| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1539 |
| Огноо | 2019-10-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 1539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,
улсын яллагч: Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов,
шүүгдэгч: С.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А А овогт С Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906042071868 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А А овогт С Э, 19 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, , гэх газарт бүртгэлтэй, одоо ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, АЖ76122611 регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С Э нь 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис нийтийн караоке дотор иргэн Г.Н рүү пивоны шил шидэж, улмаар хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 16-нд шилжих шөнө манай 3 найз нилээд согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн над дээр ирээд караокед сууя гээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Чингис зочид буудалд бид нар хоёр хоёр шар айраг аваад сууж байсан. Би ариун цэврийн өрөө орчихоод ирэхэд манай найзууд 3 залуутай маргалдаж байсан. Би найзуудаа өмөөрөөд маргалдаж байгаад салаад суусан. Тэгээд нэг залуу нь над руу чамайг ална гээд салаавч өгөхөөр нь би уурлаад шар айрагны шил аваад шидэхэд ажлаа хийгээд явж байсан Н цохичихсон юм. Тэгээд бөөн маргаан болоод жоохон сийрээд шар айрагны шил хэн шидсэн юм гэхээр нь би шидсэн гэж хэргээ хүлээсэн юм гэв.
Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн орой Чингис караокед өөрийн танил 3 хүүхний хамт орсон. Тухайн миний таньдаг 3 хүүхэн бааранд орохоосоо өмнө архи уучихсан байсан юм. Чингис караокед ороод бид нар пиво л уусан. Надтай хамт орсон хүүхнүүд бүжиглээд байсан. Би ширээн дээрээ л сууж байсан. Би 00 орчихоод гараад иртэл нөгөө 3 хүүхэн 2-3 залуучуудтай маргалдаад байж байсан. Би тухайн залуучууд дээр очоод эмэгтэй хүмүүстэй маргаад яах юм бэ гэж хэлээд салгасан. Тэгээд ширээн дээрээ очоод сууж байтал нөгөө салгасан залуучуудын нэг нь над руу хараад салаавч гаргасан. Тэгэхээр нь би уг залууг чиглүүлээд пивоны шил шидсэн. Тэгтэл өөр хүн оносон бололтой бөөн шуугиан болоод явчихсан. Би зөөгч охиныг оносон юм шиг байна лээ. Тэгээд би нөгөө согтуу хүүхнүүдээ аваад гарсан гэжээ. /хх-ийн 33/
Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө би Чингис караокед ажилтай байсан. Манайх 8 ширээтэй бөгөөд ширээ бүр хүнтэй, хүн их байсан. Намайг цохисон гэх хүүхэн 4 дүгээр ширээнд сууж байсан бөгөөд 2 дугаар ширээнд сууж байсан хүмүүстэй хэрүүл хийгээд хүмүүс рүү архи, пиво цацаад байсан ба тэгж байснаа стакан хагалчихаар нь би очоод цэвэрлээд бусад аяга тавагнуудаа хураагаад ширээ арчиж байтал гэнэт ардаас пивоны шил шидсэн. Миний баруун гар талын чих болон чамархай хэсэг рүү өвдөөд эхэлсэн ба цус урсаж байсан. Тэгээд цагдаа дуудсан. Би пивоны шил шидэхийг хараагүй. Тэнд байсан хүмүүс нэг эмэгтэйг шидсэн гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 9/
Гэрч В.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 23.00 цагийн орчимд нийтийн байрны эгч, ах нартай хамт уулзаад бид нар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Чингис караокед орохоор болсон. Бид наркараокед ороод 4 дүгээр ширээнд суусан ба Э гэдэг ах гар утсаа тавьж байгаад 10 шил пиво авсан. Бид нарыг сууж байтал Т эгч дээр нэг танихгүй залуу ирээд нүүрлүү нь мангасдаад унагаах гээд байхаар нь би уг залуугийн сууж байсан ширээн дээр очоод шилтэй пивыг нь асгаж муудалцсан. Тэгээд сүүлдээ бид нар эвлэрээд би ширээн дээрээ ирсэн. Гэтэл гэнэт зөөгч эмэгтэй ирээд миний үснээс зулгаагаад байсан ба арай гэж түүнээс салаад учрыг нь асуутал чи миний толгой руу шил шидсэн гэж хэлээд уурлаад өшиглөөд байсан. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад цагдаа дуудсан. Цагдаад би камерээ шалга гэж хэлсэн. Би ерөөсөө шил шидээгүй гэжээ. /хх-ийн 14/
Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 18/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 8734 тоот шинжилгээ:
1.Г.Н биед тархи доргилт, баруун чихний ар хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 20/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 21/
Г.Н эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 23-25/
С.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/,
С.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 26/
С.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 28/, прокурорын тогтоол /хх-н 29/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-33/ зэрэг болно.
Шүүгдэгч С Э нь 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис нийтийн караоке дотор иргэн Г.Н рүү пивоны шил шидэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө би Чингис караокед ажилтай байсан. Манайх 8 ширээтэй бөгөөд ширээ бүр хүнтэй, хүн их байсан. Намайг цохисон гэх хүүхэн 4 дүгээр ширээнд сууж байсан бөгөөд 2 дугаар ширээнд сууж байсан хүмүүстэй хэрүүл хийгээд хүмүүс рүү архи, пиво цацаад байсан ба тэгж байснаа стакан хагалчихаар нь би очоод цэвэрлээд бусад аяга тавагнуудаа хураагаад ширээ арчиж байтал гэнэт ардаас пивоны шил шидсэн. Миний баруун гар талын чих болон чамархай хэсэг рүү өвдөөд эхэлсэн ба цус урсаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
Гэрч В.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 23.00 цагийн орчимд нийтийн байрны эгч, ах нартай хамт уулзаад бид нар Баянзүрх дүүргийн дүгээр хороонд байрлах Чингис караокед орохоор болсон. Бид наркараокед ороод 4 дүгээр ширээнд суусан ба Э гэдэг ах гар утсаа тавьж байгаад 10 шил пиво авсан. Бид нарыг сууж байтал Т эгч дээр нэг танихгүй залуу ирээд нүүрлүү нь мангасдаад унагаах гээд байхаар нь би уг залуугийн сууж байсан ширээн дээр очоод шилтэй пивыг нь асгаж муудалцсан. Тэгээд сүүлдээ бид нар эвлэрээд би ширээн дээрээ ирсэн. Гэтэл гэнэт зөөгч эмэгтэй ирээд миний үснээс зулгаагаад байсан ба арай гэж түүнээс салаад учрыг нь асуутал чи миний толгой руу шил шидсэн гэж хэлээд уурлаад өшиглөөд байсан. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад цагдаа дуудсан. Цагдаад би камерээ шалга гэж хэлсэн. Би ерөөсөө шил шидээгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 14/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 8734 тоот шинжээчийн дүгнэлтээр: Г.Н биед тархи доргилт, баруун чихний ар хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 20/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч С.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул С.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Г.Н нь эмчилгээний зардалд 145.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлсэн болно.
С.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А А овогт С Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Энхбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 166.667 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Э нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. С.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН