| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0256/З |
| Дугаар | 001/ХТ2026/0012 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2026/0012
Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0468 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2025/0649 дүгээр магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2025/0563 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Б.У, Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
3.Хариуцагчийн хариу тайлбар: “ ... Хяналт шалгалтын хүрээнд нэхэмжлэгч М.Б нь Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгчээр ажилладаг байсан бөгөөд тухайн шалгалтаар болон нотлох баримтаар хавсарган гаргаж өгсөн зөрчлүүд илэрсэн байдаг. Илэрсэн зөрчлийг арилгуулах тухай хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг явуулахад 13 зөрчлөөс 3 зөрчлийг арилгаж, бусад зөрчлийг арилгаагүй бөгөөд, энэ талаараа ирүүлсэн илтгэх хуудастаа хүлээн зөвшөөрсөн байдаг” гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.
4.Хэргийн нөхцөл байдал:
4.1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/297 дугаар тушаалаар М.Б нь Б дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт улсын бүртгэгчээр томилогдон ажиллаж байжээ.
4.2.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн удирдамжаар Б, Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 он, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацааны бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагааг хамруулан хяналт шалгалт хийх, шалгалтын үр дүнг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга буюу ерөнхий байцаагчид илтгэх хуудсаар танилцуулахаар баталжээ. Ажлын хэсгийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн илтгэх хуудсыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Б-д танилцуулсан байна.
4.3.Улмаар Улсын бүртгэлийн ерөнхийн газрын Хяналт шалгалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 135 дугаар албан бичгээр “… илтгэх хуудаст дурдсан нэр бүхий албан хаагчид Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан хариуцлага тооцох санал” хүргүүлжээ.
4.4.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар М.Б-г албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь дотоод хяналт шалгалт болон өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон гэж мөн өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:
5.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Тушаалд засвар оруулах тухай” Б/164 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 дугаар М.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийслэлийн Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцон олгож, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн.
5.2.Шүүх дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.
5.2.2. ... Хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад харгалзан үзэх асуудал нь тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдлыг харгалзаж үзэхээр байх ба нэхэмжлэгчийн тухайд дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн 13 зөрчлийн 7 зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа гэж тайлбарлан сонсох ажиллагааг хийж, албан тушаалтын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтад заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь сонгох боломжийг хариуцагч буруу хэрэглэсэн байна.
5.2.3. ... Маргаан бүхий актад албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж тусгасныг авч дүгнэхэд энэхүү тохиолдлыг Төрийн албаны тухай хуулийн 45.1.1, 52 дугаар зүйлийн 52.2, 55 дугаар зүйлийн 55.2, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх журам-аар зохицуулахаар заасан байх ба уг журамд 3 удаа хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд ажлаас нь халахаар зохицуулсан байна.
5.2.4.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч М.Б нь 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлуулж, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2024 оны ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшнийг үнэлэх үнэлгээний хуудас-аар үнэлж, 94.78 буюу маш сайн үнэлгээний ангилалд хамруулан дүгнэсэн.
5.2.5. ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.Ариунболдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 752 дугаар албан бичгээр “... Б дүүргийн УБХ-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн улсын бүртгэгч нарын 65 зөрчлийн хүрээнд арилгах арга хэмжээ авч, улсын бүртгэлийн хууль тогтоомжид нийцүүлэн ажилласан байна /хавсралтаар тайлан хүргүүлэв/” хүргүүлсэн байхад ... /маргаан бүхий/ актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д ... /захиргааны үйл ажиллагаа нь/ зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага албан тушаалтан шийдвэр гаргахдаа тухайн алдаа зөрчил арилсан эсэх талаарх бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй.
5.2.6.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арванзургаадугаар зүйлийн 3 дахь заалтад “... үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, ... өмчлөх ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг шүүх хэрэглэхгүй. ...” гэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.10-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б-ийн гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/73 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс эхлэн буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл тооцож олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгүүлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтийг хийжээ:
6.1.1. … Нэхэмжлэгч нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д тус тус заасныг зөрчсөн болох нь дотоод хяналт шалгалт болон түүнтэй холбоотой гарсан илтгэх хуудас, сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
6.1.2. ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4, 4.1.5, 11.1, 11.2, 11.8-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд мэдээлэл оруулахдаа тус мэдээллийг эх нотлох баримт бичигт үндэслэж үнэн зөв оруулах үүргээ биелүүлээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, ижил төрлийн зөрчлийг удаа дараа давтан гаргасан тул ... хариуцагчийн “зөрчлийн шинж байдал нь арилгах боломжгүй, 1 төрлийн алдааг давтан гаргасан” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй.
