| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00277/И |
| Дугаар | 103/ШШ2016/00308 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2016/00308
| 2016 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 103/ШШ2016/00308 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийний 2 дугаар гудамжны 8 тоотод байрлах, Хушинга Трейд ХХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох С.Отгонсайханыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Хушинга Трейд ХХК-ийн менежер Ж.Баатарболд, нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хушинга Трейд ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай компани нь Үйлс трейд ХХК-ийн захирал С.Отгонсайхантай амаар харилцан тохиролцож 2014-2015 онд Багануур дүүрэг дэх Боловсролын гудамжны бүтээн байгуулалтанд явган замын хавтан нийлүүлсэн. Үйлс трейд ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гэрээний төлбөрийг шаардсан боловч төлж барагдуулахгүй байсаар 2015 оны 06 дугаар сарын 10-нд тооцоо нийлэн 3.688.000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. Үйлс трейд ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 800.000 төгрөгийг өгсөн ба одоог хүртэл гэрээний дагуу үлдсэн төлбөрөө барагдуулахгүй байгаа тул үндсэн мөнгө 2.888.000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх алданги 1.299.600 төгрөг, нийт 6.212.312 төгрөг өгөх ёстой ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар хариуцагч С.Отгонсайхан нь уг хаяг дээр оршин суудаггүй, утаснууд нь холбогдох боломжгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч С.Отгонсайхан нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч С.Отгонсайханыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүхээс хэрэгт авагдсан Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Үйлс трейд ХХК-ийн төлбөр барагдуулах тухай албан тоот, Хушинга трейд ХХК-ийн тооцоо хийж дуусгах тухай албан тоот, жилээр тооцоо нийлж байсан баримтын хуулбар, Багануур дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хушинг Трейд ХХК нь Үйлс Трейд ХХК-ийн захирал С.Отгонсайханыг эрэн сурвалжлуулахыг хүсчээ. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
С.Отгонсайхан нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Үйлс трейд ХХК-ийн төлбөр барагдуулах тухай албан тоот, Хушинга Трейд ХХК-ийн тооцоо дуусгах тухай албан тоот, тооцоо нийлж байсан баримтын хуулбар Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байгаа бөгөөд албан ёсны хаяг болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Хөгжил хотхон, Алтан оточ ХХК-ийн байрны 301 тоотод оршин суудаггүй, түүний хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул түүнийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Санжаажавын Отгонсайханыг /РД:ЦЖ61052774/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2. Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоон, шүүхэд ирүүлэх ажиллагааг Тахарын Ерөнхий газарт даалгасугай.
3. Шийдвэрийн хувийг Тахарын Ерөнхий газар болон Нийслэлийн 10 дугаар тойргийн Багануур дахь хэсэгт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Одгэрэлд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.ТУЯА