Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01616

 

  

 

 

 

 

 

 

 

     2025         09            22                                         210/МА2025/01616

                                                 

 

 

******* нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04607 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* УТҮГ-т холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь *******гийн санхүүгийн хэлтэст эдийн засагчаар 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Тус гэрээг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн дахин хөдөлмөрийн гэрээ байгуулан үргэлжлүүлэн ажиллаж байсан болно. Эдийн засагчаар тус байгууллагад ажиллаад жил гаруй болсон хэдий ч ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажлын байрны тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийг хангалттай сайн гүйцэтгэж байсан тул үр дүн, гүйцэтгэлийн тайлангаар сайн үнэлгээтэй гэж үнэлэгдэж байсан.

Ингээд *******гийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай" шийдвэр гаргасан байсан. Урьдчилж хөдөлмөрийн ямар нэгэн зөрчил гаргасан талаар танилцуулаагүй гэнэт ингэж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байна.

Миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн *******гийн Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний хувьд 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *******гийн ажлын албаны удирдлагаар томилогдсоноос хойш нэхэмжлэгчийн хариуцаж байсан ажил болох эдийн засагчийн хийж гүйцэтгэх ёстой, байгууллагын 2024 оны эхний 8 сарын гүйцэтгэл, сүүлийн 4 сарын төсөөлөл аваад ир, тайлан мэдээлээд өг гэхэд 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 5 удаа буруу мэдээллээр хангасан байсан.

Миний бие өөрийн үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш 09 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн нарийн бичгийн дарга, Санхүү хөрөнгө оруулалтын газарт нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тоон мэдээллийг авч очиход ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга нэхэмжлэгчийн гаргасан тоог үндэслэлгүй байна гэсэн. Энэ нь *******гийн албан хаагчдын цалин хөлс дутуу, төсвийн сан хүрэлцэхгүй байна гэсэн.

Мөн хариуцагч байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох хөтөлбөр, арга хэмжээ санхүүжүүлэх 123,000,000,000 төгрөгийн хөрөнгөөс гүйцэтгэл, дутуу байгаа санхүүжилтийн тооцоог гаргаж өг гэхэд 3 удаа буруу гаргаж өгсөн. Тухайн үед холбогдох дарга нар байгаагүй учраас тайлбар авч чадаагүй. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн ажлаа бүрэн гүйцэд хийж чадаагүй.

Нэхэмжлэгчид тайлангаа бичих талаар шаардлага тавихад тайлангаа бичиж өгөөгүй. Энэ талаар хүсэлт тавьсан боловч биелүүлээгүй. Нэхэмжлэгчийг ажлаа үр дүнтэй хийсэн, чадвартай сайн ажиллаж байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар *******гийн ажлын албаны Санхүүгийн хэлтсийн Эдийн засагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч ******* УТҮГ-аас 18,198,076 /арван найман сая нэг зуун ерэн найман мянга далан зургаа/ төгрөгийг гаргуулж, *******д олгож, ******* эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалтыг хийхийг ******* УТҮГ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн ******* тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар ******* УТҮГ-аас 319,140 /гурван зуун арван есөн мянга нэг зуун дөч/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын хавсралтын 1.5-д "Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор, тэтгэмж, нөхөн төлбөр, хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй" гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* нэхэмжилсэн нөхөн олговрын мөнгөн дүнгээс дор дурдсан хэмжээг олгох боломжгүй гэж үзсэн.

Тодруулбал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт ажиллаж байх үед нь ажилласан өдрөөс хамаарч олгох хоол, унааны хөлсийг ******* *******д ажиллаагүй тул олгох боломжгүй, мөн ажил гүйцэтгэсэн бол гүйцэтгэлээс хамаарч олгох сарын нэмэгдэл болох ур чадвар, улирлын үр дүнгийн урамшууллыг ******* *******д ажиллаагүй тул олгох боломжгүй. Нэхэмжлэгч ******* 3 сарын дундаж цалин хөлс тооцох хугацааг зөрүүтэй тооцон сарын дундаж цалин хөлсийг буруу тогтоосон гэж үзэж байна.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын (хуучнаар) Сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тоот тушаалын хавсралт журмын дагуу тооцоолж үзэхэд *******гаас *******д 12,623,202.3 төгрөгийг олгох нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч "*******" УТҮГ-т холбогдуулан Урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ “...тайлан мэдээ болон хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэл, дутуу байгаа санхүүжилтийн тооцоог гаргахдаа буруу гаргасан ... үндсэн ажил үүргээ бүрэн хийж чадаагүй...” гэж тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

3.1. *******гийн ажлын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3 дахь заалт, Засгийн газрын 2024 оны “Журам шинэчлэн батлах тухай” ******* дугаар тогтоолын “*******гийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын 2.4 дэх заалт, *******гийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.14, 4.15 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2.12 дахь хэсгийг баримтлан эдийн засагч ******* Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.1, 7.1.3, 7.3, 11.2.1, 42.2.1, 42.2.2, 42.2.7, 44.2, Төрийн албаны тухай хуулийн 37.1.2, 37.1.3, 37.1.7, 37.1.13, 37.1.15, *******гийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1, 6.2.3, 6.2.8, 6.2.12, 6.2.13 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-55/

 

3.2. Анхан шатны шүүх дээр дурдсан зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг түүнд танилцуулж, тайлбар авах ажиллагааг зохих ёсоор хийсэн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна энэ талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт нийцэхгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилсон нь үндэслэл бүхий болжээ. Энэ талаар хариуцагч байгууллага гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй.

 

4. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцохдоо түүний цалинд хоол, унаа болон улирлын урамшууллыг оролцуулж тооцсон нь үндэслэлгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

4.1. Учир нь шүүх нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”- д нийцүүлэн зөв тодорхойлж, хариуцагч байгууллагаас 18,198,076 төгрөг гаргуулж, уг дүнгээс зохих суутгалыг тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт нийцжээ.

 

4.2. Тодруулбал, Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж, 2.3.5 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор” хэмээн заасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод дурдсан сүүлийн 3 сар буюу 2024 оны 7, 8, 9 дүгээр саруудад авсан цалин хөлсний дунджаар нэхэмжлэгчийн цалин хөлсийг тооцоолсон нь зөв байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2025/04607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ******* УТҮГ нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 1******* дугаар зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                     

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.АЗБАЯР

 

 

                            ШҮҮГЧИД                                         Т.ГАНДИЙМАА

 

 

                                                                                     Н.ГЭРЭЛТУЯА