| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 101/2022/05183/И |
| Дугаар | 210/МА2025/01615 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01615
2025 09 22 210/МА2025/01615
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/03430 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
49,000,000 төгрөг гаргуулах, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний 2.1.1.3, 3.2, 4.1, 4.2, 5.1, 5.2 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Худалдан авсан бээлийний үнэд илүү төлөгдсөн 8,805,680 төгрөг, тээврийн зардал 721,925.08 төгрөг, чанарын шаардлага хангахгүй хэмээн буцаагдсан 33,000 хос бээлийний үнэ 18,150,000 төгрөг, зээлийн хүүний зөрүү 4,943,934.05 төгрөгийг тус тус гаргуулах, мөн 249,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падан үйлдэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээгээр Малайз улсын ******* ******* үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн нэг удаагийн бээлий эмнэлгийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг гэрээгээр “*******” ХХК нь 1180 хос нэг удаагийн бээлийг нэг бүрийн үнэ 550 төгрөгөөр тооцон “*******” ХХК-д худалдан борлуулсан. Ингээд гэрээний нийт үнийн дүн болох 649,000,000 төгрөгөөс 600,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 49,000,000 төгрөгийг төлөхгүй.
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээ нь бодит утгаараа манай компанийн түнш болох Малайз улсын ******* компаниас хариуцагч нэг удаагийн бээлий авах зорилгоор байгуулсан бөгөөд гэрээний 2.1.1.3, 3.2, 4.1, 4.2, 5.1, 5.2 заалтууд нь биелэгдэх боломжгүй дүр үзүүлсэн заалтууд болно. Иймд уг гэрээний 2.1.1.3, 3.2, 4.1, 4.2, 5.1, 5.2 заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцож, үлдэгдэл 49,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Талууд 2020 оны 11 дүгээ сарын 11-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний дагуу 800,000 ширхэг 2 хос нэг удаагийн бээлийг нэг бүр нь 500 төгрөгөөр тооцон нийт 400,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээний дагуу 2,360 хайрцаг буюу 1,180,000 хос нэг удаагийн бээлийг нэг бүрийг 550 төгрөгөөр тооцон нийт 649,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Ингээд нийт 1,049,000,000 төгрөгөөр ******* () үйлдвэрлэгчийн үйлдвэрлэдэг нэг удаагийн бээлийг “*******” ХХК-иас худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Одоогийн байдлаар нэхэмжлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу 400,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгчийн хамтарсан захиалгын дагуу төлөх ёстой байсан 140,420 ам доллар буюу 408,805,680 төгрөгийг үйлдвэрлэгч рүү, нэхэмжлэгч рүү 200,000,000 төгрөг, нийт 1,008,805,680 төгрөгийг төлсөн.
Иймд нэхэмжлэгчид төлөх 1,049,000,000 төгрөгөөс 1,008,805,680 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 40,194,320 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой. Иймд зөрүү 8,805,680 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
3.1. Нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн худалдааны хамтран ажиллах гэрээний 1.2.1.2 дугаар зүйлийн дагуу гадаад захиалгатай холбоотой гааль, тээвэрлэлтийн зардал болон бусад бодит зардлын 21.3 хувийг хариуцан төлөхөөр тохирсон.
Үүний дагуу хариуцагчийн захиалсан 2,360 хайрцаг буюу 1,180,000 хос нэг удаагийн бээлийний гадаад тээвэрт 8,443,916 төгрөг, дотоод зардалд 435,448.68 төгрөг, ачилтын хөлсөнд 170,400 төгрөг, нийт 9,049,765.08 төгрөгийг төлсөн. Иймд гадаад захиалгатай холбоотой гааль, тээвэрлэлтийн зардал болон бусад зардалд төлсөн төлбөр болох 9,049,765 төгрөгийг нэхэмжилж байна.
3.2. Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний 1.2.2 болон 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээний 1.3.2 дахь хэсэгт А талд барааг хүлээлгэж өгсөн даруйд нэмэгдсэн өртгийн албан татварын падан үйлдэх үүрэгтэй боловч өнөөдрийн байдлаар 800,000,000 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татварын падан олгосон, үлдэх 249,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар болох 24,900,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падан үйлдэж өгөх үүргээ биелүүлээгүй.
3.3. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээний 3.1.1, 3.1.2, 3.1.3. 4.2.1. 4.2.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу бараа нь чанарын шаардлага хангасан, барааны хадгалалтын хугацаа нь нийлүүлсэн өдрөөс хойш хамгийн багадаа 1 жил байх чанарын шаардлагыг хангасан барааг нийлүүлэх үүрэгтэй байхаар заасан.
Гэвч 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар бүхий Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн Төвөөс ирүүлсэн гомдлын дагуу Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр 33,000 хос нэг удаагийн үзлэгийн бээлий нь чанарын шаардлага хангахгүй шарласан, мөөгөнцөртсөн гэсэн шалтгаанаар эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглах боломжгүй гэж үзэн яаралтай шийдвэрлэж өгөхийг бидэнд мэдэгдсэн.
Үүний дагуу нэхэмжлэгч нь бээлийг сольж өгөхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй тул 33,000 хос нэг удаагийн бээлийг нэг бүрийг 550 төгрөгөөр тооцон 18,150,000 төгрөгийг нэхэмжилж байна.
3.4. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдааны хамтран ажиллах гэрээний 4.2.1, 1.2.1.3. 5.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Хавсралт 1-т заасан хуваарийн дагуу захиалсан барааг хугацаанд нь оруулж ирэх үүрэгтэй. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд орж ирэх бээлий нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр буюу 24 хоног хугацаа хоцорсон, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор орж ирэх бээлий нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу 40 хоног хугацаа хэтэрч орж ирсэн.
Бид уг барааны төлбөрийг төлөхийн тулд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр банкнаас 2,000,000,000 төгрөгийн зээлийг 1 жилийн 17.65 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь хугацаандаа барааг оруулж ирэх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалаад бид 64 хоногийн хүү буюу 20,085,216 төгрөгийг банканд илүү төлсөн. Худалдааны хамтран ажиллах гэрээний 5.1 дэх хэсэгт заасан хуваарийн дагуу бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан энэхүү хохирол нь хариуцагчид учирсан гэж үзэж байна. Иймд дээрх агуулга бүхий сөрөг нэхэмжилж гаргаж байна гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:
4.1. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний дагуу барааг компаниас захиалах, хүлээж авах, нийлүүлэх тоо хэмжээний талаар гэрээг “*******” өөрөө хийж байгаа. “*******” ХХК-ийн түнш Малайз улсын компаниас бараа худалдаж аваад хадгалах, тээвэрлэх, Эрүүл мэндийн яаманд өгөх бүх үйл ажиллагаа “*******” ХХК-ийн оролцоогүй.
Гэрээний чанарын шаардлагад ямар серийн дугаартай бараа чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдох ёстой. Хэрвээ эмнэлгийн бараа бүтээгдэхүүний чанарын хугацаа дууссан, шаардлага хангахгүй байвал тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр тухайн барааг устгуулдаг. Ийм серийн дугаартай бараа шаардлага хангахгүй байна гэдэг шаардлагыг “*******” ХХК хүлээн зөвшөөрөхгүй ба “” ХХК буюу үйлдвэрлэгчийн хүлээх хариуцлага. Энэ нь олон улсын эрх зүйгээр зохицуулагдсан харилцаа байдаг учраас манайд холбогдуулж гаргаж байгаа 18,150,000 төгрөгийн шаардлага нь үндэслэлгүй.
4.2. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас Засгийн газрын тогтоолоор чөлөөлөгдсөн байгаа. Ачаа тээвэр гацсантай холбоотой Монгол улсын ачаанууд саатсан. Ковидын үед яаралтай арга хэмжээ авсан энэ нь талуудын хүсэл зоригоос үл хамаарна. Боомтын ачааллаа дийлэхгүй байгаа нь Монгол улсын хуулийн этгээдэд хариуцлага тооцох үндэслэлгүй.
4.3. Нэхэмжлэгч зээл авч юунд зарцуулах нь тухайн хуулийн этгээдийн өөрийн дотоод асуудал, тэгэхээр хүү төлүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй. Зээлийн хүүг хохирол гэж тооцуулах асуудал нь гэрээгээр зохицуулсан асуудал биш, нийтэд илэрхий нотлох шаардлагагүй үйл баримт байсан учраас энэ дээр ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т тус тус зааснаар, хариуцагч “*******” ХХК-иас 49,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Худалдах-худалдан авах гэрээний 2.1.1.3, 3.2, 4.1, 4.2, 5.1, 5.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар, нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 47,284,980 төгрөгийн 23,469,120.9 төгрөгт холбогдох хэсгээс хариуцагч “*******” ХХК татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 17 дугаар зүйлийн 17.3.2-т тус тус зааснаар, нэхэмжлэгч “*******” ХХК-иас 23,815,859.1 төгрөг гаргуулах, 249,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падан үйлдэхийг даалгуулах тухай хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 402,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 394,375 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд нөхөн төлүүлж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 402,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн "Худалдааны хамтран ажиллах гэрээ" нь зөвхөн “*******” ХХК-иас “*******” ХХК нь нэг удаагийн бээлийн худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулсан хэлцэл биш юм. Тодруулбал, Талууд гуравдагч этгээдээс хамтарсан худалдан авалт хийх, хамтарсан худалдан авалтын тоо хэмжээ, төлбөрийн дүнг тогтоох, түүнд үндэслэн тал тус бүрийн төлөх төлбөр, түүнийг төлөх аргачлал, бусад зардлыг хэрхэн хуваарилахыг нэг бүрчлэн тохиролцсон тохиролцоо байдаг. Иймд “*******” ХХК нь ад дангаар төлсөн тул зөрүү 8,805,680 төгрөгийг төлбөл зохих төлбөрөөс хасуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
6.2. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний 1.2.1.2-т "Талууд гадаад захиалгатай холбоотой гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар, тээвэрлэлтийн зардал болон бусад бодит зардлыг нотлох баримтад үндэслэн хувь тэнцүүлэн хариуцан төлнө. ******* ХХК 78.7 хувь, ******* ХХК 21.3 хувь” гэж заасан.
Хамтарсан худалдан авалтын дагуу гуравдагч этгээдээс худалдан авсан нэг удаагийн бээлийн тээвэрлэлтийн зардал болон бусад бодит зардлыг хамтарсан хувь тэнцүүлэн хариуцахаар тохиролцсон боловч “*******” ХХК энэ зардлыг огт төлөөгүй ба энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид аливаа хэлбэрээр эсэргүүцээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу “*******” ХХК-ийн гаргасан хариу тайлбарын холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.
6.3. Сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагын тухайд талуудын хооронд байгуулагдсан хоёр гэрээгээр “*******” ХХК-ийн “*******” ХХК-иас худалдан авсан нэг удаагийн бээлийний нийт үнэ 1,049,000,000 төгрөг ба уг үнийн дүнтэй тэнцэх хэмжээний нэмэгдсэн өртгийн албан татварын падан шивэх үүргийг “*******” ХХК хүлээсэн. Үүнээс нийт 800,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт шивсэн тул үлдсэн 249,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падан үйлдэхийг “*******” ХХК-д даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/03430 дугаар шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 721,925.08 төгрөгийн тээвэрлэлтийн болон бусад зардлыг гаргуулах, 249,000,000 төгрөгийн дүнтэй нэмэгдсэн өртгийн албан татварын падан үйлдэхийг даалгуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын 49,000,000 төгрөг гаргуулах шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Талуудын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 400,000,000 төгрөгийн бээлий худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Хариуцагч гэрээний дагуу мөнгийг төлж чадахгүй байсан учраас мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан. 690,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээний дагуу 400,000,000 төгрөгийг өгөхөөр болсон. 600,000,000 төгрөгийг шилжүүлсэн атлаа үлдэгдэл 49,000,000 төгрөгийн шилжүүлээгүй.
7.2. Гэрээний 1.1.4-т 21 хувийг нэхэмжлэгч компани төлнө гэж тусгаагүй. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээнээс хойших бүх харилцаа нь хариуцагч компани болон Малайз улсад байрлах компанийн хооронд үүссэн. Үүнээс хойших бараа хүлээж авах ажиллагаанд нэхэмжлэгч компани оролцоогүй. Мөн тээврийн болон гаалийн үйл ажиллагаанд оролцоогүй. Бээлийг устгасан тусгай зөвшөөрлийн баримт байдаггүй. Мөн хэдэн төгрөгийн зардлыг хэрхэн төлсөн талаарх баримт байхгүй. Гаалийн үйл ажиллагаанд нэхэмжлэгч компани оролцсон талаарх үйл баримт байхгүй.
7.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох 49,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч өөрийн татгалзлаа нотолж чадаагүй. 249,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг шивүүлэх шаардлага гаргасан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу 400,000,000 төгрөгийг төлөөгүй атлаа мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 400,000,000 төгрөгийн үнийн дүнд 800,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг шивүүлсэн.
Тухайн үнийн дүнг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцнэ. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, мөн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 49,000,000 төгрөг гаргуулах, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний 2.1.1.3, 3.2, 4.1, 4.2, 5.1, 5.2 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдан авсан бээлийний үнэд илүү төлөгдсөн 8,805,680 төгрөг, тээврийн зардал 721,925.08 төгрөг, чанарын шаардлага хангахгүй хэмээн буцаагдсан 33,000 хос бээлийний үнэ 18,150,000 төгрөг, зээлийн хүүний зөрүү 4,943,934.05 төгрөгийг тус тус гаргуулах, мөн 249,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримт падан үйлдэж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргажээ.
3. Талууд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, мөн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй.
4. Зохигчид гэрээний үлдэгдэл төлбөр хэд болох, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн эсэх, мөн гэрээний зарим холбогдох заалт хүчин төгөлдөр эсэх, түүнчлэн гэрээнээс үүдэлтэй хохирол учирсан эсэх асуудлаар маргажээ.
5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн хэмээн дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
5.1. Талууд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Худалдааны хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээгээр “*******” ХХК-ийн нэрээр “*******” ХХК-иар дамжуулан Малайз Улсын // үйлдвэрлэгчийн үйлдвэрлэдэг нэг удаагийн бээлий эмнэлгийн хэрэгслийг 1,914,490,560 төгрөгөөр худалдан авах, үүнээс нэхэмжлэгч нь хариуцагчид 1,180,000 ширхэг хос нэг удаагийн бээлийг нэг бүрийг нь 550 төгрөг буюу 649,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ.
5.2. Дээрх гэрээний агуулга болон талуудын тайлбар, хүсэл зоригийн илэрхийллээс үзвэл уг гэрээ нь холимог гэрээний шинжтэй боловч талуудын хүлээсэн үүргийн гүйцэтгэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад илүү нийцэж байна.
5.4. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрхтэй.
6. Үндсэн нэхэмжлэлийн тухайд
6.1. Хариуцагч “*******” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-ний дагуу 649,000,000 төгрөгийн үүрэг хүлээсэн байх бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 100,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 200,000,000 төгрөг, нийт 600,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримтад талууд маргадаггүй. /1хх-8-10/
6.2. Ингээд хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу 649,000,000 төгрөгөөс үлдэх 49,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул анхан шатны шүүхээс 49,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Иймд энэ талаарх хариуцагч талын гомдлыг хангахгүй.
6.3. Түүнчлэн нэхэмжлэгч “*******” ХХК болон хариуцагч “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “*******” ХХК нь нэхэмжлэгчээс нийт 400,000,000 төгрөгийн үнэ бүхий Малайз Улсын // үйлдвэрлэгчийн үйлдвэрлэдэг нэг удаагийн 800,000 ширхэг бээлий худалдан авахаар тохиролцсон байна.
Шүүх нэхэмжлэлээс дээр дурдсан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний 2.1.1.3, 3.2, 4.1, 4.2, 5.1, 5.2 дахь заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
6.4. Нэхэмжлэгч гэрээний тодорхой хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон боловч энэ нь бие даасан шаардлага гэхээс илүүтэй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд илүү хамаарахаар байна. Иймд дээрх шаардлага нь бие даасан шаардлага болж чадахгүй тул анхан шатны шүүх бие даасан шаардлага гэж тодорхойлсон нь буруу болохыг дурдах нь зүйтэй.
7. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
7.1. Хариуцагч нь худалдан авсан бээлийний үнэд илүү төлөгдсөн 8,805,680 төгрөг, тээврийн зардал 721,925.08 төгрөг, шаардлага хангахгүй хэмээн буцаагдсан 33,000 хос бээлийний үнэ 18,150,000 төгрөг, зээлийн хүүний зөрүү 4,943,934.05 төгрөгийг тус тус гаргуулах, мөн 249,000,000 төгрөгийн дүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын падан үйлдэж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
7.2. Хэргийн 66-68 дугаар хуудаст авагдсан гадаад гуйвуулгын даалгавар болон 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-ний хавсралтаас үзэхэд хариуцагч “*******” ХХК-иас үйлдвэрлэгч рүү нийт 661,040 ам.доллар буюу гэрээний хавсралтад заасан нэг ам.долларын ханш 2,852 төгрөгөөр тооцоход 1,885,286,080 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Үүнээс хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-д 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 400,000,000 төгрөг төлөхөөс 408,805,680 төгрөг төлсөн байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид илүү төлсөн 8,805,680 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгчээс 8,805,680 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй байна.
7.3. Түүнчлэн хариуцагч нь тээвэрлэлтийн зардалтай холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Худалдааны хамтран ажиллах гэрээний 1.2.1.2-т зааснаар тээвэрлэлтийн болон бусад зардлыг “*******” ХХК нь 78.7 хувь, “*******” ХХК нь 21.3 хувиар тооцон төлөхөөр тохиролцсон тул тээвэрлэлтийн зардалд 721,925.08 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж байна...” гэж тайлбарлан, “” ХХК-ийн “*******” ХХК-д хүргүүлсэн нэхэмжлэхийг хэрэгт нотлох баримтаар гарган өгчээ. /1хх-34-35, 40-41, 46-47, 49-50, 57-62/
Гэвч тус баримт нь зөвхөн тээврийн зардал хэд болсон талаарх нэхэмжлэх байх бөгөөд тухайн тээврийн зардалд “*******” ХХК-аас хэзээ, хэдэн төгрөгийг тээвэрлэгч “” ХХК-д төлсөн болохыг нотолсон баримт биш байна. Анхан шатны шүүх “Хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар тухайн тээврийн зардал төлөгдсөн болох нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч “*******” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаарх гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
7.4. Мөн хариуцагч нь 33,000 хос бээлий чанарын шаардлага хангаагүй тул доголдолтой эд хөрөнгийн үнэ 18,150,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэргийн 82 дугаар талд авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар албан бичиг, 89 дүгээр талд 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Эм бараа хүлээлцэх акт”-ыг нотлох баримтаар ирүүлжээ.
Тухайн эм бараа хүлээлцсэн актад дурдагдсан үзлэгийн бээлийний цувралын дугаар нь хэргийн 42 дугаар талд авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үйлдвэрлэгчээс эм бараа хүлээн авсан актад дурдсан цувралын дугаартай тохирч байгаа хэдий ч хариуцагч “*******” ХХК нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор уг доголдлыг арилгуулахаар шаардлага гаргаагүй байх тул мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан шаардлага гаргах эрхээ алдсан ба уг үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн энэхүү хэсэг хангагдахгүй.
