| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/03926/И |
| Дугаар | 210/МА2025/01643 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/01643
“*******” ХХК, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04235 дугаар шийдвэртэй
“*******” ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй
“*******” ХХК, *******, ******* нарт холбогдох
Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 900,000,000 төгрөг, хохиролд 1,214,725,407 төгрөг, нийт 2,114,725,407 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. “” ХХК болон “” ХХК, ******* нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “” ХХК, ******* нар Doosan DX800LC-5B гидр эксковаторыг түрээсэлж, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр уг гэрээний эрх, үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байсан бөгөөд гэрээний үүрэгт нийт 1,252,315,000 төгрөгийг “” ХХК-д төлсөн.
1.2. “*******” ХХК, *******, ******* нар аймгийн сумын гэх газарт байрлах “” ХХК-ийн уурхайд хөрс хуулалтын ажилд Doosan DX800LC-5B гидр эксковаторыг ашиглахаар санал тавьсны дагуу нэхэмжлэгч нарын зүгээс “” ХХК-иас түрээсийн зүйлийг бусдад түрээслэх эрхийг шилжүүлэн авч, хариуцагч нартай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч нар Doosan DX800LC-5B гидр эксковаторыг хүлээн авч, “” ХХК-ийн уурхайд ашиглаж эхэлсэн.
1.3. Түүнчлэн хариуцагч ******* нь нэхэмжлэгч нарт “*******” ХХК, *******, ******* болон нар нь хамтарч ажилладаг гэх ойлголтыг өгч, гурвуулаа гэрээнд гарын үсэг зурсан.
1.4. Гэвч түрээслэгч нар санхүүгийн түрээсийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй ба ийнхүү үүргээ биелүүлээгүй тул түрээслүүлэгч буюу “*******” ХХК, ******* нар нь “” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон.
1.5. Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “” ХХК-ийн зүгээс Doosan DX800LC-5B гидр эксковаторыг “*******” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан сумын гэх газраас татан авсан.
1.6. Түрээслэгч нар нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу нэхэмжлэгч нарт төлөөгүйн улмаас нэхэмжлэгч нарт 1,252,315,000 төгрөгийн хохирол учирсан.
1.7. Мөн харуицагч нар аймгийн сумын гэх газарт Doosan DX800LC-5B гидр эксковаторыг 6 сар гаруй хугацаанд ашигласан бөгөөд талууд 1 сарын түрээсийн үнийг 150,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл түрээслэгч нар 900,000,000 төгрөгийн ашиглалтын төлбөр тооцогдохоор байна.
Иймд хариуцагч нараас түрээсийн зүйлийг ашигласны төлбөрт 900,000,000 төгрөг, түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 1,214,725,407 төгрөг, нийт 2,114,725,407 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. “*******” ХХК нь 2022 оны 09 дүгээр сард “” ХХК-тай хөрс хуулалтын гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд заасан үйл ажиллагаа явуулах техник хангалттай байхгүй байсан. Тухайн үед ажил эхлэх санхүүгийн боломж ч байгаагүй. Тэр үед оюутан ангийн найз *******тэй уулзаж, санхүүгийн тусламж үзүүлэх боломж байгаа эсэхийг асуухад Doosan DX800LC-5B гидр эксковатораар туслах боломж байгааг хэлсэн. Тухайн үед зөвхөн бэлэн санхүүгийн тусламж хайж байсан учир шууд тус эксковаторыг авч ашиглах талаар яриагүй. Гэрээ байгуулснаас хойш олон хоног өнгөрсөн. , ******* нар “Техник олдохгүй, уурхайн компанитай байгуулсан гэрээ цуцлагдах гээд байна” гэсэн учраас *******ээс эксковаторыг түрээслэн, худалдан авахаар болсон.
2.2. Ингээд заамарт байсан DX800LC-5B гидр эксковаторыг ачиж аймгийн сумын гэх газарт байрлах “” ХХК-ийн уурхайд хүргэсэн бөгөөд *******ийг таньдаг учраас гэрээнд гарын үсэг зурсан. Ямар нэгэн үүрэг хүлээж гарын үсэг зураагүй.
2.3. Мөн гэрээний дагуу эксковаторыг ашиглаагүй, үр шимийг хүртээгүй. Харин тус эксковаторыг “*******” ХХК ашигласан тул *******гийн хувьд тус хэлцэл дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
2.4. Мөн нэхэмжлэгч нар түрээсийн гэрээний зүйлийг түрээслэх талаар анхдагч түрээслэгч болох “” ХХК-аас зөвшөөрөл аваагүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. ******* нь “*******” ХХК-ийн 51 хувийн хувьцааг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, үлдсэн 49 хувийн хувьцааг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр худалдан авч, өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлэн, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болсон.
