Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 208/МА2025/00055

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 150/ШШ2025/00144 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК,

Хариуцагч ******* ******* ХХК, А.******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 455,430,661.67 төгрөг тухай

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч В.Батжаргал нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

******* ******* ХХК нь манай компанитай 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ХХАГ/23-39 дугаартай ******* худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан ба манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэн 1,132,045,200 төгрөгийн цементийг нийлүүлсэн боловч, тус компани нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 303,620,440.67 төгрөгийг төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрч, компанийг хохироож байна. Иймд хариуцагч ******* ******* ХХК-аас ******* худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 303,620,440.67 төгрөг, алданги 151,810,220.335 төгрөг, нийт 455,430,661 төгрөг гаргуулж, манай компанид олгож өгнө үү.

Түүнчлэн манай компаниас төлбөрөө төлж барагдуулахыг хариуцагчид удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл хохирлыг барагдуулаагүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу хариуцагчийн арилжааны банк дахь харилцах дансыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж, зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээг иргэний хэрэг үүсгэсэн даруйд авч өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

...******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай 2023 оны 03-р сарын 07-ны өдөр ******* Худалдах худалдан авах № ХХАГ/23-39 тоот гэрээг байгуулсан. Нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь анх энэхүү гэрээг байгуулахад манай байгууллагын хувьд цар тахлын нөлөөгөөр нэг хэсэг үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад хөл хорио тавигдаж үйл ажиллагаа дөнгөж сэргэж эхэлж байх үед байгууллагынхаа ажлыг үргэлжлүүлэн ажиллуулахаар ******* ******* ХХК-тай гэрээг байгуулан ажиллаж эхэлсэн.

Гэрээний дагуу ******* ******* ХХК нь цементээ нийлүүлэхдээ гэрээний 3.2-т заасан захиалгын дагуу тухайн бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөг гаргаж баталгаажуулснаар цемент илгээхээр байсан боловч энэхүү төлөвлөгөө батлагдаагүй байхад цемент илгээж, уг цементийг манай байгууллага хүлээн аваагүй байснаас үүдэн тус бүтээгдэхүүнийг ашиглах боломжгүй нэлээд хугацааг өнгөрөөсөн. Энэ асуудлыг тухайн үед хүлээлгэж өгөөгүй, урьдчилан мэдэгдээгүй цемент гарсан асуудлыг холбогдох удирдлагуудад мэдэгдэж байсан. Манай байгууллагын хувьд цар тахлын нөлөөгөөр ажил бүрэн жигдрээгүй тул цементийг бүрэн ашиглах нөхцөл бүрдээгүй цементийн захиалгыг тухайн бүтээгдэхүүнийг боловсруулах нөхцөл бүрдсэнээр нийлүүлэлтийн захиалга, төлөвлөгөөг нийлүүлэгч талдаа гэрээний дагуу харилцан ярилцаж өгөх байсан.

Энэхүү нөхцөл байдлуудаас үүдэн цементийг манай байгууллага бүрэн ашиглаж чадахгүй нэлээд цаг хугацаа өнгөрсөн. Учир нь хэдий гэрээ хийгдсэн ч цар тахлын улмаас удаан хугацаагаар ажиллаагүй тул тухайн бүтээгдэхүүнийг бүрэн ашиглах нөхцөл бүрдэхээр цементийг хүлээн авах ачилтын төлөвлөгөө захиалгыг өгөх, 2 гарын нийлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар баталгаажих байсан. Нэхэмжлэгч талаас гэрээ хийгдсэнээр шууд нийлүүлэлт хийгдэнэ гэдэг байдлаар хандсанаас манай байгууллагын хувьд ч хохиролтой нөхцөл байдалд орсон байдаг. Энэхүү асуудлаас үүдэн сүүлдээ 2 талдаа маргаантай асуудал болж хувирсан тул арга буюу уг цементийн зарим хэсгийг авч хэрэглэсэн байдаг.

