Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01477

 

“П Р”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн183/ШШ2017/01004  дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1517 дугаар магадлалтай,

“П Р”ХХК-ний нэхэмжлэлтэй

“И” ХХК-д холбогдох

26 813 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтуяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “П Р”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн Герман дахь төлөөлөгч “Изабелла Ромео Гомес” нь Дер Шпигель сэтгүүлд Монгол Улсын тухай нийтлэл гаргахаар Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж байгаа монголын компаниудын удирдлага, захирлуудтай уулзаж, хамтарч ажиллах санал солилцох, гэрээ байгуулах зорилгоор ажилласан. Энэ хугацаанд ““И”” ХХК-иас уулзах хүсэлт гаргасан ба түүнийг төлөөлөн гүйцэтгэх захирал О.Атэй уулзсан. Тэрээр Монгол Улс болон өөрийн компанийн талаар тусгай нийтлэлийг “Дер Шпигель” сэтгүүлд хэвлүүлэн гаргах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн. “П Р”ХХК-иас уг хүсэлтийг хүлээн авч, ““И”” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр монголын тухай тусгай сурвалжлага нийтлэл бэлдэж, “Дер Шпигель” сэтгүүлд хэвлүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд ““И”” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал О.А, “П Р”ХХК-ийг төлөөлж Изабелла Ромео Гомес нар гарын үсэг зурсан. Гэрээний талууд “Дер Шпигель” сэтгүүлд тусгай сурвалжлага нийтлэлийг хэвлүүлэх ажлын хөлсөө дараах байдлаар харилцан тохиролцсон. Үүнд нийт ажлын хөлс 12.000 евро байна, ““И”” ХХК нь ажлын хөлсний 50 хувийг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, үлдэгдэл төлбөрийг мөн оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус тус шилжүүлэхээр үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч талаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор хэвлэх материалаа бэлтгэх, захиалагч талын саналыг авах, саналын дагуу нийтлэхдээ нэмэлт өөрчлөлт оруулах, засварлах зэргээр үүргээ шударгаар биелүүлсэн. Хэвлэлтэнд өгөх материалыг ““И”” ХХК-д танилцуулж, саналыг нь авсан. Хариуцагчийн зүгээс бидний бэлтгэсэн сурвалжлага, нийтлэлийг 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр уншиж танилцан улмаар “хэвлэлд нийтлэх материалтай эцсийн байдлаар танилцав. Хэвлэхийг батлав” гэж гүйцэтгэх захирал О.Агарын үсгээ зурж баталгаажуулсан. Нэгэнт хариуцагчийн зүгээс нийтлэлийг “Дер Шпигель” сэтгүүлд хэвлүүлэх материалаа баталсан тул сэтгүүлд гаргахаар ажиллаж, улмаар 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Дер Шпигель” сэтгүүлийн 30 дугаарын 1-4 хуудсанд “Монгол Улс. Урагшаа давхихад бэлэн байна” гэсэн нэртэй сурвалжлага хэвлэгдэж, “П Р”ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэтэл ““И”” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, долоо хоногт 844.121 хувь хэвлэгдэн гардаг нэр хүндтэй олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болсон германд төдийгүй дэлхийн олон улс оронд түгээгдэж, олон тооны уншигчдад хүрдэг “Дер Шпигель” сэтгүүлд компанийхаа тухай хэвлүүлж гаргуулсан атал өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө өгөөгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс ажлын хөлсөө авах гэж удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч хүлээн аваагүй. Иймд ““И”” ХХК-иас ажлын хөлс 26.813.520 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч “И” ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “П Р”ХХК-ийн нийтэлсэн “Монгол Улс урагшаа давхихад бэлэн” гэсэн нийтлэл нь Монгол Улсын уул уурхайд оруулсан гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн салбар, аялал жуучлалын мэдээллийг нийтэлсэн байх ба тус нийтлэлийн 10 мөрөнд л ““И”” ХХК-ийн талаар нийтэлсэн байдаг тул манайхаас нэхэмжилж буй 26 813 520 төгрөгийн төлбөртэй дүйцэхгүй. Мөн энэ нийтлэлд дан ганц ““И”” ХХК-ийн талаар нийтлээгүй бөгөөд нэр бүхий 14 аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн талаар дурдсан. О.Ань ““И”” ХХК-ийг төлөөлж уг гэрээг байгуулсан ба англи хэл мэдэхгүйн улмаас 26 813 520 төгрөг төлнө гэдгийг ойлгоогүй, мэдээгүй. Мөн гэрээ байгуулах үед ““И”” ХХК нь байгуулагдаагүй байсан ба гэрээ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, үнийг еврогоор тохиролцож байгуулсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01004 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ““И”” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 26.813.520 төгрөг гаргуулан “П Р”ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 018 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-иас 292 018 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П Р”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1517 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ““И”” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 26 813 520 төгрөг гаргуулах тухай “П Р”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ““И”” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 018 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтуяа хяналтын гомдолдоо: “П Р”ХХК-ийн нэхэмжлэлтэй “И” ХХК-д гэрээний үүрэг гүйцэтгүүлэх, 26 820 518 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Давж Заалдах Шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 1517 дугаартай магадлалыг эс зөвшөөрч "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 172.1 дүгээр зүйл болон 172.2.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж нэхэмжлэгч үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй, зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгуй, хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хариуцагч “И” ХХК, түүнийг төлөөлж ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсгээ зурсан Захирал О.Агэрээгээр үүрэг хүлээснээ энэ маргаанаа урьд нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлүүлж байхдаа (Баянзүрх дүүргийн 2016.1.4 101/Ш32016/0558 шүүгчийн захирамж) огт эсэргүүцэж байгаагүй, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх болон Давж заалдах шатны шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч байсан. Хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч дээрхи хугацаа болон шүүх хуралдаан болох хугацаа хүртэл 9 сар 12 хоногийн турш хариу тайлбараа ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрсөн билээ. Мөн ганц ч нотлох баримт өгөөгүйг бас тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт "Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно", мөн УДШ-ийн 2008 оны 10-р сарын 10-ны өдрийн зөвлөмжийн 2.4 зааснаар "нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал эсэргүүцээгүй, хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбараа өгөөгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно" гэсэн үр дагаварт хүргэсэн байдлыг давж заалдах шатны шүүх огт анхаарсангүй. Энэ нь дараах байдлаар нотлогдоно:хариуцагч тал анхан шатны шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байхад давж заалдах шат шүүх магадлалын 2-р хуудсанд "Хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамбаа шүүхэд болон шүүх хүралдаанд гаргасан тайлбартаа... гэж тэмдэглэсэн. Хавтаст хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй зүйлийг шүүхийн шийдвэрт үндэслэл болгож бичсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч хариу тайлбар, татгалзлаа нотлох баримтуудын хамт шүүхэд өгөөгүйгээс шүүх хуралдаанд талууд шудрагаар мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, нэхэмжлэгчийн өөрийн шаардлага нотлохын тулд бүхий л баримт, үйл явдлаа шүүхэд гаргаж өгсөн байхад нөгөө тал ямар ч хариу тайлбар ирүүлээгүй, шаардлагыг эсэргүүцээгүй шууд хуралдаанд орж ирж тайлбараа гаргасан нь талууд хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх үүрэгтэй оролцох байдлыг алдагдуулснаар шүүхээс гарах шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэсэн зарчимтай нийцэхгүй болжээ. Бусдын өмнө үүрэг хүлээсэн болох нь баримтаар тогтоогдсон этгээд тухайн үүргийг хүлээх үндэслэлгүй болохоо, үүрэг биелүүлээгүй явдалд гэм буруугүй болохоо нотолсон тохиолдолд үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл үүсдэг тул энэ байдлыг нотлоогүй байхад “И” ХХК-нийг хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурахдаа О.Акомпанийн захирал гэж явсан, Дер Шпигельд сэтгүүлд компанийн эрхэлдэг үйл ажиллагааны талаар хэвлүүлсэн төдийгүй, өөрийгөө “И” компанийн захирал мөн гэж бүр зургаа хүртэл тавьсан, компаниа бүртгүүлсэн нь О.А, энэ компанид одоог хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад Давж заалдах шатны шүүх О.Амартүвшингээс иргэний хувиар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Анхан шатны шүүх "гэрээ байгуулах үед “И” ХХК бүртгүүлээгүй байсан боловч дараа нь О.А“И” ХХК-ийн байгуулсан, хариуцагчаар татагдсан нь “И” ХХК, захирал О.Амартүвшингийн “П Р”ХХК-тай 2014-2-24 өдөр ажлын гэрээ байгуулсан тайлбар, Улсын бүртгэлийн лавлагаан үндэслэн Иргэний хуулийн 53.1 заасныг баримтлан нотлогдсон" гэж дүгнэсэн байхад Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнээгүй атлаа анхан шатны шийдвэрийг шууд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Анхан шатны шүүх зохигчдын гаргаж өгсөн бичгийн нотлох баримт, зохигчдын мэтгэлцээн болон нотлох баримтыг шинжлэн судалж шийдвэрээ хууль ёсны дагуу гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгож шийдвэрээ гаргасан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх түхай хүулийн 116 дугаар зүйлийн 116,2, 116.3 дахь хэсэгт заасан хууль ёсны шийдвэр байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр ямар учраас буруу болсныг дүгнээгүй. Магадлалын хянавал хэсэгтээ анхан шатны шийдвэрийг зөвтгөж өөрчлөх шаардлагтай гэж бичсэн боловч өөрчилж зөвтгөөгүй тогтоо хэсэгт шууд хүчингүй болгосон нь ИХШХШХ-ийн 172-р зүйлд заасныг зөрчжээ. Иймд Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7-р сарын 3-ны 1517 дугаар магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг бодитой үнэлээгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэх гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “П Р”ХХК нь хариуцагч ““И”” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26 813 520 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...гэрээ байгуулагдах үед “И” ХХК байгуулагдаагүй байсан, гэрээг англи хэл дээр байгуулсан тул О.Абүрэн ойлгоогүй, сэтгүүлд өөр компани, хувь хүний талаар мэдээлж, манай компанийн талаар 10 мөр мэдээлэл байдаг тул 12 000 еврогийн төлбөр дүйцэхгүй ...” гэсэн үндэслэл зааж, маргажээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо гэрээг байгуулах үед “И” ХХКомпани байгуулагдаагүй байсан, зохигчдын хооронд үүрэг үүсээгүй гэж үзжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн  “Сурталчилгааны ажлын гэрээнд зааснаар “П Р”ХХК нь Герман улсын Дер шпигель сэтгүүлд Монголын тухай сурвалжлагийг 1/2 30.8см x 50см хэмжээтэй нийтлүүлж гаргах, ““И”” ХХК-ний гүйцэтгэх захирал О.Аажлын хөлсөнд 12 000 евро төлөхийг тохиролцож, уг гэрээнд ажил гүйцэтгэгч талаас “П Р”ХХКомпани, захиалагч ““И”” ХХК-ийг төлөөлж О.Агэж гарын үсэг зуржээ. Улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд ““И”” ХХКомпанийг О.А, У.Аззаяа, С.Ууганбаяр нар байгуулж, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба гүйцэтгэх захирлаар О.А-г томилсон байна.

Гэрээг байгуулах үед “И” ХХКомпани улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан боловч 2014 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн Дер шпигэль сэтгүүлд “И” ХХКомпанийн талаар сурталчилгаа нийтлэгдсэн, “Миний бие захиалсан ажлаа шалган нягталсан бөгөөд эцсийн байдлаар гаргасан хувилбар нь миний хэрэгцээг бүрэн хангаж байх тул хэвлэн нийтлэхийг батлав” гэсэн агуулгатай “И” ХХК-ний гүйцэтгэх захирал гэж О.А-гийн гарын үсэг бүхий батламж, “И” ХХКомпанийн хаяг, зургийг баталгаажуулан өгсөн фото зураг зэрэг баримтуудаар зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан, гэрээ биелэгдсэн  болохыг давж заалдах шатны шүүх дүгнэж чадаагүй нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцээгүй байна. Ирээдүйд байгуулах хуулийн этгээдийг сурталчлах зорилгоор О.Ань гэрээг байгуулсан, тухайн компанийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар томилогдсон нь баримтаар тогтоогдсон, зохигчдын байгуулсан гэрээний зорилго биелэгдсэн тул нэхэмжлэгч нь ажлын хөлс шаардах эрхтэй байна.

Зохигчдын байгуулсан гэрээний 5.1.1-д энэхүү гэрээ нь Олон улсын бараа бүтээгдэхүүний худалдааны арбитраар томилогдсон нэг /1/ Арбитрчаар шийдвэрлэгдэнэ.  гэж заасан боловч зохигчид шүүхийн харъяалалыг маргаагүй тул гэрээгээр тохирсон тохиролцоог харилцан тохирч, өөрчилсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд маргааны үйл баримтыг үндэслэлтэй тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1517 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА