Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 208/МА2025/00059

 

И.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 149/ШШ2025/00130 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч И.*******,

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 06 сарын 14-ний өдрийн Б/30 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан Нийгмийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, албан тушаал бууруулсантай холбоотойгоор үүссэн албан тушаал бууруулсантай холбоотой үүссэн албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд /цахим/, хариуцагчийн төлөөлөгч Г.******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

И.******* миний бие Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд 27 дахь жилдээ ажиллаж байгаа ба 20 жил Орос хэлний багш, 1 жил нийгмийн ажилтан, 6 жил дунд, ахлах ангийн сургалтын менежерийн албан тушаалыг 2024 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэл хашиж байсан болно. Миний бие сүүлийн 4 жилийн хугацаанд ажлын байрны дарамт, шахалт, гадуурхал дор ажиллаж, хийсэн бүтээсэн ажил төрөл маань үнэгүйдээд зогсохгүй миний албан тушаал бууруулсан тушаалыг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргаж улмаар надад 2024 оны 06 дугаар сарын 17 өдөр буюу ээлжийн амралт эхлэхээс 1 хоногийн өмнө гардуулан өгсөн. И.******* миний бие 27 жил боловсролын байгууллагад ажиллахдаа ямар ч шийтгэл авч, ажлын хариуцлага алдаж байгаагүй, жил бүр ажлаа хангалттай сайн үнэлүүлж ажиллаж байсан. Гэтэл сургуулийн захирлын зүгээс гардуулсан 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/30 дугаартай И.*******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай гэх тушаалыг хүлээн авч танилцахад уг тушаалд сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байсан. Үүнд:

Хууль зүйн үндэслэлийн тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.2. 42.2.7, 43.1.4, 123.2, 123.2.4. Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.6.18, 5.6.25, 19.2, 19.2.2 гэх заалтуудыг баримталсан байх бөгөөд эдгээр заалтуудыг Баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж байгаа тухай тушаалын байна гэж би ойлгосон. 1 дэх заалтад дараах байдлаар тодорхойлсон

1. Анги дэвших болон Улсын шалгалт зохион байгуулах комиссын даргын уургийг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан.

2. Хугацаатай өгсөн тайлан, мэдээний хугацаа хоцроосон.

3. Хариуцсан багш нарыг удирдлага арга зүйгээр хангаж хууль ёсны шаардлага тавьж ажиллаагүйгээс багшийн журналыг цаг тухайд нь хөтлүүлээгүй, буруу хөтөлсөн алдаа зөрчлийг удирдлагын шийдвэргүйгээр журналыг шинээр өгч бичүүлсэн зөрчил дутагдлыг удаа дараа гаргасан, сургалтын чанар буурсан гэх үндэслэлүүдийг дурдсан байна. Энэхүү тушаалд дурдсан үндэслэлүүд нь бүгд ор үндэслэлгүй бөгөөд дээрх зөрчил дутагдлыг хэзээ, яаж, хэрхэн гаргасан тухай шалгаж тогтоогоогүй, уг сахилгын шийтгэл ногдуулж байгаа И.******* надад энэ талаар урьдчилан мэдэгдэж тайлбар хийх, зөрчил үйлдээгүйгээ нотлох, өөрийгөө өмгөөлөх эрхээр хангаагүй, үйлдсэн гэх зөрчлийн шийдвэрлээгүй, нотлон тогтоогоогүйгээр хичээл амрах, ээлжийн амралт эхлэх цаг хугацаатай давхцуулан хууль зүйн үндэслэлтэй гэхээсээ илүүтэй хувийн дур зорго, эрх мэдлээрээ далайлган сүрдүүлсэн шинжтэйгээр дээрх тушаал гаргасан байх тул тус тушаалыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Иймд шүүх нэхэмжлэлийг минь хүлээн авч Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн Захирлын 2024 оны 06 сарын 14-ний өдрийн Б/30 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан Нийгмийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, албан тушаал бууруулсантай холбоотойгоор үүссэн албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

