| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00052/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул
Улсын яллагч А.Тунгалагтуяа
Шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ц.У холбогдох 1940001120073 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 08 сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.У
Шүүгдэгч Ц.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.У нь 2019 оны 05 сарын 31-ний өдөр байрлах өөрийн гэртээ иргэн Д.Х марган улмаар иргэн Д.Х далан тус газарт хутгаар зүсэж, түүний биед баруун даланд язарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Д.Х-ийн 2019 оны 06-р сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манай хуурай ах У 2019 оны 05 сарын 31-ний өдөр утсаар залгаад хоолны мах өгөөч гэхээр нь хоолны мах аваад эхнэр Д хамт гэрт нь орсон. Тэгсэн У ах хэдүүлээ хоол хийж идье гээд хоол хийж идээд байж байхад У ахын дүү нь ямаа боож өгөөч гэсэн гээд бид хоёр ямаагаа хуйхлангаа манай эхнэр Д 0.75 литрийн Хараа архи авчирч өгөхөөр нь У ахын эхнэр бид хэд хувааж уугаад байж байхдаа У ахад урд нь зээлүүлсэн мөнгөө авъя гэснээс болоод бид хоёр маргалдаж байхад манай эхнэр Д гараад явчихсан. Эхнэрийг гарснаас хойш бид хоёр хэрэлдэж байхад У ахын эхнэр согтоод унтчихсан байсан. У ах надад мөнгө байхгүй гэж маргалдаж байхад У ах чамайг хутга шаана гээд гал тогооны түмбүчик рүүгээ явах шиг болсон хутга авсныг нь хараагүй би тухайн үед нилээн халамцуу байсан бодвол би өөдөөс нь зүгээр байгаагүй байх цээж рүү цохьсон уу яасан миний цээжээр нилээн хөндүүрлээд өвдөөд байсан. Тэднийхээс гараад П ахынд ороод байж байхад эхнэр ирээд бид гурав манай гэрт очиж хоол хийж идэх гээд байж байхад миний цээжээр өвдөөд байна гэхэд Д лент наана гээд миний цамцыг сөхөж үзээд чиний ард даланд чинь хутгалсан байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгөөд эмнэлэг рүү яриад дуудлагын эмч ирээд эмнэлэг авч яваад үзээд өнгөц гэсэн ч гэсэн уушгинд ойрхон юм байна шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/
-Хохирогч Д.Х 2019 оны 06-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтад дахин өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр эхнэр Д хамтаар гэртээ амарч байхад танил ах болох У ах 16 цагийн орчимд залгаж надаас хоолны мах асууж хамт хоол хийж идэх санал тавьсан. Тэгэхээр нь би уг саналыг нь хүлээж аваад гэрт байсан махнаасаа нэг удаагийн хоолны мах аваад У ахын гэр буюу эхнэрийн хамтаар очсон. Эхнэр бид хоёрыг У ахын гэрт ороход У ах эхнэр Ц-гийн хамтаар гэр орноо цэвэрлээд архи уусан жаахан согтуу байж байсан. Ингээд бид 2 гэрт нь орж хоолны махаа өгөөд бид хамт хоол хийж идэхээр болоод хоолоо бэлдэж байхад У ахын гэрт гаднаас Ундрах ахын хуурай дүү гэх Ж гэх залуу орж ирээд У ахаар ямааны хорхог хийлгэхээр болсон. Ингээд Ж гэгчийн авчирсан ямааг У ах бид 2 хамт нийлж хийж өгөхөөр болсон. Харин бид хоёрыг ямаа хорхоглох гэж байхад манай эхнэр болон У ахын эхнэр хоёр гэртээ гэрээ цэвэрлээд л байж байсан. Ингээд эхний 2 тогооны хорхог гарч Ж хүлээлгэж өгөхөд Ж нь баярласан