| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 312/2025/02153/И |
| Дугаар | 207/ма2025/00117 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 207/ма2025/00117
С.******ын нэхэмжлэлтэй,
хариуцагч Э.******д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 312/ШШ2025/01574 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : С.******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.******д холбогдох,
“Эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах” тухай тусгайлсан журмын иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******, хариуцагч Э.******, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний хүү С.******ыг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ****** захын ойролцоо явж байхад нь хариуцагч Э.****** нь автомашинаараа мөргөсний улмаас биед нь хамар ясны хугарал, зүүн өвдөгний зулгаралт, зүүн шилбэнд гэмтэл, нуруу гуянд гэмтэл учруулж, нүүрэндээ долоон оёдол тавиулсан. Энэхүү хэргийг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/61 тоот шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Уг хэргийг шийдвэрлэх явцад хамрын эмчилгээ бүрэн гүйцэт хийгдээгүй байсан. С.****** нь өвчиндөө байнгын шаналгаатай, зовиуртай явах болсон ба мөнгөний боломж муу байсаар 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хамрын мэс засалд орсон. Миний хүүхдэд цаашид ямар хор уршиг гарахыг мэдэхгүй байна. Цэрэгт явах гэхээр элэг муу гээд авахгүй байна. Ямартай ч ****** хамарны хагалгаанд ороод, хөдөөнөөс энэ хүний хойноос хүүхдийнхээ хохирлыг барагдуулах гэж бензин тос хийгээд олон удаа нааш цаашаа явсан. Энэхүү мэс засал, хагалгаатай холбоотой зардалд 976,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг 1-р зэрэглэлээр тооцон 2,744,500 төгрөг (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх), маш их гомдолтой байгаа тул нэмж 1,279,500 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би маш их гомдолтой байгаа учраас 5,000,000 төгрөг нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч Э.****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр намайг тээврийн хэрэгсэл жолоодон ажил үүргээ гүйцэтгэж явахад ****** нь замын хөдөлгөөний дүрмийн 5.6., 5.8.-р зүйлүүдийг зөрчин гэнэт зам хөдлөн гарч зам тээврийн осол гаргах гол нөхцөл бүрдүүлсэн. Тухайн үед би нэхэмжилсэн хохирлыг бүрэн барагдуулсан. Гэтэл ****** нь 1,5 жилийн дараа хохирол нэхэмжилж байгааг тухайн үед гарсан гэмтлийг эмчилж хамарт мэс засал хийлгэсэн эмчийн үзлэг карт байхгүй. Гэхдээ эмчилгээтэй холбоотой зардал 976,000 төгрөгийг төлье. Харин хуулийн ямар ч үндэслэлгүй хохирлын 1-р зэрэглэл гэж тооцон 2,744,500 төгрөг, нөхөн төлбөр гэх 1,279,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Элэгний өвчин нь хууч өвчин байж болох байх. Миний мөргөснөөс болж элэг нь өвдсөн гэдгийг үндэслэлгүй гэж үзэж байна... гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 312/ШШ2025/01574 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Э.******гоос бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 976,000 /есөн зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,024,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгч С.****** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д тус тус зааснаар хариуцагч Э.******гоос улсын тэмдэгтийн хураамжид 27,974 /хорин долоон мянга есөн зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.****** шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.****** нь хариуцагч Э.******д холбогдуулан хамрын мэс засал хийлгэсэнтэй холбоотой зардалд 976,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг 1 дүгээр зэрэглэл гэж тодорхойлон 2,744,500 төгрөг, маш их гомдолтой тул нөхөн төлбөр гэж 1,279,500 төгрөг, нийт 5,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Э.******гоос бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 976,000 /есөн зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,024,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Нэхэмжлэгч С.****** нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 39 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “******” хүнсний захын баруун талын автозам дээр ******ОРА улсын дугаартай Daihutsu hijet маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж хамар ясны хугарал, зүүн өвдөг, зүүн шилбэ, хамрын нуруунд зулгаралт, зүүн гуя, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд цус хуралт бүхий гэмтэл хөнгөн зэргийн гэмтэл авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч С.******ын биед хөнгөн хохирол учруулсан гэж хариуцагч Э.******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэжээ.
Шийтгэх тогтоолоор хохирогч С.******ын ээж болох иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.******т хохирол 150,000 төгрөгийг хариуцагч Э.****** нь бүрэн төлсөн болохыг дурдаж, эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед насанд хүрээгүй С.******ын эрүүл мэндэд учирсан хохирол бүрэн арилаагүй тул гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар Э.******гоос нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч Э.******гоос бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 976,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,024,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.****** нь “...хариуцагч Э.******гоос хүүхдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд учирсан хохирлоос 4,024,000 төгрөгийн хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байгаа тул гомдол гаргаж байна...” гэх агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.****** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 312/ШШ2025/01574 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.****** нь улсын тэмлэгтийн хурмаажаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР