| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0103/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/103 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/103
2019 04 01 2019/ШЦТ/103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Н.Улсболд,
шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н-т холбогдох 1934000640068 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Аргалант сум 1 дүгээр баг Нийтийн байранд оршин суух хаягтай, урьд
Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар 13-ны өдөр 55 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 314 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 112 дугаар захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснар 50000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн ялаас чөлөөлөх тухай захирамжаар суллагдсан Б овогт Л.Н гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Аргалын уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд Ц.Болдбаатарыг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар түүний зүүн мөрөнд хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-02-03 тал/, гэрч А.Батзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-8-9 тал/, Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №718 дугаар дүгнэлт /хх-17-18 тал/, Л.Нийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28 тал/, хохирогч Ц.Болдбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-52-53 тал/, гэрч Б.Оюунбилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-62-63 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-76-78 тал/, хохирогч Ц.Болдбаатараас гаргаж өгч хэргийн материалд хавсаргуулсан гэрэл зураг, хохирлын баримт /хх-82-86 тал/, шүүгдэгч Л.Нийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.
Төв аймгийн Прокурорын газраас Л.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Н-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Аргалын уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд Ц.Болдбаатарыг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар түүний зүүн мөрөнд хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ц.Болдбаатарын “Би 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 11:00 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын төвд Гурван Эрдэнэ гэх дэлгүүр орох гэж явж байтал Н ахтай таарсан юм. Тухайн үед Н ах согтуу байсан бөгөөд хамт архи ууя гэсээр байгаад түүний гэрт нь орсон. Ороод жаахан юм ярьж сууж байгаад архиа талд нь оруулсан. Би бие засчихаад ороод ирэх үед Н ах хоёул алим идье гээд алим хальсалж идсэн. Тэгж байснаа гэнэт хутгаа бариад “би чиний сэвсээр чинь нүүрийг чинь бүтээж ална” гэж айлгасан. Үгээрээ нэг хэсэг 5-10 орчим минут айлгаж “би шоронд байсан, чи шорон гэж мэдэх үү” гэж байгаад миний зүүн гарын мөрний ар хэсэгт 3-4 удаа сийчэж дүрсэн юм. Тухайн үед хутга нь далийсан тал цонх руугаа шидээд гурил элддэг модоор толгой болон зүүн мөр лүү цохисон. Намайг архи авч өгөхгүй бол ална шүү гээд байсан” гэх мэдүүлэг /хх-52 тал/,
Гэрч А.Батзаяагийн“..Тэгэхээр нь гараад мөнгө хайж яваад хамт өчигдөр архи уусан Болдбаатар ахын эхнэр Оюунчимэг эгчтэй таарахад над руу уурлаж яахаараа та нар хамт архи уусан нэгнийгээ зоддог юм бэ гэхээр нь та юу яриад байгаан гэхэд Болдбаатарыг зодсон байна гэхээр нь би тийм юм байхгүй хамт очиж үзий гээд гэрт нь ирэхэд Болдбаатар ахын мөрийг Н ах хутгаар хэд хэдэн газар зүсэж, гулуузаар цохиж хоолойд нь заазуур тулгасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-09 тал/,
Гэрч Б.Оюунбилэгийн: “ ... Манай нөхөр Ц.Болдбаатар нь анх орж ирээд би Н ах намайг манай гэрт очиж ганц шил архи хамт ууя гэхээр нь хамт очиж архи уусан чинь сүүлдээ намайг ална гээд хутгаар хатгаж толгой руу зодсон арай хийж зугатааж ирлээ гэж ярьсан. Би биеийг нь үзэхэд толгой руу нь гурилын гулуузаар цохисон гээд хоёр газарт хавдсан, савхин куртик нь зүүн мөрний талдаа сийчээд хаячихсан байхаар нь үзэхэд зүүн мөр нь энд тэндгүй хатгуулж улайж хөхөрч хавдсан байдалтай ирсэн. Би хүнд ингэж зодуулан байж байхаар зугтаад ирэхгүй яасан юм бэ гэхэд нэг гартаа хутга бариад нөгөө гартаа гулууз барьчихаад гарвал ална хууль надад үйлчлэхгүй сэвсээр чинь нүүрийг чинь бүтээн гэх мэтээр айлгаад байсан. Тэгж байтал гаднаас Батзаяа нэг хүнтэй орж ирээд би зугтааж гарч ирлээ гэж байсан” гэх мэдүүлэг /хх-62 тал/,
Төв аймгийн засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №718 дугаартай “1.2. Ц.Болдбаатарын биед зүүн мөрөнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо, хурц ир бүхий зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-17-18 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-76 тал/, гэрэл зураг /хх-77-78 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Н-ийн Ц.Болдбаатарын зүүн мөрөнд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Л.Н-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй тохиолдолд нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх байгууллагыг сонгохдоо ялтны эрүүл мэндийн байдал, эзэмшсэн мэргэжил, ур чадварыг харгалзан ахлах шийдвэр гүйцэтгэгч ажиллуулах байгууллагыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Л.Н-т оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасны дагуу тогтоож, хийлгэвэл зохино.
Л.Н-т холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Л.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-ийг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Н-т оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-т нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг устгахийг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