Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/01576

 

  

 

 

 

 

 

     2025         09            17                                         210/МА2025/01576

                                                 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/05992 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

 

26,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь миний өмчлөлийн ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг ажилдаа унаж байгаад бусдад зарсан байсан. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр автомашин худалдан борлуулсны төлбөрийг гаргуулж авах үүднээс төлбөр төлөх хэлцлийг бичгээр байгуулсан.

Хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 20,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Үүний дараа дахин 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг хариуцагчтай бичгээр байгуулж 20,000,000 төгрөгийг хувааж төлөх график гаргасан. Ингээд гэрээ байгуулснаас хойш 2023 оны 01 дүгээр сард 2,200,000 төгрөгийн төлбөрийг төлж үлдэгдэл төлбөр болох 17,800,000 төгрөгийг төлж барагдуулаагүй.

1.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 8,900,000 төгрөгийн алданги тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр болох 17,800,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийг үнийн дүнгийн алданги 8,900,000 төгрөг, нийт 26,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие *******тэй 2020 оны 12 дугаар сараас эхлэн 2022 оныг дуустал хамтран ажиллаж, платформ болон ******* хүүхдийн үлгэрийг хамтран үүсгэн байгуулсан. Энэ хамтын ажиллагааны хүрээнд би хөрөнгө оруулалт олох, ******* нь өөрийн хөдөлмөрөө оруулахаар тохирсон.

Хамтран ажиллах явцад тээврийн хэрэгсэл шаардлагатай болсон тул *******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг бид хоёр дундаа унаж хэрэглэдэг байсан. Бидний хамтын үйл ажиллагаа ашиг, орлого олоогүй дуусгавар болсон. ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгсэл нь засвар их шаардлагатай байсан ба тухайн үед засварын мөнгийг би төлж байсан. Ингээд уг тээврийн хэрэгсэл нь сүүлдээ эвдрэл ихтэй унаж ашиглахад хүндрэлтэй болсон тул 5,000,000 төгрөгөөр сэлбэгт өгч зарсан.

2.2. Машин зарсан мөнгийг би авсан ба *******өд 2,200,000 төгрөгийг өгч, үлдэх мөнгийг нь өгөөгүй байгаа нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөр барагдуулах хэлцэлд машиныг 20,000,000 төгрөгөөр зарсан мэтээр гэрээ байгуулсан нь ******* ахтайгаа ирж намайг дарамталж, хүч хэрэглэж зуруулсан гэрээ гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 5,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******өд олгож, нэхэмжлэлээс үлдэх 21,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 106,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Миний бие ******* нь *******тай анх 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн автомашины төлбөр төлж барагдуулах гэрээ байгуулж байсан. Тухайлбал, Иргэний хуулийн 189.1 дэх хэсэгт заасныг үндэслэн автомашин худалдан борлуулсны төлбөрийг гаргуулж авах үүднээс "Төлбөр төлөх хэлцэл"-ийг бичгээр байгуулсан. ******* нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 20,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.

Ингээд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг хариуцагчтай бичгээр байгуулсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд 2023 оны 01 дүгээр сард 2,200,000 төгрөгийн төлбөрийг төлж үлдэгдэл төлбөр болох 17,800,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 8,900,000 төгрөгийн алданги тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2 дахь хэсгийн 162.2.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн хүрээнд шийдвэрийн 4 дэх тал 4.2 дахь хэсэг "Иймд хариуцагч ******* нь тээврийн хэрэгслийг бусдад худалдсан бодит үнэ 6,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Уг үүргээс 2,200,000 төгрөгийн төлсөн болох нь дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон тул үлдэх 3,800,000 төгрөгийн үндсэн төлбөрт төлөх үүрэгтэй" гэж заасныг эсэргүүцэж байна.

Тухайлбал, зах зээлийн ханшаар автомашиныг 6,000,000 төгрөгөөр үнэлэн худалдсаныг одоогийн цаг хугацаагаар үнэлэн тус үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хасаж алданги тооцож шийдвэрлэсэн нь гомдол гаргагчийн хууль, ёсны эрх ашгийг ихээр зөрчиж байна. Тухайн автомашин нь зах зээлийн ханшаар тухайн үед 13,000,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл 13,000,000 төгрөгөөр худалдан авсан ашиглалтын хувьд хэвийн, эвдрэл гэмтэлгүй автомашинаа *******т ашиглуулаад, анхан шатны шүүхийн шийдвэрээр 5,700,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.3 дахь заалтад заасны дагуу 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/05992 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийн 21,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч хугацааг өөрөөр тайлбарласан. Бид хоёр 2019 оны 03 дугаар сараас эхлэн найзалж, 2020 оны 06 дугаар сараас эхлэн бизнес хийж, хамтран ажилласан. Автомашины сэлбэгийн үнэ 4,000,000-5,000,000 төгрөгөөр өөрчлөгдсөн. 20,000,000 төгрөгийг өгнө гэсэн үндсэн амлалтын хувьд эд хөрөнгийг авч ашиглаж байгаа гэхээс илүүтэйгээр автомашиныг нэхэмжлэгч өөрөө жолоодсон. Автомашинд гэмтэл гарч байсан болохыг мэдэж байсан атлаа мөнгө нэхэмжилж байгаа нь шударга бус байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 26,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч “...тээврийн хэрэгсэл эвдрэл ихтэй байсан тул 5,000,000 төгрөгөөр сэлбэгт өгч зарсан ... Тус мөнгөнөөс 2,200,000 төгрөгийг өгсөн, үлдэх 3,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна” гэсэн агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

 

3.1. *******, ******* нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Төлбөр төлөх хэлцэл” /хх-7/, мөн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******** дугаар “Төлбөр барагдуулах гэрээ” /хх-4/ тус тус байгуулагдсан.

 

Талуудын байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн  “Төлбөр төлөх хэлцэл”-ийн 1.1-д “Энэхүү гэрээний зорилго нь А талын өмчлөлийн ... суудлын зориулалттай автомашины төлбөр төлөх ... харилцааг зохицуулна”, 2.1-д “Төлбөрийн үнэ 20,000,000 төгрөг”, 2.2-т “Төлбөр авагч нь төлбөр төлөгчид 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тухайн автомашиныг худалдах итгэмжлэлийг 1 сарын хугацаатай хийж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгч тал иргэн ********т 6,000,000 төгрөгөөр автомашиныг худалдаж, өөрсдийн биеэр Автотээврийн газарт очиж, нэр шилжүүлж худалдсан болно”, 2.3-т “Автомашиныг худалдаж борлуулсны мөнгийг төлбөр авагчид өгөөгүй бөгөөд энэ хугацааны хүү 14,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг .... төлнө”, 2.4-т “Энэ хугацаанд хүү тооцохгүй, төлбөр төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд зааснаар алданги 0,1 хувиар тооцно” гэж, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 1.2-т “Энэхүү гэрээ нь талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн “Төлбөр төлөх хэлцэл”-ийн салшгүй хэсэг болно”, 2.1-д “Төлбөр төлөгч нь төлбөр авагчид нийт 20,000,000 төгрөгийг үл маргах журмаар төлж барагдуулна” гэж, мөн гэрээний 2.2, 2.3-т зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр төлбөр төлөх, 2.5-д дурдсан хугацаанд төлбөр төлөгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ. 

 

Дээрх 2 гэрээнд дурдсанаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******өөс олгосон итгэмжлэлийн дагуу ******* улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэн *******т 6,000,000 төгрөгөөр худалдаж борлуулсан бөгөөд ******* эзэмших эрхийг Автотээврийн газарт очиж шилжүүлэн өгсөн. Гэвч ******* нь төлбөр болох 6,000,000 төгрөгийг *******өд шилжүүлээгүй тул 14,000,000 төгрөгийн хүү нэмж тооцон төлөх үүрэг хүлээжээ.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4.1. Талуудын хооронд бичгээр байгуулагдсан хэлцлийн агуулга, зорилго, тэдний шүүхэд гаргасан тайлбараас дүгнэхэд талуудын өмнөх үүргийн гүйцэтгэлтэй холбоотой буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний автомашиныг хариуцагч худалдан борлуулж, үнийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргийн харилцаатай холбоотойгоор төлбөр төлөх Үүрэг хүлээсэн хэлцэл байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэнэ. 

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашины үнэ болох 6,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

5. Талууд гэрээний 2.3-т хүү 14,000,000 төгрөг төлөхөөр тохирсон байх боловч үүнийг бодитой, үндэслэл бүхий тогтоосон байх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцнэ. Өөрөөр хэлбэл, талууд дээрх мөнгөн төлбөрийн үүргийг тохиролцохдоо хариуцагч нь автомашины үнийг нэхэмжлэгчид өгөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор нэмэлт үүрэг буюу хохирол гэх агуулгаар тогтоосон гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирлын зохицуулалт бол хохирол бодитой байх агуулгатай бөгөөд талууд хэдийгээр гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу 14,000,000 төгрөг гэж тохирсон боловч энэхүү тохиролцоо нь хуульд нийцсэн буюу хохирол бодитой байх агуулгад нийцэх ёстой. Гэвч хэргийн баримтаар хэрхэн, ямар үндэслэлээр 14,000,000 төгрөгийн хүүг тогтоосон нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчид учирсан бодит хохиролд тооцох үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлээс 14,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан гомдол хангагдахгүй. 

 

6. Талууд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн төлбөр барагдуулах  хэлцлийн 2.5-т гэрээний үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар алданги төлнө гэж  тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт зөв.

 

Иймд анхан шатны шүүхээс үндсэн үүрэг 6,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2,200,000 төгрөгийг хасаж, үлдэх 3,800,000 төгрөгөөс алдангийг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэлгүй тооцож,  алдангид 1,900,000 төгрөг, нийт 5,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

7. Мөн нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо “Тухайн тээврийн хэрэгслийг тухайн үед 13,000,000 төгрөгөөр худалдан авсан, ...энэхүү үйл баримтыг нотлох баримтын түвшинд нотлох боломжтой” гэх боловч тэрээр энэхүү агуулгаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр тайлбар гарган мэтгэлцээгүй байхаас гадна төлбөр төлөх хэлцлээр автомашины үнийг 6,000,000 төгрөг гэж талууд тохиролцсон. Иймд 13,000,000 төгрөгөөр худалдан авсан, эвдрэл гэмтэлгүй автомашинаа ашиглуулж, цаг хугацаа, сэтгэл санаа, эд хөрөнгийн хувьд хохирсон гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авахгүй. 

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/05992 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5” гэснийг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                     

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.АЗБАЯР

 

 

                            ШҮҮГЧИД                                         Т.ГАНДИЙМАА

 

 

                                                                                     Н.ГЭРЭЛТУЯА