Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/01671

 

  

 

 

 

 

 

 

 

     2025         10            01                                         210/МА2025/01671

                                                 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04186 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК, *******, *******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 500,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 452,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч , хариуцагч *******ын өмгөөлөгч , хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч *******ийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 200,000,000 төгрөгийг банкны тоот дансанд, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 240,000,000 төгрөг, 2017 оны 05 сарын 03-ны өдөр 60,000,000 төгрөг буюу 300,000,000 төгрөгийг банкны тоот дансанд шилжүүлсэн ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагч *******, ******* нарын дансанд шилжүүлж олгосон. Мөнгө шилжүүлэхдээ “Зээл олгов” гэх агуулгыг дурдсан байгаа.

Хариуцагч *******, ******* нар *******ээс авсан 500,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил үүсгэсэн. Зээлийн гэрээний хугацааг талууд тодорхой тохиролцоогүй бөгөөд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т заасны дагуу шаардсанаас хойш 1 сарын дотор биелүүлэх үүрэгтэй боловч энэхүү хугацаа өнгөрөөд 6 жил өнгөрсөн. Иймд зээлийн гэрээний үүрэгт 500,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******гийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* болон ******* хоёрын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Мөнгө шилжүүлсэн данс нь *******, ******* нарын дундын эзэмшлийн данс байсан. Уг дансанд “*******” ХХК-ийн “ банк” ХК-д төлөх өр төлбөрийн мөнгийг хуримтлуулж байгаад 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны хүртэл хугацаанд орж ирсэн нийт 20,000,000,000 төгрөгийг уг өр төлбөртөө шилжүүлсэн нь санхүүгийн баримтаар харагдана.

Нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *******, ******* нараас зээлээ төл гэх мэдэгдэл ирүүлж байсан ч *******, ******* нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, ******* үүнийг захиран зарцуулаагүй, үр шимийг нь хүртээгүй.

******* болон ******* нараас 200,000,000 төгрөг, *******гаас 300,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, хэн хэнээс нь ямар дүнгээр шаардаж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтаар тухайн нэхэмжлэл бодит байдалд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. 200,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. *******тай тухайн үед нэг данс эзэмшиж байсан нь үнэн. Гэхдээ захиран зарцуулах эрх надад байгаагүй. Надаас нэхэмжлээд байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

4. Хариуцагч *******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж тайлбарладаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан байх ба ямар үүргээ биелүүлээгүйгээс *******ыг хамтран хариуцагчаар татсан нь тодорхойгүй. Нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд биш тул *******той холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч “*******” ХХК-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Иргэн ******* нь иргэн *******д холбогдуулан 500,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж, *******гийн эзэмшлийн банкны тоот дансанд 2017 оны 05 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд нийт 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх *******ийн мөнгийг манай компаниас төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* болон “*******” ХХК-ийн хооронд ямарваа нэгэн гэрээний болон эрх зүйн бусад харилцаа үүсээгүй учир дээрх мөнгийг юуны учир төлөх болоод байгаа нь ойлгомжгүй байна. ******* нь дээрх 300,000,000 төгрөгийг манай компанийн данс руу шилжүүлсэн, ингэхдээ талуудын дунд байгуулагдсан гэрээний үүргийн дагуу, эсхүл данс андуурч шилжүүлсэн асуудал байсан бол харин үндэслэлгүй хөрөнгөжсөн, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шаардах эрх үүсэх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

6.1. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 102,250,000 төгрөгийг тус тус ******* надаас зээлж авсан бөгөөд үүнийгээ 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буцаан төлсөн. Гэтэл үүнийгээ надаас зээлсэн мэтээр мөнгөний гүйлгээний утгад бичиж шилжүүлснийг би тухайн үедээ анзаараагүй ба зээлээ хаасан гэж ойлгож байтал 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус мөнгийг надаас нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан байна. Иймээс энэхүү 202,250,000 төгрөгийг надаас нэхэмжилж буй өр төлбөрт суутгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн ******* надаас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 250,000,000 төгрөгийг зээлж, удаахгүй өгөхийг хүссэний дагуу миний бие бэлэн байсан 250,000,000 төгрөгийг *******т өгч, *******д банкаар дамжуулан шилжүүлэхийг хүссэн. Гэтэл ******* *******ийн хүсэлтийн дагуу ын банк дахь 495027057 тоот дансанд шилжүүлсэн баримтыг надад авчирч өгсөн. Миний бие гэх хүнийг танихгүй бөгөөд *******ээс нийт 452,250,000 төгрөгийг  гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

7. Нэхэмжлэгч талын хариуцагч *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарын агуулга:

7.1. *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 102,250,000 төгрөг тус тус зээлж авсан гэжээ. Энэ цаг хугацаанд шилжүүлсэн мөнгө нь талуудын хоорондын зээлийн харилцаанаас тусдаа, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, өөр гуравдагч этгээдэд хамаарах төлбөр тооцоо байсан. Энэ талаар , нар гэрчийн мэдүүлэг өгсөн. Түүнчлэн 250,000,000 төгрөгийн тухайд “*******” ХХК болон өмгөөлөгч нарын хооронд хийгдсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх ажил, үйлчилгээний төлбөр байсан. ******* тус компанийн бусдын өмнө хүлээсэн төлбөр тооцоо хийх эрх бүхий этгээд биш, ******* нь компанийн төлөөлөх, санхүүгийн төлбөр тооцоо хийх шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн өгсөн чиглэлийн дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэгч талдаа гэрээний дагуу төлсөн төлбөр байна. Тодруулбал, “ банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлснийхээ төлөө “*******” ХХК-иас авсан хөлсийг өнөөдөр *******ээс ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, үүнийгээ нотлоогүй байна. *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь *******ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй бөгөөд тэрээр зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй байх зорилго агуулсан байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч *******гаас 500,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******, “*******” ХХК, ******* нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, *******ээс 452,250,000 төгрөг гаргуулах тухай *******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 2,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 2,657,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 2,577,150 төгрөгийг улсын орлогод олгож шийдвэрлэжээ.

 

9. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

9.1. Нэхэмжлэгч ******* нь *******, *******, “*******” ХХК, иргэн ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр банкны тоот дансаар шилжүүлсэн 200.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр банкны тоот дансаар шилжүүлсэн 300.000.000 төгрөг, нийт 500,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь *******гаас гаргуулахаар хангаж, хариуцагч *******, “*******” ХХК, ******* нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.5, 63.1.1-т зааснаар нэхэмжлэл тодорхой байх бөгөөд 4 хариуцагчаас хэнээс, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад *******гаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл хариуцагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан "эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх" эрхээ эдлэх боломжгүйгээр оролцсон. Нэхэмжлэгч тал 4 хариуцагч татуулсан боловч тус бүрд нь хэнээс хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгааг шүүх тодорхой болголгүйгээр шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. *******гийн болон бусад хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодорхой болгохыг шаардаж байсан. Тэгэхэд нэхэмжлэгч тал “*******гаас 300,000,000 төгрөг, *******, ******* нараас 200,000,000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн атлаа “Энэ хоёрын данс руу орсон боловч “*******” ХХК-ийн өрийг төлөхөд зориулагдсан тул үр шимийг хүртэж буй “*******” ХХК-иас гаргуулна” гэх зэргээр ойлгомжгүй байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байсан.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид болно. Нэхэмжлэгчийн шаардсанаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн хариуцагч нар гэрээнд зааснаар буюу зээлийн гэрээтэй холбоотой харилцаа үүссэн гэж үзжээ. Харин нэхэмжлэгч аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаагүй, өөрөөр хэлбэл, хариуцагч нар ямар хэмжээгээр үүргийг хэсэгчлэн, эсхүл хэн нэг нь бүхэлд нь гүйцэтгэхийг тодорхойлж чадаагүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэрэгт хамааралтай бүх нотлох баримтуудыг ач холбогдолтой, бүрэн гүйцэд эргэлзээгүй байх талаас үнэлээгүйгээс 4 хариуцагчаас зөвхөн ******* нь *******тэй Иргэний хуулийн 218 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүссэн гэж буруу дүгнэлт хийж үндэслэлгүй шийдвэр гаргахад хүрсэн байна.

Хариуцагч *******гийн өөрийн тайлбараар /1-хх-24 тал/ "******* бидний дунд зээлийн харилцаа үүсээгүй, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар ярилцаад “ банк”, “*******” ХХК-ийн хооронд шүүхийн шатанд үүссэн маргааныг эвлэрлийн замаар шийдвэрлэхэд төлөх 20 тэрбум төгрөгийг нэг хүний дансанд хуримтлуулж шилжүүлэхээр ******* бид хоёрын дундын эзэмшлийн болон миний хувийн нэр дээр шинээр банкны данс нээж төвлөрүүлж шилжүүлэг хийгдсэн” гэж тодорхой тайлбарладаг. Энэ тухайд нэхэмжлэгч тал маргаагүй.

Энэ тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан банкны , банкны данснуудын гүйлгээний баримт, /3-хх-103-104, 113-114/, "*******, *******, ******* нарт гэж гарчиглаж төлбөр нэхэмжлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн албан мэдэгдэл, /1-хх-4 тал/, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /3-хх-198/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хурлын тэмдэглэл /3-хх-213-215 тал/, эвлэрлийн гэрээ /3-хх-218-229 тал/ зэрэг баримтаар нотлогддог. Шүүх эдгээр баримтуудыг огт ач холбогдолтой талаас үнэлээгүй. Үгүйсгэж няцааж буй бол үндэслэлээ тодорхой заагаагүй. Тиймээс шийдвэр хууль ёсны байх шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэр нь хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т "тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана" гэж тодорхой заасан. Гэвч *******, *******, “*******” ХХК, иргэн ******* нарын 4 хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулсан талаар дурдсан боловч “*******” ХХК-ийн төлөөлөгчийн тайлбар, татгалзлыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт огт тусгаагүй байна.

Нэхэмжлэгч *******ийн хувьд “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн зүгээс уг компани өр төлбөрийг төлөх, эсхүл уг төлбөрийг төлбөл зохих этгээдүүдээс буцааж авах санаа зорилгоор "зээл олгов" гэсэн тэмдэглэгээг хийсэн байж болохуйц байдаг. Өөрийнх нь удаа дараагийн тайлбар болон "*******, *******, ******* нарт” гэж гарчиглаж төлбөр нэхэмжлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн албан мэдэгдэл зэрэгт бусдад өндөр хүү торгууль төлж буй байдлаа тодорхой бичсэн байдаг. ******* бол хуульч эрх зүйч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн хууль эрх зүй хариуцсан дэд захирлын албан тушаалд ажиллаж байсан хүн бөгөөд бусдаас өндөр хүүтэй зээл аваад *******д гэрээ, хүү тохиролцохгүй зээл олгож хохирох хүн биш.

Өнөөдрийг хүртэл “*******” ХХК-ийн толгой компани хувьцааны эзэмшлийн талаар бусад хувьцаа эзэмшигч нартайгаа маргаантай байгаа болох нь тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн өөрөө ч 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан /өөр хэрэгт/ гэрчийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Түүгээр ч зогсохгүй *******, *******, “*******” ХХК, ******* нарыг хариуцагчаар татуулсан нэхэмжлэлийн хүсэл зоригоос ч ойлгомжтой байдаг. “*******” ХХК-ийн өр төлбөрийг төлөх зорилготой мөнгө хуримтлуулах, гэрээг байгуулах бүх үйл ажиллагааг өөрөө удирдсан хүн.

Үнэхээр ******* нь “*******” ХХК болон Эвлэрлийн гэрээний аль нэг оролцогч, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд байсан бол *******ээс мөнгө зээлж өөрийн өр төлбөрийг төлсөн гэж үзэж болох талтай. Гэтэл “ банк”, нөгөө талд “*******” ХХК, “” ХХК-иудын дунд байгуулагдсан Эвлэрлийн гэрээний оролцогчоор ямар ч эрх ашиг хөндөгдөөгүй. Түүний дансанд ганц ******* бус, бусад олон харилцагч, төлбөр төлөгч нар мөнгөн хөрөнгө хуримтлуулсан байдлаас ямар ажил үүрэг гүйцэтгэсэн нь маш тодорхой харагддаг. Харин ******* нь “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол /3-хх-198/ гэх баримтаар тус компани хувьцаа эзэмшигч байсан нь нотлогдоно.

452,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "зээл гэх агуулгаар шилжүүлээгүй ба гүйлгээний утга дахь "дараа тооцоо" гэснийг харилцан тооцох баримт, хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ" дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн "250,000,000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд авсан болох нь тогтоогдсон" гэж дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. од ******* уг мөнгийг шилжүүлсэн бол энэ тухай гүйлгээний баримтыг гаргаж өгөх, мөн эрх зүйн туслалцааны гэрээг тухайн гэрчээс гаргаж өгсөн бол бодитой няцаалт болох байсан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 452,250,000 төгрөгийг ******* нь *******д шилжүүлсэн үйл баримт нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гүйлгээний баримтуудаар тогтоогддог /1-хх-125, 149 тал/. Мөнгө өгсөн гэдгээ нэхэмжлэгч өөрөөр яаж тодорхойлох ёстой байсан гэж. Гэтэл шүүх "хоорондын харилцааны бүхий л тооцоог гаргах баримт бүрдээгүй, талуудын тайлбар санхүүгийн баримтаар давхар нотлогдохгүй байна" гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан бодитой дүгнэлтийг хийгээгүй гэж үзнэ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч нь "хоорондын тооцоо" байсан өөр хүмүүсийн өр төлбөрийг ******* надаар дамжуулж шилжүүлсэн мэтээр булзах гэж оролдож, хэд хэдэн гэрчүүдийг оролцуулж, мэдүүлэг гаргуулж, тайлбар авч, түүнийг ашиглах гэж оролддог. Ингэхдээ тухайн гэрчүүд нь үнэн зөв мэдүүлэг гаргахгүй, хуурамч мэдүүлэг гаргаж байсан нь баримтаар нотлогддог. Гэрч нь " ХХК-ийн захирал бөгөөд *******ийн төрсөн ах. Уг компани барьж буй барилгаас ХХК-ийн захирал гэж хүн байр авсан. Ингэхдээ “*******” ХХК-иас авах 243,000,000 төгрөгийн авлагыг тус компаниас "" ХХК руу шилжүүлэхээр тохиролцсон. Ингэхдээ дүү *******ийн данс руу 102,000,000 төгрөгийг *******гаар дамжуулж авсан" гэж ойлгомжгүй мэдүүлэг гаргадаг. Гэвч харилцагчийн бусад модулийн дэлгэрэнгүй /1-хх-200/, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны  өдрийн төлбөрийн даалгавар 26 /1-хх-201/, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн төлбөрийн даалгавар 71 /1-хх-202 тал/, шилжүүлгийн баримт /1-хх-203-204/, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /1-хх-205-206/, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “*******” ХХК-ийн албан бичиг /1-хх-198 тал/ зэрэг баримтуудаар гэрч , ******* нарын тайлбар, мэдүүлэг няцаагддаг. “*******” ХХК, “” ХХК-ийн хооронд шилжүүлэг хийгдэж, 243,000,000 төгрөгийн төлбөр тооцоо 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр буюу сөрөг нэхэмжлэлд дурдаж буй мөнгийг шилжүүлэхээс даруй 2 жилийн өмнө дуусгавар болсон байсан.

Мөн Хүн намын санхүүжилтэд зориулж 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн зориулалтаар нь зарцуулсан гэж гэж хүнийг гэрчээр мэдүүлэг гаргуулсан. Гэвч тухайн мөнгөний эх сурвалж үндэслэлийг тодорхой зааж гэрчлээгүй. Ер нь уг мөнгөн гүйлгээнүүд нь *******гаас *******ийн банкны дансаар шилжүүлж, дамжсан гүйлгээ бөгөөд үнэхээр зориулалт, зарцуулалтыг өөрийн дансны гүйлгээг харуулаад шууд үгүйсгэж няцаах боломжтой байдаг. Гэтэл тэгэхгүй байгаа нь *******, ******* нарын хооронд зээлийн болон өглөг авлагын харилцаа үүссэн болохыг нотолдог.

Тиймээс шүүх нотлох баримтад үндэслэлтэй бодитой дүгнэлтийг хийгээгүйгээс сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04186 дугаартай шийдвэрийг хянуулахаар тус шүүхэд хандаж байна гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

10.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Аливаа маргаан эхэлсэн бол дуусах цэг байх ёстой. Анх нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сард гаргаж байсан. Үүнээс хойш 6 жилийн хугацаанд 500,000,000 төгрөг хариуцагч нараас гаргуулахын тулд шүүхээр хэлэлцэж байна. Нэхэмжлэгч хэд хэдэн хариуцагчийг тодорхойлдог. *******, ******* нарын хооронд зээлийн харилцаа үүсэн бөгөөд нэхэмжлэгч тухайн мөнгийг шилжүүлэхдээ “зээл олгов” гэж гүйлгээний утга дээр бичсэн ба тухайн гүйлгээний баримт хэрэгт авагдсан. Энэ утгаар *******гаас олгосон зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд шүүх хуралдааны явцад энэ талаар тайлбар гаргадаг. Энэ хэрэг нь олон хавтастай ба удаа дараа буцаж байсан. Хариуцагч талаас гаргасан татгалзалтай холбоотой тайлбар нь өөр өөр этгээдийг нэрлэн заадаг байсан. Үүнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн нэрлэн заасан этгээдүүдийг хамтран хариуцагчаар татсан. Тухайн үед “*******” ХХК хэрэг хянан шийдвэрлэх явцад энэ асуудал манай компанитай хамааралгүй гэх тайлбарыг гаргаж байсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдэгдсэн хэргийн хүрээнд “*******” ХХК-ийг тухайн асуудалд эргүүлэн татсан учир энэ хэрэгт хамтран хариуцагчаар оролцуулсан. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд *******, ******* нарын хамтран эзэмшиж байгаа банкны данс руу зээл гэх утгатай гүйлгээ хийгдсэн талаар, мөн тухайн мөнгийг хүлээн авч, цааш зарцуулж байгаа үйлдэлд ******* өөрийн хүсэл зорилгыг илэрхийлж цааш явуулж байгаа үйлдэл гэх агуулгаар шүүх дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэлд уг эрх зүйн харилцаанд оролцсон этгээдүүдээс холбогдох төлбөрийг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудад тухайн хэргээс гадна маргаж байгаа 3-4 хэрэг байх бөгөөд шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа. Сөрөг нэхэмжлэлээр *******ээс 452,250,000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд үүний 100,000,000 төгрөгийг 2015-2016 оны үед Улсын Их Хурлын сонгуульд оролцохтой холбоотойгоор Хүн намын санхүүгийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа тухайн мөнгийг *******ийн дансанд шилжүүлсэн. ******* нь тухайн үед Хүн намын санхүү хариуцсан этгээд рүү шилжүүлж санхүүжилт хийсэн үйл баримт хэрэгт авагдсан. өмгөөлөгчтэй нэг хэрэг дээр ажиллаж байсан. Би тухайн үед бол “ банк” ХК-ийн өмгөөлөгчөөр ажиллаж, Дээд шүүх хүртэл тухайн хэрэг хэлэлцэгдсэн. Тухайн хэрэгт 250,000,000 төгрөгийн ажлын хөлс авсан талаар гэрчийн мэдүүлгийг 2024 оны 06 дугаар сарын шүүх хуралдаанд өгч байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 150,000,000 төгрөг *******ийн дансанд байсан бөгөөд тухайн мөнгийг “*******” ХХК-тай хамааралтай компанийн төлөх ёстой байсан төлбөрийг төлсөн үйл баримт байдаг. Энэ асуудалтай холбоотойгоор шүүх *******ийн дансанд тухайн мөнгө орсон хэдий ч “*******” ХХК болон *******ын үүрэг даалгавраар орсон гүйлээ болох нь тогтоогдож байна гэх агуулгаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч 500,000,000 төгрөгийн асуудлаар 6 жилийн хугацаанд шүүхийн байгууллагаар явсан. Хариуцагч хүний мөнгийг авсан бол өгөх ёстой. Хариуцагч ******* ямар үндэслэлээр төлөхгүй гэж байгаа нь тодорхойгүй байна. Энэ хэргийн бусад хариуцагч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн.

10.2. Хариуцагчийн давж заалдах гомдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх заалтыг дурдсан. Тухайн хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнг 500,000,000 төгрөг гэж тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжийг төлж нэхэмжлэл гаргасан. Мөн хариуцагч гомдолдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг дурдсан. Тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах хугацааг 60 хоног байна. Уг хэрэг 6 жилийн хугацаанд үргэлжилсэн. 6 жилийн хугацаанд *******г хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд нотлох баримттай танилцаж чадаагүй юм уу, эсхүл нотлох баримт шүүхэд гаргаж өгөх боломж байгаагүй юм уу. Энэ нөхцөл байдал тухайн хэрэгт байх боломжгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийг оролцуулаагүй, эсхүл түүний тайлбарыг аваагүй шийдвэрлэсэн тохиолдолд энэ нь өөр асуудал болно. Эдгээр шалтгаан энэ хэрэгт байхгүй. Энэ хэрэгт холбогдох 4 хариуцагчаас 1 хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Маргаан бүхий мөнгийг хүлээж авсан дансны эзэмшигч *******, ******* нар бөгөөд гүйлгээний утгад “зээл олгов” гэх утгатай шилжүүлсэн үйл баримт байдаг. Тодорхой баримтыг бид 6 жил тойрч, маргаж мэтгэлцлээ. Шүүх хангалттай ярих, тайлбарлах, нотлох боломжийг хариуцагч нарт олгосон. Шүүх *******, ******* нарын хооронд үүсэн асуудлыг шийдвэрлэж байгаа болохоос *******, “*******” ХХК-ийн хооронд үүсэн харилцааг шийдвэрлээгүй. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хариу тайлбартаа “*******” ХХК-ийг дурдаж тайлбар татгалзлаа, гаргасан. Энэ асуудалд үндэслэн “*******” ХХК-ийг хариуцагчаар татсан. Шүүх хуралдааны явцад хариуцагч нар нь “би аваагүй” гэж тайлбарладаг. Шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд үнэн, зөв шийдвэрлэсэн бөгөөд хууль буруу хэрэглэсэн зүйл байхгүй. ******* болон ******* нар нь “ банк” ХК-тай хийсэн эвлэрлийн гэрээний талууд биш бөгөөд *******, ******* нар “ банк” ХК-д өр төлөх үүрэг хүлээгээгүй. Иймд хариуцагчийн гаргасан татгалзал үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хариуцагч ******* 500,000,000 төгрөг нэхэмжлэх үед үндэслэлгүйгээр гаргасан. Үүнийг холбогдох гэрчүүд шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгч нотолдог. Би өмгөөлөгчтэй “ банк” ХК-ийн хэрэгт цуг оролцож байсан. Тухайн хэргийн талаар үнэн бодит нөхцөл байдлыг мэдэж байгаа учир энэ талаар ярьсан. Энэ асуудалд гэрч нар мэдүүлэг өгч, шүүх баримтад тулгуурлаж үнэлсэн учир үндэслэлгүй байх боломжгүй. Гэрч , нар нь *******тэй хамаарал бүхий этгээд биш бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Гэрч тусдаа бие даасан этгээд. Гэрч “*******” ХХК-д *******, ******* нартай ажиллаж байсан бөгөөд 2016 онд Хүн намын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан. Гэрч нарын мэдүүлэг хуурамч талаарх нотлох баримт, хэрэгт авагдаагүй бөгөөд энэ талаарх шийдвэр, тогтоол байхгүй. Иймд гэрчийг нотлох баримт гаргаж өгөөгүй гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 500,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 452,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

4.1. ******* нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 200,000,000 төгрөгийг *******, ******* нарын эзэмшлийн банк ХК дахь тоот дансанд, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 240,000,000 төгрөг болон 2017 оны 05 сарын 03-ны өдөр 60,000,000 төгрөгийг тус тус *******гийн эзэмшлийн банк ХК дахь тоот дансанд шилжүүлсэн нь хэргийн 1 дүгээр хавтасны 6-7 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт болон хариуцагч ******* болон ******* нарын эзэмшлийн банк ХК, банк ХК-ийн холбогдох дансны хуулгаар /3хх-106, 114/ тогтоогдсон.

 

4.2. Хариуцагч ******* “нэхэмжлэгчийг “*******” ХХК-ийн дэд захирлын албан тушаал хашиж байсныг мэдэх бөгөөд түүнтэй ямар ч гэрээ, барьцаагүйгээр бие биедээ мөнгө зээлэх хэмжээний дотно харилцаа байхгүй. Тухайн үед “*******” ХХК-ийн өр төлөх зорилгоор миний дансыг ашигласан” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, хэргийн 1 дүгээр хавтасны 27-28 дугаар талд авагдсан өөрийн дансны хуулганууд болон 3 дугаар хавтасны 218-229 дүгээр талд авагдсан “ банк” ХК болон “*******” ХХК, “” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн эвлэрлийн гэрээ, 198-199 дүгээр талд авагдсан “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн эрх олгох тухай тогтоол зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. 

 

Шүүх “... *******-с дараа тооцоогоор зээл олгов гэх утгаар шилжүүлсэн мөнгийг ******* хүлээн авахаас татгалзаагүй, зээл олгов гэсэн утгад ямар нэгэн татгалзал илэрхийлээгүй байгааг дараа тооцоогоор буцааж өгөх агуулгатай гүйлгээ байсан гэж үзнэ. Компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд 20 тэрбумыг цуглуулсан гэх үйл баримтын тухайд хэн хэдэн төгрөг төлөх талаар тохирсон баримтгүй, ... уг мөнгийг хүлээн авснаас хойш хэрхэн зарцуулах нь мөнгө хүлээн авсан этгээдийн хүсэл зоригийн асуудал” гэж дүгнэж, хариуцагч *******гаас 500,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн байна.  

 

Учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.” гэж заасан. Нэхэмжлэгч *******ээс 500,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагч *******д “зээл олгов” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.  

 

Харин хариуцагч уг мөнгийг бусдын өр төлбөрт тооцон захиран зарцуулсан үйл баримт нь ******* болон ******* нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг үгүйсгэхгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд “... “*******” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар хурлын тэмдэглэл, эвлэрлийн гэрээ, *******гийн дансны хуулгуудыг шүүх хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй” гэж дурдсан байх боловч эдгээр нотлох баримт нь нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй учир уг баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэг *******гаас шаардах эрхтэй тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.3. Мөн “хариуцагч *******, *******, “*******” ХХК нь уг нэхэмжлэлээр шаардсан мөнгөн хөрөнгийг хариуцах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, *******ийг *******тай хамтран данс эзэмшдэг байх нь төлбөр хариуцуулах үндэслэл болохгүй” гэж дүгнэн бусад хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч “*******” ХХК, *******, ******* нараас гомдол гаргаагүй.

 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч тал “*******гаас 500,000,000 төгрөгийг бүхэлд нь нэхэмжилж байгаа. *******гийн шүүхэд гаргасан хариу тайлбарт нэрлэгдсэн этгээдүүдийг хариуцагчаар татан оролцуулж, тэдний тайлбар, байр суурийг сонссон” гэж тайлбарлаж байх тул хариуцагч *******, *******, “*******” ХХК-д тус тус холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

            5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

            5.1. Хариуцагч ******* нэхэмжлэгч *******д холбогдуулан 452,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, давж заалдах шатны шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг шаардсан” гэж тайлбарлав.

            Хэргийн баримтаар *******гаас *******д 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн /1хх-125/ байх ба уг 100,000,000 төгрөгийг ******* хүлээн авсан даруйд өөрийн эзэмшлийн банк ХК дахь тоот дансанд шилжүүлж /1хх-160-166/, улмаар уг данснаас “Нийгмийн даатгалын шимтгэл, интернэтийн төлбөр, тамга тэмдгийн үнэ, принтерийн үнэ, мэдээний үнэ, томилолтын зардал, сургалтын зардал, тээврийн зардал, түрээсийн төлбөр...” гэх зэргээр зарлага гаргаж, үүнийг ХҮН-ын санхүүжилтэд зарцуулсан болохыг гэрч /1хх-176-177/ тайлбарлан шүүхэд мэдүүлэг өгсөн.

            5.2. *******гаас *******д 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 102,250,000 төгрөгийг шилжүүлсэн баримт /1хх-125/ авагдсан боловч уг мөнгө нь “” ХХК-ийн “*******” ХХК-иас авах авлагад тооцогдсон нь хэрэгт авагдсан “” ХХК болон иргэн нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /1хх157-158/, “” ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “” ХХК-д хүргүүлсэн албан бичиг /1хх-156/, мөн гэрч ийн мэдүүлэг зэрэг баримтуудаар /1хх-172-173/ тогтоогдсон.

            5.3. Мөн 250,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******ээс гаргуулахаар хариуцагч ******* шаардсан. Гэвч хэргийн 3 дугаар хавтасны 18-37 дугаар талд авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр тогтоол болон 3 дугаар хавтасны 52-54 дүгээр талд авагдсан гэрч ын мэдүүлгээр “*******” ХХК-нд холбогдох хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 250,000,000 төгрөгийг өмгөөлөгч хүлээн авсан байна.

            Дээрх нотлох баримтууд болон талуудын гаргасан тайлбарыг харьцуулан дүгнэвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******гаас гэрээний зүйл болох 452,250,000 төгрөгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгч *******ийн өмчлөлд буцаан төлөх нөхцөлтэйгөөр шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймээс анхан шатны шүүхийн “мөнгөн хөрөнгийг зээл гэх агуулгаар шилжүүлээгүй, ... нэхэмжлэлээр шаардсан 500,000,000 төгрөгтэй холбоотой харилцан тооцох баримт тогтоогдоогүй” гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг  хангахгүй.

            6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэх хариуцагч талын давж заалдах гомдлын тухайд

            6.1. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг зөрчсөн гэх агуулгаар гомдол гаргасан. Энэхүү тайлбарыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт тусгаагүй байгаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй, харин давж заалдах шатны шүүх магадлалд хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг тусгаж, залруулна.

            7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/04186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,077,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.                     

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                            ШҮҮГЧИД                                         Ч.ЦЭНД

 

 

                                                                                     Н.ГЭРЭЛТУЯА