| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00377/И |
| Дугаар | 207/МА2025/00120 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 207/МА2025/00120
2025 11 06 207/МА2025/00120
****** ХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Г.******т холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/00751 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ****** ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 45,204,134 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуагч Г.******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярлах, нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
****** ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
Зээлдэгч Г.****** нь манай ****** ХК-тай 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулаад 41,000,000 төгрөг авсан. Харилцагчийн гаргасан хүсэлтийг үндэслээд зээлийн тооцооллыг хийгээд харилцагч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тус зээлийг олгосон. Энэ зээлийг олгосноос хойш манай харилцагч үндсэн зээлд 800,000 төгрөг, зээлийн хүү 24,381.25 төгрөг нийтдээ 824,381.25 төгрөг төлсөн. Тэр хугацаанаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд удаа дараа хэтрүүлсэн зээл нь Монгол банкны ангиллаар чанаргүй буюу эргэлзээтэй зээлд ангилагдсан байгаа. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3. дахь заалт болон 1130110256 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 2025 оны 02-р сарын 11-ний өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 40,200,000=00 үндсэн зээл 8,766,666=62 зээлийн хүү 3,481,959=57 нэмэгдүүлсэн хүү 65,577=21 нийт 52,514,203=40 төгрөгийг Ганболд ******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ****** ХК нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа:
Үндсэн зээл 40,200,000 төгрөг, үндсэн хүү 4,877,615 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,519 төгрөг нийт 45,204,134 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын 7,310,069 төгрөгөөс татгалзаж байна гэжээ
Хариуцагч Г.******ын тайлбар, татгалзлын агуулга:
******-наас 2024 оны 07 сарын 03-нд зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээг 30 сарын хугацаатай авсан. Уг мөнгөөр өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлэх гэсэн боловч болсонгүй. Би мөнгөө төлнө өө. Гэхдээ надад жоохон хугацаа хэрэгтэй байна. Миний энэ байдлыг харж үзнэ үү. Үүнд: 1-т Манай эхнэр сахарын өвчтэй. Сар бүр эмчилгээтэй байдаг. Одоо 4 сар гарантай жирэмсэн. Онцгой хяналтанд байгаа, 2-т би 3 хүүхэдтэй том хүүхэд Улаанбаатар хотод оюутан, суралцдаг. 3-т 2 хүүхэд ЕБС-д сурдаг. ****** Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар Г.******ын арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү. Би гэртээ ганцаараа ажил хийдэг. Хөдөлмөрийн чадвартай ганц хүн нь юм аа. Миний дансны зарлагын хөдөлгөөнийг бүрэн хаах юм бол жирэмсэн эхнэр, бага насны хүүхдүүд, оюутан хүүхэд гээд намайг харж амьдарч байгаа хүмүүс яаж амьдрах болж байна аа. Миний эхнэр зүгээр ч нэг жирэмсэн биш сахартай онцгой хяналтанд хүүхэд тээж байгаа. Мөнгөө төлөхгүй гэж байгаа юм биш. Миний энэ байдлыг харж үзээд цалингаас минь 1,500,000 төгрөгийг хэрэгцээндээ захиран зарцуулах эрхтэйгээр үлдээж, үлдсэн цалинг минь хурааж хааж өгөхөөр шүүгчийн захирамжаа тусгаж өгч тусална уу гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/00751 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,204,134 төгрөгийг гаргуулж ****** ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,310,069 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 420,521 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 383,971 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****** ХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.****** давж заалдсан гомдолдоо:
“******” ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 41,000,000 төгрөг, жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан. Үүнээс үндсэн зээлээс 800,000 төгрөг, зээлийн хүү 24,381 төгрөг нийт 824,381 төгрөг төлсөн. Уг төлөлтийг хасч тооцон үндсэн зээлээс 40,200,000 төгрөг, үндсэн хүү 4,877,615 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,519 төгрөг нийт 45,204,134 төгрөг нэхэмжилсэн. 45,204,134 төгрөгөөс үндсэн зээл 40,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үндсэн хүү 4,877,615 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,519 төгрөгийг төлөх боломжгүй байна. Уг мөнгөөр өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлэх байсан ч бүтэлгүйтэн их хэмжээний өрөнд орсон. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Гэрээсээ ганцаараа ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг. Миний энэ байдлыг ойлгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа анхан шатны шүүх дээр багасгасан байгаа. Үүнд нь их баярлаж байгаа. Эхнэр дөнгөж төрсөн нялх биетэй ажил хийх боломжгүй. Миний боломж ийм байгаа учраас дахин багасгаж өгч тусална уу. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/00751 дугаартай шийдвэрийг 45,204,134 төгрөг гаргуулах гэснийг 40,200,000 төгрөг гаргуулан “******" ХК-д олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ****** ХК нь шүүхэд гаргасан “...2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 40,200,000 үндсэн зээл 8,766,666 зээлийн хүү 3,481,959 нэмэгдүүлсэн хүү 65,577 нийт 52,514,203 төгрөгийг Ганболдын ******аас гаргуулж өгнө үү...” гэх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ****** ХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,310,069 төгрөгөөс татгалзаж, 45,204,134 төгрөг болгон багасгасан, хариуцагч Г.****** нь “...зээл төлөхөө хүлээн зөвшөөрч байна, цалингаас 1,500,000 төгрөгийг хэрэгцээндээ захиран зарцуулах эрхтэйгээр үлдээж, үлдсэн цалинг зээлэнд авч туслана уу..” гэх тайлбар гаргасан байна.
Шүүх хариуцагч Г.******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,204,134 төгрөгийг гаргуулж ****** ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,310,069 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.****** нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч ****** ХК нь уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.-д зааснаар гэрээний хугацаа дуусахаас өмнө зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагчаас төлбөр 45,204,134 гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгч ****** ХК нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа “...хариуцагчаас үндсэн зээл 40,200,000 төгрөг, зээлийн хүү 8,766,666 төгрөг, зээлийн хүү 3,481,959, нэмэгдүүлсэн хүү 65,577 төгрөг, бүгд 52,514,203 төгрөг гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч ****** ХК нь зээлийн гэрээний үүргийн төлбөр нийт 45,204,134 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн гэж үзэхээр байна.
Гэтэл шүүх нэхэмжлэгч ****** ХК нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж багасгасан байгааг анхаарч үзээгүй, энэ талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 7,310,069 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт “...7,310,069 төгрөг”-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хасч, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Г.******ын гаргасан “...үндсэн зээлийн төлбөр 40,200,000 төгрөгийг гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлын тухайд: Зээлдэгч Г.****** нь Зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, тэрээр зээл олгогдсоноос хойш хугацаанд үндсэн зээлээс 800,000 төгрөг, зээлийн хүү 24,381 төгрөг бүгд 824,381 төгрөг төлсөн, үндсэн зээлийн төлбөрийн ихэнх хэсгийг төлөөгүй байх тул хариуцагчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцох боломжгүй тул давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/00751 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,204,134 төгрөгийг гаргуулж ****** ХК-д олгосугай...” гэж, өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Г.******ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,016 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