Ийнхүү дурдаад байвал асуудал нэлээдгүй их ч бидний хувьд гэрээгээр хүлээсэн нэг талын үүргээ бүрэн биелүүлэн цементийн үлдэгдэл үнийг төлөх шаардлагаас татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрсөн. Харин алдангийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэдий гэрээгээр хүлээсэн үүрэг байсан ч дээрх нөхцөл байдлуудаас үүдэн гэрээний үндсэн төлбөрийг төлөх нөхцөл бүрдээгүй хугацаа хэтрүүлсэн асуудал үүссэн тул алдангийн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэхүү нөхцөл байдлыг Нэхэмжлэгч талтай харилцан тохиролцох, тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулах талаар холбогдож нэмэлт баримт материал болон илүү дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг шүүхэд гаргаж өгөх болно гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 150/ШШ2025/00144 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* Стандарт ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 303,620,440.67 төгрөгийг гаргуулж, ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 151,810,220 төгрөгийн болон хариуцагч А.*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,434,103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* Стандарт ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,676,052 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгон, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

...******* ******* ХХК-тай ******* худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 303,620,440.67 төгрөг, алданги 151,810,220.335 төгрөг, нийт 455,430,661 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 150/ШШ2025/00144 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д гэрээний үндсэн үүрэг 303,620,440.67 төгрөгийн төлбөрийг ******* ******* ХХК-аас гаргуулж, 151,810,220.335 төгрөгийн алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн ******* ******* ХХК-аас 151,810,220.335 төгрөгийн алданги төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. ******* ******* ХХК нь манай компанитай 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ХХАГ/23-39 дугаартай ******* худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан ба манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэн 1,132,045,200 төгрөгийн цементийг нийлүүлснийг хариуцагч хүлээн авахаас татгалзалгүй хүлээн авсан хэдий боловч, тус компани нь гэрээний үлдэгдэл буюу хүлээн авсан цементийн төлбөр болох 303,620,440.67 төгрөгийг төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрч, компанийг хохироосоор байна. Дээрх гэрээний дагуу нийт 1,000 тонн ******* худалдах, худалдан авах, гэрээний нийт үнэ 330,000,000 төгрөг байгаа хэдий боловч дээрх ХХАГ/23-39 дугаартай гэрээний харилцааны хүрээнд цементийг нийлүүлж, хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй. Энэ нь тухай гэрээгээр зохицуулагдах харилцаа болно. Тус гэрээгээр зохицуулагдах харилцаа тул тус гэрээний дагуух үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу гэрээнд заасан анзыг шаардах эрх нэхэмжлэгчид байгаа гэж ойлгоно.