6.1.3.Анхан шатны шүүх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг Цэцийн дүгнэлт гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дах хэсэгт заасныг шүүх хэрэглэхгүй гэх дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.
6.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 06 дугаар дүгнэлтээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Арванзургаадугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн гэж үзэн тус заалтыг Цэцийн дүгнэлт гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/73 дугаар тушаал гарсан тухайн цаг хугацаанд хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид уг акт нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх ёстой. ...” гэжээ.
7.Хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга:
7.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүү болон цаашид хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой хяналтын гомдлын үндэслэлүүд: “Үндсэн хууль зөрчсөн” хуулийн заалтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрхэн хэрэглэх талаар зөрүүтэй тайлбарлаж буй бөгөөд уг асуудалд Монгол Улсын дээд шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэх замаар хууль зүйн тайлбар өгөх нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байна.
7.2. ... Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас үнийн дүнг харж үйлдэл хийдэг нотариатын хийсэн гэрээний дүнгээр, М.Б-г гэрчилгээ гаргахаас өмнө мэдүүлэг, бусад баримтыг хүлээн авсан улсын бүртгэгч нарын “мэдүүлгийн хуудас” дээрх цахим сангаас автоматаар бууж ирдэг “үнийн дүн”-ээс харж болох бөгөөд энэ талаарх анхан шатны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хариуцагч нь маргаж буй зөрчлийн нарийн шалгаж тогтоогоогүй болно.
7.3. ...Хууль хэрэглээний зөрүү: Уг “үнийн дүн бууруулж бүртгэсэн” гэх буруутгаж буй 3/гурав/ асуудал үйлдэгдсэн гэх үед Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй” гэх заалт үйлчилж байсан ба: МУ-ын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 6 дугаар дүгнэлтээр “Үндсэн хууль зөрчсөн” гэж түдгэлзэж, МУ-ын УИХ-ын 7 дугаар сарын 4-ний өдрийн 66 дугаар тогтоолоор дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
7.4. ... Холбогдох хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь ажлаас халах сахилгын шийтгэл болох тохиолдолд хууль тогтоогчоос Төрийн албаны тухай хуульд “тусгайлан”, “ажлаас халах” үндэслэлүүдийг хууль тогтоомжид жагсаах зарчмаар дурдах шаардлагагүй байсан. Ийнхүү ажлаас халах үндэслэлийг жагсаан тоочсон хууль тогтоогчийн санаа нь “хэн ч хуульд заасан үндэслэлгүйгээр ажлаас халагдахгүй байх” Төрийн албан хаагчийн баталгааг хангах зорилготой. Холбогдох хууль тогтоомж зөрчих гэсэн ерөнхийлөх зарчмаар тайлбарлан хууль хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгааг анхааран авч хэлэлцэж өгнө үү ...” гэв.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2025/0563 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цахимаар танилцуулсан гэж тэмдэглэсэн байна. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
10.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
11.Маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар Төрийн албаны тухай 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасныг баримтлан Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч М.Бг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан, хэрэгт авагдсан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзэхэд, М.Б-ийн үйлдсэн гэх нийт арван гурван удаагийн зөрчлүүдээс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс өмнөх хугацааны зөрчлийг “шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж үзэж, харин тухайн хугацаанаас хойших зургаан зөрчилд холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулжээ.
12.Тодруулбал, маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч М.Б-д сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл нь “эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай бүртгэлд албан бичгийн хариуг цахимжуулаагүй, Ү-.... дугаартай бүртгэлд гэрчилгээний хуулбарыг цахимжуулаагүй, Ү-.... дугаартай эрхийн улсын бүртгэлийн өмчлөгчийн хувийг гэрээний дагуу тодорхойлж өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгаагүй, мөн Ү-...., Ү-...., Ү-.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох бүртгэлийг хийхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнг бууруулж бүртгэсэн” гэх зөрчлүүд болсон, М.Б нь өөрийн гаргасан дээрх зургаан зөрчлийн гурван зөрчлийг эрхийн улсын бүртгэлд цаасан мэдээллийг нөхөн оруулах, бүртгэлд өмчлөгчийн хувийг тусгах зэргээр хожим арилгасан, талууд энэ талаар маргаагүй байна.
13.Харин нэхэмжлэгч М.Б нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй” гэснийг зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхдээ эд хөрөнгийн үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэсэн, уг үйлдлийг хариуцагчаас “зөрчил”-д тооцож М.Б-д сахилгын шийтгэл оногдуулсан, үүний дараа нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар дүгнэлтээр “Үндсэн хууль зөрчсөн” гэж үзэж түдгэлзүүлсэн, улмаар Улсын Их Хурлын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, мөн өдрөөс уг хуулийн үл хөдлөх хөрөнгийг “хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй” гэх зохицуулалт нь эрх зүйн үйлчлэлгүй болжээ.
14.Энэ маргааны тухайд, хяналтын шатны шүүхээс шийдвэрлэвэл зохих асуудал нь төрийн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон хуулийн заалт нь Үндсэн хуульд нийцээгүйн улмаас хожим буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчингүй болсон тохиолдолд шүүх холбогдох хуулийн зохицуулалтыг хэрхэн тайлбарлан хэрэглэх тухай асуудал байна.
15.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар дүгнэлт, Улсын Их Хурлын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаар тогтоол гарахаас өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалт буюу “Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй” гэснийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч мөрдөх үүрэгтэй, хяналт шалгалтаар илэрсэн 2024 онд Ү-...., Ү-...., Ү-.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдэд холбогдох улсын бүртгэлийг үйлдэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасныг зөрчиж бүртгэл хийсэн нь хуульд нийцээгүй, “зөрчил” мөн, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
16.Гэхдээ, М.Б-д сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон материаллаг эрх зүйн хэм хэмжээ буюу хуулийн уг заалтыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоолоор хожим хүчингүй болгосон, энэ тохиолдолд М.Б-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, тус газрын даргын 2025 оны Б/73 дугаар “М.Б-д сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсан” тушаалыг хүчингүй болгуулах маргааныг захиргааны хэргийн шүүхээс хянан шийдвэрлэхэд хүчингүй болсон хуулийн заалтыг хэрэглэхгүй.
17.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.Б нь дээрх байдлаар тухайн үед “хууль зөрчиж” бүртгэл хийсэн нь тогтоогдож байх боловч, “зөрчил гаргасан эсэх”, “шийтгэл тохирсон эсэх” асуудлаар захиргааны хэргийн шүүхэд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх явцад маргааны үндсэн үйл баримт болох улсын бүртгэгчийн хориглогдсон үйлдэл нь хуулиар “зөрчилд тооцогдохгүй” болсон байх тул шүүх хүчингүй болсон хуулийн заалтыг баримталж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, шүүхийн шийдвэр гарах үед хүчин төгөлдөр байгаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулиар зөрчилд тооцоогүй “үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулж бүртгэсэн” үйлдэлд төрийн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл буюу маргаан бүхий захиргааны актыг “хуульд нийцсэн” гэж шүүх дүгнэх боломжгүй.
18.Давж заалдах шатны шүүх “... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг Цэцийн дүгнэлт гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул шүүх маргаан бүхий тушаал гарсан тухайн цаг хугацаанд хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид уг акт нийцсэн” гэх агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу, хууль хэрэглээний талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь “хуульд үндэслэх”, “хууль дээдлэх зарчим”-д нийцэхгүй, харин анхан шатны шүүхийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт хийсэн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
19.Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж заасан, энэ тохиолдолд шүүх хүчингүй болсон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг хэрэглэж маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх боломжгүй, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ”, 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж тус тус зааснаас үзвэл шүүх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлан хэрэглэхдээ “сүүлд хүчин төгөлдөр болсон хууль”-ийн агуулга, үзэл санааг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой юм.
20.Түүнчлэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 001/ХТ2024/0072 дугаар тогтоолоор “... зөрчилд тооцохгүй болсон зөрчлийг өмнө үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, шийтгэлээс чөлөөлөх үндэслэлтэй ...” гэж дүгнэснийг хяналтын шатны шүүхээс хуулийг тайлбарлан хэрэглэсэн ижил төстэй тохиолдол гэж үзэх үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
21.Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2025/0649 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1” гэсний өмнө “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4, 11.5” гэж нэмэн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