Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2026/0024

 

Д.П-ийн нэхэмжлэлтэй,

Төрийн албаны зөвлөлд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:           М.Батсуурь

            Шүүгчид:                           Г.Банзрагч

                                                      Д.Батбаатар

                                                      Ц.Цогт                               

        Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:        Б.Энхжаргал          

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0611 дүгээр шийдвэр,

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2025/0727 дугаар магадлалтай,

            Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 001/ШХТ2026/0062 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн гомдлоор, нэхэмжлэгч Д.П (цахимаар), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж (цахимаар) нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “... Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу 2 байгууллагын удирдлагуудын харилцан тохиролцсон албан бичгүүд байдаг бөгөөд Ж сумын Засаг даргын Тамгын газрын дарга тушаал гаргахдаа гаргасан алдаа болон бусад эрх бүхий албан тушаалтнуудын гаргаж буй алдаа нь миний эрхийг зөрчих, эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. … Төрийн албаны зөвлөлийн 48 дугаар тогтоолын 1 дэх заалтаар мөн л Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 сарын 20-ны өдрийн Д.П-г ажилд томилох тухай Б/01 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, ... зөрчсөнийг тогтоосугай гэжээ. Төрийн албаны зөвлөлийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг дотроо 3 заалттай тэр 3 заалтаас яг аль заалтыг зөрчсөн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д ... тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас гэж заасныг зөрчөөгүй, хувийн байгууллагад бус аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан, Төрийн албаны зөвлөлөөс надад хариу өгөхдөө таныг нөөцөд байгаа гэж үзнэ гэж хэлсэн, тэгвэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс; гэсэн заалтыг зөрчөөгүй. ... Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан 30 хоногийн хугацаа өнгөрсөн, уг захиргааны акт хүчин төгөлдөр үйлчлээд /хэрэгжээд/ 2-3 жил болсон байхад уг захиргааны актыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй байсан. Төрийн албаны зөвлөлийн 48 дугаар тогтоолд Д.П намайг ажилд томилсон болон шилжүүлэн ажиллуулсан тушаалуудыг хүчингүй болгож хариу ирүүлэхийг үүрэг болгосон байгаа нь дотогш чиглэсэн буюу төрийн албан хаагч миний хөдөлмөрлөх эрхэд халдан намайг ажлаас халахыг зөвлөсөн шинжтэй байх тул миний субьектив эрхэд халдсан ...” гэж маргана.

3.Хариуцагчийн хариу тайлбар: “... Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01, тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудиторын албан тушаалд Д.П-г төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж, томилох зохицуулалтыг зөрчин түүнийг төрийн жинхэнэ албан тушаалд төрийн албаны тусгай шалгалтгүйгээр томилсныг тогтоосон. Өөрөөр хэлбэл, Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Д.П-г ажлаас чөлөөлөх тухай Б/18 дугаар тушаалаар тус сумын Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалаас Д.П-г Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтын дагуу төрийн албанаас түр чөлөөлсөн байхад тус аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар дотоод аудиторын албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн ...” гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

4.Хэргийн нөхцөл байдал:

4.1. Нэхэмжлэгч Д.П нь анх Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 02 өдрийн дугаар Б/03 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Сум хөгжүүлэх сан, Байгаль орчныг хамгаалах сан, Орон нутгийн хөгжлийн сангийн нягтлан бодогчоор 3 сарын хугацаагаар түр томилогдсон, уг албан тушаалыг хашиж байгаад сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд мөн өдрөөс томилогдож, сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилогдсон байна.

4.2. Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар ... Өөрийн өргөдөл, санал хүсэлтийг нь үндэслэн ...  Д.П-г 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь түр чөлөөлсөн, 2021 оны 05 сарын 18-ны өдрөөс Х аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжилтний албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын даргын Б/66 дугаар тушаалаар түр томилогдон ажилласан байна.

4.4. Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/07 дугаар албан бичгээр ... Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу танай байгууллагын Төрийн сангийн мэргэжилтэн Д.П-г Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд шилжүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаа тул саналыг үүгээр хүргүүлж байна ... гэсэн саналыг Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлсэн, Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар ... Төрийн сангийн мэргэжилтэн, Д.П өөрийн хүсэлтээр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд Дотоод аудитораар ажиллахаар өргөдөл гаргаж, тухайн байгууллагаас шилжүүлэн ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн ... гэсэн үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар дотоод аудиторын албан тушаалд томилсон.

Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 сарын 19-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Д.П-г өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн Дотоод хяналтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байна.

