| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0107/э |
| Дугаар | 2019/ШЦТ/134 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,
шүүгдэгч Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Р-д холбогдох 1934000000090 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: С овогт Б.Р Говь-Алтай аймгийн Тонхил суманд 1992 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт, Төв аймаг Заамар сумын 2 дугаар багийн нутаг “Өвөр наймган” гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.
Хэргийн товч агуулга: Шүүгдэгч Б.Р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 15-ны Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт Ч.Отгонбаярын толгойн тус газарт ташуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.Р мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд: Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-05 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-06 тал/, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-08 тал/, Б.Р-ийн эзэмшлийн ташууранд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх07 тал/, хохирогч Д.Отгонбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-10-11 тал/, гэрч Э.Бадамаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13 тал/, гэрч Ц.Амаржаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15 тал/, гэрч Б.Дашнямаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-16 тал/, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн №2444 дугаартай дүгнэлт /хх-21 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-28, 36 тал/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-44-46 тал/, шүүгдэгч Б.Рийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51 тал/, шүүгдэгч Б.Рийг хувийн байдлыг тогтоосон бусад баримт зэрэг болно.
Шүүгдэгч Б.Р согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 15-ны Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт Ч.Отгонбаярын толгойн тус газарт ташуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ч.Отгонбаярын: “ ...тэгээд эхнэртэйгээ цаашаа явж байхад хар куртиктэй залуу морьтой урдуур давхиж ирээд намайг цулбуураар ороолгоход нь би тэр залууг татаж буулгаад миний ухаан балартсан би түүнээс хойш юу болсонг мэдэхгүй байгаан манай эхнэрийн ярьж байгаагаар хар куртиктэй залуутай зууралдаж байхад лоовуузан малгайтай залуу миний толгой руу ташуурдсан тэгээд яваад өгсөн гэсэн” гэх мэдүүлэг /хх-10 тал/, Гэрч Э.Бадамын: “.. гудамжны ойролцоо гурван морьтой залуу таараад зөрөхөд хар куртиктэй залуу морьноос буугаад хөөе гээд манай нөхөрийг дуудсан тэгээд манай нөхөрийг хэл амаар доромжлоод байсан болохоор манай нөхөр хар куртиктэй залуутай барилцаад зууралдсан би тэр хоёрыг салгах санаатай ойртох гэхээр лоовуузан малгайтай манай нөхөрийг ташуурдсан залуу мориороо намайг ээрээд хаагаад түлхээд байхаар нь манай нөхөр лоовуузан малгайтай залуу руу болиоч чи эхнэр зүгээр байлга гэсэн тэгээд би нөхрөө салгаад цаашаа явж байхад хар куртиктэй залуу манай нөхрийг цулбуураар ороолгосон тэгээд манай нөхөр уурлаад мориноос нь татаж буулгаад байж байхад нь лоовуузан малгайтай залуу манай нөхрийн толгой тус газар ямар ч байсан нэг удаа ташуурдсан тэгтэл манай нөхөр толгойгоо бариад намайг түшээд зогссон тэгтэл морьтой хүмүүс яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-13 тал/, Гэрч Ц.Амаржаргалын: “ ...Р нөгөө залуугийн толгой руу нэг удаа барьж явсан ташуураар цохисон чинь нөгөө залуугийн толгойноос цус гарсан тэгээд бид нар салаад Отгонцогт ахынд хашаанд ороод морьдоо тавьж байхад 17 цагийн үед цагдаа нар ирээд бид гуравыг аваад цагдаагийн хэлтэс дээр ирж шалгасан” гэх мэдүүлэг /хх-15 тал/, Гэрч Б.Дашнямын “ ...Р давхиж очоод нөгөө залуугийн толгой руу нь барьж явсан хугархай модон ташуураар цохьчихсон тэгээд Амаржаргал унаж байсан морио алдсан тэгээд би араас нь явсан бариад ирээд байж байхад Р, Амаржаргал хоёр манай хашаанд ороод ирсэн удалгүй цагдаа нар ирээд бид гуравыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-17 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №2444 дугаартай шинжээчийн “Ч.Отгонбаярын биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-21 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, бэхжүүлж шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох бариммтууд, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлыг нотолсон, Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар: Хохирогч Ч.Отгонбаярын толгойн тус газар ташуураар цохиж “зулай хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан ангилалд багтах эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Б.Р-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгчид холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг
Шүүгдэгч Б.Р нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно.
Хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Р-ийн урьдчилан цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ял нь оруулан тооцож, /1 хоног хорих ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 тооцож, 6*15000=90000 төгрөгтэй дүйцэх 90 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90.000 төгрөгийг түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 600000 төгрөгөөс хасч, түүний биечлэн эдлэх ялыг 510 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Б.Рид оногдуулсан торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан”...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор...биелүүлэх үүрэгтэй” гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, Шүүхээс шүүгдэгч Б.Р-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 274550 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.Р нь 200000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдсон үлдэх 74550 төгрөгийг нөхөн төлөхөө шүүхэд илэрхийлсэн байна.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж , эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хугархай ташуур 1 ширхэгийг устгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Б.Р-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Р-ийн урьдчилан цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, /урьдчилан цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож /6хоног x 15000 төгрөг=90000 төгрөг/ түүнд оногдуулсан 600000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялаас хасаж/ 510 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510000 /таван зуун арван мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р-д оногдуулсан 510 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 510000 /таван зуун арван мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг сануулж, биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Р нь 6 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р-оос 74550 төгрөг гаргуулан Дорноговь аймаг Замын-үүд сумын 2 дугаар баг 2-25 тоотод оршин суух хохирогч Ч.Отгонбаярт олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугархай ташуур 1 ширхэгийг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Р авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 4 сарын 23-ны өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Р урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