| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 149/2025/00383/И |
| Дугаар | 208/МА2025/00058 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 208/МА2025/00058
Б.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 149/ШШ2025/00255 дугаар шийдвэртэй
Хариуцагч Б.*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 11,700,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:
Сэлэнгэ аймаг Мандал сум 7 дугаар баг ******* ******* ******* ******* тоотод оршин суух иргэн Б.******* нь *******ийн *******д өөрийн хашаа байшинг 25,000,000 төгрөгөөр худалдсан. Б.******* 2 удаа буюу 13,000,000 төгрөгөөр мөн 1,800,000 төгрөгөөр нийт 14,800,000 төгрөгийг дансаар өгсөн. Мөн 2003 онд үйлдвэрлэгдсэн Ниссан-Х машин өгсөн. Энэ машин нь бидний хооронд байгуулсан гэрээнд байгаагүй бөгөөд эвдрэл гэмтэлтэй одоо явдаггүй болно. Ер нь манай хашаа, газар нь тухайн үедээ 45,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Гэтэл маш бага үнээр гэрээ хийсэн мөртлөө мөнгөө өгөхгүй өмнө ярьж тохиролцоогүй машин оролцуулсанд Б.*******д удаа дараа хэлсэн боловч тохиролцоонд хүрээгүй болно. Манай газрыг өөр дээрээ шилжүүлсэн үедээ байгуулах ажилд намайг оруулахгүй хэрхэн гэрээ хийснийг би мэдэхгүй юм. Одоо миний тухайд надад өгсөн машиныг буцаалгах үлдэгдэл мөнгө болох 10,200,000 төгрөгийг түүнээс гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:
Хариуцагч Б.******* миний бие Б.*******, Б.******* нараас шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.*******ээс Мандал сумын 7-р баг ******* ******* ******* 2 гудамж ******* тоотын хашаа байшинг 25,000,000 төгрөгөөр худалдаж авсан нь үнэн. 2023 оны 09 сард хашаа байшин худалдаж авах үедээ 09 сарын 08,09-нд 13,000,000 төгрөг + 1,800,000 төгрөг нийт 14,800,000 төгрөг дансаар шилжүүлж төлсөн. Үлдэгдэл 10,000,000 төгрөг ниссан Х-триал ярилцаж машин харилцан ярилцаж тохиролцоод өгсөн /худалдсан/. Уг машиныг тухайн үед Б.******* хүүгийн хамт ирээд унаж шалгаж үзээд өргүй боллоо, тооцоо дууслаа гээд машиныг аваад явсан.
Гэтэл машины авч явснаас хойш 01 жил 08 сарын дараа нэхэмжлэл гаргасныг би зөвшөөрөхгүй. 2025 оны 05 сард ******* ******* хоёр манай ажил дээр ирээд ******* нь эгч нь элэгний өвчтэй группэд орох гэж байгаа эмч нар хашаа байшингаа 25 саяд зарсан гэж бичиг авч ир гээд байна ийм бичиг эмчид өгөх хэрэгтэй байна гээд байхаар нь бичиг хийгээд өгснийг шүүхэд өгчихсөн байна. Худлаа хэлж надаар бичиг хийлгэж авсан байна. Миний бие ******* ******* нараас гаргасан машин буцаах 10,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.******* нь тухайн үед үлдэгдэл төлбөр болох 1,800,000 даснаар авч 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэнээс өмнө 13 сая төгрөгийг дансаар шилжүүлж, хүүтэйгээ ирж машиныг үзээд зүгээр авч явчихаад 2 жилийн дараа 10,200,000 ташины үнэ болон өмгөөлөгчийн хөлс 1,200,000, машины үнэлгээ хийлгэсэн гэх 300,000 нийт 11,500,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Өөрсдөө дугаараа шилжүүлж авахгүйгээр явсан гэв.
Хариуцагчийг өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...нэхэмжлэгч тал буюу Б.******* 2023 оны 9 дүгээр сард улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг хүүгийн ирж үзээд, үнээ тохироод өргүй боллоо гээд аваад явсан. Гэтэл 2 жилийн хугацаанд уг машиныг унаж, эдэлж, хэрэглэчихээд машины төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал 2 жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж авах боломжтой байхад өөрсдөө шилжүүлж аваагүй. Хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн үйл баримт тодорхой харагдаж байхад шүүх хэрэгт бодитой дүгнэлт хийгээгүй, хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан тул 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх саналтай байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...төлбөрийн үлдэгдэлд өгсөн тээврийн хэрэгсэл биет байдлын болон эрхийн доголдолтой байна. Тийм учраас тээврийн хэрэгслээр төлбөрийн үлдэгдлийг төлүүлэх боломжгүй байна гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийн дугаарыг буруу бичсэн нь техникийн алдаа гарсан байна. 2 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж байна. Бодит байдал дээр 4 хоногийн дараа машиныг буцаая гэж очсон байдаг. Хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 261.1 дэх заалтад зааснаар худалдах худалдан авах гэрээний биет байдал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талд учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана. Гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэж байна гэв.
3.Хэргийг судлан үзээд дүгнэх нь:
Монгол Улсын Их Хурлаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа-г шинээр нэмж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан бага үнийн дүнтэй нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхээр заасан.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.1-д нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах тухай хуульд тухайлан заасан нэхэмжлэлд нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэл хамаарч байна.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр шийдвэрлэсэн нөхцөлд иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 1-д зааснаар 5 хоногийн дотор үүсгэх байтал 7 хоногийн дотор үүсгэж захирамжийн захирамжлах хэсэгт тусгайлсан журмаар иргэний хэрэг үүсгэсэн хуулийн зүйл заалтыг баримталсан,
- Мөн хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-д Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ гэж заасан байхад дээрх ажиллагааг явуулсан эсэх нь тодорхойгүй, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг ердийн журмаар гардуулсан эрх үүргийг тусгайлсан журмаар тайлбарласан гэх атлаа тусгайлсан журмын хэрэг шийдвэрлэх ерөнхий хугацаанаас өөр бусад эрхийг тайлбарлан өгөөгүй,
-Мөн хуулийн 757-д дугаар зүйлийн 757.-д Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш дараах нөхцөл байдал тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулах тухай захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж зааснаар уг хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр шилжүүлсэн нь тодорхойгүй атлаа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжийг ердийн журмаар хэлэлцэхээр гаргаж, шүүхийн шийдвэрт тусгайлсан журмаар хянан хэлэлцэхдээ удирдлага болгох хуулийн заалтуудыг баримтлан шийдвэрлэсэн мөртлөө гомдол гаргах хугацааг энгийн журмаар 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг тайлбарлан шийдвэрлэснээр хариуцагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 дэх өдөртөө гомдол гаргаж ирүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хоёр өөр журмыг хольж шийдвэрлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа гаргасан байна.
Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн зохигчдод тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тодорхой тайлбарлаагүй байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэл болох бөгөөд тусгайлсан журмаар явуулах хэргийн ажиллагааг ердийн журмаар явуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Цаашид анхан шатны шүүх нь иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч тусгайлсан болон ердийн журмаар шийдвэрлэх эсэх талаар зохих дүгнэлт хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэх шаардлагатай байгааг анхааруулж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 149/ШШ2025/00255 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж зааснаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