3.2. аймгийн сумын нутагт байрлах н ашиглалтын лицензийг “” ХХК эзэмшдэг ба 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “*******” ХХК-ийн захирал нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
3.3. Уг гэрээний дагуу “*******” ХХК-д хөрс хуулалт болон олборлолтын ажлыг цаг алдалгүйгээр явуулах хэрэгцээ байсан учир дэнчингийн 200,000,000 төгрөгийг өөрөөсөө “*******” ХХК-д шилжүүлж, “*******” ХХК-иас тавьсан хүсэлтийн дагуу гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд DX800LC-5B гидр эксковаторыг н орд дээр хөрс хуулах ажилд ашиглаж, ажил гүйцэтгэсэн.
3.4. “*******” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр эд компанийн өр, авлагын хамт худалдсан бөгөөд DX800LC-5B гидр эксковаторыг түрээслэж, ажиллуулснаас гарсан үр шим, ашгийг ******* бус “*******” ХХК хүлээн авсан тул гэрээний дагуу төлөх төлбөрийг тус компани хариуцах ёстой.
3.5. Мөн талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч “*******” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд тус гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байх ёстой. Талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээнд хариуцагч “*******” ХХК-ийг төлөөлж ******* гарын үсэг зурсан байх бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр түүнд компанийг төлөөлөх эрх олгогдоогүй байсан. Харин ******* нь тус компанийг худалдан авах талаар процесс үргэлжилж байсан бөгөөд цаашид хамтарч ажиллаад удирдлагыг ******* хэрэгжүүлэхээр ярилцаж байсан тул компанийн тамгыг *******т өгсөн. Тамгыг өгсний үр дагаврыг ойлгож байсан ч тамгыг ашиглаад гэрээ байгуулсныг мэдээгүй.
4.2. Харин гэрээ байгуулагдсаны дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ******* нь тус компанийг төлөөлөх эрхтэй болсон тул тус гэрээг манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд уг гэрээний үүрэг шаардах эрхгүй байна.
4.3. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хохиролд 1,214,725,407 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагчийн буруутай ямар үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
4.4. DX800LC-5B гидр эксковатор нь “” ХХК-ийн өмч бөгөөд тус компанитай байгуулсан түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч нар нь ашиглаж байгаад Санхүүгийн түрээсийн тухай хуульд заасныг зөрчиж, анхдагч түрээслэгчийн зөвшөөрөлгүйгээр манай компанид түрээслүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.
4.5. Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 125,000,000 төгрөгийг төлсөн, дэнчинд 200,000,000 төгрөгийг ******* төлсөн. Тус эксковаторыг манай компани “” ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх зорилгоор “” ХХК-тай хөрс хуулалтын талбайд байхад бидэнд урьдчилж, мэдэгдэлгүйгээр аваад явсан байсан.
Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 368,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК болон ******* нарт олгож,
нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,746,725,407 төгрөгийн нэхэмжлэлийг болон хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,731,557 төгрөг 35 мөнгийг улсын төсөвт үлдээж,
хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,997,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК болон ******* нарт олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх анхдагч гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болсон гэх агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0192021 тоот санхүүгийн түрээсийн гэрээний хавсралт 2-т төлбөрийн хуваарийн хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хувиар тавигдсан нь анхдагч гэрээ дуусгавар болгосон гэх үйл баримтыг бий болгоогүй. Гэрээний хэрэгжилт, үр дагавар, эрх үүрэгт “” ХХК болон “*******” ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан анхдагч санхүүгийн түрээсийн гэрээ, хариуцагч нартай байгуулагдсан түрээсийн гэрээнд нөлөө үзүүлээгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нар дээрх хугацаанаас үл хамааран 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гэрээний зүйл болох эксваторыг эзэмшин ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
Түрээсийн гэрээний хавсралтад 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нар гэрээний дагуу нийт 1,650,000,000 төгрөгийн төлөлт хийх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нар нь түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Хэрвээ гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч компанийн зүгээс анхдагч түрээслүүлэгч болох “” ХХК-д 909,835,000 төгрөгийг төлж, түрээсийн зүйлийн өмчлөлийг шилжүүлж авсан боломжтой байсан.
6.2. Анхан шатны шүүх дамжуулах түрээс байгуулсан гэж үзэхгүй гэх агуулгаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “” ХХК-тай нэмэлт гэрээ байгуулсан. Мөн түрээслэгч нар солигдож нэхэмжлэгч компани нэмэлтээр орсон. Уг нэмэлт гэрээг үндэслэн хариуцагч нартай дамжуулах гэрээг байгуулсан. Тухайн үед “” ХХК нь нэхэмжлэгч нарыг хариуцагч нартай дамжуулан түрээслэх гэрээ байгуулсан болохыг мэдэж байсан. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бичгээр зөвшөөрөл өгсөн. Гэтэл анхан шатны шүүх 1 хоногийн дараа зөвшөөрөл өгсөн учраас зөвшөөрөл өгсөнд тооцохгүй гэх агуулгаар хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлээгүй. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан. Зөвшөөрлийг 1 хоногийн дараа бичгээр өгсөн байхад анхан шатны шүүх огт зөвшөөрөл өгөөгүй мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1, 4 дүгээр зүйлийн 4.5-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд хүсэл зоригоо илэрхийлж гэрээг байгуулсан. Тухайн гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу байгуулагдсан гэж үзнэ. Талууд гэрээг бичгээр үйлдэж, гарын үсгээр баталгаажуулсан. Гэрээ байгуулсан эсэх талаар маргаагүй. Санхүүгийн түрээсийн гэрээний 2.1-т заасан дамжуулах түрээс нь зөвшөөрлөөр хийгдсэн учраас “” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгээр тогтоогдож байгаа учраас Санхүүгийн түрээсийн тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
6.3. Анхан шатны шүүх үр шимийг хариуцагч “*******” ХХК хүртсэн, хариуцагч *******, ******* нар нь үр шимийг хүртээгүй учраас хариуцлагаас чөлөөлж, 2 хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч ******* нь гэрээ байгуулах нөхцөл байдлыг үүсгэсэн. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******тэй оюутан ангийн найзууд байсан. Өөрөө ирээд хариуцагч “*******” ХХК-д ажилладаг, “” ХХК-ийн уурхайд хөрс хуулалтын ажилд хамтран ажиллаж байгаа талаар танилцуулж гэрээнд хамтран үүрэг хүлээхээр гарын үсэг зурсан. Мөн хариуцагч ******* нь хариуцагч “*******” ХХК-д ажиллаж байсан талаарх нийгмийн даатгалын лавлагаа авагдсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу 3 хариуцагч нь хамтран хариуцагч нар, гарын үсэг зурсан, гэрээ хүчин төгөлдөр болсон учраас хамтран үүрэг хүлээх ёстой. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.11 дэх хэсэгт заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хүлээх үүрэг тэнцүү байна. Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн үзэмжээр нэг болон хэд хэдэн этгээдээс шаардах эрхийг дээрх хуулийн зохицуулалтаар зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх уг хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр гэрээний хариуцагч болох 2 этгээдийг хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
6.4. Шүүх сар бүр ашигласан төлбөрийг 115,000,000 төгрөгөөр тооцож 693,000,000 төгрөгийн хүрээнд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Гэрээний 4.7-д зааснаар сар бүр 150,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон. 2 хариуцагчийг хариуцлагаас чөлөөлж хариуцагч “*******” ХХК-аас 300,000,000 гаруй төгрөгийг гаргуулж хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн. Хариуцагч компанийн нягтлан бодогч , хариуцагч ******* нар нь тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар тооцоо нийлж, хариуцагч нарын төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх дээрх баримтыг үнэлэхгүйгээр хариуцагч *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
6.5. Гэрээний 11.1.11-т түрээслэгчийн буруугаас гэрээ цуцлагдвал дэнчинг буцаан олгохгүй байхаар тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх уг гэрээний заалтыг зөрчиж дэнчингийн төлбөрийг гаргуулсан төлбөрөөс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэрээний 11.1.11-т заасан төлбөртэй холбогдуулан хариуцагч нар гомдол санал гаргаж байгаагүй. Шүүх талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн. Түүнчлэн хариуцагч нар гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 1,214,725,407 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Гэтэл анхан шатны шүүх хохирлыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар огт дүгнэлт хийгээгүй.
6.6. Хариуцагч нарын зүгээс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,650,000,000 төгрөгийн төлбөрийн үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч нар нь 909,835,000 төгрөгийг анхдагч түрээслэгч болох “” ХХК-д төлснөөр гэрээний зүйлийн өмчлөлийг шилжүүлж авах байсан. Гэтэл хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас түрээсийн зүйлийг буцаан гаргуулж “” ХХК-ийн өмчлөлд шилжсэн. Өөрөөр хэлблэ нэхэмжлэгчийн төлсөн 1,252,315,000 төгрөг болон түрээсийн зүйл байхгүй болсон. Олох ёстой байсан орлого 740,000,000 төгрөг нэхэмжлэгчид үлдэх ёстой байсан.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс учирсан хохирлоо дээрх байдлаар тодорхойлсон. Тухайн үед нэхэмжлэгчид өөр хуулийн этгээд түрээслэх санал тавьсан. Энэ талаарх хүсэлт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хариуцагч нар нь төлбөрийг баталгаатай төлж, хөрс суулгалтын ажлыг хамран хэрэгжүүлнэ гэж нэхэмжлэгчээс гуйж гэрээг байгуулсан. Хариуцагч нар нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид дээрх хэмжээний хохирол учирсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч “*******” ХХК-иас нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
7.1. Түрээсийн зүйл нь “” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар тогтоогддог бөгөөд тухайн компани болон “” ХХК, , , ******* нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болохоос 1 сарын өмнө талууд гэрээ байгуулсан. Гэрээнд заасан огноог үндэслэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт гаргасан.
7.2. Нэхэмжлэгч тал дамжуулан түрээслэх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлж байгаа боловч гэрээний агуулгаас харахад анхдагч түрээсийн гэрээний агуулгыг илэрхийлэх бөгөөд анхдагч түрээсийн гэрээ байгуулахгүйгээр дамжуулан түрээслэх гэрээ байгуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл анхдагч түрээслүүлэгч буюу хөрөнгийн эзнээс хуульд заасан үндэслэл журмын дагуу зөвшөөрөл авах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч нартай санхүүгийн түрээсийн гэрээг байгуулахдаа гэрээний зүйлийн өмчлөгч болох “” ХХК-иас зөвшөөрөл аваагүй. Талуудын хооронд үүссэн маргааныг өөрт ашигтай байлгах зорилгоор албан бичгийг нөхөж үйлдсэн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
7.3. Түүнчлэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн санхүүгийн түрээсийн гэрээг дамжуулан түрээслэх гэрээ гэж дүгнэвэл уг гэрээний хугацаа нь үндсэн гэрээний хугацаатай ижил байх хуулийн шаардлагыг хангах ёстой. Дамжуулан түрээслэх гэрээний үндэслэл болсон анхдагч санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дууссан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл гэрээний хугацаа нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хэрэгжих ёстой.
7.4. 2023 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн гэрээ дүгнэсэн актыг нотлох “” ХХК болон нэхэмжлэгч нар нь үйлдсэн. Тухайн актын 2.1-т нэхэмжлэгч нараас шаардаж буй төлбөрийг “” ХХК, , нар төлж барагдуулсан, 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар төлсөн талаар дурдсан. Анхдагч санхүүгийн түрээсийн гэрээнд оролцсон “” ХХК, , нарын төлсөн төлбөрийг нэхэмжлэгч нар төлж хохирол учирсан мэтээр хариуцагч нараас нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нар нь тайлбар, татгалзал гаргасан боловч шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.
7.5. Гэрээ цуцлагдсан тохиолдолд дэнчинг олгохгүй гэх тохиролцоо хууль зүйн хувьд үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр бусад тооцсон тул гэрээний холбогдох тохиролцоо хэрэгжихгүй. Гэрээ хүчин төгөлдөр бус учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дэнчингийн төлбөрийг буцаан гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
8. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
8.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1, 4.5 дахь хэсэгт заасан нөхцлийг хангаагүй.
8.2. Түрээсийн зүйл нь “” ХХК-ийн өмчлөл бөгөөд төхөөрөмжийг бусдад түрээслүүлэхийг зөвшөөрсөн албан бичиг нь гэрээ байгуулагдсанаас хойш 1 хоногийн дараа хийгдсэн учраас үндсэн шаардлагыг хангахгүй. Экскаваторыг хариуцагч “*******” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад нэхэмжлэгч шилжүүлсэн.
8.3. Хариуцагч ******* нь экскаваторыг өөртөө шилжүүлж авч, үр шим хүртээгүй, мөн гэрээний хэрэгжилттэй ******* хамааралгүй. Хууль эрх зүйн хангалттай мэдлэггүй улмаас хариуцагч ******* нь гарын үсэг зурсан. Түрээслүүлэгч талын тавьсан баталгаа гаргах хүсэлтийн дагуу гарын үсэг зурж гэрээний тал болж оролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд санхүүгийн түрээсийн гэрээний 3.2, 3.3-т заасны дагуу “” ХХК-ийн уурхайд “*******” ХХК-ийн төслийн менежерийн удирдлага дор уг экскаватораар “*******” ХХК нь ажлыг гүйцэтгэсэн. Гүйцэтгэсэн ажлаа ажил гүйцэтгэх гэрээний дагуу “” ХХК-д хүлээлгэн өгсөн. “” ХХК нь уг ажлын төлбөрийг гэрээний дагуу “*******” ХХК-д төлсөн болох нь нотлогдсон.
8.4. Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн. Мөн экскаваторыг ашиглалтдаа байлгаж үр шимийг хүртсэн нь тогтоогдоогүй учраас хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.
9. Хариуцагч *******гийн өмгөөлөгчийн нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
9.1. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн санхүүгийн түрээсийн гэрээнд хариуцагч ******* гарын үсэг зурсан бөгөөд тухайн үед ******* нь хариуцагч “*******” ХХК-д ажиллаж байсан. ******* нь нэхэмжлэгч нартай хариуцагч компанийн удирдлагуудыг холбож зуучилсан учраас гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээ хүчин төгөлдөр байсан бол тухайн тоног төхөөрөмжийг шилжүүлж өгөх хуулийн зохицуулалттай. Гэтэл хариуцагч ******* нь тоног төхөөрөмжийг хүлээж аваагүй. Хариуцагч “*******” ХХК нь хүлээж аваад төслийг хэрэгжүүлсэн уурхайд ашигласан.
9.2. Санхүүгийн түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Анхдагч түрээслэгчээс бичгээр авсан зөвшөөрлийн үндсэн дээр дамжуулах түрээсийн гэрээг байгуулахаар хуульчилсан. Нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээг байгуулсан гэх боловч тухайн үед зөвшөөрөл нь авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмнө “” ХХК-аас албан тоотыг ирүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу 1 хоногийн дараа ирсэн. Үүнийг хуульд заасан зөвшөөрлийг авсанд тооцох боломжгүй учраас шаардлага хангаагүй гэж үзнэ.
9.3. Санхүүгийн түрээсийн гэрээ нь анхдагч түрээсийн гэрээний хугацаанаас илүүгүй байхаар хуульчилсан. Анхдагч түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон, дамжуулах түрээсийн гэрээ гэж тайлбарлаж байгаа гэрээ нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх буюу 1 жилийн хугацаагаар хэтрүүлж байгуулсан. Энэ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
10. Хариуцагч “*******” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
10.1. Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулах уеийн байдлаар хариуцагч “*******” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Төмөр овогтой Батсайхан бүртгэлтэй байсан. Харин “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Дамдиндорж овогтой Оюунтуяа ажиллаж байсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 9/534 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Гэтэл нэхэмжлэлийн үндэслэл болсон 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн санхүүгийн түрээсийн гэрээнд хариуцагч “*******” ХXК-ийг төлөөлж *******, гарын үсэг зурсан. Хариуцагч “*******” ХXК-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч Т.Батсайхан, гүйцэтгэх захирал нар *******т компанийг төлөөлж бусад этгээдтэй гэрээ байгуулах эрхийг олгоогүй. Энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
10.2. Анхан шатны шүүх гэрээний зүйл болох DOOSAN DX800LC-5B эксковаторыг хэн хүлээж авсан, улмаар тухайн экскваторыг хэн ашиглаж, үр шимийг хүртсэн эсэхийг зөв тодорхойлж чадаагүй. Хавтаст хэрэгт энэ тухай ямар нэгэн нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх ямар баримтад тулгуурлаж дээр дурдсан дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй. Харин тухайн эксковаторыг *******, ******* нар *******, "*******" ХХК нараас албан ёсоор хүлээн авсан, улмаар үйл ажиллагаанд хэрэглэж, ашигласан. Тодорхой хэмжээний үр, шимийг нь хүртсэн байдаг. Бид энэ байдлыг тодруулахаар анхан шатны шүүхэд хандан удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Учир нь тухайн хүсэлт нь гэрээний зүйл болох DOOSAN DX800LC-5B гидр эксковаторыг хэн хүлээж авсан эсэх, улмаар тухайн экскваторыг хэн ашиглаж, үр шим хүртсэн эсэхийг тодорхой болгоход чухал ач холбогдолтой юм. Энэ байдлыг тодорхой болгохгүйгээр тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн.
10.3. Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээслэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцсон. Энэ тохиолдолд мөн хуулийн 56.5-д зааснаар талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Улмаар 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тодорхой зохицуулсан байхад хариуцагч "*******" ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, их хэмжээний төлбөр гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
10.4. Мөн ашигласан хугацааны төлбөрийг сарын шууд 115,500,000 төгрөгөөр тооцсон нь үндслэлгүй юм. Энэ бол бодит үнэлгээ биш бөгөөд хавтаст хэрэгт энэ тухай нотлох баримт байхгүй байхад "*******" ХХК-аас их хэмжээний төлбөр гаргуулсанд гомдолтой байна. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
11. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
11.1. Гэрээ хүчин төгөлдөр бус учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт заасны дагуу маргааныг шийдвэрлэх ёстой гэх агуулгаар тайлбарласан. Гэрээ хүчин төгөлдөр бус үндэслэлд хугацааны асуудлыг тайлбарладаг. Санхүүгийн түрээсийн тухай хуулиар тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан. Анх гэрээ байгуулах үед хариуцагч ******* нь *******ийг хариуцагч компанийн захирал гэж танилцуулж гэрээг байгуулсан. Тухайн үед ******* нь хариуцагч компанид ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нотлогдоно. ******* нь хариуцагч компанид ажиллаж цалин авч байсан бол компанийн захирлаа мэдэхгүй байх боломжгүй, мөн тооцоо нийлсэн актад нягтлан бодогч нь гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулахдаа хариуцагч *******ийн тооцоо нийлсэн актыг баталгаажуулсан бөгөөд уг гэрээг 3 хариуцагч ямар санаа зорилгоор хийсэн эсэх нь тодорхойгүй.
11.2. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу өөрсдийн төлөөлөх эрхтэй ойлголтыг хариуцагч нар нь нэхэмжлэгчид бий болгож бүрдүүлсэн. Төлөөлөх эрхтэй гэж ойлгоод гэрээ байгуулж, “” ХХК-иас түрээсэлсэн экскаваторыг эзэмшил, ашиглалтад шилжүүлж, ашиглуулсан.
11.3. Хохиролд шаардсан 1,002,000,000 төгрөгт холбогдох хэсгийг анхан шатны шүүх дүгнэхгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Ашигласан хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөв. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт заасныг үндэслэл болгох боломжгүй. Талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ нь Санхүүгийн түрээсийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан учраас уг гэрээ нь хүчин төгөлдөр юм. Уг гэрээг дамжуулан түрээслэх гэрээ байсан болох талууд мэдсэн. Тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь анхнаасаа “” ХХК-ийн нэр дээр байсан. Гэрчилгээг түрээслэгч нар харсан.
11.4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдүүд хохирлыг төлнө гэж заасан. Хүчин төгөлдөр бус хэлцлийг хариуцагч нар хийсэн. Хариуцагч компанийн захирал биш атлаа захирал гэж өөрөө танилцуулсан. Түрээсийн төлбөрийг огт төлөхгүйгээр 2023 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл тасралтгүй ашигласан. Ашиг олох үедээ хамтран хариуцагч болоод ашиг олохгүй үедээ үүргээс чөлөөлөгдөх боломжгүй. Гэрээнд гарын үсэг зурсан бол хариуцагч нар хариуцлагаа хүлээх ёстой.
11.5. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хууль мэдэхгүй хүн хуулийн талаар буруу ойлголттой байгаа нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Хариуцагч нар гэрээ байгуулж экскаваторыг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ашигласан эсэхээс үл хамаарч авч явсан л төлбөрийг төлөх ёстой.
11.6. “” ХХК, нарын төлсөн төлбөрийг нэхэмжилж байна гэж хариуцагч компанийн өмгөөлөгч тайлбарласан. Нэхэмжлэгч нар гэрээний үүргээ шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулж өгөх үүрэгтэй. Хариуцагч нар сарын түрээс болох 150,000,000 төгрөгийн хүрээнд маргаж мэтгэлцээгүй атлаа давж заалдах шатны шүүх хуралдааны явцад зах зээлийн үнэлгээг шүүх тогтоох ёстой байсан мэтээр тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
12. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
12.1. Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч ******* нь баталгаа гаргах үүрэг хүлээсэн, гэрээний нэг тал болж оролцсон. Санхүүгийн түрээсийн гэрээнд зааснаар экскаваторыг аймгийн сумын гэх газар зориулалтын дагуу авчирсан. Хариуцагч *******т хамаарах хэсэг нь материаллаг эрх зүйн хүрээнд хэрэгжих боломжгүй гэжээ.
13. Хариуцагч *******гийн өмгөөлөгчийн хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
13.1. Хариуцагч нар нь аймгийн суманд байрлах “” ХХК-ийн ашиглалтын талбайд хөрс суулгах, ашиглах зорилгоор гэрээ байгуулсан талаар тайлбарладаг. Тухайн үед хувьцааг хэнд шилжүүлсэн болон хэнийг туслан гүйцэтгэгчээр томилсон болохыг мэдэх боломж байхгүй. Энэ утгаараа хариуцагч ******* захирал нь байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК, ******* нар нь хариуцагч “*******” ХХК, *******, ******* нарт холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 900,000,000 төгрөг, хохиролд 1,214,725,407 төгрөг, нийт 2,114,725,407 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
3.1. “” ХХК болон “” ХХК, , , ******* нар 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 019/2021 дугаартай ”Санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр DX800LC-5B гидр эксковаторыг 18 сарын хугацаанд, түрээсийн төлбөр нийт 2,163,150,000 төгрөг, сард 1.40 хувийн хүүтэй гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж, төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд DX800LC-5B гидр эксковаторыг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
3.2. Талууд дээрх гэрээнд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2021 оны 11 сарын 30-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ байгуулж, гэрээгээр “” ХХК, , нарын эрх үүрийг дуусгавар болж, “*******” ХХК, ******* нар эрх, үүрэг хүлээж, хуваарьт хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр болгожээ.
3.3. Дээрх гэрээний түрээслэгчид болох “*******” ХХК, ******* нар нь “*******” ХХК, *******, ******* нартай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2022/001 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр “*******” ХХК, *******, ******* нар түрээсийн зүйл болох DX800LC-5B гидр эксковаторыг аймгийн сум, гэх газарт байрлах ХХК-ийн уурхайд ашиглах бөгөөд түрээсийн нийт төлбөр 2,588,000,000 төгрөг, сарын хүү 1.3 хувь, гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, төлбөрийг хавсралтад заасны дагуу төлөх бөгөөд төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд тоног төхөөрөмжийн өмчлөлийг түрээслэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
3.4. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу “*******” ХХК нь түрээсийн зүйлээр сумын гэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан талаар талууд маргаагүй.
4. Анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 2022/001 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний харилцааг “Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ” буюу Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв тодорхойлсон боловч Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1, 4 дүгээр зүйлийн 4.5-д заасан анхдагч түрээслүүлэгчийн бичгээр болон цахимаар олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийгдсэн байх, анхдагч түрээсийн гэрээний хугацаанаас илүүгүй байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь буруу болжээ.
4.1. “*******” ХХК, ******* болон “*******” ХХК, *******, ******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “*******” ХХК, *******, ******* нар түрээсийн зүйл болох DX800LC-5B гидр эксковаторыг 1 сарын 150,000,000 төгрөгөөр 12 сарын хугацаатайгаар түрээслэхээр харилцан тохиролцсон.
4.2. Дээрх гэрээг “*******” ХХК, ******* нар Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт зааснаар дамжуулан түрээслэх зөвшөөрлийг түрээслүүлэгч “” ХХК-иас авах шаардлагыг хангасан гэж дүгнэнэ.
Тодруулбал, “” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “зөвшөөрөл олгох тухай” 22/235 тоот албан бичигт “2021 оны19/2021 дүгээр Санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн дээр манай компаниас авсан 10171 арлын дугаартай DX800LC-5B тоног төхөөрөмжийг бусад этгээдэд түрээсэлж болно” гэх зөвшөөрлийг 1 хоногийн дараа “*******” ХХК-д олгосон нь түрээсийн зүйл болох DX800LC-5B гидр эксковаторыг “*******” ХХК, *******, ******* нарт түрээслүүлэхийг хожим дэмжин зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5. Хариуцагч “*******” ХХК нь тайлбар, татгалзлаа “******* нь гэрээ байгуулах үед компанийг төлөөлөх эрхгүй байсан, цаашид хамтарч ажиллаад удирдлагыг ******* хэрэгжүүлэхээр ярилцаж байсан тул компанийн тамгыг *******т өгсөн. Тамгыг өгсний үр дагаврыг ойлгож байсан ч тамгыг ашиглаад гэрээ байгуулсныг мэдээгүй” гэж тайлбарласан. Гэрээ байгуулах үед ******* нь өөрийгөө компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэх ойлголтыг нэхэмжлэгч нарт өгсөн, мөн гэрээнд тус компанийн тамга тэмдэг дарагдсан байгаа нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөх эрхтэй этгээд гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
Иймд “*******” ХХК, ******* болон “*******” ХХК, *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
6. Талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээнд “*******” ХХК-ийг төлөөлж *******, түүнчлэн иргэн *******, ******* нар тус тус гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон.
Ийнхүү хариуцагч “*******” ХХК, *******, ******* нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч нар болно. Санхүүгийн түрээсийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нарын үүргийг үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК, ******* нар нь түрээслэгч нарыг хариуцагчаар тодорхойлж түрээсийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангана.
6.1. “” ХХК болон “*******” ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дууссан байх хэдий ч “*******” ХХК, ******* нар түрээсийн зүйлийг үргэлжлүүлэн ашиглаж байсан ба ийнхүү ашигласаар байгааг “” ХХК татгалзсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Түүнчлэн, “” ХХК нь дамжуулан түрээслэх гэрээ байгуулахыг зөвшөөрсөн зэргээс дүгнэхэд талуудын байгуулсан гэрээ нь
Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Дамжуулах түрээсийн гэрээний хугацаа анхдагч түрээсийн гэрээний хугацаанаас илүүгүй байна.” гэж заасныг зөрчөөгүй байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ үндсэн санхүүгийн гэрээний хугацаанаас хэтрүүлсэн нь хуульд нийцэхгүй гэх хариуцагч нарын тайлбар, татгалзал болон энэ талаар гаргасан хариуцагч талын гомдол үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүх түрээсийн төлбөрийн хэмжээг талуудын гэрээнд тохиролцсон хэмжээнээс өөрөөр тодорхойлж алдаатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
7.1. Гэрээний 4.7-д “...гэрээ цуцлагдах өдрийг хүртэл хугацаанд тоног төхөөрөмж ашигласны төлбөрт сар бүр 150,000,000 төгрөг түрээслүүлэгчид төлнө”, 12.12-т “түрээслэгч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд түрээслэгч нь тоног төхөөрөмж ашигласны төлбөрт 1 сард 150,000,000 төгрөг төлөхөөр талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон” гэж тус тус зааснаас үзвэл талууд түрээсийн зүйлийн 1 сарын үнийг 150,000,000 төгрөг байхаар тохиролцжээ.
7.2. Түрээсийн зүйл болох DX800LC-5B гидр эксковаторыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч нарын эзэмшилд шилжүүлж, “” ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр анхдагч түрээслэгч “*******” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан сумын гэх газраас түрээсийн зүйлийг татан авсан талаар талууд маргаагүй. Иймд түрээсийн зүйлийг татан авснаар түрээсийн гэрээний харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон байх тул энэ хугацаанаас талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны 6 сарын түрээсийн төлбөр болох 900,000,000 /6*150,000,000=900,000,000/ төгрөгийг түрээслүүлэгч шаардах эрхтэй. Үүнээс хариуцагч нар 125,000,000 төгрөгийг төлсөн талаар талууд тайлбарласан.
7.3. Гэрээний 4.6-д дэнчин /гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг/ гэж ойлгохыг зааж, дэнчингийн хэмжээг 200,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсоноос үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн гэрээ байгуулагдсан байна. Харин гэрээний 11.1.11-д “түрээслэгч үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдсан тохиолдолд түрээслүүлэгч дэнчинг буцаахгүй байх эрхтэй” гэж тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй. Учир нь талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч тухайн тохиролцоо нь хууль зөрчөөгүй байх шаардлагатай тул гэрээ цуцлагдсан тохиолдолд дэнчинг буцаахгүй гэж тохирсон нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 233.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.
Иймд дэнчингийн 200,000,000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцох бөгөөд уг мөнгөн хөрөнгийг буцаан өгөхгүй гэх агуулга бүхий нэхэмжлэгч талын гаргасан гомдол хангагдахгүй.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хохиролд 1,214,725,407 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.
8.1. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ түрээслэгч нар зөрчсөнөөс өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй боловч гэрээний үүргийн зөрчил болон хохирлын хооронд шалтгаант холбоо байж, хариуцагч нарын гэм буруу тогтоогдсон нөхцөлд бодит хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх учиртай.
“” ХХК болон “*******” ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч “*******” ХХК, ******* нар нь түрээсийн зүйл болох DX800LC-5B гидр эксковаторыг 18 хугацаатайгаар сарын 1,40 хувийн хүүтэй, сарын 115,500,000 төгрөгөөр түрээслэхээр, “” ХХК нь түрээслэгч нарыг түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн зүйлийн өмчлөлийг шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон. Энэхүү гэрээний үүрэгт нэхэмжлэгч нар 1,252,315,000 төгрөг төлсөн, үүнээс 1,214,725,407 төгрөгийг хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй зөрчилтэй холбогдон гарсан хохирол гэж тодорхойлсон. Хариуцагч нар гэрээний үүргийг зөрчсөн боловч энэ нь нэхэмжлэгч нарын шаардаж буй хохиролтой шууд хамааралгүй байх тул дээрх мөнгөн хөрөнгийг хохиролд тооцож, шаардах эрхгүй байна.
Иймд “түрээсийн зүйлийг гуравдагч этгээдэд түрээслүүлж, төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс хохирсон” гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “*******” ХХК, *******, ******* нараас 575,000,000 /6сар*150,000,000=900,000,000 - 200,000,000 (дэнчин) - 125,000,000 (хариуцагч нарын төлсөн)/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК, ******* нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,539,725,407 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.
10. Анхан шатны шүүх хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгчийн “*******” ХХК, ******* нарын “” ХХК-тай 2021 онд байгуулсан 019/2021 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний хувийг “” ХХК-иас гаргуулах, “*******” ХХК-ийн “” ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хувь, гэрээний биелэлт, ажил дүгнэсэн акт, гэрээний дагуу төлбөр төлсөн баримт зэргийг “” ХХК-иас гаргуулах, “” ХХК-ийн гүйцэтгэх захирал -г гэрчээр асуух хүсэлтүүдийг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
“*******” ХХК болон “” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний нэг тал “*******” ХХК байх тул өөрөө гаргаж өгөх боломжтой байна. Түүнчлэн “*******” ХХК, ******* болон “” ХХК-ийн хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээг нотлох баримтаар гаргуулах, “” ХХК-ийн гүйцэтгэх захирал -г гэрчээр асуулгах хүсэлтүүдийг гаргахдаа хүсэлтдээ гэрч нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар үйл баримтыг гэрчлэх, гэрээг нотлох баримтаар гаргуулснаар ямар үйл баримтыг нотлуулахаар гаргаж буй үндэслэлээ заагаагүй байх тул тухайн хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байхаас гадна хожим “*******” ХХК, ******* болон “” ХХК-ийн хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул тухайн гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх нь ач холбогдолгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхино.
10.1. Талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд түрээслэгч нь өөрийн буруугүйгээр түрээсийн зүйлийг ашиглаж чадаагүйгээс бусад тохиолдолд түрээсийн төлбөр төлөхөөс чөлөөлөгдөхгүй.
Өөрөөр хэлбэл түрээсийн зүйлийг ашиглаж, үр шим хүртээгүй нь үүргийг гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
11. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч “*******” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/04235 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК, *******, ******* нараас 575,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК, ******* нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,539,725,407 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтын “*******” ХХК гэснийг “*******” ХХК, *******, ******* нар” гэж, “1,997,950” гэснийг “3,032,950” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,891,580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,997,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.АЗБАЯР