Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01612

 

  

 

 

 

 

 

 

     2025         09            22                                         210/МА2025/01612

                                                 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/04552 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *******гээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 240,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 240,000,000 төгрөгийн үнэд ******* болон ******* маркийн машиныг өгч, худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар баталгаажуулж, хуулийн дагуу улсын бүртгэл дээр очиж гэрчилгээг шилжүүлж авсан. Тухайн үед *******гээс асуухад одоогийн объектод “*******” ХХК байгаа удахгүй гарна гэж хэлсэн. Гэрчилгээгээ өөр дээрээ шилжүүлчхээд “*******” ХХК-ийн хаягт очиход үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд маргаан үүссэн тул миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн *******, //, тоотод байрлах 80 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг “*******” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Уг 80 м.кв талбайг иргэн *******ын зөвшөөрлөөр 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******* гэх хүнд 83,000,000 төгрөгийн зээлийн барьцаад тавьсан. Энэ үл хөдлөх хөрөнгийг 2 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлийн барьцаанд тавьсан. Ингээд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр миний зээлийн хугацаа дуусаж 1 сар сунгасан.

Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “*******” ХХК-ийн нягтлангаас хоёр хүн ирээд манай үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан гэж байна гэсэн бөгөөд ******* гэх хүнээс худалдаж авсан гээд худалдах, худалдан авах гэрээгээ үзүүлсэн. “*******” ХХК нь 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэгч нь өөр хаяг байршилтай компанийг өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй андуураад албадан гаргах нэхэмжлэл гаргасан. Энэ 80 м.кв талбайтай үл хөдлөхөд ******* үйл ажиллагаа явуулдаг гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “*******” ХХК-д байгаа эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн *******, // тоот 80 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг миний бие 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* гэх хүнээс төлбөр мөнгийг нь төлөөд хуулийн дагуу худалдаж авсан. Тухайн үед уг хөрөнгө *******гийн хууль ёсны өмч байсан ба миний бие худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр дугаар бүхий гэрчилгээ авсан. Гэтэл шүүх “*******” ХХК-ийн өмч мэтээр шийдвэрийнхээ тогтоох хэсэгт дурджээ.

4.2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, хуулийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, шүүхэд нэхэмжлэл гаргаад нэхэмжлэлийг хариуцагчид гардуулснаас хойш 14 хоногийг дотор хариу тайлбар өгөх үүрэгтэй ба тухайн хугацаанд хариу тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хэргийг эзгүйд шийдэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд тодорхой заасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбараа огт өгөөгүйгээс гадна хуралд мэтгэлцэж орохдоо няцаасан нэг ч баримт хэрэгт хавсаргаагүй.

4.3. Үүнээс гадна хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр маргаж оролцохдоо гэх хүний өмч бид ашиглаж байгаа гэж тайлбарладаг хэдий ч түүнийгээ нотолж чаддаггүй. Харин нэхэмжлэгчээс уг хөрөнгө бий болсноос хойш гэх хүний оролцоо байгаагүй талаар лавлагаа бүхий баримтаа хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.

4.4. Иймд хэргийг хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдэж “*******” ХХК-ийг миний өмчөөс гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зааснаар шүүхээс шийдвэр гаргах болсон үндэслэл бүхий дүгнэлтүүдэд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй гэж үзэж байна. Шүүх ******* болон ******* нарын хооронд 80 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсаныг тогтоосон. Талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдах гэрээ байгуулахдаа тухайн объектыг очиж үзээгүй бөгөөд хаана, ямар объект байгаа талаар нэхэмжлэгч мэдээгүй байсан. Мөн нэхэмжлэгч *******ыг тухайн үл хөдлөх хөрөнгийг бодитоор хүлээж аваагүй үйл баримтыг шүүх тогтоосон. Энэ үйл баримттай маргаагүй.

5.2. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******ыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авснаас хойш бодитойгоор эзэмшээгүй байна гэж үзсэн. Иймд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдсан этгээдээс тухайн зөрчил, доголдлыг арилгуулах буюу *******гээс шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Уг дүгнэлтэд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй, маргахгүй байгаа гэж үзэж байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* худалдаж авах үедээ өөр этгээд байгаа болохыг мэдсээр байж тус хөрөнгийг хууль бус эзэмшил гэж үзэж байгаа талаар шаардлагатай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

5.3. Түүнчлэн “*******” ХХК-ийг бусдын эзэмшилд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учир “*******” ХХК-д албадан чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй. Компанийн дүрмээр хаяг тодорхойлогдоно гэж байгаа боловч маргаан бүхий объект орон сууц биш учир боломжгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох хэрэгтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “*******” ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа талаар мэдэж байсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн зүгээс “*******” ХХК-д тухайн объектыг чөлөөлөх талаар мэдэгдэл өгсөн үйл баримт хэрэгт авагдаагүй.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх, хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *******гээс 240,000,000 төгрөгөөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан боловч тухайн хаягт үйл ажиллагаа явуулж буй “*******” ХХК чөлөөлж өгөхгүй байна” гэж, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...манай “*******” ХХК нь 2015 оноос хойш уг байрлалд үйл ажиллагаа явуулж байгаа,  нэхэмжлэгч нь өөр хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан нь манай үйл ажиллагаа явуулж буй объектод хамааралгүй” хэмээн тус тус маргажээ.

 

3. Анхан шатны шүүх, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

4. Хэргийн 4 дүгээр талд авагдсан 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнд улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******, ******* //, байранд байрлах, 80 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 240,000,000 төгрөгөөр ******* нь *******т худалдана гэжээ.

 

5. Нэхэмжлэгч дээрх худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байх боловч тухайн объект нь уг байрны аль хэсэгт байрладаг, уг хөрөнгийг хариуцагч “*******” ХХК эзэмшиж, ашиглаж байгаа эсэх, тухайн этгээдийн эзэмшил хууль бус эсэх талаарх үйл баримт бүрэн тогтоогдсон байх шаардлагатай. 

 

6. Гэтэл дээрх үйл баримт тодорхой бус байхаас гадна маргаж буй талуудын өмчлөл, эзэмшлийн талбайн хил хязгаар, объектын байршил зэрэг үйл баримтууд бүрэн тогтоогдоогүй байна.

 

7. Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэргийн болон маргааны үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/04552 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.           

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.АЗБАЯР

                            ШҮҮГЧИД                                         Т.ГАНДИЙМАА

                                                                                     Н.ГЭРЭЛТУЯА