Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/279

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2019  09 26                                           2019/ШЦТ/279

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхболд,Д.Хонгорзул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгайангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.М-т холбогдох эрүүгийн 1934001950143 дугаартай, 2 хавтаст хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, П.М, 1985 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, дүүгийн хамт оршин суух  тодорхой хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

1.Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайангийн 279 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар,

3.Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

4. Ховд аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар,

5. Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар,

6.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 58 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас хагас эдэлсэн 9 сар 12 хоногийн хорих ял дээр 6 сарын баривчлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцож нэмж биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 12 хоногийн хорих ялаар тогтоосон, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, 000000000 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгайангийн17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-тзаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч П.Мын өгсөн: 2016 оны 02 дугаар сарын дундуур би Улаанбаатар хотоос замын унаанд суугаад Төв аймагт хүнтэй уулзах гэж ирсэн. Тэгээд уулзах хүн маань байхгүй болохоор Төв аймгаар явж газар үзсэн. Тэгээд Төв аймгийн зүүн талын гэр хороолол руу очсон. Тэнд явах замаараа нэг давхар цагаан өнгийн байшинтай хашааны хаалга онгорхой айл байхаар нь харсан чинь дотор нь  хүн харагдаагүй. Ороод хаалгыг нь татахад цоожтой байхаар нь цонхоор нь ороод том өрөөнд нь байсан авдарны цоожийг татаад 4 ширхэг хурган дотортой дээл,2 хурган дотор байсныг нь аваад гарсан. Хойд таксины зогсоол гэх газарт ирээд замын хойд талд байх махны дэлгүүр рүү ороод дээлээ үзүүлээд дунд насны эрэгтэй хүнд бүгдийг нь 150 000 төгрөгөөр худалдаж авсан. Би мөнгөө бэлнээр аваад Улаанбаатар хот руу жижиг тэргэнд суугаад явсан.

2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Драгоны хот хоорондын авто тээврийн вокзалаас Төв аймаг явах гэж байгаа цэнхэр өнгийн приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад 11 цагийн үед гарсан. Тэгээд 12 цаг болж байхад Төв аймаг орж ирээд холбооны ард талд буусан. Буугаад шууд зах руу хорих ангид хамт ял эдэлж байсан Ганхуягтай уулзахаар явсан. Зах дээр очоод 3 хүнээс Ганхуягийн талаар асуухад хаана байгааг нь мэдэх хүн байгаагүй. Тэгсэн нэг 40-50 орчим насны эрэгтэй Бөхийн өргөөний урд талд байдаг дугуй засвараас очиж асуу гэсэн. Тэгэхээр нь би захаас гараад зам дагаж ахлаад Бөхийн өргөө өнгөрөөд явж байхад замын зүүн талд баруун тийш харсан ногоон өнгөтэй төмөр хаалгатай хашааны машин ордог хаалга нь онгорхой дотор нь хүн харагдахгүй байсан. Хүн харагдахгүй болохоор нь жорлонд нь орж бие засчхаад гарч цааш явж байшингийн хаалга талын цонхыг нь 3 удаа тогшсон. Дотроос нь хариу өгөхгүй байхаар нь байшингийн зүүн талын хашаа руу харсан цонхны жижиг цонхыг нь гараараа түлхэж онгойлгож байшин  дотор нь орсон. Байшин дотор ороод том өрөө рүү ороход урдаас харсан байсан шүүгээний хамгийн дээд талын тавиур дээр жижиг хар хайрцаг байсан. Тэр хайрцгийгаваад онгойлгож харахад дотор нь эмэгтэй хүний 1 хос монетон ээмэг, цэцгэн хээтэй нарийн бөгж 1 ширхэг, бас нэг жижиг хэмжээтэй бөгж байсан. Би хэлбэр дүрсийг нь санахгүй байна. Мөн хайрцаг дотор 2 ширхэг мөнгөлөг өнгийн гинж байсан. Хайрцагтай ээмэг, бөгжийг аваад цонхоороо буцаж гараад буцаад төв рүү чиглэлтэй явсан. Хойшоо гарч яваад 2 гудамж өнгөрөөд хайрцагнаас монетон ээмэг, 2 бөгжийг гаргаж аваад хайрцаг, гинжтэй хамт замын хажуу талд хаясан. Тэгээд цааш яваад холбоо ороод холбооны ард талаас Улаанбаатар хот явах приус маркийн тээврийн хэрэгсэлд суугаад явсан. Улаанбаатар хот ороод машины жолоочид монетон ээмгээ 120 000 төгрөгөөр зараад, хоёр бөгжийг 19-р хорооллын ломбардад жолоочийн бичиг баримтыг ашиглан 150 000 төгрөгөөр тавьсан. Хархорин захын ард талд интернет тоглоомын газар 3 цаг орчим тоглоод гэр лүүгээ харьсан.

7 хоног орчим амарч байгаад3-р сарын 23-нд дахиж Төв аймаг руу Буянт ухаа шинэ спорт ордны хажуу талаас жижиг тэргэнд суугаад явсан. Аймагт ирээд Холбооны ард талд буугаад аймгийн хойд талын гэр хороолол руу явсан. Уурын зуухны орчим явж байгаад ногоон өнгийн төмөр хаалгатай, улаан хүрэн өнгийн банзан хашаатай 2 давхар байшинтай эзэнгүй байхыг мэдээд хашааны хаалга нь түгжээгүй байхаар нь онгойлгож дотогш байшингийн баруун талд байсан төмөр цагаан хаалгатай гарааш руу орсон. Гараашийн хаалганд нөгөөн өнгийн цоожийг зүүгээд цоожлоогүй орхисон байсан. Дотор орохоор гараашийн баруун буланд тавиур дээр 1 хос монгол гутал, 1 ширхэг том дрилл, 1 ширхэг жижиг дрилл, 1 ширхэг гар дрилл, 22 ширхэг савтай шингэн байхаар нь аваад хашааны буланд тавиад дэлгүүрийн баруун талд байсан такси зогсоол дээрээс нэг жижиг тэрэгтэй ахтай уулзаад гэрээсээ юм аваад гарсан чинь дийлдэггүй, та дэлгүүр дээр хүргээд өгөөч гэж эхлээд 2000 төгрөг өгсөн. Тэгээд таксины зогсоолын хажуу талын дэлгүүр дээр ирээд хашаа янзалж байсан 54-55 насны орчим эрэгтэй хүнтэй хүнтэй уулзаад хямдхан багаж авах уу гэж асуусан. Тэгсэн тэр хүн харъя гэхээр нь би машинаас буулгаад тэр хүнд харуулсан чинь хашаа руу оруулаад тавьчих гэж хэлсэн. Хашаа руу оруулж тавиад 55 000 төгрөг тэр хүнээс авсан. Мөнгөө аваад шууд автобусны буудал орж хот хоорондын автобусанд сууж Улаанбаатар хот руу явсан. Би хамт ял эдэлж байсан Ганхуяг гэх хүнтэй уулзахаар ирсэн. Хамт ял эдэлж байхад гарахаараа ахтайгаа ирж уулзаарай ажилд оруулж өгнө гэж байсан. Тэгээд ажилд оруулж өгөхийг гуйхаар ирсэн. Би Төв аймагт эхний удаа ирээд Бөхийн өргөө өнгөрөөд явж байхдаа хашаа нь онгорхой, хүн харагдахгүй байхаар нь орж хулгай хийсэн. 2 дахь удаа ирэхдээ ба гудамжаар алхаж байхдаа эзэнгүй байгаа гэдгийг нь мэдээд орсон.

...Би өдрийг нь санахгүй байна. Төв аймагт хүнтэй уулзах гэж ирээд хүнтэйгээ уулзчихаад буцаад төв рүү явж байх замдаа хашааны хаалга нь онгорхой гэр нь цоожтой, хашаан дотор нохойгүй айл байхаар нь цоожийг нь татаж ороод гэрийг нь ороод гэрийн хойморт байсан тавиур дээр байсан хар хөх өнгийн нимгэн дэлгэцтэй зурагт байхаар нь аваад гарсан. Тэгээд зурагтыг ямар нэгэн зүйлээр ороолгүй шууд гэрээс авч гараад зам дагаж алхаад аймгийн төв рүү орж ирээд Андууд захын манаачид ах би ажилтай яараад байна орой ирээд авъя та харж байгаарай гэж хэлээд үлдээгээд Улаанбаатар хот руу таксинд суугаад явсан. Тэгээд тэрнээс хойш Төв аймаг руу орж ирээгүй. Би хот хоорондын такситай орж ирсэн. Би ганцхан зурагт л авсан. Өөр авсан зүйл байхгүй. Би өөрийнхөө зурагтыг гэр лүү авч явах гэсэн яаралтай ажилтай болчихлоо та түр харж байгаач гэж хэлээд үлдээсэн гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Б.Бын өгсөн: Манай хүү Мөнх 2018 оны 11 дүгээр сарын үеэр хөдөө мал руугаа явсан. Тэрнээс хойш би ганцаараа үлдсэн байсан болохоор гал түлж байх хэцүү болоод Бугатын байранд очиж амьдрах болсон. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би Бугатын байрнаас гараад Энхтайванд байдаг гэрийнхээ нохойг хооллохоор 14 цагийн үед очсон. Намайг очиход гараашийн хаалганы цоожийг эвдлээд буцаагаад зүүгээд орхисон байсан. Тэгээд гарааш руугаа орж үзэхэд дотор нь байсан 1 хос монгол гутал, 3 ширхэг дрилл, будаг шингэлэгчүүд алга болсон байсан. Би будаг шингэлэгчийн тоо хэмжээг нь санахгүй байна. Тэгээд Улаанбаатар хот руу эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болоод яваад өнөөдөр ирж мэдүүлэг өгч байна. Бүх дриллүүдийг Улаанбаатар хотоос авч байсан. Хэзээ хэдэн төгрөгөөр авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Харин Монгол гутлыг Нарантуул захаас 350 000 төгрөгөөр 2008 онд авч байсан. Төмөр лаазтай зүйлсийг хэдэн төгрөгөөр авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Гараашийн хаалга цоожтой байсан. Цоожийг нь эвдлээд орсон байсан. Би гэртээ орж үзэхэд алдагдсан зүйл мэдэгдээгүй. Би алдсан зүйлсээ буцааж олж авна. Монгол гутлыг 300 000, том дриллийг 250 000, 2 жижиг дриллийг тус бүрийг 200 000 төгрөгөөр үнэлж байна. Харин төмөр лаазтай шингэн зүйлүүдийг нэг ширхгийг 4000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 22 ширхэг байсангэх мэдүүлэг /1-р хх 29/,

 

Гэрч Д.Нямцэндийн өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос камер засдаг хүн авчирч дэлгүүрийн камераа засуулж байсан. Б.Б гэдэг хүн ганцаараа ирж засаж байсан. Б.Б нь хүнээс гутал, дрилл худалдаж авч байсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ намайг гарч харахад хашааны хажууд монгол гутал тавьчихсан байсан. Хар өнгөтэй их том гутал харагдаж байсан. Тухайн үед юун гутал талаар лавлаж асууж байгаагүй. Хоёр өдөр ажилласан. Ажлын хөлс гэж 50 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг /1-р хх 48/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Бийн өгсөн: Намайг Замт дэлгүүрийн хашааг засаж байхад цэнхэр өнгийн нимгэн куртиктэй намхан бор залуу ирээд би засварын ажил хийж байгаад дууссан. Төв аймагт ажил хийх гэсэн дургүй хүргээд байна та энэ багажнуудыг худалдаж авах уу гээд багажнуудаа үзүүлсэн. Би багажнуудыг үзэхэд гар дрилл 3 ширхэг, монгол гутал 1 хос, 2 цаасан хайрцагтай лаазтай шингэн байсан. Би тэр багажнуудыг 55 000 төгрөгөөр худалдаж авсан. Би 55 000 төгрөгөө нэхэмжилж байсан гэх мэдүүлэг /1-рхх 34/,

 

Хохирогч Д.Дгийн өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот руу явж Замын цагдаагийн урд талын байранд байдаг толгой сайн барьдаг гэх хүн дээр очсон. Тэндээ бид нар толгойгоо бариулчхаад гараад аймагт 14 цагийн үед ирсэн. Бид нарыг ирэхэд хашааны хаалга хаалттай дотогш ороход байшингийн зүүн талын хөшиг хөдөлчихсөн, цонх нь онгорхой байсан. Тэгээд хаалгаар орж үзэхэд том өрөөний тавиур дээр байсан хар саарал өнгийн хайрцагтай байсан 1 хос монетон ээмэг, хоёр ширхэг монетон бөгж, монетон гинж кулонтой, мөнгөн хослол зэрэг байсан. Тэгээд гэрт хулгайч орсон байна гэдгийг цагдаа руу дуудлага өгсөн. Эрэгтэй монетон бөгжийг манай хадам аав өгч байсан. Харин монетон гинжийг хосоор нь Зоос гоёлоос авч байсан. Бид нар огт нохой тэжээж байгаагүй. Цоожоор нь түгжилгүй хаагаад орхисонбайсан. Монетон бөгжийг 300 000, монетон гинж, ээмгийг 1 150 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Эрэгтэй бөгж нь доошоо харуулсан ембүү хэлбэртэй, харин эмэгтэй монетон бөгж нь цэцгэн хээтэй бөгж байсан. Би алдсан зүйлсээ буцааж олж авсан. Зүүн талын цонхны жижиг цонхийг түлхэж дотогш орсон байсан. Манай жижиг цонх маань дотогш чиглэлтэй онгойдог гэх мэдүүлэг /1-р хх 32/,

 

Гэрч О.Барс-Эрдэнийн өгсөн: Би 2018 оны 6 дугаар сарын 01-нээс хойш ажиллаж эхэлсэн. Би уг өдөр ээлжийн ажилтай байсан. Би ямар хүн байсныг нь санахгүй байна. 1 хос ээмгийг 54 000, 2 ширхэг бөгжийг 205 000 төгрөгөөр барьцаалсан байна. Манай ломбарднаас авсан зээлийн хугацаа нь дуусч зарагдсан 3-р сарын 25-нд хоёр ширхэг бөгжийг 220 000 төгрөгөөр, ээмгийг 65 000 төгрөгөөр зарсан. НЭ91011731 регистрийн дугаартай Н.Тэмүүжин гэдэг хүн тавьсан байна. Манай камерын хард бага болохоор сүүлийн 7 хоногийн бичлэг хийгдээд өмнөх бичлэг нь устаад явдаг гэх мэдүүлэг /1-р хх 38-39/,

 

Гэрч Н.Тэмүүжингийн өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр би Улаанбаатар хот явах гээд шүүхийн урд талд зогсож байсан. Тэгсэн нэг залуу ирээд Улаанбаатар хот явах уу гэж асуухаар нь явна гэж хариулаад машинд суулгасан. Би машинаа арчаад машиндаа суухад тэр залуу надаас хөгшөөн алт, монет мэдэх үү гэж асуухаар нь би мэднэ яасан хө гэхэд надад гартаа атгасан байсан 2 ширхэг бөгж, 1 хос ээмэг, 2 ширхэг полиус материалтай гинж харуулсан. Би тэрийг нь хараад сайн хэлж мэдэхгүй байсан болохоор чи наадахаа ломбардад очоод харуулчинаа тэнд сайн мэднэ гэж хэлсэн чинь машин дотор хэсэг сууж байснаа бууж явсан. Машинаас буугаад 15-20 минут болоод буцаад ирсэн. Ирсэнээ Улаанбаатар хот явъя гэж хэлээд машинд суусан. Тэр үед нь би машинаа арчаад Улаанбаатар хот явна гэж орилоодзогсож байхад машинд суусан залуу би чамд 15 000 төгрөг өгье шууд яваад өгчих гэсэн. Тэгээд бид хоёр Улаанбаатар хот руу хөдөлсөн. Би нэмж хүн авалгүй хөдлөөд Төв аймгаас гараад Хөрс ШТСдээр зогсоод бензин хийх болоод 15 000 төгрөгөөгэхэд надад мөнгө байхгүй би ээмэг бөгжөө зараад мөнгө өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадахаа зараад өгөөрэй гэж хэлээд тэр залууг аваад бензин хийлгүй шууд явсан. Улаанбаатар хот руу ороход надаас таньдаг гайгүй алт мөнгөний дархан, ломбард байна уу гэж асуухаар нь чи наадахаа хэдэд зарах гэж байгаа юм бэ гэхэд 150 000 төгрөгөөр зарна гэсэн. Чи надад 15 000 төгрөг өгөх юм чинь би тэр мөнгөө хасаад чамд 135 000 төгрөг өгөх юм байна болох уу гэхэд тэр залуу болно гэж хэлээд надад ээмгээ өгсөн. Тэр ээмгийг авахад надад бэлэн 70 000 төгрөг байсан болохоор би өөрт байсан монетон хос ээмгээ ломбардад тавьж мөнгө нэмж өгөхөөр болсон. Тэгээд бид хоёр үйлдвэр комбинат руу ороод замын хойд талын шар өнгийн хаягтай ломбард руу орж тавьсан. Намайг ээмгээ тавьсны дараа тэр залуу надад хоёр бөгжөө өгөөд энэ хоёрыг бас тавиад өгөөч гэхээр  нь би өөрийнхөө бичиг баримтаар ломбардад тавьж өгөөд мөнгийг нь өгсөн. Мөнгө өгсний дараа 11 000 төгрөг дутаад байхаар нь замын урд талын ломбард руу орж худалдаж авсан ээмгээ 220 000 төгрөгөөр барьцаанд тавиад үлдсэн мөнгийг нь өгсөн. Бид хоёр өглөг авлагагүй болоод салж явцгаасан. Тэрнээс хойш уулзаагүй. Би дахиж ломбард руу очиж тавьсан ээмэг, бөгжөө буцааж аваагүй. Би тэр өдөр анх удаа л тааралдсан. Урьд өмнө харж байгаагүй. Би тэр талаар огт мэдээгүй. Тэр залуу хүнд адуу зараад мөнгөө өгөхгүй байхаар нь адууныхаа оронд эхнэрийнх ээмэг бөгжийг авсан гэж хэлж байсан. Чиний наад ээмэг, бөгж чинь хулгайн ээмэг бөгж үү гэж асуухад тийм зүйл байхгүй тэд нар мөнгөө өгч чадахгүй надад ээмэг, бөгжөө өгсөн гэсэн зүйл ярьж байсан. Тэгээд Улаанбаатар хот орох замдаа амандаа сайхан адуу байсан юм. Хайрлаж хайрлаж зарж байхад мөнгө өгч чадахгүй гээд үглээд байсан. Тэр залуу бичиг баримтгүй байна гээд гуйгаадбайхаар нь өөрийнхөө бичиг баримтаар тавьж өгсөн. Ганцаараа явж байсан. Өөр хүн харагдаагүй. Би тэр ломбардад анх удаал ороод тэр зүйлийг тавьж байсан. Би өөрийнхөө зүүж байсан ээмгийг 54 000, хоёр ширхэг монетон бөгжнүүдийг нийлүүлээд 205 000 төгрөгөөр тавьсан. Тэгээд бас мөнгө хэрэг болоод байхаар нь худалдаж авсан монетон хос ээмгийг 220 000 төгрөгөөр тавьсан. Би банкны төлбөр хийж байсан учир буцааж авах мөнгөгүй болоод орхисон. Би 25-21 УБЧ улсын дугаартай цэнхэр өнгийн акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. Би 2018 оны 9 дүгээр сард банк бусын нэрээр худалдаж авч байсан гэх мэдүүлэг /1-р хх 40-41/,

