| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 192/2025/02944/И |
| Дугаар | 210/МА2025/01660 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01660
2025 10 01 210/МА2025/01660
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04896 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 144,255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. *******д 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 88,500,000 төгрөгийг сарын 6.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлж, хугацаа хэтрүүлбэл хоног тутам 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцож, гэрээ байгуулж, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар сунгаж, алдангийг хоногийн 0.5 хувь болгосон. 88,500,000 төгрөгийн 1047 хоногийн хүү 11,505,000 төгрөг, 100 хоногийн алданги 0,5 хувиар тооцон 44,250,000 төгрөг, нийт 144,225,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны хүүг төлж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөг төлснийг үндсэн зээл, зээлийн хүүгээс хасаж тооцон үндсэн зээлийн үлдэгдэл 70,000,000 төгрөг болсон учир үндсэн зээл 70,000,000 төгрөг, үүний алданги 35,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлж аваагүй, харин ******* мөнгө авч, буцаан төлж барагдуулсан учир ямар нэг өр төлбөр байхгүй. Зээлийн гэрээ нь зээлдүүлэгч зээлдэгчид мөнгийг шилжүүлснээр байгуулагдсанд тооцогддог. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 105,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 879,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 682,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282.4 дэх хэсгийг буруу хэрэглэж зохигч нарын хооронд зээлийн мөнгө шилжүүлсэн дансны хуулга, бусад баримтууд байхгүй атал эрүүгийн хэрэгт авагдсан гэрч *******ийн өгсөн мэдүүлгийг шууд үндэслэн 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх ёстой гэж дүгнэсэн. ******* гэх хүнд холбогдсон эрүүгийн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг нь иргэний хэрэгт дангаар шууд нотлох баримт болохгүй.
Түүнчлэн зохигч талуудаас гаргаж өгсөн дансны хуулгууд, 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн автомашин шилжүүлсэн гэрээ, иргэн *******тэй хийсэн зээлийн гэрээ, гэрч *******йн удаа дараагийн өгсөн мэдүүлгүүд болон бусад үйл баримтуудыг хооронд нь харьцуулж зээлийн хэмжээ, буцааж төлсөн төлөлтүүдийг хэрхэн үнэлж дүгнэж байгаагаа шийдвэртээ үндэслэл бүхий дурдах ёстой байсан боловч дан ганц эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.2. Мөн тухайн шүүх хуралдаанд гаргасан гэрч, гуравдагч этгээдээр *******йг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг хангаагүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т "Энэхүү шийдвэр нь хариуцагч *******ийн зүгээс ******* гэх иргэнд төлсөн гэх төлбөртэй холбоотой шаардлага гаргахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй." гэсэн нь ойлгомжгүй бөгөөд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2, 116.3 дахь хэсэгт заасан нотлох баримтуудыг бүрэн харьцуулж үнэлэх, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмууд зөрчигдсөн гэж үзэж байна.
4.3. Ингээд шүүх хурлаас өмнө шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч Улсын Дээд шүүхийн тайлбараар хүсэлттэй холбоотой татгалзал гаргавал хүлээж авахгүй зохицуулалттай гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийг зөв шийдвэрлэж чадахгүй гэсэн үндэслэлээр татгалзсан боловч хүлээж авахгүй гэснээр шүүх хурлыг үргэлжлүүлж шийдвэрээ гаргасан. Иймд хэргийг бүхэлд нь дахин хянаж анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. ******* гэх хүнийг би танихгүй бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр миний хамтран амьдрагч байсан *******йн багын найз 1 сарын хугацаатай мөнгө зээлчих гэсэн тул би бүх эд хөрөнгөө барьцаалж, 2018 оны 04 дүгээр сард тухайн хүнд 150,000,000 төгрөг зээлсэн. 1 сарын дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тухайн хүн зээлсэн мөнгөө бэлнээр өгсөн. Миний бие тухайн хүнд зээлсэн мөнгийг өөрийн бүх эд хөрөнгөө буюу 2 орон сууц, амралтын газрынхаа бичиг баримтыг барьцаанд тавьж, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч өгч байсан.
Ингээд 140,000,000 төгрөг өгсөн гэж нотариатаар гэрчлүүлж гэрээ байгуулсан. Би тухайн үед өөрийн “******* банк” ХК-ийн интернэт банкийг ашиглаж чаддаггүй байсан тул хамтран амьдрагч *******йн дансаар дамжуулж, мөнгийг хариуцагчид өгдөг байсан. Иймд хариуцагч талын ярьж байгаа 56,000,000 төгрөг нь *******йн дансаар орсон учир 140,000,000 төгрөгийн зээл нь 88,500,000 төгрөг болсон юм.
5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь намайг тухайн гэрээг өөрийн дураар гараараа засварладаг гэж тайлбарлаж байна. Гэтэл ийм асуудал огт байхгүй бөгөөд бид хамт байхдаа гэрээг засварласан.
2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчид хандаж, “би чамд мөнгө зээлүүлж байгаа учир чи надад ямар нэгэн барьцааны зүйл өг” гэхэд хариуцагч талын зүгээс нэг автомашин өгсөн. Тухайн автомашины үнийг 88,500,000 төгрөгөөр үнэлж, бид гэрээ байгуулснаар автомашин миний нэр дээр шилжсэн. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр над руу нэг хүн утасдаж, автомашины нэр чиний нэр дээр шилжсэн боловч тухайн автомашин одоо надад байна гэж хэлсэн. Хариуцагч надаас 70,000,000 төгрөг авсан болох нь тодорхой бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би *******тэй утсаар ярьж, сар бүр 6.5 хувийн хүү төлөх нь чамд хэцүү байгаа учир би зээлийн хүүг 3.5 хувь болгож өгье гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс зээлийн хүүг 3.5 хувь болгосон бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөр 70,000,000 төгрөг байгаа талаар бид амаар тохиролцсон гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 144,255,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж үндсэн зээл 70,000,000 төгрөг, үүний алданги 35,000,000 төгрөг, нийт 105,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээ байгуулагдаагүй хэмээн маргажээ.
3. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.
3.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн огноо бүхий “Зээлийн гэрээ” хэргийн 231 дүгээр талд авагдсан байх ба уг гэрээгээр ******* нь 140,000,000 төгрөгийг сарын 6.5 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай *******гаас зээлэхээр тохиролцож, тухайн гэрээнд талууд 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа үндсэн зээл 82,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 6,500,000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 88,500,000 төгрөг гэж баталгаажуулан гарын үсэг зуржээ.
3.2. Үүний дараа ******* болон ******* нар 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 88,500,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 6.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, мөн алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувь байхаар тохиролцсон. /1хх-13/
3.3. Мөн талууд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээний сунгалт нэртэй гэрээг байгуулж, өмнөх 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг 1 жил буюу 12 сараар сунгаж, сарын 6.5 хувийн хүү тогтоож, алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тогтоожээ. /1хх-15/
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.
4.1. Дээрх зээлийн гэрээнүүдэд үндсэн зээлийн хэмжээг 88,500,000 төгрөг гэж бичсэн боловч уг 88,500,000 төгрөгийн 6,500,000 төгрөг нь зээлийн хүүгийн үлдэгдэл болох нь гэрээний эх хувьд оруулсан засвар болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд хүүгээс хүү тооцохгүй учир 6,500,000 төгрөгийн зээлийн хүүг хасаж, үндсэн зээлийн хэмжээг 82,000,000 төгрөгөөр тооцох, мөн зээлийн гэрээний хугацаа 12 сар байхаар тохиролцсон гэж дүгнэв.
4.2. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч “эхний 6 сарын зээлийн хүүг 6.5 хувиар тооцсон, сүүлийн 6 сарын хүүг багасгаад 3.5 хувиар тооцсон” гэж тайлбарласан тул уг тайлбарын хэмжээнд тооцоход:
Зээлийн гэрээний үндсэн үүрэг 82,000,000 төгрөг, зээлийн хүүд 49,200,000 төгрөг /эхний 6 сарын хүүг 6.5 хувиар тооцвол 31,980,000 төгрөг + сүүлийн 6 сарын хүүг 3.5 хувиар тооцвол 17,220,000 төгрөг/, мөн өмнөх тооцоо нийлсэн зээлийн хүүгийн үлдэгдэлд 6,500,000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 137,700,000 төгрөгийг хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д төлөх үүрэг хүлээсэн байна.
4.3. Анхан шатны шүүх хариуцагч *******ээс 105,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх бөгөөд хэргийн нотлох баримтыг бүрэн үнэлэлгүй, тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
5. Хэргийн 1 дүгээр хавтасны 87-92, 97 дугаар талд авагдсан нэхэмжлэгч ******* ******* банк дахь 5022582011 тоот дансны хуулгаас үзэхэд хариуцагч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш *******д 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “*******” гэх утгаар 3,500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “” гэх утгаар 4,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “” гэх утгаар 700,000 төгрөг, 800,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “” гэх утгаар 1,250,000 төгрөг, 1,200,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “” гэх утгаар 2,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “” гэх утгаар 1,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “*******” гэх утгаар 2,800,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “” гэх утгаар 2,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “” гэх утгаар 350,000 төгрөг, 150,000 төгрөг, нийт 19,750,000 төгрөгийг шилжүүлжээ.
Дээрхээс гадна нэхэмжлэгчийн 2017 оны 06 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан иргэн *******йн ******* банк дахь 5003895468 тоот дансанд хариуцагч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг /1хх-144/, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “” гэх утгаар 500,000 төгрөг, /1хх-81/, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “” гэх утгаар 2,000,000 төгрөг, 19,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “” гэх утгаар нийт 45,000,000 төгрөг /1хх-82/, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “” гэх утгаар 500,000 төгрөг /1хх-83/, 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “” гэх утгаар 700,000 төгрөг /1хх-161/, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “” гэх утгаар 1,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “” гэх утгаар 600,000 төгрөг /1хх-162/, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “” гэх утгаар 2,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “” гэх утгаар 350,000 төгрөг, мөн энэ өдөр “*******” гэх утгаар 1,150,000 төгрөг /1хх-163/ нийт 73,300,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд дээрх мөнгөн хөрөнгийг ******* болон ******* нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлтэй байх тул *******йн дансанд орсон 73,300,000 төгрөгийг *******ээс *******д төлсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдааны үеэр “2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд интернэт банк ашиглах боломжгүй байсан ба ******* нь миний мөнгөнөөс ******* болон бусад этгээд рүү мөнгө шилжүүлэхдээ миний утасны дугаар болон нэр дурдаж шилжүүлдэг байсан” гэж, мөн хэргийн 179-198 дугаар талд авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд гэрч ******* нь “******* ******* банкны интернэт банк ашиглаж болохгүй байсан тул миний дансаар дамжуулж гүйлгээ хийдэг байсан” гэж тус тус мэдүүлж, тайлбарласан байх ба үүнээс үзэхэд нэхэмжлэгч ******* хамтран амьдрагч *******ар дамжуулан өөрийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж, буцаан өөрийн болон *******йн дансаар зээлийн төлбөр хүлээн авдаг байсан нь нотлогдож байна.
Иймээс хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 137,700,000 төгрөг төлөхөөс түүний 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн // маркийн автомашины үнэ 30,000,000 төгрөг /1хх-17/ болон нэхэмжлэгч *******, иргэн ******* нарын дансаар төлсөн 93,050,000 төгрөгийг тус тус хасаж тооцвол 14,650,000 төгрөг /137,700,000-93,050,000-30,000,000=14,650,000/ төлөх үүрэгтэй байна.
6. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний 1-д “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж тохиролцсон байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 14,650,000 төгрөгийн 50 хувь буюу 7,325,000 төгрөгийн алдангийг хариуцагч *******ээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.
7. Иймд хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэг 14,650,000 төгрөг, алданги 7,325,000 төгрөг, нийт 21,975,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 83,025,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
8. Мөн хариуцагч талаас “*******йг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хангаагүй нь үндэслэлгүй” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан боловч шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд *******йн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж, уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул энэ талаар давж заалдах гомдлыг хангахгүй.
Түүнчлэн хүсэлт хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй, уг хүсэлтийг хүлээн аваагүй гэх гомдол гаргасан боловч шүүх Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын “Тайлбарлах нь” хэсгийн 3 дахь заалтыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү гомдлыг хангах үндэслэлгүй байна.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04896 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “105,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.” гэснийг “21,975,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 83,025,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “682,950” гэснийг “267,825” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 682,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Н.ГЭРЭЛТУЯА