| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/00866/И |
| Дугаар | 207/ма2025/00121 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 207/ма2025/00121
2025 11 06 207/МА2025/000121
****** ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч ******, ДТС ОНӨХК-нд холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/00795 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ****** ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******, ДТС ОНӨХК-нд холбогдох,
Гэрээний үүргийн дагуу биелүүлээгүй өр авлага 12,781,214,821 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, Б.Баттүвшин нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, П.Гансүх, Б.Энхтуяа, Д.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, Д.Ганчимэг, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
****** ТӨҮГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
****** ТӨҮГ нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу ******, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-тай жил бүр Цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээг байгуулан ажилладаг. Талуудын хооронд байгуулагдсан цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах 2017 оны 5/177-17 дугаар гэрээний 4.2, 2018 оны 5/282-18 дугаар гэрээний 3.2, 2022 оны 5/039-22, 2023 оны 5/082-23 дугаар гэрээнүүдийн 2.5 дахь заалтуудаар хэрэглэсэн усны төлбөрийн тооцоог дараа сарын 10-ны дотор төлж барагдуулахаар заасан. Тус компани нь цэвэр ус худалдан авсан, бохир усыг татан зайлуулах үйлчилгээний төлбөрөө дээр дурдсан хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүйгээс тус үйлдвэрийн газарт төлөх өр, авлага жил тутам өсөн нэмэгдсээр ирсэн. Иймд холбогдох хууль тогтоомж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлээгүй ******, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-с 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үүссэн өр, авлага болох 12,781,214,821.46 төгрөгийг гаргуулж ****** ТӨҮГ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******, ДТС ОНӨХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
****** ТӨҮГ, ******, ДТС ОНӨХК нь жил бүр Цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулан ажилладаг. ****** ТӨҮГ-аас хийх усны тооцоотой холбоотой үүсэж буй ашиглаж борлуулаагүй орлого болоогүй усанд, ус ашигласны төлбөр төлөх хуулийн үндэслэлгүй байна. Хэмжих хэрэгслийн зөрүүнээс үүссэн усны алдагдал, мөн инженерийн шугам сүлжээний насжилтаас шалтгаалан усны алдагдал үүсэж байна. ****** ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан өр төлбөр нь зөвхөн манай байгууллагатай холбоотой өр төлбөрийн асуудал биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/00795 дугаар шийдвэрээр:
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2., 15 дугаар зүйлийн 15.1.3.-д зааснаар ******, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-с 12,136,521,053 /арван хоёр тэрбум нэг зуун гучин зургаан сая таван зуун хорин нэгэн мянга тавин гурван/ төгрөг гаргуулан ****** ТӨҮГ-т олгож, нэхэмжлэлээс 644,693,768 /зургаан зуун дөчин дөрвөн сая зургаан зуун ерэн гурван мянга долоон зуун жаран найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,064,025 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 60,840,555 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, Б.Баттүвшин нар давж заалдсан гомдолдоо:
Ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжаас ус дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг ****** ТӨҮГ, ус дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалтаас хэрэглэгчийн тоолуурын өмнөх хаалт хүртлэх шугам сүлжээг ****** ДТС ОНӨХК-ийн өмчлөлд байж тус тусын шугамын алдагдлаа хариуцах ёстой байтал тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн шугам сүлжээний зааг, эзэмшлийг тогтоож өгөөгүйгээс шалтгаалан дамжуулах тусгай зөвшөөрөлтэй ****** ТӨҮГ-т шугамын алдагдлыг тооцохгүй зөвхөн манай байгууллагад дамжуулах түгээх шугамын алдагдлыг бүхэлд нь хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй талаар тайлбарлан маргаж, өмчлөлийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан боловч 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5354 дугаартай шүүгчийн захирамжаар ач холбогдолтой гэж үзсэн атлаа энэ талаарх татгалзлаа хариуцагч тал баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. /шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8/ Нэгэнт өмчлөлийн асуудлыг тогтоолгох хүсэлтийг хангаагуй тул хариуцагч талаас усны алдагдал хаанаа байгааг тогтоолгохоор шинжээч томилуулж, шинжээчийн 2024.06.19-ний өдрийн дүгнэлт хэрэгт авагдсан. Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эргэлзээтэй байгаа нь шүүх хуралдааны явцад талууд шинжээчээс асуулт асуухад тогтоогдсон.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Шүүх шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэж болно" гэж заасан талаар дурдаж нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээж аваагүй. Ийнхүү хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртээ шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгоогүй гэж дурдсан нь хэт нэг талыг барьж, хэргийг хянан шийдвэрлэлээ. /шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13/ Зөвшөөрлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1 “зөвшөөрөл” гэж зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу тодорхой үйл ажиллагааг эрхлүүлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон эрхийг хэлнэ гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 36 тоот тогтоолыг барьж тусгай зөвшөөрөлтэй гэж үзсэн. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага дуусах хугацаа гэж байдаг байхад шүүгч шууд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл байгаа мэтээр хэрэгт нотлох баримт нь авагдаагүй байхад хийсвэр дүгнэлт хийж шийдвэр гаргасан. /шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12.1/ ****** ТӨҮГ, ****** ДТС ОНӨХК нарын хооронд байгуулсан “Цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ”-ний 6.3-т “...зохицуулах зөвлөлөөр шийдвэрлүүлнэ” гэж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22.2-т “Энэ хуулийн 22.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон хангагч хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хооронд шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байгааг анхан шатны шүүх үл тоож маргааныг хянан шийдвэрлэсэн.
Ийнхүү шийдвэрлэхдээ мөн хуулийн 22.3-ийг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эцэст нь шүүхээс 2020 оны оноос 18% хорогдол тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа тооцооллыг буруу хийж нэхэмжлэлийн шаардлагаас 644,693,768 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь тооцооллыг буруу хийж шийдвэр гаргасан. Биет үзүүлэлт нь 3,953,191,90 м3 усны үнэ 5,963,249,930.96 хорогдол тооцох биет үзүүлэлт 711,574,54 м3 1,073,384,987.57 төгрөг байхаар байна. Иймд шүүхийн шийдвэр бодитой гарсангүй. /Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10/ Иймд Иргэний хэрэг шүүххэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.4-т зааснаар Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/00795 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “******” ТӨҮГ нь шүүхэд “...Гэрээний үүргийн дагуу биелүүлээгүйгээс цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үилчилгээний өр авлага нийт 12,781,214,821 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн төлөөлөгч Д.Ганчимэг, Б.Баттүвшин нар “...хэмжих хэрэгслийн зөрүүнээс үүссэн усны алдагдал, мөн инженерийн шугам сүлжээний насжилтаас шалтгаалан усны алдагдал үүсэж байна. ****** ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан өр төлбөр нь зөвхөн манай байгууллагатай холбоотой өр төлбөрийн асуудал биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.
3.Шүүх нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаас төлбөр -12,136,521,053 төгрөгийн төлбөрийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч “******” ТӨҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас төлбөр 644,693,768 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.Талуудын хооронд “Цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ”-г 2017 оноос 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацааг байгуулж, 1 шоо метр цэвэр ус 650.0, 715.0 1 төгрөг, шоо метр бохир ус 500.0, 550.0 төгрөг байхаар тус тус харилцан тохирч байсан бол талуужд гэрээг дахин байгуулах бүрт цэвэр, бохир усны төлбөр нэмэгдсэн байх ба 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд цэвэр ус 4,520.000 м/кв-д 935,0 төгрөг, бохир ус 4075949 м/кв-д 770,0 төгрөг байхаар харилцан тохиролцсон, хариуцагч байгууллагын цэвэр ус худалдан авсан, бохир усыг татан зайлуулах үйлчилгээний төлбөр 2023 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар нийт өр төлбөр 12,781,214,821 төгрөг болж хуримтлагдсан байна.
5.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх гэрээний дагуу хариуцагч байгууллагын цэвэр ус худалдан авсан, бохир усыг татан зайлуулсан үйлчилгээний төлбөр 2015 оноос эхлэн 2019 оны 5 дугаар сарын байдлаар нийт 5.67 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн байсныг Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 ны 10 дугаар сарын 30-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор” ****** ДТС” ОНӨХК-ийн хуримтлагдсан 5.67 тэрбум төгрөгийн усны өр төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэгдснийг нэхэмжлэгч байгууллага эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, улмаар тус шүүхийн 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0081 дүгээр шийдвэрээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн №94 дүгээр тогтоолыг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, ...Захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгохыг дурьдаж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн дагуу эрх бүхий байгууллагаас шинэ акт гаргаагүй, нэхэмлэгч тал хариуцагч байгууллагад гэрээний дагуу төлөгдөөгүй нийт 11,859,302,736 төгрөгийн өр төлбөрийг барагдуулах талаар 2022.05.03-ны өдрийн ДҮ-117-12/2012 тоот албан бичгээр Эрдэнэт хотын захирагч ************* мэдэгдсэн, хариуцагч байгууллагад 2022.09.22-ны өдрийн 111/335 дугаар албан тоот, 2023.02.08-ны өдрийн 117/175 албан бичгээр байгуулага хооронд үүссэн өр төлбөрийг барагдуулах талаар мэдэгдсэн, харин хариуцагч байгууллагаас 2022.02.25-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад “....2021 оныг дуустал хугацааны өр төлбөр 11,446,266,361 төгрөг болсон, манай компани ****** ТӨҮГ-т 97,197,783,50 төгрөгийн илүү төвлөрүүлэлт хийсэн, ...маргаантай асуудлыг шийдвэрүүлэхээр холбогдох дээд байгууллагуудад хандсан, ...хоёр байгуулага усаар хангах ерөнхий гэрээгүй, төлбөр тооцооны акт үйлдээгүй байгаа” гэх тайлбарыг хүргүүлсэнээс хойш талууд байгууллага хооронд үүссэн өр төлбөрийн талаар санхүүгийн тооцоо хийгээгүй /2017.12.07-ны өдрийн № 75 дугаар шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг байгуулсан/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.30-ны өдрийн 81 дугаартай шийдвэр, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020.04.27-ны өдрийн 36 дугаар тогтоолын дагуу өр төлбөрийг хэрхэн барагдуулах талаар ажлын хэсэг байгуулагдаж уг маргаантай асуудлын талаар ямар нэг арга хэмжээ авагдаагүй өдий хүрсэн байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын гаргасан “..шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, тус аймагт ашиглагдаж байгаа инженерийн шугам сүлжээний өмчлөгчийг тодорхойлох“ тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн №2613 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн, улмаар Монгол Улсын зөвлөх инженер Н.****** шинжээчийн дүгнэлтийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан байх ба талууд шинжээчийн дүгнэлтийн талаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 28 дугаар зүйлийн 28.1.-д заасан үндэслэлээр гомдол гаргаагүй байна.
7. Шинжээч Н.******ийн гаргасан дүгнэлтэнд “...хотын төв хүртэлх хоёр 400 мм диаметртэй шугамын насжилт 54,6 хувь буюу 40 жилээс дээш, 500 мм диаметртэй шугамын 57,8 хувь ба 150 мм Говил багийн шугамын 55,1 хувь 40 жилээс дээш ажиллаж байна, хотын төв хүртлэх шугам болон Говил багийн шугамыг шалгахад далд шүүрэлт, нэвчилт усны алдагдал илрээгүй, усны тоолуурын заалтын зөрүү гардаг гол шалтгаан нь хэт авиа, механик, тоолуурын хэмжих арга нарийвчлалаас үүсэж байна, ...цэвэр усанд 18 хувийн хорогдол, бохир усны үйлчилгээнд 10 хувийн шингээлтийг 2020 оноос эхлэн байгууллага хоорондын тооцоонд оруулж тооцоог дахин хийх...“ гэж тодорхойлсон, уг шинжээчийн дүгнэлтийг шүүх “...эргэлзээтэй, бүрэн бус гарсан” гэж үзэх үндэслэл байхгүй.
