Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2016/00304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,

            Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур сум Нарт багт оршин суух, Заачууд овогт Цэдэн-Ишийн Гантөмөр /РД:ИК74112714/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо 44 дүгээр байрны 36 тоотод оршин суух Харчин овогт Цэндээхүүгийн Саранцацралт /РД:УЮ76112606/-д холбогдох; зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,322,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Гантөмөр би 2014 оны 11 дүгээр сард зараар Ц.Саранцацралттай танилцаж, хамтран амьдрах тухай ярилцсан.Улаанбаатар хотод Эмээлтэд газар авна тэндээ хашаа бариад хамт амьдарна.Чи мөнгөө гаргачих гэхээр нь би дүүгээсээ 2,000,000 төгрөгийг зээлээд түүнд өгсөн.Тэгээд газар ч үгүй, мөнгө ч үгүй болсон.Би Саранцацралттай хамт амьдарна гэдэгт итгэж байсан. Надаас төрсөн өдрөө тэмдэглэнэ мөнгө хэрэгтэй байна гээд надаас 800,000 төгрөг аваад хэд хоногийн дараа 200,000 төгрөгийг нь миний дансанд Заяа гэх нэрээр буцаан шилжүүлсэн байсан. Ц.Саранцацралт нь тухайн үед Зүүн бүсийн цахилгаан дамжуулах төвд нярав хийдэг байсан ба цахилгааны кабель утас хямд авч ажилдаа шахмаар байна гээд мөнгө авсан. Би түүнд 26 удаагийн гүйлгээгээр нийт 4,962,000 төгрөгийг түүний Хаан банкны 5750311277 тоот дансаар шилжүүлсэн. Мөн Ц.Саранцацралт нь бэлнээр 40,000 төгрөг, миний хүсэлтээр дүү Ц.Ганзоригоор дамжуулан 200,000 төгрөг, дүү Ц.Цэрэндэжидээр дамжуулан 50,000 төгрөгийг тус тус авсан. Ц.Саранцацралт мөнгөө буцаан өгөлгүй өнөөдрийг хүрч байгаа бөгөөд түүнийг Заяа гэх нэрээр нь Хаан банкнаас асууж лавлахад Ц.Саранцацралт гэдэг болохыг мэдсэн ба Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж Тахарын Ерөнхий газраар эрэн сурвалжлуулж Саранцацралтын нэр хаягийг тодорхой болгосон болно. Саранцацралт нь тухайн үед хамтран амьдрахыг санал болгон, миний итгэлийг авч, улмаар итгэл эвдэж авсан мөнгөө буцаан төлөлгүй хохироосоор өнөөдрийг хүрч байна. Иймд Ц.Саранцацралтаас 5,252,000 төгрөг болон түүнийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн хамт нийт 5,322,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Саранцацралт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.Гантөмөрөөс мөнгө өг гэж шахаж шаардаагүй бөгөөд зээлж огт аваагүй, зээлийн гэрээ хийгээгүй болно. Харин Ц.Гантөмөр сайн дураараа дансаа өгчих цалин буусан мөнгө өгье сууж, нийлье гээд 26 удаа нийт 4,890,000 төгрөг бага багаар шилжүүлж байсан. Нэг удаа уулзахад үг яриа таарахгүй, зандарч элдэв юм ярихаар нь дахин уулзахгүй гэдгээ хэлж уг мөнгөнөөс нь 2015.09.10-нд 2,000,000 төгрөг, 200,000 төгрөг, 100,000 төгрөг, 150,000 төгрөг, нийт 2,450,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Миний утас байнга нээлттэй, хаяг тодорхой байхад өөрөө зугтсан гэж элдвээр гүтгэн эрэн сурвалжлуулсан. Иймд нийт төлбөр 4,890,000 төгрөгөөс 2,450,000 төгрөгийг төлсөн тул 2,440,000 төгрөгийг маргаангүй төлөх нь үнэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Гантөмөр хариуцагч Ц.Саранцацралтад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,962,000 төгрөг, дүү нараас зээлсэн 250,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг нийт 5,322,200 төгрөг  гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь: Миний бие Ц.Гантөмөрөөс мөнгө өг гэж шахаж шаардаагүй бөгөөд зээлж огт аваагүй, зээлийн гэрээ хийгээгүй болно. Харин Ц.Гантөмөр сайн дураараа дансаа өгчих цалин буусан мөнгө өгье, хамт амьдаръя, нийлье гээд 26 удаа нийт 4,890,000 төгрөг бага багаар шилжүүлж байсан. 2015.09.10-нд 2,000,000 төгрөг, 200,000 төгрөг, 100,000 төгрөг, 150,000 төгрөг, нийт 2,450,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Иймд нийт төлбөр 4,890,000 төгрөгөөс 2,450,000 төгрөгийг төлсөн тул 2,440,000 төгрөгийг маргаангүй төлөх нь үнэн болно гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн  492.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.Нэхэмжлэгч нь  хариуцагчийн Хаан банкны 5750311277 дансанд  2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 26 удаагийн шилжүүлгээр 4,962,000 төгрөгийг шилжүүлсэн нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүх, шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна./хх-ийн 5-13 дугаар тал/

Хариуцагч Ц.Саранцацрал нь нэхэмжлэгчийн Хаан банкны 5064488688 дансанд 2014.12.23-ны өдөр 200,000 төгрөг /Заяа нэрээр/, 2016.05.20-нд 100,000 төгрөг/Сувд нэрээр/, 2016.05.25-нд 150,000 төгрөг, нийт 450,000 төгрөгийг төлж барагдуулжээ. Нэхэмжлэгч хариуцагчийн 450,000 төгрөг төлсөнд маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,512,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох шийдвэрлэх нь үндэслэлтэй.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Хаан банкны 5750311277 данснаас 2015.09.10-ны өдөр Хаан банкны 5027463340 дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа дурдсан боловч энэ нь нэхэмжлэгчийн данс биш, Ц.Гантөмөрт өгсөн гэдгийг нотлох баримтаар нотлож чадаагүй болохыг дурдав.

2. Хариуцагч зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нэхэмжлэгчийн дүү Ц.Ганзоригоос 200,000 төгрөг, дүү Ц.Цэрэндэжидээс 50,000 төгрөг нийт 250,000 төгрөг  гаргуулах шаардлагын тухайд:

 Ц.Саранцацрал нэхэмжлэгчийн дүү Ц.Цэрэндэжид, Ц.Ганзориг нарын хооронд зээлийн гэрээний үүрэг үүссэн байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу Ц.Цэрэндэжид, Ц.Ганзориг нар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхийг нэхэмжлэгч Ц.Гантөмөрт олгоогүй, энэ талаар хавтас хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлгийн үед нотлож чадаагүй болно. Иймд нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 250,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээрх нөхцөл байдал нь хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед тогтоогдсон болохыг дурдав.

Гэрээний үүргийн биелэлтээс учирсан хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийг  нэхэмжлэгч итгэмжлэлийн дагуу шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах эсхүл гэрээ байгуулсан этгээдүүд нь шүүхэд өөрсдөө нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдах нь зүйтэй.

3.Хариуцагчийг эрэн сурвалжлахад зарцуулсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ  үзүүлсний төлөө зохигчдоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ’ гэж заажээ. Нэхэмжлэгч хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан  нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх бөгөөд энэ нь эрхийн маргаантай холбоогүй, эрх зүйн үйл явдал болон үйлдлийг шүүхээс тогтоох ажиллагаа болно.  Улсын тэмдэгтийн хураамж нь шүүхийн зардлын салшгүй нэг хэсэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарсан зардал гэж ойлгоно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан хариуцагчийг эрэн сурвалжлахад зарцуулсан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагчид шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг 2016.06.30-ны өдөр  мэдэгдсэн бөгөөд “хариуцагч өөрийг нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах’ тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн, тухайн үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага  болгон ТОГТООХ  нь:

  1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1 хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Харчин овгийн Цэндээхүүгийн Саранцацралт /РД:УЮ76112606/-аас үндэслэлгүйгээр олж авсан 4,512,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Заачууд овгийн Цэдэн-Ишийн Гантөмөр/РД:ИК74112714/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Саранцацралтаас улсын тэмдэгтийн хураамж 87,142 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Гантөмөрт олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ                                    Т.ГАНЧИМЭГ