И.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргасантай хариуцагч сургуулийн захирал Г.******* миний бие 2024 оны 07 дугаар сарын 29-нд хүлээн авч танилцсан. Нэхэмжлэлд тушаалд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг бүгд ор үндэслэлгүй тул тус тушаалыг бүхэлд нь эс зөвшөөрч байгааг нь миний бие нотлох баримтыг үндэслэн гаргасан тул сургуулийн захирал Г.******* миний бие нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдэгдэж байна. Хариу тайлбартай холбогдуулж, нотлох баримтуудыг гаргаж өгөх болно гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 149/ШШ2025/00130 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан И.*******ыг Сэлэнгэ аймгийн ******* сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн Нийгмийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоон,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-д заасныг баримтлан, И.*******д албан тушаалын цалингийн зөрүү 490 000 төгрөr олгохыг ажил олгогч Сэлэнгэ аймгийн ******* сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Г.*******т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И.*******аас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.*******ээс Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.*******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 149/ШШ2025/00130 дугаар бүхий шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. И.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд Сургалтын менежер албан тушаалтай ажилладаг байсан бөгөөд ажил үүрэгтэй хайхрамжгүй хандаж багш нарын журналыг цаг тухай бүрд хөтлөөгүй, ажлын тайлангаа зохих хугацаанд хүргүүлээгүй, анги дэвших болон улсын шалгалт зохион байгуулах ажлыг холбогдох журмын дагуу гүйцэтгээгүйн улмаас 2024 оны 06 сарын 14-ний өдрийн Б/30 дугаартай захирлын тушаалаар албан тушаал бууруулж И.*******ыг Орос хэлний багшаар томилсон байдаг.

Тус хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн зүгээс нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэн хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулан үндэслэлгүй шийдвэр гаргасан болох нь дараах байдлаар нотлогдож байна.

1. Сургалтын менежер Анги дэвших болон улсын шалгалт-ыг удирдан зохион байгуулах тухай: Боловсролын ерөнхий газрын дарга болон Боловсролын үнэлгээний төвийн захирал нарын баталсан 2023-2024 оны хичээлийн жилийн Анги дэвших, улсын шалгалт зохион байгуулах удирдамжийг Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.*******т ирүүлсэн байдаг. Тус журмыг үндэслэж захирал Г.******* нь тушаал гарган Анги дэвших болон улсын шалгалт-ын зохион байгуулах багийг томилсон билээ. Ингэхдээ журмын 6.1.3- т зааснаар Комиссын дарга нь сургалтын менежер байх бөгөөд заах аргын нэгдлийн ахлагч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш нарыг оролцуулна гэснийг үндэслэсэн юм. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын Сайдын 2018 оны 06 сарын 29-ний өдрийн А/425 дугаар тушаал Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам -н 4.5. Анги дэвших болон Улсын шалгалт зохион байгуулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар томилогдсон Шалгалтын комисс зохион байгуулна. Комиссын дарга нь Сургуулийн захирал байх бөгөөд....... гэснийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдсэн. Гэтэл Боловсролын ерөнхий газраас жил бүр тухайн шалгалтын үйл ажиллагааны нөхцөлийг сайжруулах зорилгоор Анги дэвших болон улсын шалгалт зохион байгуулах удирдамжийг хуульд нийцүүлэн ирүүлснийг үндэслэн захирал Г.******* тушаал гарган шалгалт зохион байгуулах комисс баталсныг буруутгах аргагүй юм. Харин хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар гүйцэтгэхээс татгалзсан, санаатайгаар шалгалтын үйл явцад саад учруулсан И.*******д хөдөлмөрийн сахилгын арга хэмжээг авсан нь үндэслэлтэй болно.

2. Шүүхийн журмаар нотлох баримтад үзлэг хийх ажиллагааг зохих журмын дагуу биелүүлээгүй тухай: Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн хурлаар Анги дэвших болон улсын шалгалт-ын комиссыг томилох болон И.*******д сахилгын арга хэмжээ авах үед албан ёсоор дуу хоолойны бичлэг хийж, протокол хөтөлсөн байдаг. Тухайн бичлэг дээр ярьж буй хүмүүс Г.******* И.******* мөн болохыг хоёр тал баталж маргадаггүй болно. Гэтэл шүүхийн зүгээс тус бичлэгт үзлэг хийхдээ хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс зайлшгүй тодруулахаар заасан хэсгүүдийг үзлэгт бичгийн хэлбэрээр баталгаажуулаагүй болно. Энэ нь хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэх боломжгүй нөхцөлийг бүрдүүлж, хариуцагч талаас ижил тэгш байдлаар мэтгэлцэх нөхцөлөөр бүрэн хангаагүй гэх үндэслэлтэй юм.