талархсанаа илэрхийлж У ах бид хоёрт 0.75 литрийн савалгаатай “Хараа” гэх нэртэй архи өгөөд үлдсэн 1 тогоотой хорхогоо эргэж ирээд авахаар болоод гал дээр тавиад үлдээгээд явсан. Ингээд бид хэд буюу У ах, Ц эгч, манай эхнэр Д бид нар уг архийг хувааж уусан. Ингээд архи дуусаагүй байх үед манай эхнэр Д нь гэр рүүгээ явлаа гээд явсан. Харин Ц эгч гэрийнхээ баруун орон дээр тасарч байгаа бололтой унтаад өгсөн. Харин У ах бид 2 юм ярингаа архиа дуустал уусан. Би тухайн үед буюу архи дуусах үед У ахаас өмнө нь зээлдүүлж байсан 30.000 төгрөгөө нэхэхэд “Би хүнээс асууж өгье, мөнгийг чинь өгнө” гэхээр нь би “Надад одоо мөнгө хэрэгтэй байна, гэр орондоо хүнс авмаар байна” гэхэд У ах уурлаж “юун сүртэй юм” гэж хэлснээс болж мөн миний уур хүрч бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Ингээд бид 2 сүүлдээ босож бие биенийхээ энгэр заамнаас зууралдаад авсан. Энэ үед У ах гал дээр тавьсан байсан тогоотой хорхогны дэргэд байсан эрээн өнгийн иштэй жижиг хутгыг авчихсан. Тэгэхээр нь би У ахыг биеэр нь бүтэн тэвэрч аваад ноцолдож байхдаа бид 2 гэр дотор газар унаад босож ирэхэд У ахын гарт барьж байсан хутга нь газар уначихсан харин миний далан тус газар хорсож, жаахан шингэн зүйл урсах шиг болж байсан. Гэхдээ би айхтар анзаараагүй юм. Ингээд бид 2 удалгүй муудалцахаа болиод би гэр рүүгээ явсан юм. Намайг гэрт очиход, П ах гэрт ирчихсэн манай эхнэр Д-тэй хамт хоол хийгээд байж байсан. Намайг гэрт ороход миний унтдаг орыг засчихсан байсан. Би гэртээ ороод орондоо орохоор дээгүүр өмсөж байсан саарал өнгийн подвалкаа тайлахад манай эхнэр “Чи ар нуруу буюу далан тус газраа хутгалуулчихсан байна” гээд цагдаад дуудлага өгсөн. Мөн эмнэлгийн байгууллагад хандаж түргэн дуудаад намайг эмнэлэгт авчирч хутгаар хатгуулсан шархыг маань цэвэрлэж боолт хийгээд тодорхойлолт хийж өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
-Гэрч Ж.Д-гийн 2019 оны 06-р сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манай нөхөр Х-гийн хуурай ах У нь 2019 оны 05 сарын 31-ний өдөр утсаар залгаад хоолны мах байна гэхээр нь бид хоёр хонинд явж амжаагүй байна байгаа жоохон махаа өгье гээд бид хоёр У ахынд оруулж өгсөн. Тэгсэн У ах миний нэг хуурай дүү хорхог хийж өгөөч гэж байна 50.000 мянгаар хийе хоёулаа 25.000 хувааж авъя гэсэн. Тэгээд У ахын эхнэр бид дөрөв 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Х, У хоёр хорхогоо хийж байхдаа хоорондоо маргаад байхаар нь Х-гийг над руу агсрах байх гэж бодоод тэдний гэрээс гараад гадуур явж байгаад Б-наа гэдэг найзтайгаа таараад гэрт нь очиж байж байгаад оройхон Х руу залгаад хаана байна гэсэн Х чи яасан яагаад алга болчив би гэр хороололд байна хөдөлж чадахгүй цээж даагдахгүй гадаа сууж байна гэхээр нь би гарч очоод яасан нүүр чинь шалбарсан байна ш дээ гээд замаараа П ахынхаар ороод П ахыг аваад гэртээ очоод байж байтал Х цээж даагдахгүй байна гэхээр нь цамцыг нь сөхөөд харахад ил хөхөрсөн зүйл огт харагдаагүй, тэгсэн нурууны ард далны хажуу хэсэгт нь хутгаар зүссэн байхаар нь цагдаад дуудлага өгөөд, түргэн дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8/