7.5. Нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүйтэй холбоотой банкны хүү 4,943,934 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “ банк” ХК-тай “*******” ХХК-ийн байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3096-2020/03 дугаартай Зээлийн гэрээ, депозит дансны хуулгыг /1хх-69-79/ ирүүлсэн.
Малайз Улсын // үйлдвэрлэгчээс худалдан авсан эмнэлгийн хэрэгслийг 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд “” ХХК-иар тээвэрлүүлж, хариуцагч “*******” ХХК хүлээн авсан нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, “” ХХК-ийн нэхэмжлэх, эм бараа хүлээн авалтын баримтаар тус тус тогтоогдож байна.
Худалдах-худалдан авах гэрээнд зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нийлүүлэгдэх байсан эмнэлгийн хэрэгслийг хугацаа хожимдуулан нийлүүлсэн гэх үйл баримт нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гэм буруутай үйл ажиллагаанаас болоогүй, нэхэмжлэгч тээвэрлэлтийн үйл явцад оролцоогүй байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар хохирол арилгуулахаар шаардах эрхгүй.
Нөгөө талаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нэхэмжлэгч нь тээвэрлэгч биш тул уг хариуцлагыг хүлээх үндэслэлгүй” гэж тайлбарласан бөгөөд анхан шатны шүүх “... нэг удаагийн бээлий хугацаандаа нийлүүлэгдээгүй үйл баримтын талаар талууд маргаагүй ба үүнд “*******” ХХК-ийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэснийг буруутгахгүй.
7.6. Иймд анхан шатны шүүхээс “249,000,000 төгрөгийн дүнтэй төлбөрийн баримт буюу нэмэгдсэн өртгийн албан татварын падан үйлдэхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь өөр гэрээтэй холбоотой бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, харилцан тооцогдох маргаан бүхий гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулж, тухайн сөрөг шаардлага болон давж заалдах гомдлын энэхүү хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь, талууд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний 1.2.2 болон 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний 1.3.2-т тус тус гэрээний үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар орсон ба А талд буюу “*******” ХХК-д барааг хүлээлгэж өгсөн даруйд шивэх үүрэгтэй талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний нэмэлт үүрэгт хамаарна.
Мөн нэхэмжлэгч “*******” ХХК нийт 800,000,000 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт шивж өгсөн нь хэргийн 101-104 дүгээр талд авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдсон бөгөөд үлдэх 249,000,000 төгрөгийн дүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын падан үйлдээгүй байх тул нэхэмжлэгчээс гүйцэтгээгүй үлдсэн 249,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падан үйлдэхийг хариуцагч шаардах эрхтэй гэж үзэж хариуцагч талын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангав.
8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/03430 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 49,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгч “*******” ХХК-иас 8,805,680 төгрөг гаргуулж хариуцагч “*******” ХХК-д олгож, хариуцагч “*******” ХХК-д 249,000,000 төгрөгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын падан үйлдэхийг нэхэмжлэгч “*******” ХХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 23,815,859.1 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн,
Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хасаж, “4, 5” гэсэн дугаарлалтыг “2, 3” гэж дугаарлаж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “... улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 402,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 394,375 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70,200 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд нөхөн төлүүлж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 402,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.” гэснийг “... нэхэмжлэгч “*******” ХХК-ийн төлсөн 402,950 төгрөг, хариуцагч “*******” ХХК-ийн төлсөн 394,375 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “*******” ХХК-аас дутуу төлсөн 70,200 төгрөг, хариуцагч “*******” ХХК-ийн дутуу төлсөн 70,200 төгрөгийг тус тус гаргуулж Баянзүрх дүүргийн Төрийн сангийн 100200300941 тоот дансанд нөхөн төлүүлж, хариуцагч “*******” ХХК-аас 402,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгч “*******” ХХК-аас 226,041 төгрөгийг гаргуулж хариуцагч “*******” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 495,026 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Н.ГЭРЭЛТУЯА