Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1769

 

   “Х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/05693 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 54 808 905 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХ байр ХХ тоот хаягт байрлах 70.25 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнэ 50 000 000 төгрөгийн 70 хувь буюу 35 000 000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, ХХХХХ,

хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХХ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

 ХХ нь 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ХХХХХХХХгийн өмчлөлийн ХХХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХХХХХХХХХХ тоот хаягт байрлах ХХХХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай ХХХХХХХХ тоот гэрчилгээтэй 70.25 м.кв талбайтай 3 өрөө байрыг барьцаалан 50 000 000 төгрөг 12 сарын хугацаатай, 1 сард 4 хувийн хүүтэй зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Өргөдөл болон бусад холбогдох баримтыг тус ББСБ хянан үзээд ХХд 12 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 50 000 000 төгрөг 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгч, мөнгө хүлээлцсэн баримт дээр гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон ч ХХ нь өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байна. Иймд ХХэс үндсэн зээл 44 700 000 төгрөг, зээлийн хүү 8 617 853 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 478 052 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 54 808 905 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХийн шүүхэд гаргасан тайлбарт:

Миний бие "ХХХ" ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай бөгөөд "ХХХХХХ" ББСБ-аас өөрийн дүү ХХХХХХХгийн орон сууцыг итгэмжлэлээр барьцаалан зээл авсан нь үнэн болно. Зээлийг өөрийн компани "ТЭЦ"-ийн захиалгаар барьж буй барилгад хөрөнгө оруулалт хийсэн, энэ тухай анх зээл хүсэх өргөдөлд дурдсан бөгөөд би зээлийг зориулалтын дагуу ашигласан болно. Захиалагч тал төлбөрийн асуудлыг удаашруулан хүндрэл гарган тохиролцоонд хүрч чадахгүй байгаагаас зээлийн эргэн төлөлтөд доголдол гарч, зөрчил үүссэн болно. Мөн 10 000 000 төгрөгийг зээлээс хасаж тооцох байх гэж бодож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХХэс 54 808 905 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Х" ХХК-д олгож,

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг тус тус баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ХХХХХХХХгийн өмчлөлийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн  ХХХХХХХХХХХХ дүүрэг, ХХ  дугаар хороо, ХХХХХХХХХХ байрны ХХ тоот 70.25 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ХХХХХХХХнд даалгаж, уг орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 50 000 000 төгрөгийн 70 хувь буюу 35 000 000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч "Х" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431 995 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХэс 431 995 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ХХ давж заалдах гомдолдоо:

 Миний бие шүүх хуралдаанд "Х” ХХК-д урьд төлсөн 55 322 552 төгрөгөөс гадна сүүлд 10 000 000 төгрөгийг нэмж төлсөн байхад нэхэмжлэгч нь уг үнийн дүнгийн хэмжээгээр үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хасч тооцолгүй надаас илүү мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болохыг тайлбарласан. Шүүх миний тайлбарыг үнэлж дүгнэлгүйгээр орхигдуулж нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон. Хэдийгээр би "Х” ХХК-иас авсан 50 000 000 төгрөгийн зээлийг гэрээний хугацаанд бүрэн төлөөгүй боловч энэ хугацаанд өөрийн боломж бололцоогоор 55 322 552 төгрөгийг төлж тодорхой хэмжээгээр гэрээний үүргээ гүйцэтгэсэн. Гэтэл "Х” ХХК нь миний сүүлд нэмж төлсөн 10 000 000 төгрөгийг огт тооцолгүй, миний эрх ашгийг хохироож, үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа зорилгыг хэрэгжүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн "Х” ХХК нь нэхэмжлэлдээ "ХХХХХХХХгийн өмчлөлийн ... 3 өрөө орон сууцны анхны дуудлага худалдаанд орох үнийг 50 000 000 төгрөгийн 70 хувь буюу 35 000 000 төгрөгөөр тогтоож өгнө үү" гэсэн шаардлагыг гаргасан байдаг бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаар миний дүү ХХХХХХХХгийн хууль ёсны эрх, ашиг сонирхол илтэд хөндөгдсөөр байтал түүнийг гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнээс 10 000 000 төгрөгийг хасч тооцуулах талаарх миний гомдлыг хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/05693 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч "Х" ХХК нь үндсэн зээл 44 700 000 төгрөг, зээлийн хүү 8 617 853 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 478 052 төгрөг, нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 54 808 905 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, ХХХХХХХХХХХХ дүүрэг, ХХ  дугаар хороо, ХХХХХХХХХХ байрны ХХ тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнэ 50 000 000 төгрөгийн 70 хувь буюу 35 000 000 төгрөгөөр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “миний төлсөн 10 000 000 төгрөгийг хасч тооцоогүй” гэж маргажээ.

 

"Х" ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр ХХХХХХХХгийн өмчлөлийн ХХХХХХХХХХХХ дүүрэг, ХХ  дугаар хороо, ХХХХХХХХХХ байрны ХХ тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг барьцаалан ХХд 50 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч гэрээний хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох, зээл төлөгдөж дуустал хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгө хүүтэй зээлдүүлэх, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүлээх хариуцлагын талаар тохиролцсон зээл, барьцааны гэрээ нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй хариуцагчаас зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл, хугацаа хэтэрсэн үеийн хүү болон нэмэгдүүлсэн хүү гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгтийг нотлох баримтаар ирүүлсэн нь хэргийн 50-51 дүгээр талд авагдсан, уг баримтаас үзэхэд хариуцагч ХХ 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийтдээ 53 844 500 төгрөгийг төлсөн байх бөгөөд талууд үүнд маргаагүй, харин энэ дүн дээр нэмж 10 000 000 төгрөг төлөгдсөнийг нэхэмжлэгч үндсэн зээлээс хасч тооцоогүй гэж хариуцагч маргасан боловч тайлбараа баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан журмын дагуу хариуцагч тайлбараа нотолж чадаагүй, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

 ХХХХХХХХ нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр  хариуцагч ХХд олгосон, хэргийн оролцогч ХХХХХХХХг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.  

 

Харин шүүх хохиролтой холбоотой шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг хэрэглээгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад уг заалтыг нэмж, 2 дахь заалтад найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/05693 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 453 дугаар зүйлийн 453.1” гэсний дараа “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг тус тус баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн ХХХХХХХХХХХХ дүүрэг, ХХ  дугаар хороо, ХХХХХХХХХХ байрны ХХ тоот 70.25 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг ХХХХХХХХнд даалгаж, уг орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд орох үнийг 50 000 000 төгрөгийн 70 хувь буюу 35 000 000 төгрөгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                            ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                                               А.МӨНХЗУЛ