Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

 

 

Д.Дэлгэрсайханд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Мөнх-Эрдэнэ,

хохирогч Д.Баянжаргал,

ялтан Д.Дэлгэрсайхан /онлайн/,

ялтны өмгөөлөгч Д.Цолмон,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Дэлгэрсайханы гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 201526021288 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Номч овгийн Даваадоржийн Дэлгэрсайхан, 1982 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, цахилгаанчин, машинч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 15 дугаар гудамж, 761 тоотод оршин суух, Сутайн Буянт ХХК-нд жолоочоор ажиллаж байсан, өмнө  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 567 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ЦД82120118/,

            Ялтан Д.Дэлгэрсайхан нь Хайлааст-Сүлжмэл чиглэлийн 21-63 УНБ улсын дугаартай автобус жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа буюу 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим Д.Баянжаргалыг согтуугаар тээврийн хэрэгслээр зорчихдоо автобусны картыг уншуулахгүй, хэл амаар доромжиллоо гэж үл ялих зүйлээр шалтаглан танхайрч автобуснаас чирч буулгаж, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хавирган тус газарт нь өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.Дэлгэрсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Дэлгэрсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйдийн 96.2.1, 96.2.9-д заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчилж,  түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Д.Дэлгэрсайханд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си Ди-г Эрүүгийн Байцаан Шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт хавсаргаж, хохирогч Д.Баянжаргал эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Д.Дэлгэрсайханаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Д.Дэлгэрсайханд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхэлж тооцохоор шийдвэрлэжээ.

            Ялтан Д.Дэлгэрсайхан давж заалдах гомдол болон шүүхэд гаргасан тайлбартаа:

            “...Би Д.Баянжаргалын биед гэмтэл учруулаагүй, түүнийг өшиглөсөн дэвссэн асуудал байхгүй. Энэ талаар би удаа дараа мэдүүлсэн боловч миний үгийг хайхрахгүй хохирогчийн үгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тэр үед автобус дотор надтай маргаад, намайг хэл амаар доромжлоод байсан өвгөн хүний царайг би санахгүй байсан. Байцаагч намайг хохирогч өвгөнтэй очиж уулз гэхээр нь уулзаж Д.Баянжаргал гуайг таньдаг болсон. Хохирогч гэх Д.Баянжаргалын хэргийн талаар янз бүрээр мэдүүлж, эргэлзээ төрүүлж байна.           Хохирогчийн анхны тайлбар болон 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “...Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Орхон худалдааны төв өнгөрөөд,... тэр автобусны жолооч залуу намайг автобуснаас татаж буулгаад ... дэвссэн...”гэж мэдүүлж байснаа,  дуудлагаар очсон цагдаа нарт хэвтэж байсан газрынхаа байрлалыг 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчимд зодуулсан гэсэн байдаг. Эдгээр газрууд нь нилээд хоорондоо хол зайтай байдаг.Цаг хугацааны талаар хохирогч нь “...17 цаг 49 минут” эсхүл “...үдээс хойш 16-17 цагийн орчим байх...” гэх мэтээр мэдүүлдэг.Мөн хохирогч мэдүүлэгтээ “...жолооч залуу намайг автобуснаас татаж буулгаад газар унагаад...дэвсээд буцаад автобусандаа суугаад... явсан.Тэр автобусны араас харахдаа номерийг нь харж чадаагүй ба тэр автобус дотор бараг хүн харагдаагүй...”, мөн “...би зодуулсан газраасаа босож ч чадаагүй...”, гэсэн бол анхан шатны шүүх хуралдаанд  “...автобус дотор ямар ч хүн байхгүй байсан” /1хх-ийн 201/, эсхүл “Автобусанд дүүрэн хүнтэй сул суудал байхгүй байсан” гэж мэдүүлсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуултад хариулахдаа “жолооч намайг буулгаж дэвсчихээд автобусныхаа урдуур тойрч гараад намайг буулгасан хаалгаа хаагаад явсан” гэсэн. Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгч хохирогчоос таныг автобусны жолооч өшиглөсөн үү гэхэд “өшиглөсөн зүйл байхгүй” гэж хариулсан. Харин уг хуралдаанд оролцсон гэрч С.Чинзориг “...хохирогч намайг өшиглөж унагасан хойноо дэвссэн гэж хэлсэн...” гэж /1хх-ийн 201/ мөн гэрч  Э.Доржсүрэн “...тэр автобусны жолооч өшиглөсөн гэж хэлж байсан” гэж /1хх-ийн 25/ тус тус мэдүүлдэг.

            Надтай маргаж намайг доромжлоод байсан өвгөн кармандаа 1 шил архитай явж байсан. Дараа нь цагдаа нар дуудлагаар очиход тэр архи нь байгаагүй гэсэн. Магадгүй тэр архиа бусадтай ууж байхдаа маргалдаж бусдад зодуулсан байхыг үгүйсгэхгүй. Эсхүл надад агсам тавьдаг шигээ хэн нэгнийг доромжлон загнаж дургүйг нь хүргэж байгаад зодуулсан ч юм билүү энэ талаар цагдаагаас шалгаагүй. Дуудлагаар очсон цагдаа Э.Доржсүрэн “...18 цаг 41 минутад...дуудлагыг хүлээн авсан....” гэх мэдүүлэг өгсөн /1хх-ийн 25/

            Цагдаагаас дуудлага өгсөн цаг хугацааг тодруулахаар баримт гаргуулсан /1хх-ийн 235/ гэх боловч энэ нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Дүгнэж үзэхэд хохирогч автобуснаас бууснаасаа хойш бусдад зодуулсан байх магадлалтай. Энэ нь дуудлагаар очсон Э.Доржсүрэн, С.Чинзориг нарын мэдүүлгээр нотлогддог.

            Анх би байцаагчийн хэлснээр Д.Баянжаргал гуайтай эмнэлэгт очиж уулзахдаа би таныг зодоогүй шүү дээ гэхэд “...би зодсон  зодоогүй ч чамаас мөнгө авахдаа л авна, үгээр хүнийг алж ч болдог аварч ч болдог юм” гээд байсан. Тэгээд ч одоог хүртэл их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байгаа. Хохирогчийн үндэслэлгүй их мөнгө нэхээд намайг буруутай болгох гэж зүтгээд байгаа байдлыг анхаарч байна. Миний гэм буруугүйг нотлох гэрчийн мэдүүлгүүд байхад зөвхөн хохирогчийн өөр хоорондоо зөрүүтэй, намайг гүтгэсэн, эд мөнгөний сонирхол бүхий худал мэдүүлгийг ач холбогдолтойд тооцож, нэг талыг барьж  ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.Намайг үндэслэлгүйгээр гүтгэж байгаад харамсаж байна. Манай өмгөөлөгч үлдсэнийг нь ярих байхаа гэв.

Ялтаны өмгөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээ бүхий байдал харагддаг. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо нэмэлт тайлбар хийхдээ дутуу ярьчих шиг боллоо. Тухайн үед анх байцаалт өгөхөд мөрдөн байцаагч хэрэг 18 цаг 40 минутын орчимд болсон гэхэд, би “тийм байхаа” гэж хэлсэн. Түүнээс хойш хэрэг болсон цаг хугацааны талаар тайлбар өгөөгүй. Одоо бодоход хэрэг болсон цагийг сайн санахгүй байна, үдийн дараа болсон гэж бодож байна. Яагаад үүнийг тодруулж байна гэхээр гэрч Цацрал “тухайн үед 11 цаг өнгөрч байх үед гэрээс гарсан” гэдэг. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн цаг нь 18 цаг 11 минут гэж гарсан. Гэтэл хохирогч 18 цаг 10 минут, мөн 17 цаг 49 минут гэхэд автобусанд суусан, дахин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 17 цаг 49 минутад автобуснаас чирч буулгасан, бас нэг тайлбартаа 17-18 цагийн орчимд гэх зэргээр өөр өөр мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэрч Оргилбаяр “тухайн үед Д.Дэлгэрсайхан автобусыг жолоодож явсан гэж хэлдэг. Жолооч ажилд гарсан өдрөө ээлж сольдоггүй. Иймд хохирогчийн мэдүүлгийг анхаарч үзнэ үү. Мөн гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нотлогдохгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх гэрч Цацралын мэдүүлгийг үнэлэхдээ Цацрал нь Д.Дэлгэрсайханы найзын эхнэр гэдэг, нэгэнт хууль сануулж гэрчээр мэдүүлэг авч байгаа учраас хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг гэж үнэлэх хэрэгтэй гэж үзэж байна. Мөн гэрч Цацралын мэдүүлэг хэрэг болсон цаг хугацааны хувьд зөрүүтэй талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан. Хохирогч тухайн үед автобусанд нэг ч хүн байгаагүй, гэснээ дүүрэн хүнтэй байсан гэж хэлдэг. Гэтэл Улаанбаатар Смарт Карт ХХК-аас гэрч Цацралыг хэрэг болох үед автобусанд байгаагүй, мөн бүртгэх боломжгүй гэсэн лавлагаа ирүүлсэн. Хэрэг болох үед хохирогчийн карт хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настантай иргэний карт уншуулсан болох нь харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “танхайн сэдэлтээр хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж гэсэн нь тогтоогдохгүй” байна гэснийг үндэслэлтэй гэж үзэж, хэрэгт авагдсан баримтууд яллагдагчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Д.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зөв, үндэслэлтэй гарсан. Надад гэмтэл учруулсан хүн бол Д.Дэлгэрсайхан. Үүнд маргах зүйлгүй. Ял шийтгэлийг тохирсон гэж бодож байна гэв.

 Прокурор Д.Мөнх-Эрдэнэ  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:

Ялтан Д.Дэлгэрсайхан нь Хайлааст-Сүлжмэл чиглэлийн 21-63 УНБ улсын дугаартай автобус жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа буюу 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, буюу 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчимд иргэн Д.Баянжаргалыг согтуугаар тээврийн хэрэгслээр зорчихдоо автобусны картыг уншуулж төлбөр төлөлгүй хэл амаар доромжиллоо гэж үл ялих зүйлээр шалтаглан танхайрч автобуснаас чирч буулгаж, дэвсэн хавирга хугалан хүнд зэргийн гэмтэл учруулсан мөрдөн байцаалтын шатанд тогтоогдож прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хохирогчийн буруутай үйлдлээс үүдэж уг гэмт хэрэг үйлдэгдсэн. Д.Дэлгэрсайхан нь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй учраас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуульд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан. Мөн түүнд оногдуулсан ял эдлэх дэглэмийг буруулж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, урьд шүүхээр шийдвэрлэгдсэн ял шийтгэлийн үлдсэн хугацааг өршөөн хэлтрүүлж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс хянан үзэж шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас гарсан хор уршиг зэргийг харгалзан бодитой шийдвэр гаргасан гэж үзэж байна. Давж заалдах гомдлын тухайд хэрэг гарсан цаг хугацааны хувьд хохирогч зодуулсан даруйдаа Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тийм учраас гомдол гаргасан цаг хугацаа тогтоогдож байгаа. Хохирогчийн мэдүүлгүүдэд ноцтой зөрүү байдаггүй. Тухайн үед хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, мөн хараа муутай гэж хэлдэг учраас болсон үйл явдлыг бодитоор харсан гэх боломжгүй байна. Хохирогч зодуулсаны дараа босох боломжгүй байсан учраас гудамжинд явж байсан иргэнээс тусламж гуйж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагийн ажилтан ирэхэд бороо орж байсан учраас түргэн тусламж ирэх хүртэлх хугацаанд автомашинд суулгах гэхэд хөдөлж чадахгүй байсан. Тэгэхээр тухайн автобуснаас бууснаас хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдад зодуулж гэмтэл авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Дэлгэрсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                    ХЯНАВАЛ:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоол “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэхь хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлага хангасан байна.

            Ялтан Д.Дэлгэрсайхан нь Хайлааст-Сүлжмэл чиглэлийн 21-63 УНБ улсын дугаартай автобус жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа буюу 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчим Д.Баянжаргалыг согтуугаар тээврийн хэрэгслээр зорчихдоо автобусны картыг уншуулахгүй, хэл амаар доромжилсон   хохирогчийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Д.Баянжаргалыг автобуснаас чирч буулган хавирган тус газар нь өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь:

            Хохирогч Д.Баянжаргалын “...Би 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт Өргөө кино театрын автобусны буудал дээр Хар хорин захаас суугаад андуурч буугаад огт танихгүй хоёр хүнтэй таараад тэр хүмүүс намайг танимхайраад өнөөдөр аавуудын баяр гээд байхаар нь 1 шил 0.33 граммын архи авч гурвуулаа хувааж уучихаад 17 цаг 49 минутад би автобусанд суухдаа утасны цагийг харсан.Тэгээд 3 дугаар эмнэлэг орно гэсэн шар өнгийн автобусанд суугаад буудал хүрээгүй явж байхад Баянгол дүүргийн 6 дугаар хороо Орхон худалдааны төвийн урд талаар өнгөрөөд тэр шар автобусны жолооч залуу намайг татаж автобуснаас буулгаад газар унагаад цээжинд 2-3 удаа дэвсээд буцаад автобусандаа суугаад намайг татаж буулгасан хаалгаа хаахгүй хөдлөөд явсан. Тэгээд би босоод автобусны номерийг харах гэсэн чинь харагдаагүй цонхоор нь харсан чинь тэр автобус дотор бараг хүн харагдаагүй. Тэндээсээ би шууд цагдаа дуудсан хөдөлгөөнт эргүүлийн машинтай 2 цагдаа ирэхээр нь намайг автобусны жолооч зодоод явлаа гэж хэлсэн чинь та өргөдлөө өг гэж хэлээд 103 дуудаад, 103 удахгүй ирээд намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Гэмтлийн эмнэлэгт өвчин намдаах тариа хийж өгөөд та одоо гэртээ харь гэсэн. Би гэртээ хариад өвдөөд болохгүй болохоор нь буцаад 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хавирга хугарсан байна гэсэн...Миний биеийн зүүн талд 6 хавирга хугархай, биеийн зүүн хэсэг тэр чигээрээ битүү хавдартай миний уушигнаас ус авсан, өвчин зовиур ихтэй байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

             хохирогч Д.Баянжаргал дахин байцаалтаар”...Би тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Тэгээд би тэр автобус руу ороод жолоочийн хажууд байдаг карт уншдаг зүйл рүү картаа уншуулаагүйгээс болж энэ асуудал болсон, жолооч автобусаа зогсоогоод бууж ирээд намайг араас татаж чирж буулгаад замын цементэн дээр дээш нь харуулж хэвтүүлж байгаад дээрээс 2-3 удаа дэвссэн юм... тэгэхэд тэр залуугийн дэвссэн газар нь хөндүүр маш их өвчтэй байсан болохоор цагдаагийн байгууллагад утсаараа дуудлага өгсөн...Миний эмчилгээний зардалд нийтдээ одоогийн байдлаар 2.000.000 төгрөг зарцуулагдсан. Надад тэр автобусны жолооч 1 сая төгрөгийг эмчилгээндээ хэрэглэ гэж өгсөн. Энэ мөнгөн дээр нэмж 10.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,

...гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын эмч намайг цаашаа хараад зогс гэж нэг гэрэлд хараад таны 2 хавирга хугарсан байна гэж хэлээд сувилагчаа дуудаад энэ хүнд тариа хийчих гэж хэлээд миний булчин руу тариа хийгээд 1 ширхэг өвчин намдаах эм өгөөд та яв яв гээд явуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 99/,

Д.Дэлгэрсайхан мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар өгсөн...Би Сутайн буянт буюу автобусны компанид жолооч ажилтай би өөрөө Хайлааст сүлжмэлийн М53 чиглэлийн шар өнгийн автобусыг жолоодож явж байсан юмаа. Ингээд би үдээс хойш 17 цаг 30 минутаас 18 цагийн хороонд Өргөө кино театрын автобусны буудал дээр зогсоход автобусны урд хаалгаар нэг согтуу хөгшин орж ирсэн. Тэгээд тэр өвөө 3 дугаар эмнэлэг орох уу гэж асуухаар нь орно та хойшоогоо очиж суу гэж хэлсэн тэр өвөө хойшоогоо очиж заал руу суухгүй үе үе 3 дугаар эмнэлэг орно биздээ гэж надаас асуугаад миний хажууд зогсоод байсан. Тэгэхээр нь би өөрөө архи уудаггүй болохоор надад архи үнэртээд байсан учир ямар ядаргаатай юм бэ гээд хэлтэл над руу тэр өвөө агсам согтуу тавьж агсраад л байсан. Тэр үед автобусанд сууж явсан зорчигчид наад хүнээ буулгаачээ согтуу хүн тээвэрлэх ёсгүй шүү дээ гээд миний анхаарлыг сарниулаад байсан юм. Тэгээд би хорооллоос 25 дугаар эмийн сан руу уруудаж орж ирээд автобусны буудал дээр зогсоод урд хаалгаа онгойлгоод та энэ урд хаалгаар буучихаа гэж хэлээд онгойлготол буухгүй байсан тэгэхээр нь би жолоочийн кабинаас гарч ирээд та буучих гэж хэлээд тохойноос нь түшээд буулгах гэтэл би өөрөө буучихаж чадна гээд автобусны гадна урд хаалганд биеэ наачихаад зогсоод байхаар нь би тэр өвөөд та холд гэж зөндөө хэлсэн мөн нилээд удаан хүлээсэн тэгээд бага зэрэг автобуснаас холдохоор би аажуухнаар урагшлахад автобусны хойд хэсэг нь тэр өвөөгийн урд хавьд нь очиход би толиндоо хараад аажуухнаар хөдөлж байхад миний автобусны хойд хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод үлдсэн. /1хх-ийн 41-42/ гэсэн мэдүүлэг,

гэрч С.Чинзоригийн: Би тухайн өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр өөрийн ажлын газар болох Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын албанд үүрэг гүйцэтгэж Бугат 66 чиглэл дээр ажиллаж Бугат 115 чиглэлийн авто эргүүлтэй хамт ажиллаж байсан юм. Тэгтэл Бугат 10 буюу жижүүрийн албанаас оройн 18 цагийн орчим Баянгол дүүргийн 6-р хороо Улаанбаатар паласын орчим номер 5, 6 буюу хүнд зодуулсан гэсэн утгатай дуудлага байна, очоод шалга гэж хэлэхээр нь Бугат 115-тай очиж шалгахад 80 орчим насны бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн байсан. Тэр хүн би автобусны жолоочид зодуулчихлаа, зүгээр байхад намайг автобуснаас чирж буулгасан гээд газар хэвтчихээд босож чадахгүй байхаар нь 103 руу залгаж дуудлага өгөөд ирэхийг нь хүлээсэн. 103 буюу түргэн тусламжийн машин ирээд эмч нь тэр хөгшин настай хүнийг үзээд яаралтай авч явах шаардлагатай байна гээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэр хөгшин настай хүний биед нь ил харагдах ямар нэгэн шарх сорви байхгүй байсан, таны хаагуур ямар зовиуртай байна, тэр автобусны жолооч таны биеийн аль хэсэг рүү чинь зодсон юм бэ гэж асуухад намайг буулгаж байгаад дээрээс дэвссэн гэж хэлж байсан ба миний нуруу цээжээр хатгаж өвдөөд байна гээд байсан гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 22-23/,

            гэрч Э.Доржсүрэнгийн: Би 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Бугат 115 чиглэлийн машинт эргүүлд гарч байсан. Тэгтэл орой 18 цаг 41 минутанд Бугат-10-аас эмнэлгийн автобусны буудал дээр автобусны жолоочид зодуулчихлаа гэсэн дуудлагыг хүлээн аваад 3-р эмнэлгийн арын автобусны буудал дээр очиход зодуулсан хүн байхгүй байсан. Тэгээд дуудлага өгсөн 91613787 дугаарын утас руу залгахад би өөрөө хаана байгаагаа хэлж мэдэхгүй байна гэхээр нь хажууд байгаа хүндээ утсаа өгөөд заалгаад өг гэхэд УБ паласын хажуу талын автобусны буудлын талд байна гэж хэлсэн. Тэгээд зааж өгсөн газар нь очиход зодуулсан гэх хүн замын хажуугийн боржур дээр хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад би Өргөө кино театрын хавьцаа нэг найзтайгаа нэг шил архи хувааж уугаад Өргөө кино театрын автобусны буудал дээрээс автобусанд суугаад 25-р эмийн сан урууддаг хэсэгт жолооч нь намайг хэл амаар доромжилсон гэж хэлж байсан ба намайг бууж байх явцад араас өшиглөж бууж ирээд намайг газар унасан байхад дээрээс 2-3 удаа дэвссэн. Тэгтэл миний бие сонин болоод босож чадахгүй болсон гэж хэлэхээр нь би таны биеийн аль хэсэгт өвдөж байна гэж асуухад миний зүүн талын хавирга өвдөөд байна гээд ёоёо гээд босохгүй байсан. Тэр үед бороо орох гээд байсан болохоор нь та босож ирээд машинд суучих гэхэд би хөдөлж чадахгүй байна, хатгаж өвдөөд байна гэхээр нь 103-т дуудлага өгөөд цаг гаран хүлээж байж 103-ын эмч ирж үзээд аваад явсан. Эмч ирээд хавирга хугарсан байж магадгүй юм шиг байна гэж хэлсэн. Харин тэр хүн их согтолттой байгаагүй болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24-25/,

гэрч А.Оргилбаярын: Би Сутай буянт ХХК-нд хэсгийн даргаар ажилладаг. Ажлын өдөр уг чиглэлд 10 автобус хөдөлгөөнд оролцож байснаас шар өнгийн 3 автобус байсан юм. Бусад нь дандаа ногоон өнгийн автобус хөдөлгөөнд оролцож байсан ба тухайн хэрэг гарах цаг хугацаанд Д.Дэлгэрсайхан уг автобусыг жолоодож явсан гэсэн мэдүүлэг /1хх-ийн 142/,

Гэрч Э.Золзаяагийн анхан шатны шүүхэд өгсөн: 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 21-63 улсын дугаартай автобусыг хувиараараа Дэлгэрсайхан жолоодсон байгаа. Энэ цаг хугацаанд бол Смарт төхөөрөмж нийтийн тээвэрт тавигдсан байсан. Автобусны камер хэвийн ажиллаж байсан бол 40 хүртэл хоног хадгалагддаг. Жолооч камерийн бичлэгийг устгах ямар ч боломжгүй. Камерийг UB Смарт ХХК хариуцна. Манай аж ахуйн нэгж камерийн асуудалд оролцдоггүй гэсэн мэдүүлэг,

Шинжээч эмч Г.Энхбаатарын: Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, яагаад гэхээр зүүн талын хавиргууд гурван өөр шугамаар хугарсан байна. Уг гэмтэл нь дэвсэлтээс үүсч болно, гэхдээ хэдэн удаагийн дэвсэлтээс үүссэнийг нарийн тогтоох боломжгүй, харин уналтаас үүсэх боломжгүй /1 хх-ийн 31-32/ гэсэн мэдүүлэг,

Шинжээч эмч Г.Энхбаатар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт: Баянжаргалын биед учирсан 5 хавирга гурван өөр шугамаар хугарсан байна. Зарим хавирга нь хоёрлосон хугаралтай байгаа. Эдгээр хугарал нь дарагдах механизмаар үүснэ. Нэг удаагийн уналтаар энэ хугаралууд үүсэх боломжгүй. Замын хашлага боржур дээр унаад 5 хавирга хугарлаа гэхэд нэг шугаманд хугарна. 5 хавирганы хугаралууд бол дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хавирга хугарснаас уушигны авчийлт үүснэ. Уушигны авчийлт нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11784 дугаартай дүгнэлтэд: Баянжаргалын биед зүүн 6, 7, 8, 9, 10-р хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралт, зүүн уушигны доод дэлбэнгийн авчийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... /1хх-ийн 30/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 302 дугаартай: Шүүх эмнэлэгийн 2015-8-17-ны өдрийн 11784 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Д.Баянжаргалын зүүн талын 6-10-р хавирга цээжний хэд, хэдэн шугамаар хугарсан байх тул унах үед үүсгэгдэх боломж багатай, харин өшиглөх, дэвсэх үед үүсгэгдсэн байх илүү магадлалтай. Дээрх гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд яг хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /1 хх-ийн 138-139/,

ГССҮТ-д яаралтай тусламжаар хүргэгдсэн гэмтлийн эмнэлгийн архивын баримт /1хх-ийн 135-136/, ГССҮТ-ийн өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 71-86/, хохирогчийн эмчилгээтэй холбогдох баримт /1хх-ийн 88-90/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 111-112/, зэрэг  нотлох бармтуудаар тогтоогдсон, энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.

Хавтаст хэрэгт буй  баримтаас үзэхэд хохирогч  Д.Баянжаргал нь  2015 оны 8 сарын 8-ны өдөр  Хайлааст -Сүлжмэл чиглэлийн 21-63 УНБ дугаартай автобусанд зорчихдоо архи уун согтуурхаж, автобусны картаа уншуулахгүй гэж жолоочтой маргалдсан байх бөгөөд тус автобусыг жолоодож явсан  Д.Дэлгэрсайхан хохирогчийг автобуснаас чирч буулган, хавирган тус газар өшиглөж 6 хавирга хугалан хүнд гэмтэл учруулжээ.

Хэрэг гарахад хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн, хохирогч хэдийгээр архи уусан боловч биеэ хамгаалах чадваргүй байсан нь бүрэн нотлогдоогүй тул анхан шатны шүүх прокурорын Д.Дэлгэрсайханы үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсэн нь зөв байна.

    Мөн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Д.Дэлгэрсайханд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэснийг хууль зөрчөөгүй гэж үзлээ.

 Д.Дэлгэрсайхан холбогдох хэргийг  шүүх хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгасан, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр заавал буцаах шаардлагагүй, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, тэдний мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугласан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Дэлгэрсайханы гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож” өгөхийг хүссэн  гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Дэлгэрсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                       

                       

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

                       

                       

                        ШҮҮГЧИД                                                                   Д.ОЧМАНДАХ

                                                                                                           

                                                                                                           

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