Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1517

 

 

    2019        09         30                                  2019/ШЦТ/1517

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

          Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнзул,

          Шүүгдэгч Г.Н , түүний өмгөөлөгч Б.Дима нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Н д холбогдох эрүүгийн 1906 03704 1626 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,   тоотод оршин суух бүртэглтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрын дугаар  , Г.Н .

  

             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Г.Н  нь 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны “Баямонгол” тооцооны төвд 5002225411 дугаартай хадгаламжийн данс эзэмшдэг иргэн Б.Мөнхтогтохын хадгаламжийн дансыг цахим хэрэгсэл ашиглан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хамтран эзэмшигчийг өөрчлөн зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Хас” банкнаас хадгаламж барьцаалсан зээл гаргуулан авч “Хас” банкинд 43.770.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н  мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа ойлгосон. Намайг уучлаарай.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнзул мэдүүлэхдээ: “...“Хас” банкны “Баянмонгол” тооцооны төвд харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байсан Гантөмөрийн  Нарангэрэл нь өөрийн нь ажил үүрэгтэй нь холбогдуулан олгосон эрх, үүргийг урвуулан ашиглаж, хадгаламжийн данс эзэмшигч Батсүхийн Мөнхтогтохын гарын үсгийг хуурамчаар зурж, банкны маягтыг хуурамчаар үйлдэн, данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хадгаламжийн дансны хамтран эзэмшигчийг өөрчлөн өөрийн холбогдох этгээд буюу өөрийн ээжийн дүүгийн хүүхдийн нэрийг нэмж бүртгэн, тухайн хамтран эзэмшигчид хадгаламж барьцаалсан зээлийг олгож, уг мөнгийг хувьдаа авч ашигласан үйлдэл гаргасан. Г.Н  “Хас” банктай 2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан “Баянмонгол” тооцооны төвд харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн нь харилцагчийн хүсэлтээр харилцах хадгаламж, картын бүтээгдэхүүнд дагалдах үйлчилгээг үзүүлэх, хадгаламж барьцаалсан зээл олгохтой холбоотой ажил үүргүүдийг гүйцэтгэх, баримтын бүрдэл, үнэн зөв байдлыг хариуцах, харилцагчийн зөвшөөрөл, баталгаат гарын үсэг бүхий хүсэлтийн дагуу хадгаламжийн дансанд өөр этгээдийг хамтран эзэмшигчээр нэмэх, хадгаламжийн дансны хамтран эзэмшигчийг солих, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дүгээр зүйлийн 8.5.13-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах буюу хэтрүүлэхгүй байх, ажил үүрэг, албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашиглахгүй байх”, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “ажил үүрэгтэй нь холбогдуулан олгогдсон эрхийг зохистой хэрэгжүүлээгүй, эрхээ хэтрүүлсэн, албан тушаалаар хүлээсэн үүргээ хариуцлагатай, зарчимч, үнэнч шударгаар гүйцэтгэх” гэсэн үүргийг хүлээсэн ажилтан юм. Гэтэл Г.Н  нь 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 5002225411 тоот хадгалагамжийн дансны эзэмшигч Батсүхийн Мөнхтогтохыг салбарт биечлэн ирж, дансны хамтран эзэмшигчээ өөрчлөх хүсэлтийг гаргаагүй байхад хамтран эзэмшигчийн тодорхойлолт болоод харилцагчийн хүсэлтийг хуурамчаар үйлдэж, харилцагч Б.Мөнхтогтохын өмнөөс түүний гарын үсгийг дуурайлган зурж, 5002225411 тоот хугацаат хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр Б.Мөнхтогтохын ээж болох “н.Мядагмаа” байсныг өөрчилж, өөрийн хамаарал бүхий этгээд болох Төмөрбаатарын Дарханбаатарыг нэмж бүртгэсэн. Энэ дансны хамтран эзэмшигчээр нэмж бүртгэгдсэн Т.Дарханбаатар нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус хадгаламжийг барьцаалан 45.000.000 сая төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийн эрх нээлгэн 32.500.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 7.000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 5.500.000 төгрөг, нийт 45.000.000 төгрөгийг авч ашигласан. Уг зээлээ 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлсөн боловч тухайн өдрөө дахин дээрх хадгаламжийг барьцаалаад 43.770.000 төгрөгийн зээл авч, уг зээлээ өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, банкинд хохирол учруулсаар байна. Г.