүрэнчимэг, насанд хүрээгүй хохиогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Буянхишиг нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д овогт Э. Б-г согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Д овогт Э.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б нь шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Э.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