4.6.Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргаас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/111 дугаар албан бичгээр ... 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн дотоод аудиторын албан тушаалд шилжин ажилласан Д.П нь төрийн албаны шилжин ажиллах шаардлага шалгуурыг хангаагүй байх үндэслэл бүхий эрх зүйн актууд байх тул томилгоог хянаж өгнө үү ... гэсэн агуулга бүхий хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 179 дүгээр тушаалаар ажлын хэсгийг байгуулан шалгаж, зөрчилтэй гэж тогтоож, улмаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” тогтоол гарчээ.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

5.1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 30 дугаар зүйлийн 30.2, 66 дугаар зүйлийн 66.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.П-ээс Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаартай “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.2.Шүүх дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.

5.2.1.“... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2-т тус тус заасан хуулийн эдгээр заалтуудаас үзвэл Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт-ын шинжийг агуулсан, түүнчлэн Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.1, 44.1-д заасныг мөн зөрчсөн болох нь тогтоогдсон, энэ утгаараа тухайн тушаалуудыг хүчингүй болгохыг даалгасан Төрийн албаны зөвлөлийн 48 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй.

5.2.2. Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 34/31 дүгээр тушаалын 2.1, 2.5 дахь заалтуудыг үндэслэн Төрийн сангийн мэргэжилтэн Д.П өөрийн хүсэлтээр Аймгийн санхүүгийн хяналт аудитын албанд Дотоод аудитороор ажиллахаар өргөдөл гаргаж, тухайн байгууллагаас шилжүүлэн ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн тул 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шилжүүлэн ажиллуулахаар, харин Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27.2.1, 44.1.-д заасныг тус тус үндэслэн мөн өдрөөс эхлэн дотоод аудитороор шилжүүлэн ажиллуулахаар тус тус шийдвэрлэжээ.

5.2.3.Гэтэл тухайн цаг хугацаанд Д.П нь төрийн албанаас чөлөөлөгдсөн байсан буюу төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахаар хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад Д.П-г шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь илт хууль бус, тухайн захиргааны акт нь бодит нөхцөлд биелэгдэх боломжгүй. ... /Гэтэл/ Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/07 дугаар бүхий Ж сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн ... Төрийн сангийн мэргэжилтэн Д.П-г Санхүүгийн хяналт дотоод аудитын албанд шилжүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаа тул саналыг үүгээр хүргүүлж байна гэх албан бичгийг үндэслэн ... төрийн сангийн мэргэжилтэн гэж үзэж улмаар ... хүсэлтээ ирүүлсэн ... тул шилжүүлэн ажиллуулсугай гэж шийдвэрлэсэн нь бүхэлдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан нөхцөл шаардлагад нийцээгүй, энэ тохиолдолд ... албан тушаалтнуудын гаргасан алдаа нь миний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй ...Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу тухайн албан тушаал дээр шилжүүлэн ажиллуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. ...” гэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтийг хийжээ:

6.1.1.“… Анхан шатны шүүхээс ... Төрийн албаны зөвлөл тухайн хяналт шалгалтыг хийсэн нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тогтоосон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна, ... Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт-ын шинжийг агуулсан, түүнчлэн Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.1, 44.1-д заасныг мөн зөрчсөн болох нь тогтоогдсон, энэ утгаараа тухайн тушаалуудыг хүчингүй болгохыг даалгасан Төрийн албаны зөвлөлийн 48 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй, ... тухайн цаг хугацаанд Д.П нь төрийн албанаас чөлөөлөгдсөн байсан буюу төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахаар хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад Д.П-г шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь илт хууль бус, тухайн захиргааны акт нь бодит нөхцөлд биелэгдэх боломжгүй ... гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

6.1.2.Энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгч Д.П хувьд өөрийн хүсэлтээр сургуульд сурах гэсэн үндэслэлээр ажлаас түр чөлөөлсөн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаалтай маргаагүй байх бөгөөд тэрээр өөрийн хүсэлтээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн нь тогтоогдож байх тул түүнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохоор байна.

6.1.3.Төрийн албаны тухай хуулийн ... зохицуулалтаас үзвэл төрийн албан хаагч гурван сараас дээш хугацаагаар ямар нэгэн сургалтад хамрагдах бол түүнийг төрийн албанаас түр чөлөөлөхөөр, ийнхүү чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн албаны нөөцөд байгаад тооцох, улмаар төрийн албаны сул орон тоог нөхөхдөө шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон мөн хуульд заасан нөөцөд байгаа иргэдээс нөхөхөөр заасан.

6.1.4.Гэтэл төрийн албан хаагчийн нөөцөд байгаа нэхэмжлэгч П.П-г Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар ... дотоод аудиторын сул орон тоо гарсан ... гэсэн үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дотоод аудитораар шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, хууль бус байна.

6.1.5. ...Энэ талаарх Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн ... сургалтын чөлөө авсан байсан, нөөцөд байгаа иргэнээс төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон үйл баримт, ... Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасныг хангаагүйг анхан шатны шүүх анхаараагүй, дүгнэлт өгөөгүй, ... Томилсон тушаал нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Харин Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоол нэхэмжлэгчийг томилогдсоны дараа гарсан тул хуулийг буцаан хэрэглэсэн ... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. ...” гэжээ.

7.Хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга: нэхэмжлэгч Д.П 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга:

7.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэл: Сонсох ажиллагааг явуулаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт болох Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гаргасан тул хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, улмаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж хязгаарлагдсан талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд маргасан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх уг нэхэмжлэлийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодитой үнэлэлт өгөөгүй орхигдуулсан. ...

7.2.Нэхэмжлэгч Д.П нь 2015 оноос хойш төрийн байгууллагад санхүү, төрийн сан, дотоод аудитын чиглэлээр тасралтгүй ажиллаж, төрийн жинхэнэ албан хаагчийн болон түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалуудыг хуульд заасан журмын дагуу хашиж ирсэн /байхад/ анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг тухайн үед төрийн албан хаагч биш гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдал болон Төрийн албаны тухай хуулийн 46.6, 27.1.3-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн, ... үргэлжилсэн хөдөлмөрийн харилцаанд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, зөвхөн нэг тушаалтай холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг үгүйсгэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн алдаа юм.

7.3. Гуравдагч этгээд А.Д-оос гаргасан гомдолд үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг гаргаж, уг тогтоолыг хэрэгжүүлэх нэрийн дор нэхэмжлэгчийг хоёр жилийн өмнө шилжин ирсэн тухай тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үр дагавар бүхий шийдвэр гаргасан нь хууль бус байна. ...

7.4.Нэхэмжлэгч Д.П нь анх Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч  Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад хэрэг үүсгэсэн ... /боловч/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ... Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 126/Ш32025/0140 дугаартай захирамж гарсан. ... Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд “... Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр “Д.П-г ажилд томилох тухай” тушаалыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосонд тооцсугай гэж шийдвэрлэсэн тушаалтай холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүйг дурдах нь зүйтэй” гэсэн нь үндэслэлгүй. ...

7.5.Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдсөнд дүгнэлт хийгээгүй: Төрийн албаны зөвлөлийн 48 дугаар тогтоол нь Төрийн албан хаагчийн эрх зүйн баталгааг дордуулж Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 4.2.8-т заасан зарчмуудыг зөрчсөн гэсэн хууль зүйн үндэслэлд шүүхээс дүгнэлт хийгээгүй. Маргаан бүхий төрийн албаны зөвлөлийн 48 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн төрийн албан хаагчаар томилогдсон тушаалуудыг хүчингүй болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үр дагавар үүсгэх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-т заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 4.2.8- т заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

7.6.Мөн Төрийн албаны зөвлөлөөс шууд тухайн тушаал шийдвэрүүдийг хүчингүй болгох бус, дутуу орхигдуулсан шийдвэр тушаал байгаа бол түүнийг засаж залруулж, даалгавар чиглэл өгөх боломж Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу боломжтой байсан талаар анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан хууль зүйн үндэслэлд шүүхээс хууль хэрэглээний үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй шүүхийн шийдвэр хууль хэрэглээний хувьд хэт нэг талыг баримталсан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй шийдвэрийг гаргасан байна.

7.7.Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0611 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 сарын 18-ны өдрийн 221/МА2025/0727 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэх агуулга дурдагджээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 001/ШХТ2026/0062 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

9.Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж-д 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр утсаар мэдэгдэж, цахимаар танилцуулсан гэж тэмдэглэсэн байна. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ

10.Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

11.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулах харилцааг уг хуулиар зохицуулжээ.

12.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Д.П нь Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байгаад тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, нэг хоногийн дараа буюу Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжилтний албан тушаалд түр томилогдсон байна.

13.Улмаар аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/07 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Д.П-г Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу тус албанд шилжүүлэн ажиллуулах хүсэлттэй байгаа гэх саналыг Ж сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, уг саналын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар түүнийг аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

14.Үүний дараа Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг өөрийн гаргасан хүсэлтийн дагуу Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар дотоод аудиторын албан тушаалд томилсон үйл баримтууд тогтоогджээ.

15.Эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.П нь төрийн албанаас чөлөөлөгдөн, төрийн албан хаагчийн нөөцөд шилжсэн бус, харин төрийн байгууллагын нэг албан тушаалаас нөгөөд шилжин томилогдож, төрийн албанд тасралтгүй ажиллаж байсан бодит нөхцөл байдал тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах харилцаанд хамруулан авч үзэх үндэслэлтэй.

16.Гэтэл хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор “төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байхад нь тусгай шалгалт авалгүйгээр шууд томилсон нь хууль зөрчсөн” гэж үзсэн нь 2015 оноос хойш төрийн жинхэнэ албанд тасралтгүй ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, бодит нөхцөл байдалд нийцээгүй шийдвэр болжээ.

17.Тодруулбал, нэхэмжлэгч Д.П-г сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар “төрийн албанаас түр чөлөөлөх”-өөр шийдвэрлэсэн боловч бодит байдалд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналтын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжилтний албан тушаалд түр томилогдон ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан байх тул төрийн алба хаах харилцаа дуусгавар болоогүй, үргэлжилсэн гэж үзэх үндэслэлтэй, “төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа албан хаагчийг төрийн албанд ажиллаж байгаагүй, нөөцөд байсан гэж үзсэн нь хууль бус” гэх агуулгатай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

18.Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд “Д.П нь төрийн албанаас чөлөөлөгдсөн, төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахаар хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус, тухайн захиргааны акт нь бодит байдалд биелэгдэх боломжгүй” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

19.Өөрөөр хэлбэл, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Д.П-г Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу тус албанд шилжүүлэн ажиллуулах хүсэлтээ илэрхийлсэн, үүний дараа Х аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Д.П-г албан тушаалаас чөлөөлсөн, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар түүнийг дотоод аудиторын албан тушаалд томилсон үйл баримтууд нь бодит байдалд “төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх” Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл болно.  Иймд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмаар томилогдоогүй, уг журмыг зөрчсөн гэж дүгнэсэн маргаан бүхий тогтоолын үндэслэл буруу байна.

20.Харин Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаал нь энэ тохиолдолд уг харилцаанд оролцогчийн хэн алинд нь бодит эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй. 

21.Тодруулбал, нэхэмжлэгч Д.П нь Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар тус газарт эрхэлж байсан “Төрийн сангийн мэргэжилтэн”-ий ажил албан тушаалаас чөлөөлөгдөж, тус сумын Засаг даргын Тамгын газартай дахин төрийн албаны хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй байхад “Төрийн сангийн мэргэжилтэн, Д.П өөрийн хүсэлтээр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд Дотоод аудитороор ажиллахаар өргөдөл гаргаж, тухайн байгууллагаас шилжүүлэн ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн ... /тул/ 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шилжүүлэн ажиллуулах”-аар шийдвэрлэсэн Ж сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг “эрх зүйн үйлчлэлтэй” гэж үзэх үндэслэлгүй. Иймд Төрийн албаны зөвлөлөөс уг тушаалыг дахин хүчингүй болгохыг даалгах, ийнхүү даалгасны улмаас уг тушаал хүчингүй болсон эсэх нь мөн эрх зүйн бодит үйлчлэл байхгүй тул ач холбогдолгүй. Энэ утгаараа Төрийн албаны зөвлөл уг тушаалыг “... хүчингүй болгож, биелэлтийг нь ... Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг Х аймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын дарга /Ж.А/-д даалгаж” шийдвэрлэсэн нь мөн эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй байна.  

22.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд уг тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт илт хууль бус байх” шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь буруу, дээрх байдлаар эрх зүйн үйлчлэлгүй, үр дагавар үүсгэхгүй тушаалыг “илт хууль бус”-д тооцсоноор талуудын хэн алинд ямар нэг эрх зүйн үр дагавар үүсэхгүй болохыг анхаараагүй байна.

23.Түүнчлэн, Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга дээрх байдлаар нэхэмжлэгч Д.П-г “шилжүүлэн авч ажиллуулах хүсэлт” гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар дотоод аудиторын албан тушаалд томилсон атлаа 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/111 дугаар албан бичгээр  Төрийн албаны зөвлөлд хандаж, “... 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн дотоод аудиторын албан тушаалд шилжин ажилласан Д.П нь төрийн албаны шилжин ажиллах шаардлага шалгуурыг хангаагүй байх үндэслэл бүхий эрх зүйн актууд байх тул томилгоог хянаж өгнө үү” гэх агуулгатай хүсэлт гаргасан, уг хүсэлтийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс ажлын хэсгийг байгуулан шалгаж, маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаар “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” тогтоол гаргахдаа Д.П-д мэдэгдэх, сонсгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй нь хууль бус, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.   

24.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг батлан гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан байхад хариуцагч Төрийн албаны зөвлөл нь хуульд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Д.П-д тайлбар, санал гаргах боломж олгоогүй нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “... урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн, энэ асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд мөн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

25.Эдгээр үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.П гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0611 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2025/0727 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.П нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгөх тухай” 48 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.П-ээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                Д.БАТБААТАР 

                                                                                 Ц.ЦОГТ