2. Иргэний хуульд зөвхөн анзын хэлцлийг бичгээр хийх, хуулиар бичгээр хийх хэлцлүүдийг бичгээр хийхээр зохицуулсан бөгөөд анзын зохицуулалтыг гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т зааж өгсөн. Энэ нь гэрээний үндсэн үүрэг, бусад гэрээнээс үүдэлтэй үүргүүдийг үүсгэсэн хэлцэл бөгөөд тус хэлцлийн хүрээнд шүүх үндсэн үүргийг хангаж шийдвэрлээд, дагалдах үүрэг буюу гэрээний хариуцлагыг тус гэрээнээс салгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу шүүх нэг маргааныг 2 салгаж, 2 өөрөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3. Хариуцагч татгалзлаа авахыг хүсээгүй байхад бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж тайлбарлаж байгаа хэдий боловч түүнийгээ нотлох баримт ирүүлээгүй, хүлээн авсан бүтээгдэхүүний төлбөрийг хүлээн зөвшөөрч төлж байсан, хүлээн авахаас татгалзаад буцааж болох байсан ч тэгээгүй хүлээн авч ашигласан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад шүүх ямар нэгэн нотлох баримтгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас алдангыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ******* ******* ХХК-аас 151,810,220.335 /нэг зуун тавин нэгэн сая найман зуун арван мянга хоёр зуун хорин төгрөг/-ийн алданги төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ******* ******* ХХК-аас 151,810,220.335 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан шалтгаан нь хариуцагч ******* ******* ХХК-ийн нийлүүлсэн цементийг хүлээж авсан талаар огт маргаагүй. Маргаагүй учраас тухайн байгуулсан гэрээгээр зохицуулагдах харилцаа. Уг гэрээгээр зохицуулагдах харилцааны үүргийн гүйцэтгэлийг хангах буюу гэрээнд заасан анзыг шаардах эрх нь нэхэмжлэгч талд байгаа. Иргэний хууль зөвхөн анзын хэлцлийг бичгийн хэлбэрээр зохицуулсан буюу анзын зохицуулалт нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааж өгсөн. Гэрээний үндсэн үүрэг, бусад гэрээнээс үүсгэсэн хэлцэл гэж үзэж байна. Шүүх үндсэн үүргийг хангаж шийдвэрлэх дагалдах үүрэг буюу гэрээний хариуцлагыг тус тус гэрээнээс нь салгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн алданги болох 151,810,220 төгрөгийн алдангыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт өөрчлөлт оруулж, ******* ******* ХХК-аас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Талууд уг гэрээнд тоо болон үнээ тохирчихсон. 1 тонн тутамд 330,000 төгрөг гэж үзээд 1000 тонн авна гэдэг байдлаар тохирсон. Энэ нь хэдэн төгрөгийн цемент вэ гэхээр 330,000,000 төгрөг. Нийт үнийг мөн гэрээний 2.3 дэх хэсэгт зааснаар тохирчихсон. Гэтэл хэрэгт цугларсан баримтыг хараад үзэхээр уг гэрээний хугацаа дуусахад 1000 тонн биш 4754 тонн нийлүүлчихсэн. Тэгэхээр уг гэрээнээс 3745 тонн нийлүүлчихсэн байгаа юм. Уг гэрээний хугацаа хэзээ дуусах вэ гэхээр 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусаж байгаа. Уг гэрээ дууссанаас хойш алданги тооцно. Гэтэл уг гэрээний үүрэг болох 330,000,000 төгрөгийг аль хэдийн хариуцагч тал төлчихсөн. Нэгэнт тохирчихсон хэмжээнээс төлбөрийг төлчихсөн тохиолдолд алданги буюу анзын асуудал яригдахгүй. Яагаад гэвэл гэрээний үүргийг биелүүлчхээд байхад алдангийн асуудлыг нэхэмжлээд байгаа нь хууль бус. ...хүсэлтээр нь юм уу, захиалгын дагуу нийлүүлнэ гээд үнээ тавьчихсан байсан бол ******* нөхцөлийн гэрээ болоод 4754 тонныг 12 дугаар сарын 30-ны өдөр нийлүүлэх үүрэгтэй болж харагдана. Гэтэл тоо хэмжээг тавьчихсан учир ******* нөхцөлийг хангаж чадахгүй. Нэгэнт тоо хэмжээг тохирчихсон асуудал учир уг гэрээний дагуу шийдсэн гэж үзэж болно. Нэхэмжлэгчийн бараа материалыг хариуцагч хүлээж авчхаад хүлээн зөвшөөрөөд байхад энэ талаарх нотлох баримтыг өгөөгүй гээд байгаа юм. Анх хариу тайлбар гаргахдаа 303,000,000 төгрөгийг төлье гэдэг. Харин алданги тооцох боломжгүй шүү гэдэг тайлбар өгөөд явсан. Анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ХХГ/23-39 тоот цемент худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлэн 1,132,045,200 төгрөгийн цемент нийлүүлсэн, хариуцагч компани цементийн үнээс ихэнх хэсгийг төлж барагдуулан 303,620,440.67 төгрөгийн төлбөрийг төлөөгүй тул үндсэн төлбөр дээр алданги 151,810,220.335 төгрөг, нийт 455,430,661 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас алдангыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасныг анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 303,620,440.67 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулан олгож, алданги 151,810,220 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор биелүүлсэн тул гэрээний үүргийг биелэлтээ хариуцагч талаас гэрээний дагуу нэхэмжлэх бүрэн эрхтэй бөгөөд Иргэний хуульд зааснаар анзын хэлцлийг бичгээр хийх, хуулиар тогтоосон журмын дагуу хийгдсэн гэрээ байсаар байхад гэрээний үүргийн хариуцлагыг тусад нь салгаж шийдвэрлэсэн, гэрээний дагуу алдангыг гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул алдангыг гаргуулан өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж маргажээ.

5.Хэргийг судлан үзвэл:

******* ******* ХХК, ******* ******* ХХК нар нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ХХГ/23-39 тоот цемент худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, уг гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болохоор заасан ба гэрээний хугацаанд 1000 тн цемент нийлүүлэх, хариуцагч цементийн үнэ болох 330,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

Гэвч дээрх гэрээний хугацаанд нэхэмжлэгч байгууллага 1,132,045,200 төгрөгийн үнэлгээ бүхий буюу гэрээнд заасан хэмжээнээс даруй хэд дахин их хэмжээний цемент нийлүүлсэн, хариуцагч уг цементийг хүлээн авсан талаар маргаангүй, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн тул алданги төлөхгүй гэж маргасан байна.

Талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан ХХГ/23-39 тоот цемент худалдах, худалдан авах гэрээгээр талууд 1000 тонн цементийг 2023 оны 12 дугаар сарын 30-ны дотор нийлүүлэх, нөгөө тал хүлээн авч түүний үнэ буюу 330,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар заасан ба гэрээний 8.2-д зааснаар төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон байна.

Хариуцагч ******* ******* ХХК нь дээрхи гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн байна. Нэхэмжлэгч тал гэрээнд заасан хэмжээнээс илүү хэмжээний буюу 4000 гаруй тн буюу 1,132,045,200 төгрөгийн цемент нийлүүлсэн хариуцагч хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үний ихэнх хэсгийг төлж 330,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар маргаангүй байна.

Нэхэмжлэгчээс гэрээнд зааснаасаа илүү бүтээгдэхүүн нийлүүлсэн байх ба урьд байгуулсан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулаагүй, илүү нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг төлөх хугацааг тохиролцоогүй тул хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж алданги гаргуулахаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч уг хуулийн заалтын дагуу шаардах эрхтэй боловч гэрээнд заасан тоо хэмжээнээс илүү нийлүүлсэн тохиолдолд уг гэрээнд хэрхэн зохицуулах талаар талууд тохиролцоогүй тул алданги тооцох боломжгүй гэж дүгнэсэн хууль зөрчөөгүй.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээ болон хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын тайлбарт үндэслэн шүүхээс үйл баримтыг тогтоон эрх зүйн дүгнэлтийг хийдэг ба гэрээгээр тохиролцоогүй зүйлийг шүүхээс дүгнэн хариуцлага хүлээлгэх боломжгүй тул нэхэмжлэгчийн гомдол хуулийн үндэслэлгүй байна.

6.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэхүү зарчим нь нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох, түүний татгалзлыг үгүйсгэх, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах түүнийгээ нотлох журмаар хэрэгждэг тул шүүх хуралдаанаар тухайн хэрэгт талуудаас ирүүлсэн нотлох баримтыг нотолгооны шинж зориулалтаар мөн эрх зүйн талаас нь дүгнэж зохигчдын тэгш эрхийн зарчмыг хангаж хэргийг шийдвэрлэдэг.

7.Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 150/ШШ2025/00144 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж болох 917,001 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Б.ЭРДЭНЭХИШИГ