Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 208/МА2025/00057

 

Ч.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 316/ШШ2025/00531 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.*******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******г оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

Ч.******* миний бие 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрэлч нохойн алба-ны 2011 оны нохойн төлөөлөгч бэлтгэх 6 сарын курст сонсогчоор суралцаж төгссөн. Миний бие цагдаагийн байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн албан хаагчийн хуульд заасан баталгаагаа хангуулах үүднээс 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл сонсогчоор суралцсан дээрх хугацааг Цагдаагийн албаны тухай хуулийн 91.7-д зүйлд зааснаар ажиллаж байсан хугацаанд тооцуулан тогтоолгох хүсэлтэй байна. Уг хугацааг ажилласан жилд тооцон тогтоож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 316/ШШ2025/00531 дугаартай шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Их Монгол овогт *******ын ******* /РД: *******/-гийн улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, ...хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

******* овогтой ******* миний бие Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 531 дугаартай шийдвэрээр Ч.******* миний ажилласан жил тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Цагдаагийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, миний эрх зүйн байдлыг дордуулсан тул дээрх хуульд нийцэхгүй шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 6 сарын курс дамжаанд сонсогчоор суралцсан. Энэ тухай би Цагдаагийн ерөнхий газар болон Нийслэлийн Цагдаагийн газар хандсан ч тушаал, шийдвэр нь олдохгүйн улмаас тус байгууллагаас намайг шүүхээр шийдвэрлүүл гэсэн бичгийг өгсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг ойлгохгүй байна гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Ч.*******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Иргэн Ч.******* нь цагдаагийн албан хаагчийн хувьд хуульд заасан баталгаагаа хангуулах үүднээс ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн түүний ажилласан байдлыг тогтоогоогүй тул нэхэмжлэгчээс түүний 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл эрэлч нохойн сургагчийн курст суралцаж нохой хөтлөгч мэргэжил эзэмшсэн хугацааг ажилласан жилд оруулан тооцож өгөөгүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

3.Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Эрэлч нохойн алба-ны 59 тоот үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 30б-2/3094 тоот албан бичиг, гэрч Б.*******, Ш.******* нарын тодорхойлолт, мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Ч.******* нь Эрэлч нохойн алба-нд 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нохой сургагчийн 6 сарын курст сонсогчоор суралцаж нохой хөтлөгч мэргэжлээр сайн дүнтэй төгссөн болох нь нотлогдож байна.

4.Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Цагдаагийн байгууллагын захиалгаар суралцсан, цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад цагдаагийн цолтойгоор ажилласан, цэргийн жинхэнэ алба хаасан, цэрэг, цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан болон хуульд заасан бусад хугацааг цагдаагийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцно гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч Ч.*******гийн дээрх хугацаанд нохой сургагчийн 6 сарын курст сонсогчоор суралцаж төгссөн хугацааг ажилласан хугацаанд оруулан тооцох эрх зүйн үндэслэлтэй байх тул 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдаагийн байгууллагад ажилласан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 316/ШШ2025/00531 дугаартай шийдвэрийн

1 дэх заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Их Монгол овогт *******ын ******* /РД: *******/-ийг 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдаагийн байгууллагад ажилласан болохыг тогтоосугай гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, зхуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Б.ЭРДЭНЭХИШИГ