Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 10

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Г-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж- айгар овогт Б.Г- холбогдох эрүүгийн 1810014550000 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ... дугаар байрны гадна талын тоосгоор хийсэн хашааг хууль бусаар эвдэж гэмтээн 581.696 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Г- : “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  хохирогчийн  мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч С.А-: “...Намайг анх СӨХ-ийн даргын ажил авахад манай байрны гадна талын хашаа нурсан байдалтай байсан бөгөөд гадны ямар нэгэн халдлагаас хамгаалах зорилгоор хашаа барих санааг гаргаж оршин суугчдын хөрөнгөөр 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хашааг барих ажлыг хийсэн. 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 22 цаг 30 минутын үед байрны оршин суугч Ж- “... дугаар байрны гадна талын хашааг согтуу хүн нураагаад байна” гэж хэлж дуудлага өгсөн. Би 22 цаг 35 минутын үед ирсэн. Тэгтэл хашааны урд хэсэг, зүүн талын булангийн хэсэг, баруун талын хэсэг, баруун талын 3  дахь багана нурсан байсан. Тэгээд намайг ирэхэд Г- гэх хүн над руу дайрч давшилаад хашаа нурааж болохгүй гэх шаардлагыг хүлээн аваагүй. Уг хашааны төмөр материалыг 100 айл худалдааны төв дээр захиалгаар хийлгэсэн. “ЛТ” ХХК-иас зориулалтын багана хийх тоосго авч мэргэжлийн хүнээр бариулсан. Нийт 2.300.000 төгрөгөөр барилгын материалаа авч 200.000 төгрөгийг хөлсөнд өгсөн. Уг хашаа нь хүний гараар цохиод өшиглөх үед нурах боломжгүй, ямар нэгэн зүйлээр цохиж байж сулруулаад нураасан байх. Г- нь манай хашааг янзалж өгч хохирлыг барагдуулсан тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15,61 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Г- нь гэрчээр мэдүүлэхдээ: “...... дугаар байрны гадна очоод таксинаас буугаад хаалгаар нь ороод дотор муухайраад байхаар нь байрны гадна урд хэсгийн хашааны тоосгон баганыг хоёр гараараа тулаад зогсоход уг багана нь хөдөлж байсан. Тэгэхээр нь хүн дээр унаж магадгүй гээд цааш нь түлхээд нураасан. Ингээд тэр баганыг нураахад бусад багана болон төмөр хашаанууд нурж унасан. Тухайн үед манай дүү Б- миний хажууд явж байсан ба манай байрны Ш СӨХ-ийн ажилтан эмэгтэй гарч ирээд “чи яагаад хашаа нураачихваа” гэж хэлэхээр нь “хашаа чинь түлхэхэд нураад уначихлаа, муу баригдсан хашаа байна”  гэж хэлсэн. СӨХ-ийн эмэгтэй хашааг барихдаа арматур төмөр голд нь хийсэн гэж хэлсэн. Би өөрийн гэм буруутай үйлдлийг ойлгож ухамсарлаж байгаа бөгөөд уг хашааг янзална...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

“Д” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-29 дүгээр хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг

Шүүгдэгч Б.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хашааны хажуугаар явж байхдаа түлхэх үед нэг багана нь нурж нөгөө баганууд нь холбоотой байсан учир дагаж нурж унасан. Би хохирлыг бүрэн төлсөн бөгөөд хохирогчийг гомдол саналгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.Ганцогод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ... дугаар байрны гадна талын тоосгоор хийсэн хашааг хууль бусаар эвдэж гэмтээн 581.696 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/, хохирогч С.А-н мэдүүлэг /хх-ийн 14-15,61 дүгээр хуудас/,  “Д” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Б.Г- нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 132 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Г - нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх, шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан нөхцөл байдлыг нь тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүгдэгч Б.Г- нь “Ш” СӨХ-д учруулсан хохирол 581.696 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Ж- овогт Б.Г-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Г-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Г-д мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