Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 207/ма2025/00119

 

2025 11 06 207/МА2025/00119

 

 

******ХХК-ийн

нэхэмжлэлтэй, хариуцагч Н.******т

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 312/ШШ2025/01748 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : ******ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.******т холбогдох,

“Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээний дагуу хариуцагч Н.******ээс 1,540,070 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй тусгайлсан журмын иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоогийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч ******цахимаар, хариуцагч Н.******, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоогийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******ХХК хариуцагч Н.******т холбогдуулан 1,540,070 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ “...Н.****** ажлын хариуцлага алдаж манай байгууллагад 1,540,070 төгрөгийн хохирол учруулсан...Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээний дагуу Н.******ээс 1,540,070 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон./хх1-5х/

 

Хариуцагч “...компани бидэнд импортоор орж ирсэн хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг борлуулж зарах үүрэг даалгавар өгсөн. Тэр бүтээгдэхүүнийг ажилчдад тарааж өгч бүгдийнх нь нэр дээр худалдаж авсан өр үүсгэж тэр бүтээгдэхүүнээ зарахыг шаардсан. Гэвч энэ бараанууд нь зарагдахгүй агуулах дээр нь үлдсэн” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан./хх59х/

3.  Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Н.****** ******ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ****** салбарт түгээгч жолоочоор, 2019 оны 08 дугаар сарын 01-нээс явуулын худалдааны төлөөлөгчөөр шилжин ажиллаж байгаад 2022 оны 07 дугаар сарын 21-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон байна./хх38-44, 50х/

4. Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх ба талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 3.1-д “ажилтан өөрийн буруугаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан бол сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээсэн зэргийг үл харгалзан эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлагыг хүлээнэ” гэж заажээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-д зааснаар хэргийн оролцогч нь бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй.Нэхэмжлэгч ******ХХК-ийн шүүхэд гаргасан хөдөлмөрийн гэрээ болон гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт зэрэг нотлох баримтууд нь хуулбар хувь байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна./хх38-40, 43х/

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжал шүүх хуралдаанд “...хариуцагч уг төлбөрийг 2022 онд үүсгэсэн” гэж, хариуцагч “...намайг 2022 онд ажлаас гарахад надад ямар ч дутагдал үүсээгүй байсан” гэж маргасан ба нэхэмжлэгч 2022, 2023 оны өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланг үндэслэн хохирол шаардаж байгаа./хх10-12х/

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 132.1.-д Ажил олгогч эд хөрөнгийн хохирлын хэмжээг тодорхойлохоос өмнө тухайн үеийн нөхцөл байдлыг шалгаж тогтоон, ажилтнаас тухайн хохирол учирсан үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тайлбараа бичгээр өгөхийг шаардах эрхтэй ба хэрэв ажилтан тайлбар өгөөгүй бол энэ тухай тэмдэглэл үйлдэхээр заасан.

Гэвч ажил олгогч тухайн үеийн нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, ажилтнаас тухайн хохирол учирсан үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тайлбар бичгээр аваагүй, тэмдэглэл үйлдээгүй атлаа өөрийн гаргасан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланг үндэслэн хохирол шаардсаныг бусад баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

8. Түүнчлэн нэхэмжлэгч 2022, 2023 онд учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2.-д заасан бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

9. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй, харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

10. Хэргийн 60, 61 дүгээр талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжалд хэргийн оролцогчийн эрх, үүрэг танилцуулж, гарын үсэг зуруулсан баримт авагдсан байх тул “...эрх, үүрэг тайлбарлаагүйгээс эрхээ хэрэгжүүлэх, үүргээ биелүүлэх боломж олгоогүй...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоогийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 312/ШШ2025/01748 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-д зааснаар ******ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.******ээс 1,540,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоогийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  39,592 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР

                                               ШҮҮГЧИД                                Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                            Р.ҮҮРИЙНТУЯА