-Шүүгдэгч Ц.У-ын 2019 оны 06-р сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 05 сарын 31-ний өдөр гэртээ ямааны боодог хийж байхад Х эхнэр Д-гийн хамт 0.75 литрийн “Хараа” нэртэй архи барьж орж ирээд манай эхнэр Ц, П өвгөн бид хэд тэр архиа ууж байхад Х эхнэртэйгээ маргаж байгаад эхнэр нь П өвгөн хоёр хойно хойноосоо цуваад гарсан. Х бид хоёр үлдээд Х дахиад нэг шил архи авчирсан. Тэрийгээ манай эхнэр бид гурав хувааж уугаад байж байхад, манай эхнэр орон дээр хэвтээд өгсөн. Би Х 30.000 төгрөгний өглөгтэй байсан тэрийгээ надаас нэхээд би цалин мөнгө буугаагүй байхад надаас нэхлээ гээд бид хоёр хоорондоо маргасан. Бид хоёр хоорондоо барьцалдаж зуухны хажууд өнгөрч ойчихдоо би ямааны мах янзалж байсан хутгаараа Х-гийн далны ар хэсэгт зүссэн байх. Тэрнээс би хутга барьж дайрч зодож цохьсон зүйл байхгүй. Х нь миний хайр хаана байна гээд л үүдэнд газраар өнгөрч ойчиж байхдаа нүүрний хэсгээ шалбалж, цээжээ цохьсон байх” гэх мэдүүлэг /хх-ийн 10/
-Гэрч Л.П-гийн 2019 оны 06-р сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн:. Д.Х манай гэртээ ойрхон байдаг юм. Намайг 2019 оны 05 сарын 31-ний өдөр гэрээр нь очиход эхнэр нь архи уусан бололтой нилээн халамцуу байсан. Би Х-гийн гэрээр заримдаа өдөр оройн цагаар орж хоол цай идэж уудаг юм. Тэр өдөр мөн л хоол идэх санаатай очсон байсан юм. Ингээд би Х-гийн гэрт очоод Х-гийн эхнэр Д-гийн хамтаар хоол хийгээд байж байхад орой харуй бүрий болсон байхад Х гэртээ орж ирээд гэрийнхээ баруун талд байх орон дээр хэвтэж дээгүүрээ өмсөж явсан хувцсаа тайлахад ар нуруунаас нь цус гарчихсан байсан. Тэгсэн тэр үед Х нь У-тай муудалцаж У намайг хутгаар хатгачихсан гэж байсан. Тэгсэн Х-гийн эхнэр нь Х-гийг дагуулаад эмнэлэг явсан харин би гэр рүүгээ явсан. Үүнээс хойш юу болсон эсэхийг би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15/
-Гэрч Б.Ц-ын 2019 оны 08-р сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Ц.У нь анх манай гэрт 2015 онд манай дүү Б.Ц-тай нэг гэр бүл болж хамтарч амьдарч эхэлсэнээс хойш би У-ын талаар мэднэ. Ц.У нь гэр орон, эхнэртээ халамжтай, ажилсаг хөдөлмөрч, тусархуу зантай, амьдралын төлөө зүтгэж яваа нэг гэж боддог. Б.У нь миний хувьд зан ааш сайтай л гэж боддог. Ямар нэгэн элдэв ааш араншин гаргаж байгаагүй. Ааш араншин гаргаж байсан талаар Ц ч хэлж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 сарын 11-ний өдрийн №259 тоот:
1.Д.Х-гийн биед баруун даланд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/,
-Шүүгдэгч Ц.У-ын 2019 оны 07-р сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэртээ эхнэрийн хамтаар байж байгаад хуурай дүү болох Д.