Н тэй банкны зүгээс хэрэг үүссэнээс хойш маш олон удаа уулзаж, хохирол барагдуулах талаар олон талын санал дэвшүүлж ажилласан боловч сүүлдээ утсаа авахаа больсон...Хохирлыг бүрэн барагдуулж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Идэрмөнхийн өгсөн мэдүүлэг /хх-8-9/, гэрч Б.Мөнхтогтохын өгсөн мэдүүлэг /хх-13/, Хөдөлмөрийн гэрээ /хх-15-17/, Г.Н ийн ажлын байрны тодорхойлолт /хх-18/, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/508 дугаартай хүний нөөц хариуцсан захирлын тушаал /хх-19-20/, хадгаламж барьцаалсан зээлийн хүсэлт /хх-40/, хадгаламж барьцаалсан зээл олгосон тухай баримтууд /хх-25-32/, Т.Дарханбаатарын нэр дээр нээсэн “Хас” банкны 14712603 дугаартай зээлийн дансны хуулга /хх-35/, Т.Дарханбаатарын “Хас” банкны 5001622897 дугаартай дансны хуулга /хх-36-37/, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 14712603 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-38/, Батсүхийн Мөнхтогтохын эзэмшдэг 5002225411 дугаартай дансны лог /хх-41-42/, Г.Н ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-64/, Г.Н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тухай хуудас /хх-49/, мөн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 10 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Н  нь 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны “Баямонгол” тооцооны төвд 5002225411 дугаартай хадгаламжийн данс эзэмшдэг иргэн Б.Мөнхтогтохын хадгаламжийн дансыг цахим хэрэгсэл ашиглан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хамтран эзэмшигчийг өөрчлөн зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Хас” банкнаас хадгаламж барьцаалсан зээл гаргуулан авч “Хас” банкинд 43.770.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Идэрмөнхийн өгсөн: “...Манай “Хас” банкны “Баянмонгол” салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн Г.Н  нь 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр банкны харилцагч хадгаламж эзэмшигч Б.Мөнхтогтохын хадгалмжийн дансны хамтран эзэмшигч түүний ээж Мядагмаа гэж хүн байсныг өөрчлөн өөрийн хамаатан буюу өөрийн ээжийн эгчийн хүүхэд Дарханбаатарыг өөрчлөн оруулсан байсан. Ер нь банкны хадгаламжийн хамтран эзэмшигчийг өөрлчлөхийн тулд үндсэн эзэмшигч өөрийн хүсэлтийг бичгээр өгсөний үндсэн дээр манай байгууллагын мэргэжилтэн өөрчилдөг, энэ журмыг зөрчиж Г.Н  нь харилцагчийн хүсэлтийг өөрөө бичиж, гарын үсэг дуурайлган зурж, Дарханбаатар гэдэг хүнийг нэмсэн байсныг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр үндсэн эзэмшигч нь Мөнхтогтох гэж хүн хадгаламжаа барьцаалан зээл авах хүсэлт гарган ирсэн бид шалгахад Дарханбаатар гэх хүн аль хэдийнээ зээл авсан байсныг хэлсэн. Гэтэл тухайн эзэмшигч нь Дарханбаатар гэх хүнийг танихгүй гэснээр манай байгууллага Г.Н  гэдэг хүнийг хууль бус үйлдэл хийснийг нь мэдсэн. Иймд манай банкинд учирсан 43.700.000 төгрөгийг барагдуулж өгнө үү.” /хх-8-9/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхтогтохын өгсөн: "…Би 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн 5002225411 дугаарын хадгаламжийн дансыг барьцаалан зээл авах зорилгоор “Хас” банкны “Баянмонгол” салбар дээр очсон. Тэгээд зээлийн үйлчилгээний ажилтан дээр очоод дансаа өгөөд байж байхад үйлчилгээний ажилтан "таны дансан дээр зээл авсан байна" гэхээр нь би ямар хүн байгаа юм бол гэхэд Дарханбаатар гэдэг хүн авсан байна гэсэн. Би наад хүн чинь миний хадгаламжийн дансны хамтран эзэмшигч биш, манай ээж Мядагмаа бид хоёр л байдаг” гэхэд зээлийн ажилтан схем шүүж байна гээд 1 цаг гаран хүлээлгэсэний дараа зээлийг өдөрт нь олгохоор боллоо, хэдэн бичиг баримтанд маргааш ирээд гарын үсэг зураад өгөөрэй.” гэж хэлсэн. Ийм асуудал болсон талаар надад “Хас” банкнаас 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр миний 88317933 дугаар руу залгаж хэлсэн.” /хх-13-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Н ийн яллагдагчаар өгсөн: “....Би

“Хас” банкны “Баянмонгол” салбарт 2016 оны 6 дугаар сараас 2018 он хүртэл ажиллаад жирэмсний амралтаа авсан. Дээрхи хугацаанд ажиллаж байхдаа мөнгөний хэрэг гараад Мөнхтогтох гэх хүний хадгаламжийн хамтран эзэмшигчийг өөрийн үеэл ах Дарханбаатарыг гуйж байгаад хууль бусаар хамтран эзэмшигч болгон оруулж, 43.770.000 төгрөг зээлсэн. Зээлүүлсэн мөнгөө Дарханбаатараас гэрээс нь буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп виллаж” хотхоноос очиж бэлнээр авсан.” /хх-64/ гэх мэдүүлэг,

 

Хөдөлмөрийн гэрээ /хх-15-17/,

Хувийн банкирын ажлын байрны тодорхойлолт /хх-18/,

        Хүний нөөц хариуцсан захирлын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/508 дугаартай тушаал /хх-19-20/,

Хадгаламж барьцаалсан зээлийн хүсэлт /хх-40/,

Хадгадамж барьцаалсан зээл олгосон тухай баримтууд /хх-25-32/,

Т.Дарханбаатарын нэр дээр нээсэн “Хас” банкны 1470012603 дугаартай зээлийн дансны хуулга /хх-35/,

Т.Дарханбаатарын Хас банкны 5001622897 дугаартай дансны хуулга /хх-36-37/

2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1470012603 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-38/

Батсүхийн Мөнхтогтохын эзэмшдэг 5002225411 дугаартай дансны лог /хх-41-42/,

Шүүгдэгч Г.Н ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-103/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Г.Н  нь залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, “Хас” банкинд 43.770.000 хохирол учруулахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр түүний эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Н ийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны “Баямонгол” тооцооны төвд 5002225411 дугаартай хадгаламжийн данс эзэмшдэг иргэн Б.Мөнхтогтохын хадгаламжийн дансыг цахим хэрэгсэл ашиглан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хамтран эзэмшигчийг өөрчлөн зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Хас” банкнаас хадгаламж барьцаалсан зээл гаргуулан авч “Хас” банкинд 43.770.000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаар бусдыг залилж, түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авах гэмт үйлдэлдээ давуу тал болгон ашигласан байхыг ойлгоно.

 

        Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Г.Н ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Н  нь хохирогч “Хас” банкинд учруулсан 43.770.000 төгрөгийг нөхөн төлсөнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнзул шүүхэд илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Г.Н д ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ял шийтгэлийг  оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Мөн шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Н  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Г.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Н  нь шүүхээс оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар

Г.Н  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Н  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС