Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Хохирогч П.Б

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Б-д холбогдох 1916002670128 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э овогт Ж-н Б.

Шүүгдэгч Ж.Б-н 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Бугат сумын төвийн 0 тоот хашаанд хохирогч П.Б-н баруун бугалагт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ж.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...Хэрэг гардаг 08 дугаар сарын 07-ны өглөө гэртээ байж байтал хохирогч П.Б Э-н 7 ямааг танай хотонд тавиадах гэсэн гээд ирсэн. Хотонд нийлүүлчих гээд Э ах яръя гэж байна гэсэн. Э-тай ярихад манайд хүрээд ир гэсэн. Тэгээд П.Б бид хоёр Э-н очоод нэг шил архи задлаад 3 татаад найз нь одоо уухгүй ажилтай гээд гараад явсан. Гараад айлын хашаанаас мотоцикль аваад, очсон айл бас тал архи өгсөн тэрнээс уугаад гараад ирэхэд Б тэр айлын хашаанд байж таараад машинд суучих гэхээр нь П.Б-н машинд суугаад эргээд Э-д очсон. Тэндээс гараад Хаан банкны тэнд очоод П.Б-той маргалдаад би машинаас нь буусан. Ахынх руу нь алхаж байтал араас машинтайгаа ирээд чамайг дайрна, мөргөж ална гэсэн. Тэгэхээр нь айлын хашаа налж зогсоод цаашаа явж байгаад ахынх нь гэр рүү ороход үүдний амбаарт орж ирээд бид хоёр зууралдаж байхад ах Э нь орж ирээд бид хоёрыг салгаад П.Б-г унтуулна гээд гэр рүү аваад явахаар нь би цаашаа ороод айлаас хутга авч гарч ирээд гарыг нь зүсчихсэн байсан. Тэндээс салаад гэртээ очоод унтаж байсан чинь орой эхнэр ирээд чи хүний гар хутгалсан байна. Цагдаа чамайг хайж байна гэсэн. 2 цагдаа хэсгийн төлөөлөгч ирээд цагдаа дээр очоод аймаг явах шаардлагатай гэхээр нь хохирогчийг аваад А гэдэг жолоочид 208.000 төгрөгөөр түлш хийж өгөөд эмнэлэгт ирээд маргааш нь эмнэлэг дээр оёо тавиулаад эмнэлгийн зүгээс хамаарах эм тариаг эмнэлэг дээр авч өгсөн. Хот руу очиж үзүүлэх шаардлагатай гэхээр нь эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн ... Айсан байсан. Хутга авсан гэдгээ санаж байна. Яаж зүссэнээ санахгүй байна ... Гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч П.Б-н шүүх хуралдаанд өгсөн “...08 дугаар сарын 07-ны өглөө би Э ахын 7 ямааг туугаад Б ахын маланд нийлүүлсэн. Би явган очоод Ба араас ирж намайг авсан. Тэгээд буцаад явах гэтэл Б ах өчигдөр орой танай арын айлд мотоцикль өгсөн байгаа. Та хоёртой дайгдаж ороод авна гэсэн. Тэгээд буугаад Э ахынд ороод удаагүй. Би өөрийнхөө машинд бензин хийх гээд зогсож байтал Ж.Б ах 20, 30 минутын дараа гарч ирээд хашааны арын хаалгаар гарсан. Манай найзууд зугаалганд явъя гэж дуудсан. Гол ороод нэг шил архи уугаад буцаад Ба-нд очсон. Надтай хамт явж байсан М гэдэг залуу надтай хамт явж Б-с юм авна гэсэн. Энэ хүний яриад байгаа С гэдэг айлын хажуу талын хашаа. Бид хэд хашаанд ороод зогсож байхад хашааг давж орж ирсэн үү? завсраар нь орж ирсэн үү? миний машинд орж ирээд суусан. Би суучих хамт явъя гэж хэлээгүй. Тэрнээс хамт яваад Э-д очно гээд тэднийд очсон. Бензин тос аваад замдаа нэг шил архи аваад ирсэн. Ирээд Ж.Б ахтай муудалцсан. Бид нар бүгдээрээ яваад Хаан банк орсон. Хаан банкны үүдэн дээр зогсож байхад манай эхнэр ирээд машин тэргэнд архи уулаа гээд бүгдийг нь буулгасан. Ж.Б ахад очоод таныг хаанаас авсан тэр газраа буулгаж өгье гээд Э ахынд очсон. Тэдний хашаанд очиж нэлээд хэрүүл болоод машинаас буугаад Э ахынх руу орсон. Э ахынд манай эмэгтэй дүү хоол хийж байхад арын шкафнаас нь юм авахаар нь та юу авч байгаа юм гээд юу авсныг нь хараагүй байсан. Э ахынхаас гараад миний баруун талаар зөрөхдөө миний баруун гарыг зүссэн байсан ... 537.000 төгрөг авсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт  цаг гаран булчин залгах хагалгаа хийлгэсэн. Нарийн зураг авахгүй. Яаралтай хот явсан нь дээр  онгоцоор яаралтай яв гэсэн. Онгоцны билет хайгаад олдоогүй. Хувийн машинтай явахаар болоод замдаа Баянхонгор, Өвөрхангай дээр эмчилгээгээ хийлгээд яваарай гэсэн. Хувийн машинтай явахад миний машин сум дээр байсан. Сумаас аймаг руу авахуулахад жолоочид 50.000 төгрөг өгч авахуулсан. Сумаас ирсэн бензиний мөнгийг Ж.Б ахаас гаргуулаагүй. Өөрөө хийсэн. Аймгаас явахдаа 100.0000 төгрөгөөр жолооч түрээсэлсэн. 350.000 төгрөгөөр бензин хийсэн ... Миний гар урд талаасаа хойд тал хүртэл нарийслалттай мах нь төлжиж эдгээгүй. 15,5 сантиметр гэж урт нь гарсан. Гүн нь ясандаа тулсан. Булчин залгах хагалгаанд ороод одоо хүрэл мах нь бүрэн төлжөөгүй, нарийслалттай дотор оёо эдгэрээгүй ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдаан тэмдэглэлээс/,

Гэрч П.Э-н мөрдөн байцаалтад өгсөн "... манай гэрийн үүдний амбаарт Ж.Б, манай дүү  болох П.Б 2 хоорондоо зууралдаад зогсож байсан. Би дундуур нь орж салгаад П.Быг гэр лүү нь аваад явсан. Тэгсэн манай гэрээс Ж.Б хутга аваад гарч ирсэн. Тэгэхээр нь би П.Быг тавиад Ж.Б рүү очоод хутгыг нь гараас нь авах гээд чадаагүй. Тэгсэн Ж.Б нь манай дүү П.Б-н гарыг нь зүсчихсэн байсан. Яаж зүссэнийг нь сайн мэдээгүй..." гэсэн мэдүүлэг /ХХ15-16/,

Гэрч Т.Ба мөрдөн байцаалтад дахин өгсөн "... П.Б Ж.Б рүү агсамнаад муудалцсан. Тэгсэн хаанаас хутга авсныг мэдэхгүй П.Б руу хутга бариад дайрсан. Э ах бид хоёр салгах гэж оролдсон. Тэгсэн П.Б-н баруун гарыг нь зүсчихсэн байсан ..." гэсэн мэдүүлэг /ХХ17-18/,

Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 236 дугаартай “...П.П.Б-н биед баруун бугалагт шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ38-39/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ3/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ4/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD бичлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Баярмөнхийн 2019 оны 08 дугаар сарын           07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Бугат сумын төв 0 тоот хашаанд тодорхой шалтгаангүйгээр П.П.Б-н баруун бугалагт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Б-д торгох ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Б-өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг баталсан ба тус журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж заажээ.

Хохирогч П.Б-н  хувьд хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэйгээ харилцан тохиролцож төлсөн өмгөөллийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно.

Иймээс хохирогч П.Б нь насанд хүрсэн бөгөөд төлбөрийн чадваргүй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний нэхэмжилсэн 2.614.000 төгрөгийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсний 320.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  Харин хохирогч П.Б-н ажилгүй байсан хугацааны цалин болон буудалд байрласан зардал зэргийг түүний гаргаж өгсөн баримтаар шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин, буудалд байрласан хөлсний 1.535.000 төгрөг, нотлох баримт гаргаж өгөөгүй 348.884 төгрөг, нийт 1.883.884 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өмнө гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлын хамт нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 Мөн хохиролтой холбоотой хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтаас 49-р хуудсанд бэхжүүлсэн НИК ХХК-ний 2 ширхэг, Нил Фарм маркетын 1 ширхэг, эмийн сангийн 1 ширхэг, Аки-Фарма ХХК-ний 1 ширхэг НӨАТ-ын баримтууд, хот хооронд зорчих тасалбар, шүүх хуралдаанд гаргаж өгсөн Монос-ГАА ХХК-ний 2 ширхэг зарлагын баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан энэ хэрэгт хамааралтай талаас нь шүүх үнэлсэн бөгөөд энэ нь нийт 410.116 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байх боловч шүүгдэгч Ж.Б нь хохирогчид хохиролд 500.000 төгрөг бэлнээр төлсөн үүн дээр маргаан гараагүй учраас оруулан тооцож хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь хохирогч П.Б-д 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэрэгт хадгалах хугацаагаар хавсаргаж, модон иштэй 1 ширхэг хутгыг  эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Ж-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д шүүхээс оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Баярмөнхөд сануулсугай.

5. Хохирогч П.Б-н нэхэмжилсэн 2.614.000 төгрөгийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлсний 320.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин, буудалд байрласан хөлсний 1.535.000 төгрөг, нотлох баримт гаргаж өгөөгүй 348.884 төгрөг, нийт 1.883.884 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өмнө гарсан болон цаашид гарах эмчилгээний зардалын хамт нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 6. Шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ж.Б нь хохирогч П.Б-д 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэрэгт хадгалах хугацаагаар хавсаргаж, модон иштэй 1 ширхэг хутгыг  эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА