Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/01659

 

  

 

 

 

 

 

 

     2025         10            01                                         210/МА2025/01659

                                                 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04402 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

 

Гүйцэтгэх захирлын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* миний бие "*******" ХХК-д 2021 оны 11 дүгээр сараас хойш тасралтгүй ажиллаж байгаад үндэслэлгүйгээр тус компанийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан шалтгаанаар ажлаас халагдсан. Миний бие ингэж ажиллах хугацаандаа урьд өмнө нь ямар нэг сахилгын шийтгэл авч байгаагүй, ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсээр ирсэн.

Хугацаатай хөдөлмөрийн гэрээг хуанлийн өдрөөр бус үйл явдлаар тодорхойлох ёстой, мөн сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс хэтэрсэн бол уг гэрээг хугацаагүй байгуулсанд тооцох зохицуулалттай байтал хууль зөрчиж хуанлийн хугацаагаар гэрээ байгуулсан байна.

Монголын томоохон компани болох “*******” ХК-тай гэрээ хийж ажилд орсон. 800 гаруй ажилчдаас 4 хүн халсан. Төсөл явагдаж байх хооронд ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусах өдөр гэрээг цуцлаагүй бол уг гэрээнд анх заасан хугацаагаар сунгагдана гэснээр гэрээний маань үргэлжлэх хугацаа нийт 6 жил болох ёстой. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нас хүйс, хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж ажлаас халсан. Халагдсанаас хойш өнөөдрийг хүртэл нийт 5 сар, нэг өдрийн цалинг 223,012, 1 сарын дундаж цалин 4,727,860 төгрөг , нийт 5 сарын цалинг 23,639,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Иймд “*******” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай “*******” ХХК нь Төрийн өмчит "*******" ХК-иас 2021 оны 03 дугаар сард зарлагдсан " уурхайн гэрээт олборлогч сонгон шалгаруулах тендер”-т ******* түншлэлээр оролцон шалгарч, гэрээ байгуулах эрх авсны дагуу захиалагч тус компанитай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* дугаартай ордын зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Өмнөговь аймаг, *******ын нутаг дэвсгэрт байх нүүрсний ордын уурхайд ******* түншлэлийн дагуу гэрээт гүйцэтгэгчээр хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх болсон.

Энэхүү гэрээт төслийн ажлыг хийж гүйцэтгэхдээ ажил олгогч нь дээрх гэрээний санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээ цаг хугацаагаар хязгаарлагдсан хугацаа /36 сар/-тай уялдуулан ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дах хэсэгт заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах болсон.

Нэхэмжлэгч *******тай 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, "Дампын оператор"-оор ажиллуулах болсон. Дээр дурдсан "*******" ХК-тай байгуулсан ******* дугаартай хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гэрээний хугацаа дуусгавар болж буйтай холбоотойгоор ажил олгогчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох талаар мэдэгдэж, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

Иймд ажил олгогчоос нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг гэрээнд заасны дагуу хугацаа нь дуусгавар болж, түүнийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК-д холбогдох гүйцэтгэх захирлын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, дампын операторын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* би анхан шатны шүүх хурлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4, 50.3 дахь хэсэгт заасан хэм хэмжээг гол эх сурвалжаа болгон мэтгэлцсэн хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 50.4 дэх хэсэгт заасан анх байгуулсан болон нэмэлт гэрээний хугацаа 2 жилээс дээш бол хугацаагүй байгуулсанд тооцох заалтыг хэрэгт цугларсан доорх нотлох баримтууд болох 4 удаагийн Хөдөлмөрийн гэрээтэй холбож тайлбарласан. Тухайлбал, 2021 оны 11 дүгээр сарын 29, 2022 оны 03 дугаар сарын 01, 2022 оны 08 дугаар сарын 01, 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус тус хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

Дэлгэрэнгүйгээр тайлбарлавал төслийн үргэлжлэх хугацаагаар буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаан дахь хууль зүйн фактын хувьд харьцангуй үйл явдлын хүрээгээр, өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасан зайлшгүй бий болох явдлаар хөдөлмөрийн гэрээний хугацааг тодорхойлсон. Талуудын хооронд байгуулсан гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар хугацаагүй байгуулсанд тооцно. Тийм учраас ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар хугацаа дууссан үндэслэлээр ажилтныг халах эрхгүй юм.