8. Шинжээч нь шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын А.-д заасан асуултанд хариулт өгч, дүгнэлт гаргахдаа одоогийн байгаа төв болон салбар шугам сүлжээнд үзлэг хийж дүгнэлт гаргасан байх ба энэхүү шинжээчийн дүгнэлтээр талуудын хооронд үүссэн өр төлбөрийн хугацаа буюу 2017 оноос 2023 оны 3 сар дуусталх хугацааны төв болон салбар шугамын насжилтыг тогтоох, далд шүүрэлт байгаа эсэх, нэвчилт шүүрэлт байгаа бол хэр хэмжээний алдагдал гарч байгааг тогтоож дүгнээгүйг дурьдах нь зүйтэй.
10. Шинжээчийн дээрх дүгнэлтийг хариуцагч тал ямар үндэслэлээр бүрэн бус, эргэлзээтэй гарсан гэх үндэслэлээ тодорхойлж чадаагүй тул шүүх дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн аваагүйг буруутгах боломжгүй юм.
11.Анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны шатанд хариуцагч байгууллагын гаргасан “...инженерийн шугам сүлжээний өмчлөгчийг тодорхойлуулах” тухай хүсэлтийг шүүх хүлээн аваагүй, шүүх хуралдаанд Шинжлэх ухаан технологийн сургуулийн харьяа мэргэшсэн докторын зөвлөлөөс шинжээч оролцуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
12. Дээрх байдлаас үзэхэд хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан “...тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага дууссан эсэхийг түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн шугам сүлжээний зааг, эзэмшлийг тогтоож өгөөгүй байхад алдагдлыг хариуцагчид бүрэн хүлээлгэсэн, энэ талаар гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй, хариуцагч тал тайлбар, татгалзлалаа нотлоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
13. Харин дээрх давж заалдах гомдлын “.. шүүхээс 2020 оны оноос 18% хорогдол тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа тооцооллыг буруу хийж нэхэмжлэлийн шаардлагаас 644,693,768 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь тооцооллыг буруу хийж шийдвэр гаргасан. Биет үзүүлэлт нь 3,953,191,90 м3 усны үнэ 5,963,249,930.96 хорогдол тооцох биет үзүүлэлт 711,574,54 м3 1,073,384,987.57 төгрөг байхаар байна” гэх хэсгийг хүлээн авах нь зүйтэй.
14. Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн №36 тогтоол болон нэхэмжлэгч тал өр авлага хуримтлагдснаас хойш хугацаанд байгууллага хоорондын өр төлбөрийн тооцоог хийхдээ ямар нэг алдагдал, хорогдол тооцож байгаагүй, талууд байгууллага хоорондын өр төлбөрийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ огт авч хэрэгжүүлээгүй зэрэг хэргийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж талуудын хооронд үүссэн өр авлагын нийт үнийн дүнгээс 28 хувь буюу 3,578,740,149 төгрөгийг хасч шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2025/00795 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2., 15 дугаар зүйлийн 15.1.3.-д зааснаар ******, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-с 9,297,474,672 /есөн тэрбум, хоёр зуун ерөн долоон сая, дөрвөн зуун далан дөрвөн мянга, зургаан зуун далан хоёр/ төгрөг гаргуулан ****** ТӨҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,578,740,149 /гурван тэрбум, таван зуун далан найман сая, долоон зуун дөчин мянга, нэг зуун дөчин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтанд “...60,840,555 төгрөг” гэснийг “46,645,323 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдсээүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, Б.Баттүвшин нар давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,064,024 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