Х-гийг эхнэртэй нь хамт гэртээ дуудаж авчирсан. Учир нь би тухайн үед ямааны хорхог хийж байсан учир тэрнээсээ амсуулах гээд дуудсан юм. Тэр өдөр Ж гэх залуу надаар ямааны хорхог хийлгэж байсан юм. Ингээд намайг Х-гийг эхнэртэй нь дуудаад хорхогоо хийж байхдаа би ганц 0.5 литрийн савалгаатай Ерөөл гэх нэртэй архи уучихсан юм. Тэгсэн удалгүй Х гаднаас эхнэртэйгээ өдрийн 14-15 цагийн орчимд орж ирэхдээ 0.75 литрийн савалгаатай Ерөөл гэх нэртэй архи авчирсан. Үүнийг Х болон түүний эхнэр Д, манай эхнэр Ц бид 4 хувааж уусан. Тэгсэн манай эхнэр уг архинаас ууж байгаад гэрийн баруун орон дээр унтаж харин Х-гийн эхнэр Д нь гэрээс гараад явсан. Би хаашаа явсан эсэхийг мэдээгүй. Ингээд бид 2 архиа ууж дуусах үед Ж хорхогоо авах гээд ирэхдээ мөн л 0.75 литрийн савалгаатай архи авчирч өгсөн. Ингээд би Ж 2 тогоо мах өгч явуулаад үлдсэн 1 тогоог нь хийж байхдаа авчирч өгсөн архийг нь задалж Х-тай хувааж уусан. Ингээд ууж сууж байхад Х нь надаас өмнө нь зээлдүүлж байсан мөнгөө нэхэхэд нь надад тухайн үед мөнгө байгаагүй учир би хүнээс асууж өгөх талаараа хэлэхэд учир ойлгохгүй нэхэж уурлаад байсан. Тэгэхээр нь миний уур хүрч мөн өөдөөс нь уурласан. Ингээд бид 2 бага зэрэг муудалцсан. Би тухайн үед мах эвдэж байсан болохоор миний гарт хутга байсан юм. Ингээд би уурлаад суудлаасаа дээшээ босоход Х нь өмнөөс босч ирээд учир зүггүй намайг тэврээд авсан. Тэгэж тэвэрч байхдаа бид 2 газар унасан. Ингээд бид 2 газар нээх ноцолдож сүйд болоогүй. Ингээд бид 2 босож ирэхэд миний гарт байсан хутга байгаагүй юм. Би тухайн үед Х-гийг хутгаар зүссэнээ ч мэдээгүй. Би тухайн үед нилээн согтсон байсан болохоор зарим зүйлийг хойно урд нь болгож ярьж байж магадгүй. Х бид 2 муудалцаж газар унаад босч ирэхэд Х нь уурлаж би явлаа гээд гэрээс гараад явсан. Харин би гэртээ үлдсэн 1 тогоо хорхогоо хийгээд үлдсэн юм. Тэгсэн маргааш нь Х над руу залгаж “Та миний далан тус газар хутгаар зүссэн байна, та бид 2 муудалцсан юм уу” гэж надаас асуухад нь би болсон асуудлыг хэлж өгсөн. Гэхдээ би Х-гийг санаатай далан тус газар нь хутгаар зүсээгүй. Тухайн үед ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 28/
-Шүүгдэгч Ц.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
-Хохирогч Д.Х-гийн 2019 оны 06-р сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...У ах надад мөнгө байхгүй гэж маргалдаж байхад У ах чамайг хутга шаана гээд гал тогооны түмбүчик рүүгээ явах шиг болсон хутга авсныг нь хараагүй би тухайн үед нилээн халамцуу байсан бодвол би өөдөөс нь зүгээр байгаагүй байх цээж рүү цохьсон уу яасан миний цээжээр нилээн хөндүүрлээд өвдөөд байсан. ...Д лент наана гээд миний цамцыг сөхөж үзээд чиний ард даланд чинь хутгалсан байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгөөд эмнэлэг рүү яриад дуудлагын эмч ирээд эмнэлэг авч яваад үзээд өнгөц гэсэн ч гэсэн уушгинд ойрхон юм байна шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/
-Хохирогч Д.Х-гийн 2019 оны 06-р сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтад дахин өгсөн: “...Ингээд Ж гэгчийн авчирсан ямааг У ах бид 2 хамт нийлж хийж өгөхөөр болсон. Харин бид хоёрыг ямаа хорхоглох гэж байхад манай эхнэр болон У ахын эхнэр хоёр гэртээ гэрээ цэвэрлээд л байж байсан. ...