Гэвч анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 хэсэгт заасан хугацаагүй байгуулсан тооцох заалтыг шүүгч хэрхэн үзсэн талаарх тайлбар байхгүй байгаа бөгөөд дээр дурдсанчлан 4 удаагийн Хөдөлмөрийн гэрээг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан "шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ" гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч дуусгавар болох талаар дурдаагүй ажилтан ажлаа үргэлжлүүлсээр байвал хөдөлмөрийн гэрээний хугацааг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцох үндэслэлтэй.

Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2, 73.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаа тооцох журмын дагуу авч үзвэл *******ын Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь Таван толгой ордын зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний 9.1-т заасан 36 сарын хугацаа дуусах өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дуусах байсан ба ажил олгогч гэрээг дуусгавар болгох талаар ажилтанд сануулж мэдэгдээгүй.

Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 50.4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан байсныг ажил олгогч илэрхий гуйвуулж, бүдүүлгээр зөрчих байдлаар миний үйлчлүүлэгчийг ажлаас халж хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн.

4.3. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04402 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 болон 50.1.6-д заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж маргадаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 дугаар хуудсанд энэ талаар тодорхой дурдсан.

Ажил олгогч нь 2021 оны тоот ажил гүйцэтгэх гэрээг “*******” ХК-тай байгуулсан. Тухайн гэрээг байгуулахдаа төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах гэрээг үндэслэсэн буюу тендер сонгон шалгаруулалтад оролцсоны үндсэн дээр “*******” ХК-тай 3 жилийн буюу 36 сарын хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Түүнчлэн тухайн гэрээг хэрэгжүүлэхэд ажил олгогчийн санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээ тодорхой байсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасны дагуу ажилтнуудтайгаа хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

5.2. Нэхэмжлэгчтэй 4 удаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэг боловч 1 хөдөлмөрийн гэрээнд 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ юм. Үүнийг 4 удаа гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд ажил олгогчийн зүгээс цалинг нь 3 удаа нэмэгдүүлсэн байдаг.

Гэтэл цалин нэмэгдсэн буюу нэмэлт өөрчлөлт оруулсан 3 гэрээнд талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д зааснаар буюу хөдөлмөрийн гэрээний 3.1.1-д заасны дагуу хугацаатай гэрээ байгуулсан гэдгийг нэмэлт өөрчлөлт орсон гэрээнүүдэд тус бүр тусгасан байдаг. “*******” ХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дууссан бөгөөд энэ гэрээний хугацаа дууссан талаарх мэдэгдэл “*******” ХК-иас ирсэн. Үүний дагуу ажил олгогч 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр энэ гэрээний хугацааг дуусгасан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан.

Тиймээс ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасны дагуу санхүүжилт болон хийгдэх ажил нь тодорхой хугацаагаар хязгаарлагдсан гэрээний үндсэн дээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

5.3. Нэхэмжлэгч тал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээ 2 жилээс дээш хугацаагаар байгуулагдсан бол энэ нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан тооцогдоно гэж тайлбарладаг. Гэтэл ажил олгогч ажилтныг чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4, 78 дугаар зүйлийн 78.1.3, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасныг үндэслэж тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон.

Гэтэл нэхэмжлэгч тал нь 2 өөр гэрээг өмнөх хэрэгжүүлсэн гэрээний үргэлжлэл нь юм, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасанд хамааралтай юм гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан. Өөрөөр хэлбэл, тоот гэрээний үргэлжлэл нь тоот гэрээ биш гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ үндэслэсэн байсан. Хэрэв ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд ажил олгогч өөрөө өөр этгээдийн ажлыг гүйцэтгэхээр хугацаатай гэрээ байгуулсан атлаа ажилтантай хугацаагүй гэрээ байгуулсан үед тухайн гэрээт ажил нь дууссан тохиолдолд ажил олгогч хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтнаа хэрхэн ажил үүргээр хангах вэ гэх асуудал тодорхойгүй болж байгаа юм.

Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасныг үндэслэж, өөрөөр хэлбэл, ажил олгогч нь хийгдэх ажил болон санхүүжилтийн цар хүрээгээр хязгаарлагдсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг анхнаасаа байгуулж ажилласан зорилго нь ийм байсан юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянаж, уг гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК‑д холбогдуулж гүйцэтгэх захирлын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Талуудын маргааны зүйл нь хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулагдсан эсэх талаар байна.    

 

2.2. Анхан шатны шүүх маргаанд хамаарах үйл баримтыг зөв тогтоосон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг залруулж дүгнэнэ.

 

3. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1. “*******” ХХК нь *******ыг тус компанийн Уулын хэлтсийн Дампын оператор албан тушаалд ажиллуулахдаа 2021 оны 11 дүгээр сарын 29, 2022 оны 03 дугаар сарын 01, 2022 оны 08 дугаар сарын 01, 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр тус тус хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. /хх-5-16/

 

Хугацааг “Ажил олгогч болон “*******” ХК-ийн хооронд 2021 оны 11 дүгээр сард байгуулагдсан “н ордны зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хугацаа дуусгавар болох хүртэл” гэж тодорхойлсон.

 

3.2. Хариуцагч “*******” ХХК нь “” ХХК болон “” ХХК-ийн хамт “”-ээр “*******” ХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* дугаар “ ордын зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээнд ажил гүйцэтгэгчээр оролцон, захиалагчаас зарласан н ордын уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг 36 сарын хугацаатай хийж гүйцэтгэхээр /хх-35-56/, үүний дараа хариуцагч “*******” ХХК нь “” ХХК-ийн хамт “”-ээр “*******” ХК-тай 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дугаар “ ордын зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, мөн н ордын уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг дахин 36 сарын хугацаатай хийж гүйцэтгэхээр тус тус тохиролцсон. /хх-122-142/

 

3.3. Түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “ ордын уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ (*******)-ний ажлыг зогсоосон тухай акт” /хх-117/-аар ажил гүйцэтгэх гэрээний хугацааг дуусгавар болгож, техник төхөөрөмжийн ажлыг зогсоож, хэмжилт хийн актыг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 30 минутад үйлдсэн байх боловч үүнээс 1 цаг 30 минутын дараа “ уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ ()-ний ажил эхлүүлэх актыг мөн өдрийн 14 цаг 00 минутад үйлдэж, ажлыг үргэлжлүүлсэн нь хэргийн 119-120 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдов.

 

3.4.  2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацааг 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгохоо мэдэгдэж /хх-121/, улмаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот тушаалаар уулын хэлтсийн дампын оператор албан тушаалтай *******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсныг дурдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-3/

 

4. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч “*******” ХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг ажил олгогчийн “*******” ХХК-тай байгуулсан ******* дугаар гэрээний хэрэгжих хугацаагаар тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь хэсэгт зааснаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж хариуцагч маргасан.

 

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцохоор зохицуулсан. Энэхүү хэм хэмжээ нь хугацаатай гэрээг тогтмол, урт хугацаагаар байгуулах замаар ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөс хамгаалах зорилготой.

 

4.2. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааг тооцвол тэрээр 3 жил 1 сарын хугацаанд тасралтгүй ажилласан байх бөгөөд энэ хугацаанд байгуулсан анхны гэрээ болон дараагийн гэрээнүүдийн хугацаа хоёр жилээс илүү хугацаанд үйлчилсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт заасан хугацаагүй гэрээ байгуулагдсанд тооцно.

 

Иймд “хугацаатай гэрээний хугацаа дууссан” гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

4.3. Ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон тохиолдолд ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үр дагавартай тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь эрх зүйн үр дагавар агуулахгүй. Иймд  “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бие даасан шаардлага гэж тодорхойлохгүй.

 

Иймд нэхэмжлэгч *******ыг “*******” ХХК-ийн дампын операторын албан тушаалд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

5. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-159/-ыг үндэслэсэн 2025 оны 01 дугаар сарын 13-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 4 сар 7 хоногоор тооцож, нийт 20,487,463 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч “*******” ХХК-д даалгаж шийдвэрлэлээ.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04402 дугаар шийдвэрийн

 

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг “*******” ХХК-ийн дампын операторын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 20,487,463 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч “*******” ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                     

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ГАНДИЙМАА

 

 

                            ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                     Н.ГЭРЭЛТУЯА