3. Дүгнэлт: Анхан шатны шүүхэд цугларсан нотлох баримтуудын үндсэн дээр ажилтан И.******* нь журналыг буруу хөтөлсөн, тайлангаа цаг хугацаанд өгөөгүй, анги дэвших болон улсын шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд оролцоогүй болох нь бичмэл нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг түүнчлэн бүр өөрийнх нь шүүхэд гаргасан тайлбаруудаар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын Сайдын 2018 оны 06 сарын 29-ний өдрийн А/425 дугаар тушаал Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам-н 4.5. Анги дэвших болон Улсын шалгалт зохион байгуулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар томилогдсон Шалгалтын комисс зохион байгуулна. Комиссын дарга нь Сургуулийн захирал байх... гэсэн хэсгийг л үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь уг хуулийн хүрээнд сургуулийн захирал бүхий л үе шатанд тухайн сургуулийн үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллах бөгөөд дээд албан тушаалтнуудын өгсөн чиглэлийн дагуу Анги дэвших, улсын шалгалт зохион байгуулах удирдамжийг үндэслэн шалгалтын комиссын гишүүдээ томилсон. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 149/ШШ2025/00130 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шүүх нотлох баримтыг үнэлээгүй биш, хэрэгт авагдсан баримтыг буцааж өгчихсөн. Шүүх хуралдааны бичлэгийг үзэхэд ямар ч байсан нотлох баримтыг өгсөн юм байна. Шүүх хүлээж авлаа гэж тэмдэглэл дээрээ дурдсан. ... Хэрэгт авагдсан баримтууд дандаа канондсон хувилбар байсан. Сүүлд өгсөн 21 хуудас баримт нь нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд өгсөн байдаг. Давхацсан байсан нь өмнөх баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй байсан. Уг байдлыг шүүгч ойлгохдоо давхацсан байна. Өмгөөлөгч хоорондоо ярилцаад авчих гэсэн байдлаар хурал явж байна. Өмгөөлөгч нар нэгэнт шүүх хуралдаанд нотлох баримтаар өгчихсөн байвал өмгөөлөгч нар хоорондоо ярилцаж авна гэх ойлголт огт байхгүй. Тийм хуулийн зохицуулалт байхгүй. Авсан, аваагүй нь мэдэгдэхгүй шүүх хуралдаан үргэлжлээд явчихсан. Өмгөөлөгчийн яриад байгаа гол хуралдааны тэмдэглэл, нотлох баримт хангаж өгсөн нотлох баримтыг бүгдийг нь буцаагаад өгчихсөн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Уг материалыг яг авсан уу, үгүй юу гэдэг зүйлийг ярих гээд байх шиг байна. Шүүх хуралдааныг ямар нэгэн шалтгаанаар хойшлуулж байгаа. Хойшлох хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа процессын дагуу өгсөн баримтыг авна, буцаана. Шүүх хуралдаан үргэлжилсэн тохиолдолд баримт давхацсан байна гэж үзвэл шүүгчээс ямар нэгэн захирамж гарах ёстой. Энэ нь ямар нэгэн процессын алдаа огт биш. Г.Амартүвшин шүүгч анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/30 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан Нийгмийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, үүссэн албан тушаал бууруулсантай холбоотой үүссэн албан тушаалын цалингийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллагын захирал нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч сургуулийн захирал Г.******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын зүгээс ...Анхан шатны шүүх хуралдаан дээр 21 хуудас баримт гаргаж өгснийг тухайн үедээ авсан боловч шүүх хуралдаан дээр хэрхэн үнэлсэн талаараа ярилцаагүй, шийдвэртээ энэ талаар тусгаагүй ба харин шүүхийн шийдвэр гарсны дараа бидэнд ямар ч баримт үйлдэлгүйгээр буцаан өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү... гэж тайлбарласан.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргаж өгсөн 212 хуудас, хариуцагч түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргаж өгсөн 21 хуудас нотлох баримтуудыг хүлээн авч шүүх хуралдааныг түр хугацаагаар буюу тухайн өдрийн 15 цаг 30 минут хүртэл хойшлуулан талууд нотлох баримтуудтай танилцах, нотлох баримтууд давхардсан тохиолдолд буцаан авах талаар ярилцан хойшлуулсан боловч эргэж шүүх хуралдаан үргэлжлэх үедээ аль талаас өгсөн нотлох баримтуудыг хүлээн авсан, алийг нь давхардсан, эсхүл зохигчдоос өгсөн нотлох баримтуудаас ямар баримтуудыг шүүх хүлээн авч, ямар үндэслэлээр баримтуудаас заримыг хүлээн авахгүйгээр буцааж байгаа талаараа тодорхой тайлбарлахгүйгээр шүүх хуралдаанаа үргэлжлүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэртээ шүүх хуралдааны явцад зохигчдоос ирүүлсэн нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн, аль баримтыг хэрхэн үнэлээгүй болон урьд гаргаж өгсөн баримтуудаас ямар баримтууд нь давхардсан, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлээгүй талаараа шүүхийн шийдвэртээ тусгаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл зохигчдын гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх алийг нь хүлээн авч шийдвэрийн үндэслэл болсон эсэх нь тодорхойгүй, мөн хариуцагчид шүүх хуралдаан дууссанаас хойш ямар нэгэн баримт үйлдэхгүйгээр нотлох баримтыг хэрхэн яагаад буцааж өгсөн эсэх нь хэний шийдвэрээр хэрхэн буцаасан эсэхийг тодруулахгүйгээр цааш эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж, 40.3-д Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан.

5. Дээрх байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэл болж байх тул давж заалдах шатны шүүхээс дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 149/ШШ2025/00130 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Bottom of Form