Би тухайн үед буюу архи дуусах үед У ахаас өмнө нь зээлдүүлж байсан 30.000 төгрөгөө нэхэхэд “Би хүнээс асууж өгье, мөнгийг чинь өгнө” гэхээр нь би “Надад одоо мөнгө хэрэгтэй байна, гэр орондоо хүнс авмаар байна” гэхэд У ах уурлаж “юун сүртэй юм” гэж хэлснээс болж мөн миний уур хүрч бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Ингээд бид 2 сүүлдээ босож бие биенийхээ энгэр заамнаас зууралдаад авсан. Энэ үед У ах гал дээр тавьсан байсан тогоотой хорхогны дэргэд байсан эрээн өнгийн иштэй жижиг хутгыг авчихсан. Тэгэхээр нь би У ахыг биеэр нь бүтэн тэвэрч аваад ноцолдож байхдаа бид 2 гэр дотор газар унаад босож ирэхэд У ахын гарт барьж байсан хутга нь газар уначихсан харин миний далан тус газар хорсож, жаахан шингэн зүйл урсах шиг болж байсан. ...Би гэртээ ороод орондоо орохоор дээгүүр өмсөж байсан саарал өнгийн подвалкаа тайлахад манай эхнэр “Чи ар нуруу буюу далан тус газраа хутгалуулчихсан байна” гээд цагдаад дуудлага өгсөн. Мөн эмнэлгийн байгууллагад хандаж түргэн дуудаад намайг эмнэлэгт авчирч хутгаар хатгуулсан шархыг маань цэвэрлэж боолт хийгээд тодорхойлолт хийж өгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
-Гэрч Ж.Д-гийн 2019 оны 06-р сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манай нөхөр Х-гийн хуурай ах У нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр утсаар залгаад хоолны мах байна гэхээр нь бид хоёр хонинд явж амжаагүй байна байгаа жоохон махаа өгье гээд бид хоёр У ахынд оруулж өгсөн. Тэгсэн У ах миний нэг хуурай дүү хорхог хийж өгөөч гэж байна 50.000 мянгаар хийе хоёулаа 25.000 хувааж авъя гэсэн. ...Х- руу залгаад хаана байна гэсэн Х чи яасан яагаад алга болчив би гэр хорооллолд байна хөдөлж чадахгүй цээж даагдахгүй гадаа сууж байна гэхээр нь би гарч очоод яасан нүүр чинь шалбарсан байна ш дээ гээд замаараа П ахыхаар ороод П ахыг аваад гэртээ очоод байж байтал Х цээж даагдахгүй байна гэхээр нь цамцыг нь сөхөөд харахад ил хөхөрсөн зүйл огт харагдаагүй, тэгсэн нурууны ард далны хажуу хэсэгт нь хутгаар зүссэн байхаар нь цагдаад дуудлага өгөөд, түргэн дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8/
-Шүүгдэгч Ц.У-ын 2019 оны 06-р сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Х 30.000 төгрөгний өглөгтэй байсан тэрийгээ надаас нэхээд би цалин мөнгө буугаагүй байхад надаас нэхлээ гээд бид хоёр хоорондоо маргасан. Бид хоёр хоорондоо барьцалдаж зуухны хажууд өнгөрч ойчихдоо би ямааны мах янзалж байсан хутгаараа Х-гийн далны ар хэсэгт зүссэн байх. Тэрнээс би хутга барьж дайрч зодож цохьсон зүйл байхгүй. Х нь миний хайр хаана байна гээд л үүдэнд газраар өнгөрч ойчиж байхдаа нүүрний хэсгээ шалбалж, цээжээ цохисон байх” гэх мэдүүлэг /хх-ийн 10/
-Гэрч Л.П-гийн 2019 оны 06-р сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Х нь У-тай муудалцаж У намайг хутгаар хатгачихсан гэж байсан. Тэгсэн Х-гийн эхнэр нь Х-гийг дагуулаад эмнэлэг явсан харин би гэр рүүгээ явсан. Үүнээс хойш юу болсон эсэхийг би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15/
-Гэрч Б.Ц-ын 2019 оны 08-р сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Ц.У нь анх манай гэрт 2015 онд манай дүү Б.Ц-тай нэг гэр бүл болж хамтарч амьдарч эхэлсэнээс хойш би У-ын талаар мэднэ. Ц.У нь гэр орон, эхнэртээ халамжтай, ажилласаг хөдөлмөрч, тусархуу зантай, амьдралын төлөө зүтгэж яваа нэг гэж боддог. Б.У нь миний хувьд зан ааш сайтай л гэж боддог. Ямар нэгэн элдэв ааш араншин гаргаж байгаагүй. Ааш араншин гаргаж байсан талаар Ц ч хэлж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
-Шүүгдэгч Ц.У-ын 2019 оны 07-р сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэртээ эхнэрийн хамтаар байж байгаад хуурай дүү болох Д.Х-гийг эхнэртэй нь хамт гэртээ дуудаж авчирсан. Учир нь би тухайн үед ямааны хорхог хийж байсан учир тэрнээсээ амсуулах гээд дуудсан юм. Тэр өдөр Ж гэх залуу надаар ямааны хорхог хийлгэж байсан юм. ...Ингээд ууж сууж байхад Х нь надаас өмнө нь зээлдүүлж байсан мөнгөө нэхэхэд нь надад тухайн үед мөнгө байгаагүй учир би хүнээс асууж өгөх талаараа хэлэхэд учир ойлгохгүй нэхэж уурлаад байсан. Тэгэхээр нь миний уур хүрч мөн өөдөөс нь уурласан. Ингээд бид 2 бага зэрэг муудалцсан. Би тухайн үед мах эвдэж байсан болохоор миний гарт хутга байсан юм. Ингээд би уурлаад суудлаасаа дээшээ босоход Х нь өмнөөс босч ирээд учир зүггүй намайг тэврээд авсан. Тэгэж тэвэрч байхдаа бид 2 газар унасан. Ингээд бид 2 газар нээх ноцолдож сүйд болоогүй. Ингээд бид 2 босож ирэхэд миний гарт байсан хутга байгаагүй юм. Би тухайн үед Х-гийг хутгаар зүссэнээ ч мэдээгүй. Би тухайн үед нилээн согтсон байсан болохоор зарим зүйлийг хойно урд нь болгож ярьж байж магадгүй. Х бид 2 муудалцаж газар унаад босч ирэхэд Х нь уурлаж би явлаа гээд гэрээс гараад явсан. ...Тэгсэн маргааш нь Х над руу залгаж “Та миний далан тус газраа хутгаар зүссэн байна, та бид 2 муудалцсан юм уу” гэж надаас асуухад нь би болсон асуудлыг хэлж өгсөн. Гэхдээ би Хуягийг санаатай далан тус газар нь хутгаар зүсээгүй. Тухайн үед ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 28/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 сарын 11-ний өдрийн №259 тоот шинжээчийн дүгнэлт,
-Шүүгдэгч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Ц.У нь хохирогч Д.Х-тай марган улмаар хохирогч Д.Х-гийн далан тус газарт хутгаар зүсэж, түүний биед баруун даланд язарсан шарх бүхий “эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Д.Х-гийн биед баруун даланд язарсан шарх тогтоогдсон байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.У-д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Ц.У-ын зүй бус үйлдэл, хохирогч Д.Х-гийн архидан согтуурсан нөхцөл байдал нь нөлөөлсөн байна.
Иймд шүүх шүүгдэгч Ц.У-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Д.Х нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тул шүүгдэгч Ц.У нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Ц.У-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.У нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Ц.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Ц.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.У-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6, 7, 8, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Ц.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-ыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5
дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