 

Гэрч Ч.Сувд-Эрдэнийн өгсөн: Би 2019 оны 3 дугаар сарын 03-ны өглөө 9 цагийн үед өөрийн нөхөр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг В-3-1 тоотоос гараад Улаанбаатар хотод байдаг бариач дээр очиж нөхөр болон өөрийнхөө толгойг бариулаад байж байгаад 13:50 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн зүүн талын 1 давхрын цонх онгорхой байсан. Тэгэхээр нь гэрийнхээ эд зүйлийг шалгатал зурагтын хажуу талын шүүгээнд шилэн хаалгыг нь онгойлгоод хайрцагтай байсан миний ээмэг бөгж, эд зүйлийг хулгайч аваад явсан байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хүнд хэлээгүй явсан. Бид нарыг явсан талаар манай гэрийнхэн мэдээгүй байсан. Монетон хос, ээмэг, монетон гинж, кулон, монетон эрэгтэй, эмэгтэй хос бөгж, мөнгөн ээмэг 1 хос зэрэг эд зүйлүүдийг хайрцагтайгаа алга болсон байсан. Үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгүүлнэ. Надад тийм зүйл анзаарагдаагүй. Гэртээ ороод л мэдсэн. Надад энэ хэрэгт сэжиглэж байгаа хүн алга байна гэх мэдүүлэг /1-р хх 44/,

 

 

Хохирогч Г.Б.Дгийн өгсөн: Би Зуунмод сумын 6-р баг 12-11 тоотод оршин суух хаягтай бөгөөд тэр дээрээ өвлийн байшинтай тэндээ амьдардаггүй. Зуунмод сумын 5-р багийн 21-27 тоотод орон сууцанд амьдардаг. Өвлийн байшиндаа хааяа нэг очдог. 2016 оны 02-р сарын 21-ний өдөр 18 цагийн үед өвлийнхөө байшинд ганцаараа ирээд 6 ширхэг хурган дотортой дээл 2 ширхэг, булган малгай болон бусад хувцаснуудаа аваачиж хоёр авдранд хувааж хийсэн. Түүнээс хойш 2016 оны 02-р сарын 27-ны өдрийн 16 цагт очиход манай байшингийн хаалга цоожтой байсан бөгөөд онгойлгоод дотогшоо ороход тогооны вакум цонхны босоо салхивч онгорхой том өрөөний хувцасны шүүгээний урд хунар болон болон мишож ил гарчихсан, жижиг авдар онгорхой дотор нь байсан хувцас хунарыг гаргаад цацчихсан байсан ба авдарны цоожийг жижиг төмрөөр хөшиж онгойлгосон байсан. Баруун талд байдаг модон орон дээр урд нь харж байгаагүй хар ноосон бээлий байсан. Тэгэхээр нь хулгай орсон юм болов уу гэж бодоод тэр өрөөний юмнуудаа бүртгэхэд авдранд байсан хоёр хурган дотортой үстэй дээл, хоёр ширхэг булган малгай алга болсон байсан. Том өрөө рүүгээ ороод жижиг жижиг модон авдраа шалгаж үзэхэд 4 ширхэг хурган дотортой үстэй дээл, 1 ширхэг дээлний хурган дотор алга болсон байсан. Кордиторт байдаг гутал хувцасны шүүгээнээс бор хүрэн өнгийн гар хийцийн ээтэн гутал алга болсон байсан. Түүний оронд хар өнгийн хагас түрийтэй үдээстэй эрэгтэй хүний хос гутал байсан. Тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагад хандсан юм ...Нийт 6 дээл алдагдсан. Хүрэн өнгийн даавуун хээгүй материалтай эрэгтэй дээл, мөнгөлсөн товчтой, ямар нэгэн урагдал гэмтэлгүй. Хар өнгийн торгон материалтай дээрээ шаргал өнгийн алхан хас хээтэй мөнгөн товчтой, товч нь дээрээ өлзий хээтэй, хар хөх өнгийн торгон материалтай эрэгтэй дээл, зангидсан товчтой, цагаан өнгийн торгон материалтай дугуй хээтэй дээл байгаа  гэх мэдүүлэг /1-р хх 162-165/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Дгийн өгсөн: Хоёр ширхэг дээлийг 50 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Надад гомдол санал байхгүй. Би дээл худалдаж авсан 50 000 төгрөгөө гаргуулж авна. ...2016 оны 2-3 сар байх өдрийг нь сайн санахгүй байна. Намайг Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт Шинэ оргил худалдааны захад мах зараад байж байхад нэг залуу хурган дотортой хоёр ширхэг дээл барьчихсан орж ирсэн. Тухайн хоёр дээлний 1 нь татаагүй хурган дотор байсан. Тэгээд тухайн залуу орж ирээд хурган дотортой дээл авах уу надад цагдаад асуудалтай болчихоод мөнгө хэрэг болоод байна дахиад ч хэдэн дээл байна гэж хэлсэн. Тэгээд манай ажил дээр байсан Сандаг гэх хүн бид хоёр хулгайн дээл биш бол үзээд авъя гэхэд гараад гаднаас 4 ширхэг хурган дотортой дээл аваад ороод ирсэн. Тэгээд би хулгайн эд зүйл биш биздээ гэхэд би өнгөрсөн жил гэр барьж хүнтэй суусан. Тэгэхэд манай ёсонд хоёр талаасаа 3 ширхэг дээлтэй нийлж байсан юм. Тэгээд одоо мөнгө хэрэг болчихоод дээлнүүдээ зарж байгаа юм гэсэн. Танай эхнэр чинь хаана байгаа юм гэж асуухад хөдөө явчихсан гэж хариулж байсан. Манай эхнэр дээлнүүдээ зараад мөнгө болго гэж хэлсэн гэж надад хэлсэн. Дээлнүүдийг надтай цуг лангуунд зогсож байсан Сандаг, Бямба /ноён/ гэж дууддаг бас Лувсандамба гэх хүмүүстэй байж байгаад бид нар хуваагаад би цэнхэр үйтэн хуаран хурган дотортой эмэгтэй хүний дээл 1 ширхэг ахиад дээл байсныг нийт 3 ширхэг дээлийг нь 75 000 төгрөгөөр худалдаж авсан. Сандаг гэх хүн хурган дотортой эрэгтэй дээл байсныг нь авсан. Бямба гэх залуу дээл, Лувсандамба гэх хүн бас нэгийг  нь авцгаасан. Тэд нарын авсан дээлийг нь би сайн мэдэхгүй байна. Тухайн үед дээлнүүдийг үзэхэд дотор нь 1 ширхэг эрэгтэй хүний булган малгай байсныг нь дээл зарсан хүн өөрөө миний малгай байна гэж хэлээд аваад явсан. Манай байшинд байсан. Би хайгаад олохгүй байна. Манай контейнерт хийсэн байх ёстой. Жижиг биетэй залуу ганцаараа ирж зарчихаад явсан. Содон шинж тэмдгийг нь санахгүй байна. Одоо харвал танихгүй гэх мэдүүлэг /1-р хх 167, 173/

 

Гэрч Б.Лувсандамбын өгсөн: Би Д.Дтой нэг нутгийн хүмүүс байгаа юм. Өдрийг нь тодорхой санахгүй байна. Би Д.Дтой уулзахаар ажил дээр нь очсон юм. Намайг очиход Д.Д хамт ажилладаг хүүхэнтэйгээ хамт хурган дотортой дээл үзээд сонирхоод байж байсан. Тэр дээлнүүдийг нэг эрэгтэй зарж байсан. Би сонирхоод харсан чинь хурган дотортой шинэ, хуучин янз бүрийн дээл байсан. Би хүрэн өнгийн дээл байсныг сонирхож үзээд 20 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр залуу өөрийнхөө авч явсан дээлнүүдийг бүгдийг нь зараад гараад явсан. Тэгээд би дээлээ аваад Энхтайванд байх гэртээ ирээд эхнэртээ авсан дээлээ харуулсан чинь хүүхдүүд ирчихсэн байсан бөгөөд юун хуучин дээл вэ үхсэн хүний хувцас юм уу гаргаж хая гээд уурлаад байхаар нь амбаартаа тавьж хонуулаад маргааш өдөр нь Улаанбаатар хотын Нарантуул зах руу очиж эрэгтэй хүнд 40 000 төгрөгөөр зарсан. Урьд нь хүн өмсөж байсан дотор нь шарласан дээл байсан гэх мэдүүлэг /1-р хх 168/,

 

Гэрч Р.Сандагсүрэнгийн өгсөн: 2016 оны хавар байсан санагдаж байна. Би Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт байрлах Шинэ оргил худалдааны төвийн махны захад худалдагч хийж байхад жижиг биетэй 1 залуу орж ирээд хурган дотортой дээл авах уу гэхээр нь үзтэл 5-6 ширхэг боодолтой дээл байсан. Тэгээд манай ажлын Д.Д бид хоёр үзээд байж байтал гаднаас Д.Дгийн нөхөр Бүдээ гэх залуу найзтайгаа орж ирээд бид  хэд цуг үзээд авахаар болсон. Тэгээд би цайвар ногоон өнгөтэй эмэгтэй хүний хурган дотортой дээл болон 2-3 хэсэг зүүцэн хурганы арьс байсныг нь авсан. Худалдаж авсан дээлээ таарахгүй болохоор нь гэртээ жил гаруй хугацаанд байлгаж байгаад Нарантуул захад аваачаад зарчихсан гэх мэдүүлэг /1-р хх 174/,

 

Гэрч Г.Бямбаагийн өгсөн: Би тэр дээлийг хэдэн сарын хэдний өдөр худалдаж авсангэдгээ санахгүй байна. Найз Лувсандамбатай хамт салхинд гараад явж байгаад хойд таксины буудлын махны зах дээр очиж Лувсандамбын найз гэх хүнтэй уулзахад сая нэг залуудээл зараад явлаа үзэх үү гэхээр нь бид хоёр үзээд Лувсандамба нэг дээл аваад би нэг дээлийг нь авсан. Тэгээд авсан дээлээ надад таарахгүй байхаар нь хөдөө Хэнтий аймагт байх дүү Дашдаваадаа өгсөн. Тэгсэн манай дүү Дашдаваа нь тэр дээлийг авснаас хойш 3-4 сарын дараа нас барсан. Талийгаачийн ажил явдал болоод алтан хайрцаг нээлгэсэн чинь тэр дээлнээс болоод нас барсан гэж лам хэлэхээр нь би ламын заасан зүгт очиж шатааж хаясан. Миний санаж байгаагаар ногоон эсвэл шар алаг өнгийн дээл байсан санагдаж байна. Би өнгийг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар эрэгтэй хүний дээл байсан. Би дээлнээс өөр зүйл худалдаж аваагүй. Би 20 000 төгрөгөөр худалдаж авсан. Би ямар хүн байсан гэдгийг нь санахгүй байна. Миний өөрийн дээл байгаа юм. Би эхнэр хүүхдээсээ салаад зарж байна гэж хэлж байсан. Би 20 000 төгрөгөө нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1-р хх 175/,

 

Хохирогч Л.Г.Тгийн өгсөн: 2019 оны 02 сарын эхээр цагаан сарын дараа би аав Лхагвасүрэнгийн гэрт 3 хоночхоод ирсэн. Тэгсэн манай гэрийн амбаарын цоожийг эвдэлж ороод гэрийн хойморт байсан 21 инчийн Шарп маркийн зурагтыг хулгайлаад авч явсан. Байсан. Тэгээд би сураг нь олдох байх гээд цагдаад дуудлага өгөөгүй. Өөр алдагдсан зүйл байхгүй. Цагаан сарын дараа би аавынхаа гэрт очиж 3 хоносон. Гэхдээ яг хэдний өдөр авсан гэдгээ санахгүй байна. Үнэлгээний байгулууллагаар үнэлгээ хийлгэсэн. Миний зурагтыг 68890 төгрөгөөр үнэлсэн байсан. Би зурагтаа буцаагаад авчихсан болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх 242/,

 

Гэрч А.Чинзоригийн өгсөн: Би Андууд захын манаачаар ажиллаж байсан. 2019 оны 02 дугаар сарын эхээр намайг ажил дээр байж байхад 10 цагийн үед манай ажил дээр 30 гаруй насны жижиг биетэй эрэгтэй зурагт бариад ирсэн. Яах гэж байгаа юм бэ гэхэд ломбардад тавьсан байсан зурагтаа аваад гэртээ оруулах гэсэн манай гэр цоожтой байна манай гэрийнхэн ирэхээр би буцааж авъя гээд үлдээгээд явсан. Тэгээд эргэж ирж зурагтаа ирээгүй. Тэрнээс хойш би ирж авахыг нь хүлээж байгаад 2019 оны 3 дугаар сарын 01-нээс ажлаасаа гараад зурагтыг нь хүнд дамжуулаад яахав алга болгочихно гээд гэрийнхээ амбаарт оруулаад тавьсан байсан. Би хараад танихгүй. Жижиг биетэй шар залуу байсан. Зурагтыг нь удирдлагатай нь хамт өгсөн өөр зүйл өгөөгүй. Надад өөрийнхөө зурагтыг ломбарднаас аваад явж байна гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1-р хх 247/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх10-14/, Б.Санжсугараас хос монгол гутал 1 хос, гар дрилл 3 ширхгийг хураан авч хохирогч Б.Бт өгсөн тухай тэмдэглэл /1-р хх 18-19/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 20-24/, Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2019 оны 4дүгээр сарын 16-ны өдрийн хохирогч Б.Бын хулгайд алдагсан эд хөрөнгүүдийн үнэлгээний тайлан /1-р хх 56-62/, Хан-Үнэлэмж ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хохирогч Д.Дгийн хулгайд алдагдсан эд хөрөнгүүдийн үнэлгээний тайлан /1-р хх 72-75/, шүүгдэгч П.М нь Хас банк, Төрийн банк, Хаан банкинд данс эзэмшдэг эсэх тодорхойлолтууд /1-р хх 101-103/, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /1-р хх 110/, шүүгдэгч П.Мын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1-р хх 111/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 114/, SUPER-3 барьцаат зээлийн үйлчилгээний газрын гэрээ /1-р хх 118-119/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 148-152/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 154-158/, хохирогч Г.Б.Дд хулгайд алдагдсан хоёр дээлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 159-161/, хохирогч Г.Б.Дгийн хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ /1-р хх 177/, Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хохирогч Л.Г.Тгийн өмчлөлийн хулгайд алдагдсан Sharp маркийн 21 инчийн зурагтын үнэлгээний тайлан /1-р хх 249-250, 2-р хх 01-04/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 8.03-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.10.05-ны өдрийн 27 дугаартай магадлал, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018.3.22-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч П.М нь 2016 оны 2 дугаар сарын 21-27-ний хооронд Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн 12-11 тоотод байрлах иргэн Г.Б.Д-гийн гэрээс 900 000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэ, нэг бүр нь 1 000 000 төгрөгийн үнэтэй эрэгтэй хүний хурган дотортой дээл 2 ширхэг, нэг бүр нь 1 000 000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний хурган дотортой дээл 2 ширхэг, 500 000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, 200 000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний булган малгай, 150 000 төгрөгийн үнэтэй эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг зэрэг нийт 5 750 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс,

2019 оны 2 дугаар сарын 10-дын үеэр Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн 1-118 тоотод байрлах иргэн Л.Г.Т-гийн гэрээс 68 890 төгрөгийн үнэ бүхий 21 инчийн Шарп /Sharp/ маркийн телевизор 1 ширхэг,

2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн В-3-1 тоотод байрлах иргэн Д.Д-гийн гэрээс нийт 220 000 төгрөгийн үнэ бүхий монетан бөгж 2 ширхэг, нийт 997 000 төгрөгийн үнэ бүхий монетан ээмэг, гинж, кулон зэрэг нийт 1 217 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс,

2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн 11-9 тоотод байрлах иргэн Б.Б-ын эзэмшлийн гараашнаас 61 750 төгрөгийн үнэ бүхий монгол гутал 1 ширхэг, 52 406 төгрөгийн үнэ бүхий дрилл 1 ширхэг, 78 216 төгрөгийн үнэ бүхий цохилттой дрилл 1 ширхэг нийт 192 372 төгрөгийн эд зүйлсийг хууль бусаар авсан болох нь дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийннотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

Иймд шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Маас нийт 5 072 000 төгрөг гаргуулж хохирогч Г.Б.Дд 3 750 000 төгрөг, Д.Дд 1 217 000 төгрөг, иргэний хариуцагч Д.Дд 50 000 төгрөг, Б.Бт 55 000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Б, Л.Г.Т нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /1-р хх 18-19, 2-р хх 246/, хохирогч Г.Б.Дд хулгайд алдагдсан хоёр дээлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл/1-р хх 159-161/ зэргээрхохирогч Б.Б, Л.Г.Т нарын хохирол барагдсан, хохирогч Г.Б.Дгийн хохирлоос хасаж тооцсон болно.

 

Шүүгдэгч П.М нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүхийн шийдвэрээр гарсан хохирлыг төлж барагдуулахаар ажлын 5 хоногийн завсарлага авсан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанаас оргон зайлж 2019 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Цагдаагийн байгууллагаар албадан ирүүлж 2019 оны 9 дүгэр сарын 26-ны өдөр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан болсон бөгөөд хохирлыг төлж барагдуулаагүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар4 жил хорих ял оногдуулах,

       Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн оногдуулсан ялыг багасгаж өгөөч гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

       Шүүгдэгч П.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч П.М нь урьд 6 удаагийн ял шийтгэлтэй:

1.Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2.Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийнбаривчлах ялаар,

3.Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

4.Ховд аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар,

5.Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар,

          6.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 58 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас хагас эдэлсэн 9 сар 12 хоногийн хорих ял дээр 6 сарын баривчлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцож нэмж биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 12 хоногийн хорих ялаар тогтоосон, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хугацаа дуусч суллагдсан байна. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

          Дээрх хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч П.М-ыгЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар3 жил 6 сар хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 201619000169 дугаартай хэргийг /1-р хх 142/ эрүүгийн 1934001950143 дугаартай хэрэгт нэгтгэсэн нь Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019.6.28-ний өдрийн 54 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /1-р хх 234/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5-т заасныг зөрчөөгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч П.М нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл /1-р хх 81-90, 132-137, 192, 2-р хх 19/, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 109 хоног цагдан хоригдсон байх тул түүнийг эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан бэлтгэсэн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.М-ыг3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч П.Мын цагдан хоригдсон 109 /нэг зуун ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч П.М-аас нийт 5 072 000 /таван сая далан хоёр мянга/ төгрөг гаргуулж, Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 12-11 тоотод оршин суух хохирогч /РД: /-д 3 750 000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг,Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн УАА-н В-3-1 тоотод оршин суух хохирогч Д.Д / /-д 1 217 000 /нэг сая хоёр зуун арван долоон мянга/ төгрөг, Төв аймгийн Зуунмод сумын 1-р баг Жаргалантын 9Б тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Д.Д /РД:/-д 50 000 /тавин мянга/ төгрөг,Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг УАА-н задгайн А-4-22 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Б.Бт /РД: /-д55 000 /тавин таван мянга/  төгрөг тус тус олгосугай.

 

6.Эрүүгийн 1934001950143дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