| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0718/Э |
| Дугаар | 746 |
| Огноо | 2019-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 746
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Д.Нямбат, шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Готов овогт Д.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908026580964 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Готов овогт Д.Т, Монгол улсын иргэн, 1968 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ирээдүй цогцолборын 2 дугаар дунд сургуульд үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар ...хорооны дугаар ..... оршин суудаг, регистрийн дугаар ...., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр, .. дугаар байрны ... тоотод Ө.М“маргаан хийлээ” гэх шалтгаанаар шанагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Г овогт Д.Т нь 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр, .. дугаар байрны .. тоотод Ө.М“маргаан хийлээ” гэх шалтгаанаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Тын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Ө.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай ээж Ө, ах Стын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны 270 тоотод амьдардаг юм. Би тусдаа амьдардаг. Тухайн өдөр 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хувцас угаах зорилгоор ээжийн гэрт ортол ах Ст зүс таних Д.Т гэх хүнтэй архи уугаад сууж байсан. Ст халамцуу намайг хөөхөөр нь уурлаад танай гэрт байгаа юу? Битгий давраад байгаарай гэж хэлсэн. Тэгээд ах хөөгөөд намайг чирч гаргах гэтэл жижиг өрөөнөөс Т гэх эмэгтэй гарч ирсэн. Уг эмэгтэйг ээжийн гэрийн жижиг өрөөнд байгааг мэдээгүй байсан. Шанага аваад намайг балбаад эхэлсэн. Толгойн тус газар 4-5 удаа шанагаар цохисон. Гараараа хаах гэтэл гарын алга, сарвуу цохиод байсан. Тэр эмэгтэй би энэ хүнийг эмчилж байгаа гэж хэлсэн. Үсдэж дараад уруул руу өвдөглөөд сэтэлсэн. Манай ээж орилоод болиулаад нэг харахад Т гэх эмэгтэй гараад явсан. Манай ээж түргэн болон цагдаа дуудаад би өргөдөл гаргах болсон. Эм тариа авсан 600.000 төгрөг нэхэмжилнэ. ...надад учирсан гэмтлийг гэмтлийг Т гэх эмэгтэй учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас);
3. Гэрч Ө.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С гэх хүн манай төрсөн ах, ээж Ө хамт амьдардаг. Т гэх эмэгтэй манай байранд амьдардаг. Сүүлийн 1-2 жил манай ахтай нийлж архи уудаг болсон. Энэ талаар ээж Ө сонссон, орой болгон архи уудаг. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа байхгүй, Т гэх эмэгтэй нөхөр хүүхэдтэй. Би Т уулзаж та одоо манай ахтай нийлж архи уухаа боль гэж хэлж байсан. үзсэн. ...2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед ээж Ө, дүү М нартай хамт ээжийн гэрт ороход С ах чи гэртээ харьж унт гэсэн, намайг дүү М өмөөрөөд танай гэрт байгаа юм уу? Эгч харанхуй шөнө яаж харих юм бэ? Хоноод яв гэж хэлсэн. Тэгээд М, С хоёр хоорондоо маргалдаад зогсож байтал гэнэт жижиг өрөөнөөс Т гарч ирээд дүү М шанагаар цохиод эхэлсэн. Мгийн толгой руу 3-4 удаа цохиод үсдэж байгаад 1 өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 28 дугаар хуудас/,
4. Гэрч Ш.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед өөрийн охин М, Э нарын хамт гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд С бага зэрэг согтуу байсан. Тэгээд М, Э нарыг гэрээс хөөсөн. Би гэрээс хөөхөөр нь охидыг минь битгий хөөгөөд бай гэсэн. Тэгтэл С Мг гэрээс хөөх гээд хоорондоо ноцолдож байхад жижиг өрөөнөөс Т согтуу гарч ирээд миний шанагыг аваад гараад ирсэн. Т тухайн үе жижиг өрөөнд согтуу шанагаар ус уугаад хэвтэж байсан бололтой. Тэгээд охин Ө.М шанагаар 3-4 удаа цохисон. Нэг харахад охин М гараараа хааж байсан. Зодуулаад охин маань өвдөөд сууж байхад үсдээд өшиглөсөн. Би охин Э хамтаар салгаад Т гэх эмэгтэйг хөөж явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/
5. Гэрч Ш.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... дүү Э гэртээ харьж амар нөхөр чинь хүлээж байгаа гэхэд М эгчийг гэрээс хөөлөө гэж орилоод муудалцаад хоорондоо муудалцсан. Тэгтэл Т гэр бүлийн маргааныг ойлгоогүй намайг өмөөрөөд Мг шанагаар хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай “..Ө.М-н биед дух, зүүн нүдний зовхи, зүүн шанаа, баруун сарвуу, зүүн шуунд цус хуралт, зовхи духанд зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч Д.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 45 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 40 дүгээр хуудас), нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-ийн 46-47 дугаар хуудас), Ирээдүй цогцолборын 2 дугаар дунд сургуулийн тодорхойлолт (хх-ийн 51 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ө.Мгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Д.Тын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ө.Мгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Д.Тыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ө.М нь хохиролд нийт 600.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч Ө.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Э.Намхайдагвад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд ач холбогдолтой байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Готов овогт Д.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Д.Т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ө.М нь нотлох баримтаа бүрдүүлэн хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Тт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА